Африкийн Зимбабве улсад нөхцөл байдал тодорхойгүй боллоо. Тэнд цэргийн эргэлт хийсэн үү, төр засаг нь урьдын хэвээр байна уу, Ерөнхийлөгч Роберт Мугабе болон түүний гэр бүл Грейс ямар нөхцөл байдалд байна вэ, цаашдын хувь заяа нь хэрхэх вэ, улс орны дотоод нөхцөл байдлын талаархи мэдээллүүд туйлын бүрхэг байна.
Нийслэл хотын гудамжуудад танк байрлуулжээ
Өчигдөр орой тус улсын нийслэл Хараре хотын хорооллууд болон хот руу орж гардаг замууд дээр танк байрлуулаад байгааг оршин суугчид нотолжээ.
Зимбабве улсын Батлан хамгаалах хүчний командлагч Константина Чивенга урьд нь “Хэрэв Мугабе үндэсний чөлөөлөх дайны ахмад үеийнхний дотор хийж байгаа цэвэрлэгээгээ зогсоохгүй бол энэ явдалд нь цэрэг армийн хүчээр саад хийх болно” хэмээн мэдэгдээд байсан юм. Тэрбээр “Манай хувьсгалыг хамгаалах асуудал яригдах бүрд босч ирдэг төөрөгдөл, худал хуурмаг бүхний цаана хэн байгааг сануулахын тулд цэргийнхэн оролцох ёстой гэдэгт огт эргэлзэхгүй байна” хэмээн мэдэгджээ. Харин үүнээс хэдхэн цагийн дараа эрх баригч ЗАНУ-ПФ намын удирдлага цэргийнхний энэ оролцоог Үндсэн хуулийн бус арга замаар хүчирхийлэл бослогод уриаллаа хэмээн буруушаасан юм.
Тус улсад нөлөө бүхий Үндэсний эрх чөлөөлөх дайны ахмадуудын холбоо нь Ерөнхийлөгч Мугабег албан тушаал болон эрх баригч ЗАНУ-ПФ намын тэргүүнээсээ огцрох ёстой гэсэн шаардлага тавиад байгаа юм.
Тэндээс ирж буй мэдээллээр өнгөрөгч шөнө цэргийнхэн үйл ажиллагаандаа шилжижээ. Армийнхан Үндэсний радио телевизийн байрыг хяналтдаа авсан тухайгаа мэдэгджээ. Түүнчлэн Засгийн газар, парламентын ордон болон шүүхийн барилга байгууламжуудыг бүслээд байгаа аж. Батлан хамгаалах хүчний төлөөлөгч генерал Сибусисо Мойо телевизээр үг хэлэхдээ Ерөнхийлөгч Роберт болон эхнэр Грейс Мугабе нарыг гэрийн хорионд байлгаж байгаагаа мэдэгджээ. Харин тэр цэргийн эргэлт хийсэн эсэх талаар ганц ч үг хэлсэнгүй. Цэргийнхний зорилго бол Мугабег тойрон хүрээлсэн гэмт хэрэгтнүүдийг шударга шүүхэд дуудах явдал гэж тодорхойлжээ.
Харин өөр нэг мэдээгээр Мугабегийн эхнэр Грейс зугатаж амжсан бөгөөд тэр хөрш Намиба улсад очоод байгаа бололтой.
Зимбабвийн сөрөг хүчний мэдээллээр тус улсын Тагнуулын төв байгууллагын орлогч захирал Альберт Нгулубе, эрх баригч ЗАНУ-ПФ намын Залуучуудын лигийн удирдагч нарыг баривчилжээ.
Тус улсад болж буй хэрэг явдалтай холбогдуулан Өмнөд АфрикийнЕрөнхийлөгч Жейкоб Зума Зимбабве, Ангол руу өөрийн тусгай элчийг илгээсэн тухай мэдээ байна.
Нийслэл Хараред байдал тайван байна
Зимбабвийн улс төрийн нөхцөл байдал ингэж хүндэрсэн хэдий ч нийслэл Хараре хотод байдал хэвийн байгааг уламжилжээ. Худалдаа дэлгүүр, албан газрын оффисууд хуучин байдлаар ажиллаж байна. Засгийн газрын Gerald сонин түр завсарласнаа дахин гарч эхэлэжээ. Хараре хотын хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ 10 хувь өсчээ. Гэсэн хэдий ч Өмнөд Африкийн томоохон банк Nedbank Group Хараре дахь төлөөлөгчөө эргүүлэн татаж ӨАБНУ руу илгээхээр шийдвэрлэжээ.
Нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх вэ
Ажиглагчид энэ орны нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөхийг анхааралтай ажиглаж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгч Мугабег үг хэлнэ гэсэн хүлээлт байсан ч чимээгүй өнгөрлөө. Энэ нь Ерөнхийлөгч өөрөө огцорход бэлэн байгаагаа гэрчиллээ хэмээн дүгнэж байна. Өчигдөр ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Ж.Зума Мугабетэй утсаар ярьсан бөгөөд түүнийг гэрийн хорионд байгаа ч нөхцөл байдал тайван байгааг нотолжээ.
Харин Мугабе огцорсон тохиолдолд хэн энэ ядуу зүдүү улсыг цаашид тэргүүлж явах вэ гэдэг дээр таавар таамаг хэдийнэ гараад байна. Тэнд нэр дурдагдаж байгаа хүн бол 75 настай улстөрч Мнангагва бөгөөд тэрбээр Үндэсний чөлөөлөх тэмцэлд оролцогчдын нэг бөгөөд бүр 1962 оноос Мугабег таньж мэдэх нэгэн гэж байна.
1980 онд Зимбабвег тусгаар тогтнолоо олж авсаны дараа Мнангагва төр загийн өндөр албан тушаалыг ээлж дараагаар хашиж ирсэн бөгөөд парламентын доод танхмын тэргүүн, Улсыг аюулаас хамгаалах яам болон хууль, санхүүгийн яамыг тус тус удирдаж байсан нэгэн ажээ.
Ерөнхийлөгч Роберт Мугабе гэж хэн бэ
Юуны өмнө тэр манай гаригийн хамгийн хөгшин удирдагч гэдгээрээ алдартай. Тэрбээр эдүгээ 93 настай. Тэр энэ улсыг 37 жилийн турш удирдаж байна. Мугабе 1924 онд хөдөөгийн жижиг сууринд төрсөн. Багшийн мэргэжилтэй, нэгэн цагт сурган хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан. Мөн Лондонгийн их сургуулийн эдийн засгийн ухааны бакалаврын зэрэгтэй.
Тэр 1958 оноос эхлэн панафриканизмын үзэл санааны нөлөөнд хүчтэй автаж эхэлсэн гэдэг. Түүний анхны эхнэр Салли Хейфрон 1992 онд нас барсан. Тэр үнэнч хань ижил, хамтран тэмцэгч нь байсан гэдэг. Одоогийн эхнэр Грейс түүний нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд саяхан болтол БНХАУ-л суух элчин сайдаар ажиллаж байжээ.
Мугабе 1963 оноос партизаны тэмцэл өрнүүлж Өмнөд Родезийг /Одоогийн Зимбабве/ Их Британиас тусгаар улс болгохыг зорьж тэмцэж эхэлжээ. Тэр монголчуудын ярьдагаар “туг ч барьж тугал ч хариулж” явжээ. Энэ тэмцлийнхээ төлөө шоронд хэдэн жил хоригдсон байна. Мугабе улс орныхоо иргэдийн дунд нэгэн цагт ихээхэн нэр хүндтэй байсан, Африкийн уугуул иргэдийн эрхийг хамгаалагч, колончлолтой тэмцэгч гэсэн имиж илэрхийлэлтай байв. Гэсэн ч түүний эрх барьж байсан он жилүүдэд тус улсын эдийн засаг доройтож, улсынх нь мөнгөн дэвсгэртийн ханш хэдэн мянга дахин унаж байв. Одоо энэ улс үндэсний мөнгөн тэмдэгт бус ам.доллараар гүйлгээ хийдэг.
Тэр англи, франц хэлтэй, гадаадын хэд хэдэн нэр хүндтэй сургуулийн хүндэт докторын зэрэгтэй гэнэ.
ТАСС-ын эх сурвалжаар П.Булган бэлтгэв
Сэтгэгдэл бичих