Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал хөрөнгө оруулалт, зөвлөн туслах үйлчилгээ, тоног төхөөрөмжийн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ирина Кравченког хүлээн авч уулзсан байна.
Уулзалтын үеэр хатагтай Ирина Кравченко Орхон аймаг, Эрдэнэт хоттой боломжит бүх талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Үүний хариуд аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал хэлэхдээ “Манай хот байгуулагдаад 40 гаруй жил болж байна. Тиймээс инженерийн шугам сүлжээг шинэчлэх, тэлэх цаг нь болоод буй. Тиймээс энэ чиглэлээр танай банктай хамтарч ажиллахад таатай байх болно” гэсэн юм.
"Дэлхийн 38 улсад үйл ажиллагаа явуулж байгаа Европын сэргээн босголт хөгжлийн банк нь 2006 оноос Монгол улсад үйл ажиллагаа явуулж, энэ хугацаанд нийтдээ 1.5 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийсэн. Дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийгээгүй үлдсэн ганц улс нь Монгол. Тиймээс Эрдэнэт хотын удирдлагуудаас тавьж буй энэ саналыг дуртайяа хүлээн авна" гэдгээ Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ирина Кравченко онцлон хэлсэн аж.
Дашрамд дурдахад, Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Орхон аймагт ХАҮТ-тай хамтран зөвлөх үйлчилгээ болон жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Н.Заяа
Сэтгэгдэл бичих