"Нийслэлийн МАН-ын хороог шинэчлэх хөдөлгөөн" яг одоо Сүхбаатар талбайд Нийслэлийн МАН-ын хорооны удирдлагуудад шаардлага хүргүүлэхээр жагсаж байна. Тодруулбал, тэд ирэх сарын 7-ны өдөр хийхээр товлогдсон Бага хуралд нийт 369 саналын эрх бүхий төлөөлөгчид оролцохоос 69-ыг нь Нийслэлийн МАН-ын хорооны өнөөгийн удирдлагуудын тойрон хүрээлэгчдэд олгохоор болсныг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн ийнхүү жагсаж байгаа бөгөөд шаардлагыг хүлээж автал жагсана гэдгээ илэрхийлсэн юм.
Тус жагсаалд Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн МАН-ын хорооны 800 гаруй гишүүд оролцож байгаа аж.
Жагсаалд оролцогчид, “60 тэрбумын гар хөлөөс нийслэлийн МАН-аа аварья, жирийн гишүүдээсээ айдаг дарга бидэнд хэрэггүй, намын үүрээс сонгогдохоос бүү ай” гэх мэт уриа бүхий лоозон барин жагсаж байсан юм.
Жагсаалын үеэр бид Сонгинохайрхан дүүргийн намын үүрийн гишүүн Н.Алтаншагайтай цөөн хором ярилцлаа.
-Өнөөдрийн жагсаалын зорилго юу вэ. Яг ямар шаардлагыг хүргүүлж байгаа юм бол?
-Нийслэлийн МАН-ын хорооны 34-р бага хурал ирэх зургаадугаар сарын 7-нд хуралдахаар болсон. Гэтэл хурлын төлөөлөгч сонгох журамд намын дүрэмд харшилсан хоёр зүйл байна гэж Нийслэлийн МАН-ын хороог шинэчлэх хөдөлгөөнийнхөн үзэж байгаа. Тодуулбал, нэгдүгээрт, Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн алдаатай гаргасан шийдвэрийг намын дүрэмд нийцүүлэх
Хоёрдугаарт, МАН-ын хяналтын Ерөнхий хорооны тайлбар, Ерөнхий нарийн бичгийн даргын өгсөн чиглэлийн дагуу төлөөлөгч сонгох журмаа шинэчлэх, анхан шат болох үүр дээрээс сонгохыг шаардаж байна. Бид маш олон удаа санал хүсэлт хүргүүлсэн боловч одоог хүртэл шийдэгдээгүй байна.
Намын дүрэм дээр квотоор намын хорооны бага хуралд оролцоно гэсэн ямар ч заалт дүрэм байхгүй байгаа. Гэтэл нийслэлийн намын хорооны 34-р бага хуралд оролцох 369 хүний 300 нь анхан шатнаасаа 69 нь квотоор гээд заачихсан байгаа юм. Тиймээс бид намын дүрмэнд нийцсэн журам гаргахыг шаардсан жагсаал зохион байгуулж, шаардлага хүргүүлж байна.
-Жагсаал хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
-Бидний шаардлагыг хүлээж авч, хариуг өгтөл үргэлжилнэ.
-Нийслэлийн намын даргын зүгээс ямар нэгэн хариу өгсөн үү?
-Дүрмэнд нийцэж байгаа гэсэн тайлбарыг өгөөд байгаа.
Баянгол дүүргийн намын үүрийн гишүүн 77 настай С.Мягмар:
-Намын дүрмийн биелэлт анхан шатандаа ерөөсөө шийдэгдэхгүй байна. Удирдлага нь дандаа дээрээсээ доошоо яваад байхаар болохгүй байна шүү дээ. Одоо бүр бидний сонгох эрхэнд халдаад 60 гаруй квот гаргаад ирчихсэн байна. Тиймээс анхан шатны үүрээсээ бүх шатны төлөөлөгчдийг сонгодог энгийн үүргээ биелүүлэхийг шаардаж байна.
Баянгол дүүргийн намын үүрийн гишүүн н.Жадамба:
-Бид энд Су.Батболдыг эсэргүүцээд байгаа юм биш. Тэр хүн ажил хийгээгүй биш хийж байгаа. Гэхдээ өнөөдөр квот гэж ийм буруу юм гаргаж ирснийг л эсэргүүцэж байна. Өмнө нь үүр болгоноос нэг төлөөлөгч оролцдог байсан. Тэр зарчмаараа явахыг л шаардаж байна. Ядаж намын анхан шатны үүр болгоноос 1-2 хүн оруулах хэрэгтэй.
Сэтгэгдэл бичих