2019 оны 5-р сарын 27
9 цаг 25 минут

М. Шолохов: Хүнсний комиссар

Мужийн хүнсний комиссар манай тойрогт ирлээ. Энэ хүн хөхөртөл хуссан мөлчгөр уруулаа шазав татав хийлгэн, их л яаруу тэвдүү байдлаар, 
-Тоо бүртгэлийн ёсоор үзэхэд таны хариуцсан тойргоос зуун тавин мянган пүү тариа хурааж авах ёстой юм байна. Нөхөр Бодягин таныг юмны арга эвийг олдог зоригтой хүн гэж үзээд тус тойргийн хүнсний комиссарын албан тушаалд томиллоо. Ингээд болж бүтэх байлгүй. Ганцхан сарын хугацаа өглөө шүү… Хэд хоногоос явуулын шүүх ирнэ. Арми цэрэг, төв суурин газарт талх тариа ийм л хэрэгтэй байна даа гээд өрөвгөр үстэй төвөнхөө цохиод, араагаа зуун, 
-Хорон санаалж юмаа нуусан хүнийг дор нь буудах хэрэгтэй!... гэж хэлээд өндөг шиг нүцгэн толгойгоо бондгосхийтэл дохиод яваад өгөв.

II 
Тойргийн нутаг даяар ийш тийшээ сүлжсэн, өндөр нам утасны шон дамжин хүнсэн татвар хураах нь гэдэг цуу тархлаа. Гацаа суурингийн баян тарган хасагууд өөр хоорондоо үг хэлээ нийлүүлж аваад 
-Тариа талхаа зүгээр л өгөх хэрэг үү? Тэр ярьдаггүй хэрэг… гэж хатуу тогтоцгоов. 
Тийнхүү хашаа хороонд ч, гудамж чөлөөнд ч, ер хаана л бол хаана нүх ухаж, тариа будааг хэдэн арваар нь байтугай хэдэн зуун пүүгээр нь нууж дарлаа. Ер нь айл болгон, хажуу айл нь хаанаа тариа талхаа нуусныг андахгүй боллоо. 
Тэгээд л таг чимээгүй байцгаав. Бодягин хүнс хураах отрядаа аваад айл амьтан хэслээ. Тэрэгний дугуйнд хүйтэн цас чахраад л, хүрээ хашаа цасан цанд бүрхэгдэн энд тэнд үзэгдээд л мөн ч сүрхий давхиж дээ. Үдшийн харуй бүрүйн цаг, нэг гацаанд ирэхэд бусад гацаатай л адилхан гацаа байлаа. Харин Бодягины хувьд өөрийн нь өсөж төрсөн гацаа нь байжээ. Бодягийн энэ гацаанаас гарч явсаар зургаан жилийн нүүр үзжээ. Энэ завсар гацаа муудаж өөр болсон нь үгүй байлаа. 
Зургаан жилийн өмнө зуны долоон сард хадлангийн газар балжингарам тэргүүтэн алаглаад, хүн амьтан тариагаа хадаж байх үес Игнашка Бодягин арван дөрвөн настай байжээ. Аав, хүү хоёр нэг хөлсний хүнтэй гурвуулаа ажиллаж байсан бөгөөд аав нь тэр хүнийг өвсний ацны нэг шүдийг хугалав гэж цохиод авахлаар нь Игнат хүү аавдаа тулж очоод, шүд зуун байж, 
-Аав та ч муухай амьтан юмаа… гэж хэлсэн гэнэ. Тэгэхэд аав нь, 
-Хэн тэр вэ би юу? Гэж асуухад Игнат 
-Тийм, та… гэж хэлжээ. 
Аав нь Игнатыг ганцхан цохиод унагаж, шоохойны даруулга сураар нэвширтэл ороолгож, үдэш гэртээ харьсан хойноо цэцэрлэг дотроосоо интоорын мод огтолж аваад, засаж янзлан тулуур хийгээд, Игнат руугаа сарвайж 
-За хүү минь, хүний газар явж юм үзэж нүд тайлаад, ухаан суусан хойноо эргэж ирээрэй дээ гэж хэлээд тавлах байдалтай мушилзан инээвхийлжээ. 
Тэр үед тийм байж. Харин одоо морин тэрэг тачигнан, цан хүүрэг болсон сүлжмэл хашааны дундуур давхиулж, сүрлэн дээвэртэй байшингийн өнгө өнгийн будагтай цонх эрээлжлэн өнгөрч байлаа. 
Бодягин эцгийнхээ хашаан доторх улиангар модыг хараад, бас дээвэр дээрээ байдаг төмөр шувуу нь хуучин янзаараа далбаганан хөдөлж байгааг үзмэгцээ хоолой дээр нь нэг юм тээглэх шиг болжээ. Орой нь буусан айлынхаа эзнээс 
-Бодягин өвгөн мэнд байгаа юу гэж асуужээ. Гэрийн эзэн морины тоног сэлбэж байснаа давирхай болсон гараа хөм суранд арчаад нүдээ жоготой онийлгов. 
-Байхаар барахгүй баяжсан шүү… Шинэ авгай авсан, эмгэн нь ч аль хэдийн талийгаач болсон, хүү нь нэг тийшээ яваад алга гэтэл өвгөн өтөлснөө мэдэхгүй цэргийн ар гэрээр хэсэж, авгай хүүхэн эргүүлж явдаг болсон… гэж ярьжээ. 
Тэгснээ царайгаа төв болгоод 
-Тэглээ ч сүрхий чамбай хүн дээ… Та түүнийг таньдаг юм уу? Гэж асуужээ. Маргааш өглөөний цайн дээр хувьсгалт шүүхийн явуулын хэсгийн дарга 
-Өчигдөр хурал дээр хоёр нударган талх тариагаа битгий өгөгтүн гэж хасагуудыг ятгалаа… Тэднийхийг нэгжих гэхлээр эсэргүүцэж хоёр цэргийг зодсон байна… Хүн амьтанд сургамж болгохын тулд шүүхээр оруулаад цааш нь харуулж орхиё гэж хэллээ. 
III 
Уг нь торх хийдэг байснаа одоо шүүхийн дарга болсон хүн улаан булангийн навтгар тайзан дээрээс 
-Буудан алсугай! Гэж товч тодорхой хэлсэн нь яг л модон торхондоо хангинасан шинэ төмөр ороолт углах мэт санагдав. 
Нөгөө хоёр нударганыг үүд рүү аваад явлаа. Сүүлчийн хүн нь манай эцэг юм байна гэж Бодягин танив. Шар сахал нь дөнгөж үзүүрээсээ бууралтжээ. Бодягин, эцгийнхээ үрчгэр бор хүзүүг нэгэнтээ хараад хойноос нь гарч харуулын даргад, 
-Чи тэр өвгөнийг дуудаадах даа! Гэв. 
Өвгөн дорвигүй бөгтийн алхсаар ирж, хүүгээ танимагц нүдэнд нь оч бадрах шиг болсноо дорхиноо больж, өтгөн хөмсгөн дороосоо сөлийн хараад 
-За хүү минь, улааныхантай яваа юу? Гэж асуув. 
-Тийм ээ, аав аа 
-Тийм байдаг байжээ… гэж хэлээд нүд буруулжээ. 
Хэн хэн нь дуугүй болов. 
-Аав минь, бүтэн зургаан жил уулзсангүй, ярих хэлэх юм алга уу? Гэж хүүгийнхээ асуухад өвгөн хорсолтойёо үрчийн хөмхий зууж 
-Ярих юм алга шив дээ… Бид хоёрын зам зөржээ. Намайг амбаар савандаа хүн оруулсангүй, эд хөрөнгөө өгсөнгүй гэж буудах гэж байдаг. Би эсэргүүн болж гэнэ. Хүний эд хөрөнгө ухаж явдаг нь энэ засагт сайн хүн байдаг юм байж дээ. Одоо яая гэхэв, дураараа л тоноод байж дээ гэж хэлжээ. 
Хүнсний комиссар Бодягины чамархайн арьс цайрч 
-Бид ядуу хүнийг тоноогүй, бусдын хөлс хүчээр баяжсан хүний юмыг авч байна. Тийм улсыг хамаад өнгөрнө. Чи бол нэг насаараа зарц барлагийн хүчийг сорсон хүн! Гэхэд нь өвгөн 
-Би өөрөө өдөр шөнөгүй ажилласан хүн шүү. Чам шиг дэвэн дэлхийгээр хэсээгүй! Гэжээ. Тэгэхэд нь Игнат 
-Ажил хийж үзсэн хүн ажилчин тариачны засгийг өрөвдөх ёстой, гэтэл чам шиг нь бороохой бариад угтаж байна… Хашаандаа оруулсангүй гэнээ. Үүнийхээ төлөөхалуун юм амсана даа! … гэж заналаа. 
Өвгөний хоолой хачин эвгүй дуугарав. Одоо хүртэл эцэг хүү хоёрыг холбож байсан нарийхан утсыг таслах мэт хахир муухай дуугаар 
-Чи миний хүү биш, би чиний эцэг биш. Төрсөн эцэгтээ ийм ам гарсныхаа төлөө гурван төрөлдөө буг чөтгөр болоорой гэж хэлээд нулимж, дуугаа хураагаад цааш хэд алхсанаа гэнэт эргэж илтэд өдөх байдлаар –Гайгүй ээ, чи балрахаа л баларна даа! Хопёроос таануусын эрхийг хязгаарлах хасагууд ирж яваа шүү. Би амьд гардаг юм бол энэ гараараа голыг чинь самнана даа гэж зүхлээ. 
Оройхон хэрд гацааны захын салхин тээрмийн цаахна байдаг, пийшингийн шавар авдаг нүхний зүг хэсэг хүн очлоо. Тэр нүхэнд муу сайн мал орж үхдэг байжээ. Тесленко гэдэг комендант гаансныхаа үнсийг тогшоод 
үхэнд ойрхон зогсоцгоогоорой… гэж товчхон хэлэв. 
Бодягин ягааран цайрах цасыг зүсэх чаргыг харж, 
-Аав минь, битгий муу юм санаарай… гэж аяархан дуугараад хариу хүлээсэн боловч талаар болов. Тэгтэл 
-Нээг… хоёр… гурваа!.. гэж дуулдлаа. 
Хөллөсөн морь үргэн гэдрэг эргэж, чарга энхэл донхолтой замаар орж явахад, тод өнгийн будагтай туянз нь цэнхэртэн цайрах цасан дунд удтал доёлзон харагдаж билээ. 

IҮ 
Тойргийн нутгийг хөндлөн гулд сүлжсэн өндөр нам утасны шон дамжин Хопёрт бослого гарлаа, гүйцэтгэх хороодыг шатаалаа, албан хаагчдын зарим нь алагдаж, зарим нь зугтлаа гэсэн чимээ тархав. 
Хүнсний отряд тойргийн төв орж, Бодягин, шүүхийн комендант Тесленко хоёр гацаанд үлдсэн байв. Тэд тариа будаа ачсан сүүлчийн хөсгийг очих газар явуулахаар яарсан боловч өглөөнөөс тэнгэр муухайран, нүүр нүдгүй шуурчээ. Орой болохын үес гацааны чөлөөнд хориод морьтой хүн давхилдан гарч ирлээ. Төдхөн цасан хунгарт дарагдсан суурин даяар түгшүүрийн дохио хангинаад, адуу мал янцгаах, нохой хуцах, хонх жингэнэх хослон сонсогдов… 
Бослого гарах нь энэ. 
Бунхант толгойн оройгоор хоёр морьтой хүн ухаан малгайгүй зугтаж үзэгдэв. Толгойн бэлээр ч гүүр дээгүүр ч морины төвөргөөн дуулдаж, хэсэг морьтон тэднийг элдэн хөөлөө. Хамгийн түрүүнд дарга хүний өмсдөг папах малгайтай хүн сайн угсааны өндөр гүүгээ ташуурдан, 
-Коммунистууд бидний гараас мултрахгүй дээ! Гэж хашгирав. 
Дэлдэн чихт украин Тесленко толгойн цаана гараад киргиз угсааны морио шавдан 
өдхөн гүйцнэ дээ! Гэж дуугарав. 
Тэр хоёр хормой ихтэй гүвээ лав гучаад мод хэртэй гэдгийг мэдэх тул морьдоо гуядаж гарав. 
Нэхэн хөөгчид бөөнөөрөө ойртов. Тэнгэрийн өрнөд хаяа харанхуйлж, хавь ойрын юм харагдахгүй шөнө боллоо. Гацаанаас гурван мод хиртэй газар, жалганд тогтсон бөөн хунгар дотор нэгэн хүн байхыг Бодягин харж, давхиж очоод 
-Чи чинь ямар үлийгээ хийж байгаа амьтан бэ? Гэж сөөнгө хоолойгоор хашгирав. 
Гэтэл тэр нь царай хөхөрч осгодгийн даваан дээр тулсан бяцхан хүүхэд байжээ. Бодягин морио ташуурдаж, цовхчуулан тулж очоод 
өтгөрийн зулбасга чи хөлдөж үхэх гээ юу? Яагаад энд ирсэн юм бэ? Гэж асуун, мориноосоо дэвхрэн буухад 
-Ах минь, би хөлдлөө Би өнчин хүн… Ингээд л хэсэж явдаг амьтан гэж нөгөө хүүхэд хэлээд эм хүний уранхай цамцны хормойгоор толгойгоо бүтээгээд чимээгүй болжээ. 
Бодягин олон таван үггүй, оготор дээлийнхээ энгэрийг ярж, нөгөө муу жаалыг элгэндээ тэвэрч аваад, арай хийж мориндоо мордлоо. Тийнхүү цааш давхихад жаал хүү дээлийн хормойд дулаацан, Бодягины суран бүснээс бөх гэгч зуурч явлаа. Гэтэл морьд нь илтэд цуцаж, газар хороохгүй болоод, араас хөөн ирэх чимээ ойртсоныг мэдээд айн янцгаалдах болов. 
Тесленко исгэрэх салхин дундуур хашгичин, Бодягины морины дэлнээс шүүрч 
-Наад муу хүүхдээ хаяач! Юу болох гэж байгааг мэдэж байна уу. Хая гэм, бид баригдах нь байна шүү дээ гээд ам хэлэнд багтамгүй муухайгаар харааж, Бодягины хөхөрсөн гарыг ташуураараа ороолгон Гүйцлээ гэм, тасар цавчина шүү дээ. Энэ муу хүүхэдтэйгээ галд орж шатаасай билээ гэж загнав. 
Цагаан хөөс бурзайлгасан морьдын хамар зэрэгцэж ирлээ. Тесленко, Бодягины гарын хөх няц болтол нь ороолгов. Бодягин мод шиг болсон гараараа жаал хүүг тэврэн явах зуураа, хазаарын жолоог урд бүүргэндээ ороож, гар буугаа сугалахыг оролдон 
-Энэ жаалыг яасан ч хаяхгүй, хөлдөж үхнэ шүү дээ. …Чи цаашаа бай, хөгшин хулхи чамайг ална шүү! Гэж сүрдүүллээ. Хөх сахалт украин эр гиншин уйлагнаж, мориныхоо жолоог татаад 
-Явж чадахгүй нь! Өнгөрлөө гэж хэлэв. 
Бодягин эвлэж өгөхөө больсон хуруугаараа оролдон, шүдээ тачигнатал хавиран байж, нөгөө жаалыг эмээл дээгүүрээ бөгтрүүлж, даруулан хүлээд, хэр зэрэг уяснаа нэгэнтээ шалгаж, 
-Дэлнээс нь сайн бариарай, муу зантгар минь гэж инээмсэглэн хэлэв. 
Тэгмэгц Тесленко сэлэмнийхээ хуйгаар мориныхоо хөлс бурзайсан хондлой дундуур буулгаж, соёо сахлынхаа дундуур хуруугаа амандаа хийгээд, дээрэмчин шинжтэй чанга гэгч шүгэлдэв. Тэр хоёр, бие хөнгөрөөд давхилдан очих морьдынхоо хойноос удтал ширтээд, зэрэгцэн хэвтэж, гүвээний цаанаас папах малгай цухалзан гарч ирэхэд оновчтой тайвнаар онь холбон буудаж угтав… 
*** 
Тэр хоёр алуулаад гурав хоножээ. Тесленко нь хир даг болсон цууямбуу дотуур өмдтэйгээ, чихэндээ тултал цавчуулсан амнаасаа бөөн хөлдүү бөөрөнхий цус цухуйлган дээш харан хэвтэхэд Бодягины нь нүцгэн хэнхдэг дээгүүр хээрийн бяцхан шувуу санаа амар дэвхрэлдэн, хүү татуулсан гэдэс, нүдий нь ухсан хоосон ухархай хоёрт нь чихсэн урт сахалтай арвайн тариаг тоншин шулганалдана. 

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.19.43Зочин   • 2019, 5 сарын 27. 21 цаг 49 минут

donii oguulleguudiig buten unshval oilgono aav huu ah duu and naizuud hoorondoo huvisgal ulsgolonoos bolj daisan bolj baigaa hun chanar humuust uldsenuu geh met

43.228.129.68Зочин   • 2019, 5 сарын 28. 16 цаг 44 минут

Баярлалаа.

43.228.129.68Зочин   • 2019, 5 сарын 27. 21 цаг 32 минут

Энэ ямар утга учир илэрхийлж байгаа юм бэ? Шолоховын бодлыг тайлбарлаад өгөөч

64.119.17.85Зочин   • 2019, 5 сарын 27. 11 цаг 50 минут

ДӨЛГӨӨН ДОН ХЭЗЭЭ ЖИНХЭНЭ ЗОХИОЛЧЫНХОО НЭРЭЭР НЭРЛЭГДЭХ ЮМ БОЛ ?

150.129.141.198SS   • 2019, 5 сарын 27. 9 цаг 36 минут

Энэ хүн хөхөртөл хуссан мөлчгөр уруулаа шазав татав хийлгэн... Хүн хичнээн их сахалтай байсан ч уруулан дээрээ сахалгүй л байдаг юм даа.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.