Ээжээ!
Би өнөө өглөө өөрөө цайгаа бэлдээд, өндөр өсгийт өмсөөд, яг таныг дуурайсан торомгор хөөрхөн нүдээ тодотгож будаад гараад явлаа.
⠀
Нүүрэндээ энгэсэг түрхэхдээ танаас асуусангүй. Нүдэндээ зураас зурахдаа тантай зөвлөлдсөнгүй.
Автобусны мөнгө асууж залгасангүй. Ажлын тань үүдээр эргэлдэж дараа ч болсонгүй.
Хайрын захидал ирэхэд тандаа хэлсэнгүй. Халамцуу хүнээс айж зугтахдаа тандаа ховлох гэж яарсангүй.
⠀
Оройн хоолондоо хэдэн халбага давс, хэдэн шанага ус, хэр их амтлагч хийхээ хэнээс ч асуусангүй.
⠀
Оройн болзоонд гарахдаа "Болох уу" гэж бас хэн нэгнээс асуусангүй, оройтсон бороонд норохдоо "өвдчихнө" гэж ч өөртөө санаа тавьсангүй.
⠀
Ерөөс би чинь будаа яаж агшаахыг, гурил яаж зуурахыг, хуушуур яаж хайрахыг, сүүтэй цай хэрхэн чанахыг, үсээ яаж угаахыг, үнэртэй ус хэрхэн сонгохыг, хичээлээ яаж хийхийг, хэдэн цагт орондоо орохыг гээд байж болох бүх л зүйлийг сүрхий мэддэг мэдлэгтэн болчихож.
⠀
⠀
Гэхдээ ээжээ, би лав том болмооргүй байна аа.
Гэтэл энэ цаг хугацаа чинь ямар хурдан юм бэ?
⠀
Өчигдөрхөн л би таныхаа өвөрт шигдээд өнгийн олон шагайгаар тоглож суугаагүй билүү?
Өчигдөрхөн л би таныхаа гараас хөтлөөд өнгийн олон цэцэгсийг түүж гүйгээгүй билүү?
Өчигдөрхөн л би таныхаа энгэрт наалдаад өвлийн өвгөн ирэхийг тэсч ядан хүлээгээгүй билүү?
Өчигдөрхөн л би таныхаа тэвэрт өдөржин эрхлээд өдрийн уртыг элээж байгаагүй бил үү?
⠀
Өө, үгүй юм байна шүүдээ! Өчигдөрхөн биш юм байна.
Өчнөөн өдөр...
Үгүй ээ.
Өчнөөн жил өнгөрөөд...
Өчнөөн жил өнгөрөхөд өөдөсхөн байсан өнөө жаахан гар минь өнгийн хумсаар гоёж гоодоод өд юу шиг л намилздаг болчихож.
⠀
Гэлээ ч гэсэн ээжээ!
Үр нь өнөөдөр том болж үеийн залуугийн хайрыг булааж, өөрийн гэсэн амьдралыг бүтээж, өдрөөс өдөрт өсөн дэвжлээ ч яг таныг дуурайсан торомгор хөөрхөн нүдэнд минь баяр гунигийн аль нь ч бай болор нулимс хурахын цагт тандаа л хуваалцахаар, тантайгаа л зөвлөлдөхөөр чин сэтгэлээсээ яардаг шүү охин нь.
⠀
Хэн нэгэнд гомдож, эсвэл тэдэнд сайшаагдвал, хонгор сэтгэл минь эмтэрч, эсвэл эдгэрч сэргэвэл, цоо шинийг эрэлхийлэн сэтгэвэл, цоглог инээхээ түр азнавал, ерөөс бүх цаг үед, юуны түрүүнд "ИЖИЙДЭЭ ХЭЛЬЕ" гэсэн энгийн хэрнээ энгүй бодол борхон зүрхэнд оршиж байдаг шүү ээжээ.
⠀
Ингээд бодтол нөгөө их мэдэгч чинь юу ч мэддэггүйгээ гэнэт ухаарлаа.
⠀
Амьдрал гээч эвлүүлдэг тоглоомын ард яаж гарахаа, аз жаргалын үзүүрт хаана очиж хүрэхээ, алт шиг сайхан үрстэй болвол яаж тэднийгээ хүн болгохоо, алсын газар өвдөж зовбол хүнд хэцүүг яаж давахаа, аа бас орон доор байх вий гэж айдаг нөгөө мангасыг байхгүй гэдэгт яаж итгэхээ одоо хүртэл мэдэхгүй юм байна, ээжээ.
⠀
Юу ч мэдэхгүй жаахан үр нь
Яаж? Яагаад? Ямар? гэдэг эцэс төгсгөлгүй олон асуултаа ахиад мянга мянган жил, том болтлоо тандаа тавъя гэвэл та минь харин зөвшөөрөх болов уу?
⠀
⠀
"Бүгдийг мэддэг, бүгдийг чаддаг яг тан шигээ "бурхан" шиг хүн болохын тулд насаараа танаасаа "асууя" гэсэн юм."
Б. Отгонсайхан 2019.03.16
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Ямар гоё өгүүллэг вэ. Сайхан санагдаад сэтгэлд гэгээ татаж байна. Бичсэн зохиолчид нь баяр хүргэе. Өшөө олон сайхан өгүүлэг бичиж биднийхээ сэтгэл оюуныг баярлуулаарай амжилт хүсье.