Монгол Улсын Засгийн газар Засгийн газрын өрийн үлдэгдэл 2018 оны эцсийн байдлаар 22.4 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ний 58.9 хувьд хүрээд байгаа. Энэ бол ирэх 2020 оны улсын төсвийн нийт орлогоос даруй хоёр дахин их гэсэн үг.
Одоохондоо Монгол Улс өрийн дарамтгүй, үүлэн чөлөөний нар гийгээд байгаа үе. Гэхдээ 2021 оноос эхлэн гадаад өрийн томоохон эргэн төлөлтүүд хүлээгдэж буй. Тухайлбал, 2021 онд "Мазаалай" бондын 600 сая, 2022 онд Чингис бондын нэг тэрбум, 2023 онд "Гэрэгэ" бондын 800 сая, 2024 онд "Хуралдай" бондын 600 сая ам.доллар зэрэг нийт 2.9 тэрбум ам.долларын өрийг төлөх учиртай. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн хугацаанд 2.9 тэрбум ам.долларын өр төлөх юм.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ оны эхээр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр “Сангийн яамнаас энэхүү өрийн төлөх хугацааг 10 жил болгон сунгахаар төлөвлөж байгаа. Дөрвөн жилийн дотор гадаадад төлөх 2.9 тэрбум ам.долларыг 10 жилд хуваарилснаар валютын ханш өсөхөөс сэргийлэх юм. Мөн гадны хөрөнгө оруулалтыг татах нь чухал нөлөөтэй” гэж байсан удаатай. Хэдий тийм ч аль болох боломжоороо төлж барагдуулж байвал, өр нимгэрч үгүй ядахнаа хүүгийн дарамт багасна.
2020 оны улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдаад буй. Төсөвт суусан зардлаас харахад, ирэх онд зээлийн хүүний төлбөрт 930 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байна билээ. Энэ мэтчилэнгээр гадаад өр ирэх онуудын төсөвт ихээхэн дарамт болох магадлалтай. Ирэх сонгуулиар улаан, цэнхэр аль нь ч ялсан бай, тэр өрийг төлж барагдуулах болно.
Харин Сангийн сайд энэ төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүй төлөх стратегийг боловсруулж өгсөн гэдгийг тодотгосон. Гэхдээ л өр бол өр учраас төлж барагдуулж байж л сая дарамтгүй болно.
Ирэх жилийн улсын төсвийн нийт орлогыг 12.9 их наяд төгрөг байхаар төсөл өргөн баригдсан. Энэ нь 2019 оныхоос 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Гэсэн хэрнээ л төсвөө алдагдалтай төлөвлөчихөөд байгаа. Төсвийн зарцуулалтаас харвал орлогынхоо 26.5 хувь буюу хоёр их наяд гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Сайн хэрэг, хөрөнгө оруулалтыг буруутгахгүй. Гэхдээ үр ашиг, өгөөж, зайлшгүй чанар гэж юм байх ёстой.
Ирэх жилийн хөрөнгө оруулалтын зах зухаас харж байхад Улсын Драмын эрдмийн театр болон Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын төв номын сангийн барилгад тус бүр 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөгджээ. Түүнчлэн Байгалийн түүхийн барилгад 31.9 тэрбум, Үндэсний урлагийн их театрт 30.0, Чингис хааны музейд 53 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр тусгажээ.
УДЭТ, ДБЭТ-ын барилгыг буулгаж, шинээр барих тухай ярьж байгаа. Монголын түүхийн нэгээхэн хэсэг тухайн үеийн архитектурын цогц шийдэл болсон эдгээр барилгыг нураахыг иргэд дэмжихгүй. Тайз дэлгэцийг нь сайжруулах шаардлага байхыг үгүйсгэхгүй ч аль аль нь өнөөгийн эрэлтийг хэвийн хангаад явж байгаа.
Энэ мэт ач холбогдол багатай хөрөнгө оруулалтаа танаж, хэмнэсэн мөнгөөрөө сан хуримтлал үүсгэж 2021 оноос эхлэх өрийн эргэн төлөлтдөө зориулан хурааж хуримтлуулах нь илүү зөв шийдэл баймаар санагдаад байх юм. Өр багассаны дараа ямар ч том театр барихад оройтохгүй. Тэгж чадвал наанадаж 2021 онд төлөх "Мазаалай" бондын 500 сая ам доллар буюу 1.3 их наяд орчим төгрөгөө хуримтлуулчихна.
Дараа нь залгуулаад 2022 онд төлөх 1.0 тэрбум ам доллар буюу өнөөгийн ханшаар тооцоход 2.7 их наяд төгрөгийн өр. Чанга шүү дээ. Монгол улс санхүүгийн чадавхитай, хэтэвчиндээ хэзээ ч хэрэглэж болох хуримтлалтай байвал хэний ч өмнө нүүр бардам байх шүү дээ.
Олсон, орж ирсэн хэдийгээ хэрэглэхээсээ илүүтэй хэмнэж нөөж хуримтлуулж дадвал тэр хожим хойно өлзий болно.
Г.Тулга
14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
тэртээ тэргүй МАХН гархана тодорхой нэр сүрээ сайн бодож яриарай
данхар бүтэцээ багасга хурган дарга нар хүртэл унаа унана хэт их дарга
76 үлдсэн 1 жилд шуналаа татаад улсаа зүгээр байлга л даа. зээлийг төлөхгүй юм аа гэхэд гуйлга гуйхгүй болно_
Хувийн хэвшил,kампониуд хүүтэй авсан зээл гээд 18 тэрбумын өр шир тависан тэр өр шир зээлийн төлүүлэх хэрэгтэй,эрдэнэтийн 40 саяыг улс төлдөг шигээ өмнөөс ни төсөв татварын мөнгөөр төлж болохгүйээ,улсын нийт өр 7-8 тэрбум бгаа шүү дээ,үүнийг эрсдэлийн сангаасаа төлж дуусга,ард түмний нуруун дээр битгий өр шир,зээл торгуули,татвар тавиад ядуурал руу түлхээд бгаачээ,татвар торгуулиа бага шиг байлга,оффшор дансны эзэдээр өр шир зээлийн төлүүл,олон юм ярихаа болицгоо,энэ улсыг өр ширгүй байлга
энэ өр төлбөр,улс эх орон,ирээдүй хойч үеэ бодож байгаа нэг ч улс төрч байхгүй... би яаж баян болох вэ,тэрнээс яаж баян боло,х яаж хулгайлах вэ гээд л эх орончдын дүрд тоглож гадаадын хөрөнгө оруулагч нарыг хөөж байна даа...
Засгийн газар,төрийн байгууллагууд гаднаас их хэмжээний зээл авч төрийн албан хаагчдын цалин, жилийнхээ төсвийг бүрдүүлж үрэн таран загнасаар байгаа. Цаашид дараагийн жилүүдэд ч хэдэн тербум долларын зээл нэмэж аваад цалин, төсвөө бүрдүүлнэ.Жил бүр томорч байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн компаниуд, яам тамгын газруудын зардал улсын нийт бүтээмж, орлогоосоо хэд дахин давчихсан. Энэ байдлаар туйлд нь хүртэл явах байхдаа..
төсөв хэт их танагдаад ирэхээр ард иргэдээс гарах зардал маш их байна. Сургуулийн ой болно гэхэд заавал хандив өг, засвар хийнэ, хүүхдийн цэцэрлэг төсөв байхгүй тоглоомын мөнгө, хөгжмийн мөнгө өг, албан газар бичиг хэргийн зардал байхгү учир өөрсдөө зардлаа гаргана гэх мэтээр арай л дэндүү байна. Уулзаагүй удсан найз нөхөд залгахаар за юу ярих бол, ямар мөнгө нэхэх бол гэж айдаг боллоо.
өлбөрт үхэх юм байна л даа
ЗЭЭЛИЙН ХӨРӨНГӨӨР ЗАМ БАРЬДАГ УХААН ЗӨВХӨН АВИЛГАЧДААС Л ГАРНА. ГЭТЭЛ НӨГӨӨ ТАЛДАА БОНДЫН ЗЭЭЛЭЭР БИЗНЕС ХИЙЖ АШИГ ОЛСОН ДҮН НЬ ЯДАЖ ЗАМД ЗАРЦУУЛТАНГАА ДҮЙЦЭЖ 0 БАЙВАЛ ЯАХАВ ГЭХСЭН. ГЭТЭЛ БОНД АВАГСАД ЕР НЬ ЯМАР ШУУ БАЙГАА БОЛ ДОО?!!! БҮР АРГА ЯДАХАД ЗАМ АШИГЛАЖ АВДАГ ХУРААМЖ ЧИНЬ ЭНД ТЭНД УУСАХГҮЙ БОНДЫН ХҮҮ ТӨЛӨХӨД НЭМЭР БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА УУ? ЮУН ЖИЖИГ ЮМ ЯРЬДАГИЙН ГЭЭД ХУЦАЛДАХ Л БАЙХ. ГЭХДЭЭ ӨРИЙГ ДАРАХ Ч ОРЛОГО ОЛНО ДАХИН АШИГТАЙ ЗЭЭЛ Ч БОДИТ ҮЙЛДВЭРЛЭЛД АВАХ ХЭРЭГТЭЙ.....
Хөрөнгө оруулалтаар барих соёл урлагын байраа зэрэг барихгүй нэг нэгээр нь барьвал төсөвт дарамт болохгүй цаашилаад өрөө бага багаар төлөх боломжтой болно.
ард түмэндээ хүндрэл багатай өрийг зохицуулая гээд байхад л матрын нулимс унагаад байх юм.
ТУЛГА СЭТГҮҮЛЧ ЧИ 2012-2016 ОНУУДАД МАЗААЛАЙ, ЧИНГЭС, ГЭРЭГЭ, ХУРАЛДАЙ ГМ САЙХАН НЭРТЭЙ БОНДУУДЫГ ЮУНД ЯАЖ ЗАРЦУУЛААД ДУУССАН ТҮҮНИЙГ НЬ АВЧ ИДЭЖ УУСАН НӨХДҮҮД ОДОО ХУУЛИЙН ЦООРХОЙГООР ЯАЖ ГООЖИЖ БАЙГААГ СОНИРХОЖ ҮЗСЭН ҮҮ. ЗОЛЖАРГАЛ МЭТЭЭС ЭХЛЭЭД... ДАРАА НЬ САНГИЙН САЙДЫГ ШҮҮМЖИЛ. ЗҮГЭЭР Л ШҮҮМЖИЛХИЙН ТУЛД ШҮҮМЖИЛХЭЭ ЗОГСООВОЛ ЯАСАН ЮМ.
өртэй хүн өөдлөхгүй өтсөн мах өмхийрдөг хэн энэ их өрийг тавьсан тэр хүмүүсээр төлүүл
зээлийг авсан төлөхгүй бгаа хүмүүсээр төлүүлэх хэрэгтэй.