Өнгөрөгч есдүгээр сард “Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”-ын дэргэд “Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөл” байгуулагдсан юм.
Энэхүү зөвлөл “НЭГ ЗОРИЛГО – НЭГ БОДЛОГО” уриатайгаар “Эдийн засагт залуучуудын оролцоо-2019” Бизнес эрхлэгч залуучуудын үндэсний чуулганыг 2019 оны энэ сарын 10-ны өдөр буюу маргааш Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.
Чуулганд МҮХАҮТанхим, түүний гишүүн байгууллагуудын төлөөлөл, төрийн байгууллагууд болон 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч залуучууд, бусад төлөөлөгчид бүхий 300 гаруй зочин оролцох өргөн хүрээтэй үйл ажиллагаа болно.
“Бизнесийн амжилтын талбар байж, дэлхийн зах зээлийн өрсөлдөөнд манлайлахад хөтөч нь болно” гэсэн алсын хараа, үзэл баримтлалыг эрхэмлэн бизнес эрхлэгч залуучуудыг нэгтгэх, ашиг сонирхлыг хамгаалах, бизнесээ өргөжүүлэн тэлэх боломжийг бүрдүүлэх зэрэг зорилгыг агуулж байгаагаараа онцлог юм.
Бизнес эрхлэгч залуучууд бизнесийн орчноо сайжруулах, өргөжүүлэхэд тулгарч буй бэрхшээлээ тодорхойлж, шийдвэрлэх арга замуудын талаарх ойлголтоо нэгтгэн бодит ажил болгох, цаашлаад төрийн эрх бүхий байгууллагын бодлого шийдвэртэй холбон, уялдуулахыг зорилт болгох юм.
Монголд төдийгүй дэлхий дахинд гол цөм болж буй өргөн хүрээг хамарсан, олон талт сэдвийг хөндөж, тодорхой үр дүнд хүрэхээр зорьж байгаа ба “Хамтын үнэ цэнэ бүтээх” Монгол брэндээ олон улсад нэвтрүүлэх экспортын боломж зэрэг сэдвэрээр хэлэлцэх бөгөөд энэ эдийн засагчид, бизнес эрхлэгчид, судлаач шинжээчдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.
Улс орны ирээдүйг хөгжүүлэх боломж залуучуудын идэвх оролцоо, манлайллаас хамаардаг. Хүн амын хамгийн идэвхтэй хэсэг болох залуучууд, тэр дундаа бизнес эрхлэгч, баялаг бүтээхэд гар бие оролцон яваа залуучуудын төлөөлөл оролцсон энэхүү үйл ажиллагаанаас олон эерэг үр дүн хүлээж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.
М.Нэргүй
Сэтгэгдэл бичих