2019 оны 11-р сарын 11
8 цаг 00 минут

Б.Пүрэвсүрэн: Мөнгөө төлөхгүй л бол дан хөгжим бичээд миний аялгууг хэн ч тоглохгүй, урлаг ийм болчихсон

“Дулаахан намар” тоглолтоо өнөөдөр “Улаанбаатар палас”-т хийх СТА, хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнг "VIP ярилцлага" буландаа урьж, ярилцлаа. Тэрбээр “Босоо хийморьтой эр хүн”, “Дулаахан намар”, “Цэнхэр тэнгэрийн орон”, “Зүрхэн цэцэг”, “Зүрхний наран”  гэх мэт олонд хүрсэн маш олон хит дууны аялгууг зохиосон. Түүний хит болсон дууг нэрлэнэ гэвэл маш урт жагсаалт гарна. 

Энэ мундаг хөгжмийн зохиолчтой зөвхөн дуу, тоглолт ярьсангүй. Монголын дууны урлаг, дан хөгжмийн бүтээлийн үнэлгээ. Хөгжмийн зохиолчдыг хэрхэн үнэлж байгаа талаар ч ярилцсан юм. Өнгөрсөн долоо хоногт та бүхэн Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболдын ярилцлагыг хүргэсэн. Түүний ярилцлагыг энд дарж унших боломжтой. Удахгүй уншигч та бүхэнд хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын ярилцлагыг хүргэх болно.  

-“Дулаахан намар” тоглолтоо хийхэд бэлэн болсон байх. Тоглолтоо яагаад 10-аад жилийн өмнө зохиосон дуугаараа нэрлэж байгаа юм бэ. Энэ их сонирхол татаж байна?

-2009 онд “Дулаахан намар” дуугаа Увс аймгийн Өмнөговь суманд зохиож байлаа. Би аавынхаа газар дээр 28 жилийн дараа очсон. “Хуурын салхи” гэж С.Жавхлан гавьяатын аавынх нь шүлгийн ном миний халаасанд байж таарсан. Номыг нээхэд “Дулаахан намар” гэдэг шүлэг гарч ирсэн юм. Тэгээд тэндээ аяыг нь зохиогоод, Улаанбаатарт ирээд С.Жавхланд хэлсэн. “Би аавын чинь  “Дулаахан намар” шүлгэнд ая хийчихлээ” гээд өгсөн. Тэгээд 2010 онд бэлэн болж, сонсогчдод хүрсэн. Хөгжмийн найруулгаа хийгээд, бэлэн болсны дараа С.Жавхлан өдөр 13:00 цагийн үед дуугаа дуулж, бичүүлсэн. Шөнийн 01:00 цаг хүртэл хоолой бичлэгт орж байсан. Энэ дуу амьтай гэж би боддог. 12 цагийн турш хоолой бичлэгт орж, маш удаан бүтсэн. Бичлэгээ хийсний дараа сар гаруйн хугацаанд энэ дуугаа сайтар засаж байж сонсогчдод хүргэсэн. Тухайн үед дуу дуулна гэдэг ийм гайхалтай зүйл байдаг юм байна. Сэтгэлээ дуунд шингээж чадвал тэр дуу амьтай болдог юм байна гэж бодсон.

Өнөөдрийн хүртэл 10 гаруй жил энэ дуу эгшиглэж байна. Өнөө жилийг хүртэл ойрд илүү сартай, дулаахан намар болсонгүй. Энэ жил тун ч сайхан намар болж байна. Тоглолтоо “Дулаахан намар” дуугаараа нэрлэсэн минь ийм учиртай.   Би багадаа, гуравхан настай байхдаа аавыгаа алдсан. Яагаад ч юм сэтгэл дотроо аавдаа зориулж нэг сайхан дуу хийхийг хүсч явсан. Тиймдээ ч энэ дуугаа бүтээсэн. Тэр цаг мөчөөс хойш “Нэг сайхан дулаахан намар болоосой. “Дулаахан намар” дуугаараа нэг тоглолт нэрлэчих юмсан гэж бодож явсан. Энэ жил тэр дулаахан намар нь болж байна. Энэ бэлэгшээл, надад ирж байгаа бэлэг байх.

-2017 онд та тоглолтоо хийж байсан. Хоёр жилийн дараа дахиад хийж байна. Дуунд дуртай монголчууд таны тоглолтыг хүлээхээс гадна шинэ, шинэлгийг ч бас хүлээдэг байх?

-Жил жилийн тоглолтын онцлог гэж бий. Маш гоё, сайхан дуунуудыг монголчуудад хүргэх ёстой юм. Түүнээс биш гялс нэг дуу хийгээд, маргааш өглөө нь гаргаад, нөгөөдөр нь цацдаг байж болохгүй. Дуунд тийм хөнгөн хандахгүй болохгүй юм. Дуу хийнэ гэдэг нэг хүүхэд төрж байгаатай ялгаа байхгүй. Сайхан дуу хийнэ гэдэг эргээд аз жаргалыг мэдрэх. Дуу минь амьтай болохыг, олон жил сонсогчдын дуртай уран бүтээл болохыг мэдрэх мэдрэмж байдаг. Яагаад дулааны инженер залуу нийтийн дууны урлагт орж ирж, жил бүр тоглолт хийгээд байна гэж хүмүүс гайхдаг ч байж магадгүй. Монголын дууны урлаг 1940-өөд онд нэг өөр байсан. 1970, 1980, 1990-ээд онд ч өөр байсныг хүмүүс мэднэ. Харин одоо 2020 он болох гэж байгаа энэ үед нийтийн дуу эрс өөрчлөгдөж, хувьсал явагдаж байгаа. Дууг том хэмжээний, мэргэжлийн хийх гэж байна гэхээсээ илүү ард түмэн рүүгээ хандаж, дуулах дуртай уран бүтээлийг нь зохиож өгөх юмсан гэж боддог. Ардын дуу шиг болчихсон сайхан уран бүтээл зөндөө байгаа. Хуучны сайхан дуунуудыг тоглолт дээрээ хүртэл дуулах дуртай.

Миний дуу ч гэсэн түүнтэй адил аялгуутай байгаасай гэж боддог. Аялгуутай байхын тулд би хичээх ёстой. Монгол түмэн миний дууг дуулж байгааг бодохоор би аялгуутай дуу хийж байгаа болов уу гэж боддог. Тиймдээ ч би долоо дахь тоглолтоо хийх гэж байна. Жил бүрийн тоглолт шинэлэг байхын тулд өөрийн ая аялгуугаар дамжуулж өөрийнхөө бодол, сэтгэлийг хүргэе л гэж боддог. Нөгөө талаар би уран бүтээлээ тайлагнаж байгаа юм. Залуучуудаа дэмждэг, тэднийгээ таниулахыг ч хийж байна. Тоглолтод дуулах дууны 40-50 хувь нь шинэ уран бүтээл.  Мөн маш олон уран бүтээлчдийн дуу нэг дор үзэгчдэд хүрдэг гэдгээрээ илүү онцлог.

Жилдээ 2-3 дуу ард түмэнд хүрэхгүй бол муу ая хийсэн юм болов уу гэж бодоод бухимддаг 

 

-Манай мундаг хөгжмийн зохиолчдын ихэнх нь гадаадад боловсрол эзэмшсэн байдаг. Харин та механик инженер мэргэжил. Тийм байтал энэ олон гайхалтай дууны уянгалаг аялгууг зохиочихсон байна. Тэр өгөгдлийг хаанаас авдаг вэ?

-Аав маань их сайхан дуулдаг хүн байсан. Аавын талын ах, дүү нар ч гэсэн их сайхан дуулдаг, ерөөлч, магтаалч нар байсан юм билээ. Ээжийн маань талынхан ч гэсэн их сайхан дуулна. Ээж маань өөрөө хөгжимчин хүн байсан. Тийм улбаанаас үүдэлтэй би хөгжмийн авьяастай болсон юм болов уу гэж боддог. Гэхдээ унаган авьяас байгаад цааш нь хөгжүүлж чадахгүй бол өнөөдрийн энэ сайхан дуунуудыг бүтээж чадахгүй байсан гэж боддог. Илүүтэй хөдөлмөрлөх ёстой. Жилдээ 2-3 дуу ард түмэнд хүрэхгүй бол би бухимддаг. Муу ая хийсэн юм болов уу гэж бодоод. Ая аялгуугаа өөрчлөх ёстой гэх мэтээр дүгнэлт хийдэг. Хүний хүний зан араншинд таарсан дуу хийнэ гэдэг хэцүү. Монголын гурван сая хүний сэтгэлийн утсыг хөндөх, зүрх рүү нь очих аялгуу хийнэ гэдэг хүн болгонд байдаггүй хувь заяа. Намайг мэргэжлийнхээ ажлыг хийхээс илүү хүний сэтгэлд хүрсэн дуу хийлгэхээр томилсон юм болов уу ч гэж би боддог. Мэргэжлийнхээ ажлыг хийгээд явбал болохгүй юм байхгүй. Нэг жил ажилласан шүү дээ.

-Анхны уран бүтээлийн өгөгдлийг л асуугаад байгаа юм. Гэнэт л хаанаас ч юм шүлэг орж ирээд, шад шадаараа урсдаг тохиолдол бий. Түүнтэй адилхан гэнэт аялгуу орж ирээд, амандаа аялах, хөгжмөө шүүрэх үе байдаг болов уу. Анхны дууныхаа талаар дурсаач?

-Миний анхны монголчуудад хүрсэн дуу “Босоо хийморьтой эр хүн”. Лосолын Болдбаатар гавьяат дуулдаг. Бүр анх удаа хийсэн дуу гэвэл 1997 онд аавын тухай шүлгэнд ая хийж байлаа. Би Өмнөговь суманд бүжгийн хөгжим тоглодог. Надаас өөр хөгжим тоглодог хүн тэнд байгаагүй. Сумын соёлын төвд долдугаар ангиасаа эхлээд л хөгжимчин болж, бүжгийн хөгжим тоглодог байлаа. Тэр үед Алдар гэдэг ах  надад аавын болон сургуулийн тухай хоёр шүлэг авчирч өгсөн. Би баян хуур хөгжим оролдож, тоглодог байлаа. Баян хуур хөгжмөөр аяаа тоглоод, хуурцагны хөгжмөөр бичиж авч анхны дуугаа хийсэн. Тэр дууг хэн ч дуулаагүй. Дунд сургуулиа төгсөхдөө сургуулийн тухай дуу зохиож, ангийнхаа охинтой хамт төгсөлтийнхөө баярын үеэр дуулсан. Надаар дуу хийлгүүлээд, дуулуулаад, үдэж дээ гэж бодож явдаг. Түүний дараа монголчуудад хамгийн анх хүрсэн дуу маань “Боссоо хийморьтой эр хүн”. 2003 онд зохиож байлаа. Цаашлаад “Санахгүй л гэсэн юм аа”, “Манай адуу”, “Аялсхийгээд дуулъя даа”, “Аавын борлог морьд”, “Сайхан” гээд маш олон сайхан дуу сонсогчдод хүрч. Хамгийн гол нь, нэг дуу хүнд хүрнэ гэдэг маш том урам зориг өгдөг юм билээ.  

“Босоо хийморьтой эр хүн” гэдэг дуугаа гаргаж байхад Л.Болдбаатар хөгжмийн найруулгыг хийлгээд. Дараахан нь компьютер нь эвдэрчихсэн юм. Гэтэл мань хүн “Би зарим юмыг нь хийлгэчихлээ, чи үлдсэнийг нь хийчих” гэдэг юм байна. Би  тэгье гээд. Тэр үед сарын 250 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Бүх цалингаа авчраад хөгжмийн найруулагчид өгч байлаа. Тэгж л анх энэ дуу гарсан. Гарсных нь дараа маш их баярласан. Автобусанд чимхүүлэн барин явж хэдэн радиогоор  тарааж өгч, зүтгэсэн.  Ингэж л  энэ сайхан дуу монголчуудад хүрсэн.

Энэ дууг хийх санаачилгыг би өөрөө гаргасан. “Босоо хийморьтой эр хүн” гэдэг дуу хиймээр байна гэж анх яруу найрагчдаа 2002 онд захиалж байсан. Эр хүнийг магтсан дуу бараг байдаггүй. Эрчүүд бид чинь өөрсдийгөө магтдаггүй. Тэгээд би эрчүүд минь хааяа нэг уулын оройд гараад “Би чинь босоо хийморьтой эр хүн шүү дээ” гэж дуулж, омогшиж байгаасай гэж хүсэж, энэ дууг хийсэн. ШУТИС-д бүтсэн дуу. Би оюутан байсан. Урлаг зааландаа хөгжим тоглоод, зохиож байлаа. Дуу зохионо гэдэг хөгжим тоглож чаддаг байхыг шаарддаг. Түүнээс биш шууд ая аялгуу орж ирж, бууна гэдэг их ховор тохиолдол. 2-3 дуу л байдаг. Би 400-500 дуу хийсэн байна.

Зарим хүн хэлдэг л юм байна. “Би 20, 30 жил дуу хийсэн. Гэхдээ ийм олон дуу хийгээгүй юм байна” гэдэг. Нийгмийн захиалга байна. Хэдий бүтээлч сэтгэлгээгээр хандаад, олон сайхан дуу хийсэн ч зарим нь гарахгүй байх тохиолдол бий. Харин бүтээл гэж хандсан олон сайхан дуунууд гарсан байна.

-Маш олон дуу хийхээр адилхан аялгуутай болох гээд байдаг талтай. Нэг л хүний дотроос гарч байгаа аялгуу юм чинь. Ойролцоо болохоос яаж тойрдог вэ?

-Аялгуу өөрөө тэр чигээрээ мэдрэмжийн урлаг. Хоёр шүлэг адилхандуу үгтэй, утга агуулгатай байна гээд адилхан аялгуу гарна гэж байхгүй. Шүлэгний онцлогоос хамаарч аялгуу орж ирдэг. Магадгүй онгод нь шүлгээрээ дамжиж орж ирдэг ч байж болох. Түүнээс биш, адилхан болчих вий дээ гэж бодож дуу хийхгүй. Миний дотроо бодож бясалгасан бүхэн тэр дууны хөгжимд шингэдэг. Нутгийн тухай дуу хийхээр боллоо гэж бодъё. Аль нутаг вэ, Увс уу, Сүхбаатар аймаг уу. Нэг бол Хэнтий, үгүй бол Дорноговь ч байж болно. Тал газрын дуу ямар байх ёсой юм. Тал шигээ урт аялгуутай ч гэдэг юм уу. Хангай, говь газрын дуу ийм байдаг. Алтай газрын дуу иймэрхүү байдаг даа гэж бодож, төсөөлж, мэдрэмжээрээ л бичдэг. Тийм учраас давтагдах гэдэг ойлголт бараг байхгүй. Долоо хоногийн эхэнд нэг дууны ая бичлээ. Долоо хоногийн төсгөлд өөр нэг шүлгэнд ая хийхэд ганц нэг мөр нь ч юм уу адилхан байх тохиолдол бий. Тэгэхээр нь өөрчлөөд л бичдэг. Дууг мэдрэмж талаасаа хийвэл илүү хүнд хүрдэг гэж боддог. Түүнээс биш нотоор тоглоод, өрөөд дуу хийдэг хүн их ховор байдаг байх.

-Уран бүтээлчдэд мухардалд орох тохиолдол байдаг. Танд тийм үе гардаг уу. Хэрвээ гардаг бол яаж өөрийгөө эргүүлж олж авдаг вэ. Гэхдээ арай шинэ, шинэлэгээр?

-Гомдсон, цөхөрсөн үед мухардал руу чирэх тохиолдол бий. Хүнд гомдох үедээ л би мухарддаг. Уран бүтээл хийдэг, ая дуу зохиодог хүмүүс дандаа л баяр баясгалантай байвал зүгээр. Тэгж байж л дуу гарна. Хэдий чинээ намайг хөөргөх тусам л би улам өнгө орж, сайхан дууны хөгжим бичих гэж адгадаг. Хэн нэгэн нь ирээд “Та үнэхээр сайхан аялгуу бичдэг шүү” гээд худлаа ч хамаагүй магтвал миний гэрлэн бүрхүүл баярладаг юм байна л даа. “Чи нэг ая биччихээрэй хөгшөөн” гэж хайнга ханддаг. Эсвэл “Энэ үнэхээр гоё дуу хийж чаддаг ч юм уу, үгүй ч юм уу гэж ханддаг хүмүүс цөөнгүй бий. Би тэдэнд заавал таалагдах албагүй. Тиймээс баярлах, урам орох үедээ илүү шинэлэгээр эргэж ирдэг.

Гоё дуу хийхээрээ хамгийн их тайтгарал олж авдаг  

-Таны дуунуудыг сонсоход бусад хөгжмийн зохиолчдоос илүү уянга мэдрэгддэг. “Зүрхэн цэцэг”, “Зүрхэнд зүсрээгүй хайр”, “Цэнхэр тэнгэрийн орон” гээд дуунуудыг сонсоход үнэхээр уянгалаг. Нэг хүнээс яаж ийм их уянга ундардаг юм бол гэж гайхдаг?

-Хүний хийж бүтээгээгүй зүйл гэж бий. Тухайлбал, би аавынхаа үргэлжлэл. Тэр хүний хийж амжаагүй бүхнийг гүйцээх ёстой. Бас би шаналал болгоныг үзсэн. Зовсон хүн л өөрт байгаа гуниг, шаналлаа дуундаа шингээж өгч чаддаг юм болов уу гэж би боддог. Яах вэ, зовоогүй ч байсан гаргана л даа. Одоо зовж байгаа юм алга, сайхан л байна. Гэхдээ сэтгэлийн угаас гарах аялгуу өөр. Хайр, харуусал, сэтгэлийн эмзэглэлийг өнөөдөр мартсан ч байж маргааш санагдаж болно. Сэтгэлийн мухарт байж л байдаг, хэзээ ч устаж алга болдоггүй зүйл. Техник байвал устгачихвал алга болчихно. Хүний сэтгэлийн торгон мэдрэмж юм болов уу л гэж боддог. Тэр мэдрэмжийг усалж, “Би дэндүү гоё дуу хийнэ дээ. Монголчууд маань миний дууг ингэж хайлж дуулна даа” гэж бодож дуугаа хийх дуртай. Түүнээс биш мөнгө бодож, энэ миний баруун гарын дуу, энэ нь зүүн гарынх гэж хийж болохгүй. Бүтээл хийж байгаа хүн төрсөн “хүүхдээ” ялгаж болдоггүй юм. Дуу миний төрсөн хүүхэдтэй минь ялгаагүй. Миний дуу гундаад, ард түмэнд хүрэхгүй бол би гомддог. Би нүүрийг нь угааж, хувцсыг нь сольж, үс гэзгийг нь засаагүй юм болов уу гэж бодож явдаг ч тохиолдол бий. Дуу болгон хүнд хүрнэ гэж байхгүй, их хэцүү.

-“Зүрхэн цэцэг” дууг сонсох болгонд цээжнээс нэг зүйл дээшээ огшдог. Шүлэг, ая хоёр ингэтлээ яаж зохицож чадаа вэ гэж тантай уулзах завшаан тохиолдвол асууна даа гэж бодож явсан юм. Тийм зүйлийг тодорхой хэмжээнд үзэж, туулсан хүний сэтгэлээс л ийм аялгуу гарсан юм байна гэж сая бодож суулаа?

-Энэ дууны шүлгийг бичсэн яруу найрагч шинийн 1-ий өглөө найз охиноо аав, ээжтэйгээ танилцуулах гээд холын аяныг зорьсон юм билээ. Замдаа хоёулаа аваарт ороод, найз охин нь нас барсан. Тэгээд зүрхний гүнд хадгалсан тэр хүндээ зориулж дуу зохиож, өөрийгөө тайтгаруулъя. Тэр миний зүрхэн цэцэг юм гээд уйлаад надад шүлгээ өгч байсан. Би зовлон гэж ямар байдгийг мэдэрнэ. Надад тэгж мэдрэгдэж байгаа юм чинь тэр хүнд яаж мэдрэгдэх нь тодорхой. Ийм л их хайрыг бурхан надад өгөөд тийм саруул гэгээгээр буцааж нэхсэний учир харууслаа гэж бичсэн. Ийм л биш байгаасай гэж бид хүсч явдаг. Сайхан сайхан найзууд маань аваар ослоор өнгөрч л байдаг. Бид харуусаж дуу хийх биш хамт байхдаа дуу хийгээд сууж баймаар олон сайхан залуучууд хорвоогоос хальсан. Харууслаар гунигаа тайлахгүйн тулд болгоомжтой байгаасай л гэж боддог.

-Бүх л уран бүтээлч хийсэн бүтээлээ ялгаж, салгаж ярихыг хүсдэггүй. Гэхдээ л нэг сайхан дуу хийсний дараа “Би чадлаа” гэж бодогдох үе байдаг байх. Ямар дуугаа хийсний дараа тэгж бодож, омогшиж  байсан бэ?

-Их олон дуу хийсний дараа тэгж бодогдож, омогшиж байсан даа. “Санахгүй л гэсэн юм аа”, “Аавын борлог морьд”, “Цэнхэр тэнгэрийн орон”, “Дулаахан намар” гээд олон дууны хөгжим бичсэний дараа тийм мэдрэмж авч байсан. Би их сонин хүн. Сайхан дуу хийсний дараа хүн нурууг минь маажаад байгаа юм шиг санагдсан. Тэгээд л  би ганган дуу хийсэн юм байна гэж боддог. Гоё дуу хийхээрээ хамгийн их тайтгарал авдаг. Тэгэхгүй бол дараа дараачийн уран бүтээл төрөхгүй байх. 

Монголд Б.Шарав, Н.Жанцанноров нарын бүтээлээс өөр хөгжим эгшиглэхгүй л байгаа биз дээ 

-Хөгжмийн зохиолчдын үнэлгээний талаар их ярих болжээ.  Зохолч нь дуучнаасаа бага үнэлэгддэг ч гэж ярьдаг. Та хөгжмийн зохиолчдын үнэлэмжийн талаар юу бодож явдаг вэ?

-Хөгжмийн зохиолч хүн тоглолтоо хийхэд дуучид нь хамгийн түрүүнд ирж дуулж өгөх ёстой гэж би боддог. Тэр хууль байх ёстой. Яагаад гэвэл бид тэднээс юу ч нэхэлгүйгээр сайхан дуунууд хийж өгсөн. Зарим нь сайхан уран бүтээлүүдийг дуулаад, гавьяа шагналаа авсан л байх. Харин хөгжмийн зохиолчдын хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж одоохондоо сайн мэдэгдэхгүй л байна. Хэнийг, яаж урамшуулах ёстойг Монголын ард түмэн мэддэг байлгүй дээ. Одоо ч гавьяа шагналыг хөөцөлдөж байж л авдаг болсон юм шиг санагддаг. 

-Та маш олон дуучинд гайхалтай сайхан дуунууд хийж өгсөн. Олон ч залуучууд таны дууг дуулж, олонд танигдсан. Тэр бүх хүнд зүгээр л дуу хийж өгөөд байдаг юм уу. Ямар нэг үнэлэмж, үнэлгээ гэж байхгүй юу?

-Бүтээл үнэлшгүй зүйл. Өнөөдөр үнэгүй юм шиг мөртлөө маргааш хамгийн үнэд хүрэх зүйл миний бүтээл. Хэрвээ би бүтээлээ мөнгөөр үнэлээд эхэлбэл дуучиндаа үүрд хадгалуулах болно. Харин үнэлж өгөхгүй бол 100 жилээр миний үр хүүхдэд үлдэх юм. Дуулах эрхийг нь би тэр залуучуудад өгчихөж байгаа хэрэг. Өнөөдөр Монголын нийгэмд дууг үнэлээд авдаг уран бүтээлч байхгүй. Байлаа гэсэн ч бүх юм эсрэгээрээ эргэчихсэн. Одоо бид өөрсдөө менежер болж хувирч. Дууг нь хийдэг, шүлгийг нь олж, янзалж өгдөг, дуулуулдаг. Уг нь хамгийн үнэтэй байх хүмүүс нь бид өөрсдөө. Гэвч зуучлагч л болчихоод байна.

-Та дан хөгжмийн бүтээл хэр их хийдэг вэ. Ийм их уянгатай, аялгуутай хөгжмийн зохиолчоос сайхан дан хөгжмийн бүтээл төрнө дөө гэж боддог?

-Надад бичсэн хөгжим олон бий. Гол нь үнэлэмжийн асуудал байна. Урд яваа ах, эгч нар хойноос нь төрж гарч ирж байгаа залуучуудаа мэдэрдэггүй. Манай бүхий л чуулга, театр зүгээр л мөнгө хардаг. Би очоод дан хөгжмийн бүтээлээ тоглуулахын тулд дор хаяж 2-3 сая төгрөг төлөх болдог. Дан хөгжмийн бүтээл хийгээд надад ямар ч ашиг байхгүй. Миний бүтээлийг тоглох ч үгүй.  Мөнгөө л төлөхгүй бол. Урлаг ийм л болчихоод байна. Хүнд хэчнээн сайхан ая аялгуу, хөгжим сонсгоё гэж бодсон ч бүх зүйл мөнгө болчихоод байхад яаж юм хийх юм.

-Манай филармони, чуулгууд чинь Монголынхоо уран бүтээлчийн хөгжмөөр дутагдаж байна. Том хэмжээний хөгжмийн бүтээл дутагдлаа гээд байдаг шүү дээ?

-Дээр нь нөгөө аваргууд чинь суугаад байгаа. Тэгээд базаж хэвтүүлчихээд, миний л хөгжмийг тогло гэдэг. Төрөөс хэд гурван төгрөг өгдөг бол тэд чинь хувааж авдаг юм шиг байна билээ. Уг нь бид Б.Шарав гуай шиг ч юм уу сайхан сайхан хөгжмийн бүтээлийг хийж чадна. Тийм авьяаслаг залуу хөгжмийн зохиолчид олон л байна. Гэхдээ бидэнд мөнгө алга. Байсан ч гэсэн баригдмал л орчинд ажиллах болно. Тэгэхгүйгээр “Пүрэвсүрэн чи ирээд, нэг сайхан хөгжмийн бүтээл хийгээдэх. Симфони бичээдэх гэвэл бичиж болно шүү дээ. Надад  14, 15 дан хөгжмийн бүтээл байгаа.

-Дан хөгжмийн бүтээл тоглодог хөгжимчид, хамтлагууд ч цөөнгүй байна. Тэдэнтэй хамтарч ажиллах боломж байдаггүй юм уу?

-Яг л театр, чуулгад тоглуулах гэж явахтай адилхан. Уулзаад, нэг бүтээлээ сонсгоно. Нөгөө хөгжимчин нь бүтээлээ гаргахын тулд бичүүлэх болно. Би өртэй юм шиг өөрөө бичүүлэх шаардлага гарна. Боломжгүй гэхээсээ илүү боломжийг хайх гэж оролдож байгаа бидэн шиг уран бүтээлчдэд энэ их хэцүү. Дан хөгжмийн бүтээл хийж байгаа олон л залуучууд байна. Тэд гараад ирэх нь яасан юм. Хэн хүнээс илүү гарсан бүтээл хийгээд, тасраад байгаа нь хаана байна. Байхгүй шүү дээ. Өнөөдөр Монголд Б.Шарав, Н.Жанцанноров гэсэн хоёр хүний бүтээлээс өөр хөгжим эгшиглэхгүй л байгаа биз дээ.  Тэнд “Сэтгэлийн эгшиг”, “Мандухай” явж байна, бусдынх нь бүтээл хааччихсан юм. Надаас илүү хөгжмийн зохиолчид зөндөө байгаа. Хөгжмийн зохиолчдын холбоонд нь хүртэл том том уран бүтээлчид байна. Тэд дуу л хийгээд байгаа юм. Хийж чадахгүй бол надад өгчих, би хийж чадна. Энэ онгиролт биш. Залуу үеэ дэмжихгүйтэй холбоотой.

Биднийг дэмжээд, Хөгжмийн зохиолчдын холбооноос “Пүрэвсүрэн, чи ийм бүтээл хийгээч, чи чадна” гээд өгч болно. Тэгвэл хэн ч чадна. Чадах олон залуучууд бий. Дуун дотор эргэлдлээ л гэдэг. Дууг би харин ч симфони юм болов уу гэж боддог. Симфонийг хүн аялаад, нэгэндээ аяыг нь тоглож өгөөд явахгүй. Хэний симфонийг Монголын ард түмэн мэдэж, сонссон юм. Дэлхийд очоод эшиглэж байгаа нь ч алга. Энэ муу хэлэлт биш, бүтээлч шүүмж шүү. Хэрвээ дан хөгжмийн бүтээл нь үнэхээр хэрэгтэй л юм бол нийгэм цаанаасаа захиалаад л эхэлнэ. Одоо дан хөгжмийн зохиол үнэхээр хэрэгтэй байна гээд эрэлт нэмэгдэх цаг ирэх байх. Одоо ч дан хөгжмийн бүтээлийн “Алтан намар” наадам болдог.  Тэр наадамд түрүүлж байгаа хүний бүтээл яаж хүмүүст хүрдэг юм. Бас л мөнгө төгрөггүйгээс болдог юм уу, бүү мэд. “Алтан намар” маш том наадам, төр 50 сая төгрөгөөр бүтээл худалдаж авдаг юм гэсэн.

Тэндээс гарч ирж байгаа бүтээл нь хаана байгаа юм. Би л уран бүтээл туурвиж эхэлснээс хойш тэр наадамд түрүүлсэн бүтээлийг сонсч байгаа юм байна. Хэнийх нь бүтээл, ямар шалгуураар түрүүлээд, монголчуудад хүрээд, ард түмний сэтгэлийн утсыг хөндөөд байгаа юм, бүү мэд.

 

 

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.22.12Хаха   • 2020, 2 сарын 1. 0 цаг 24 минут

Симфони битгий хэл ганц аяз хийж чадахгүй байж...арай бурах юм

202.72.245.122у   • 2019, 11 сарын 13. 13 цаг 57 минут

зүгээр л цагийн бүтээл шиг

202.179.27.71иргэн   • 2019, 11 сарын 12. 13 цаг 20 минут

өчигдөр тоглолтыг үзлээ маш гоё болсон. үнэн авьяаслаг элдэв хачиргүй цул авьяас. монголын урлагт чухал хувь нэмэр оруулж байгаа хөгжмийн зохиолчоо. Одоо жаахан дэмжээд өгмөөр юм шиг санагдсан. Дуучин Амарсайханы хэлсэнчлэн Пүрэвсүрэнгийн зохиолын дуунууд одоо цагт том байр суурь эзлэхээр боллоо. залуу дуучдын их дэмждэг нь маш их таалагдсан өгдөг шагналы нь өгсөн дээрээ

202.179.25.216иргэн   • 2019, 11 сарын 11. 17 цаг 37 минут

Пүрэвсүрэнгийн зохиолын дуунууд их гоё. би бүр байнга сонсдог өлзийтэй монголоо тэр бүтээлийн ая мая гэж лагаа лаг үнэн авьяастай сайхан залуу. өнөөдөр тоглолты нь үзнэ. би хөөцөодөж байгаад билетыг нь авсан. Миний дүү аваргыг давж аварга болдийн гээд зүтгээд л бай нэг өдөр чиний хөдөлмөрийг үнэлэх болно.

43.228.129.161Зочин   • 2019, 11 сарын 11. 16 цаг 50 минут

Мундаг авьяастай маш их ажилласаг залуу юмаа,,,авьяас байгаад хөдөлмөрлөхгүй бол яана,,,амжилт хүсье тоглолтыг чинь очиж үзнэ,,,

103.20.152.50Урлаг   • 2019, 11 сарын 11. 16 цаг 09 минут

Урлаг, гоо сайхан мөнхийн дээд эрэмбийн таашаал...Үнэ цэнэ нь улс орон, нийгмийн хөгжил, цаг үеийн шалгуураар тогтоох байх...Баярллаа. Улам улам их гэрэлтэх болтугай,

73.176.171.37Zochin   • 2019, 11 сарын 11. 13 цаг 11 минут

Zaluu min mongolchuudiin amidral saihan bolson tsagt ted uyangat ertuntsiig oilgoh gej hicheene.odoo bol helber huusun hoocon tolgoi urlag oilgocon durd togloj bna daa.

103.229.123.195Хүү   • 2019, 11 сарын 11. 12 цаг 30 минут

Уран бүтээлмйн өндрөөс өндөр амжилт% сайн сайхан бүхнийг гэр бүлийнхнийхээ өмнөөс хүсч щрөөсү....

202.55.188.35Зочин   • 2019, 11 сарын 11. 12 цаг 15 минут

Амжилт

202.55.188.35Зочин   • 2019, 11 сарын 11. 12 цаг 15 минут

Үеээсээ тасарцан залуудаа

103.80.210.56Зочин   • 2019, 11 сарын 11. 11 цаг 33 минут

Уран бүтээлийн улам их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

64.119.23.186Зочин   • 2019, 11 сарын 11. 9 цаг 57 минут

Сайн залуу шүү Богд хаан уул мину дуу чинь үнэхээр гоё шүү. Түүнийгээ сайн дуулж байгаарай. Амжилт хүсье.

202.131.225.150Зочин   • 2019, 11 сарын 11. 9 цаг 36 минут

Ая аа ляля, аав аа ээж ээ, морь минь ээ, нутаг минь ээ гэсэн дуу яасан ч их байдаг юм бээ, Хотод өссөн бид нутаггүй, морьгүй,ээж,аавгүй юм уу хаашаа юм.кккк. Хотод хөгжихгүй нь тодорхой ш дээ, Хотод наад дуугаа битгий дуулж бай, Нутагтаа дуул

202.179.25.148зочин   • 2019, 11 сарын 11. 9 цаг 30 минут

сэтгэлд хүрсэн сайхан аялгуу гаргадаг залуу, Дулаахан намар дууг сонсох бүрдээ нулимс гаргадаг, уйлдаг. Ээж минь 2010 оны намар сайхан наслаад өнгөрсөн, тэр жилийн намар ямар урт дулаахан сайхан байсийн, ээж минь орсон гарсан хүн бүрт л ээ мөн дулаахан сайхан намар аа л гэдэг байж билээ. Энэ үг сэтгэлд бүр хоногшсон, тэр жил ч энэ дуу гарсан. Энэ дуу аавын тухай ч гэсэн аав минь багад өнгөрсөн болохоор надад ээж минь л бүхнийг оролдог байсан. Үг ая гайхалтай, Жавхлан ч сайхан дуулсан. Пүрэвсүрэндээ амжилт хүсье

66.181.168.131Зочин   • 2019, 11 сарын 11. 8 цаг 10 минут

duu hugjim hol yavahgui ee ireedui bhgui

103.229.121.146Zochin   • 2019, 11 сарын 11. 8 цаг 08 минут

Ta nar uursduu tegeed surgasan bn. Ene hev mayagiig evdeh heregtei

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё9 цаг 42 минутын өмнөЭргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.