Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд болж байна. Өнгөрсөн шөнө А хэсгийг тэргүүлж байсан Английн шигшээ баг талбайдаа Черногорыг хүлээж авч, 7:0-ээр "бут ниргэлээ". Ингэснээр 7 тойргийн дараах байдлаар 18 оноотой болж, хэсгээс нэгээр гарах боломжтой боллоо.
Тоглолтын 11 дэх минутад Окслейд гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин Харри Кейн 18, 24, 37 дахь минутад гурван гоол оруулж, хет-трик толилууллаа. Үлдсэн гурван гоолын хоёрыг нь Рэшфорд 30, Абрахам 84 дэх минутад оруулж, Английн залуу довтлогчид гялалзлаа. Тэгвэл нэг гоолыг нь Черногорын хамгаалагч Шофранац 66 дахь минутад өөрийнхөө хаалганд оруулсан.
Энэ хэсэгт Чехийн шигшээ талбайдаа Косоваг 2:1-ээр хожиж, 15 оноотой болсноор дараагийн тоглолтоос үл хамаарч хэсгээс гарлаа. Тоглолтын 50 дахь минутад Нухиу гоолдож, зочид тэргүүлж эхэлсэн. Харин 71 дэх минутад Крал тэнцүүлж, 79 дэх минутад Челюстка гүйцээжээ. Ийнхүү Косова хэсгээс гарах боломжоо өөрсдөө алдаж байна.
Энэ хэсэгт Болгар, Черногор 3 оноотой байгаа бол Косова 11 оноотой хэвээр үлдлээ.
Сэтгэгдэл бичих