Европын аваргын урьдчилсан шатны В хэсгийн тоглолтууд боллоо. Украин энэ хэсгээс нэгээр гарч, Европын аваргын эрхээ аль хэдийнэ авсан. Тэгвэл араас нь Португал хэсгээс хоёроор гарах магадлал өндөр байна. Европын аваргууд 7 дугаар тойрогт талбайдаа Литвын шигшээг хүлээж авч, 6:0-ээр "хичээл заалаа". Ингэснээр 14 оноотой болж, хэсгээс гарах боломжоо хадгалж үлдлээ.
Дараагийн тойрогт Люксембургтэй тоглоно. Хожих магадлал өндөр. Тэгвэл энэ удаагийн тоглолтын 7, 22, 65 дахь минутад Роналдо гурван гоол оруулж, хет-трик толилууллаа. Үлдсэн гурван гоолыг Пицци 52, Пасиенсия 56, Бернарду Силва 63 дахь минутад оруулжээ.
Нөгөө талд хэсгээс гарахын төлөө зүтгэж байгаа Сербийн шигшээ баг Люксембургтэй тулж, 3:2-оор хожлоо. Ийнхүү Серби 13 оноотой болж, хэсгээс гарах боломжтой үлдлээ. Гэхдээ 8 дугаар тойрогт хүснэгтийг тэргүүлэгч Украиныг талбайдаа хүлээж авна. Өөрсдөө хэсгийнхээ хамгийн хүчтэй өрсөлдөгчийг хожиж, нөгөө талд Португал хожигдоосой гэж залбирах сонголт л үлдлээ.
Харин энэ удаагийн тоглолтод Сербийн шигшээгээс Митрович 11, 43 дахь минутад хоёрыг оруулсан бол Радонич 70 дахь минутад нэгийг нэмжээ. Тэгвэл зочин багаас 54 дэх минутад Родригеш, 75 дахь минутад Тюрпель нар гоолджээ.
Сэтгэгдэл бичих