2019 оны 12-р сарын 3
16 цаг 00 минут

Талархлаа Такахаши !!!

Монголын волейболын холбооны 2019 оны “Дээд лиг”-т “Ховд Алтайн Барс Хилчин” баг 13 хожил, таван хожигдолтойгоор гурван тойргийн нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт шалгарсанаар аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм.

Энэ багийн амжилтад чухал нөлөө үзүүлж буй тоглогч бол Япон Улсын легионер Такахаши Шо юм.

Тэрбээр манай улсын волейболын лигт ирсэн анхны чөлөөт хамгаалагч легионер болов. 24 настай Такахаши 2014-2019 онд Японы нэгдүгээр лигийн “Сайтама Азелеа” багт тоглосон туршлагатай.

Монгол Улсад 1995 онд волейболын анхдугаар “Дээд лиг” эхэлж, 2000 оны лигт анхны легионер иржээ.

Анх ирсэн жилээ аварга болж байсан А.С.Фроловыг “Уурхайчин” багийн эзэн Х.Бадамсүрэн тэргүүтэй баг бүрэлдэхүүн авч ирсэн нь Монголын волейболын түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн үйл явдал болсон юм.

Энэ удаад Такахашиг авч ирсэн нь ч “Ховд Алтайн Барс Хилчин” багийн удирдлагууд Монголын волейболын салбарт оруулсан том хөрөнгө оруулалт боллоо.

Монголд ирсэн волейболын легионеруудыг тоолоход хуруу дарам цөөхөн. Чанарын хувьд ч энэ жилийн тамирчид харьцангуй онцлогтой.

Тухайлбал волейболын спортын эх орон АНУ-аас сая л нэг тоглогч ирлээ. Анхны лигээс 24 жилийн дараа гэсэн үг л дээ.

Волейболын спортыг анх 1895 онд АНУ-д үүссэн гэж үздэг. “Мегастарс” багт Рэлиа Диксон хэмээх 199см өндөр довтлогч ирж лигт авч буй оноогоороо тэргүүлэх эгнээнд бичигдэж байгаа. 

Баг нь тойргийн тоглолтуудад амжилтаараа тэргүүлж аваргын төлөө тоглохоор үлдсэн. Гаднаас ирж буй импорт тоглогчдын нөлөө багийн спортын бүх төрөлд бий. Монголчуудын гол дутагдал нуруу нам учраас багууд сул талаа нөхөх үүднээс өндөр нуруулаг тамирчдыг илүүтэй сонгодог.

Монголд сагсан бөмбөг, волейболын лигт үүн дээр ижил төстэй талууд бий. Волейболд бол дундын хаагч, довтлогчийн байрлалд, харин сагсан бөмбөгт төвийн тоглогч, хүчний довтлогчийн байрлалд гадны тоглогч авдаг байв.

Сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн түүхэнд анх “1+11” багт Даррен Бэркли гэх тоглогч ирсэнээс хойш 25 жилийн хугацаа өнгөрчээ. Чухам тэр л үед манайд легионер тоглогч гэх ойлголт бий болсон.

Легионер тоглогчид талбайд болон талбайн гадна хэрхэн биеэ авч явахаас эхлээд мэргэжлийн тамирчны эзэмших ёстой чадварууд, дэлхийн сагсан бөмбөгийн хөгжил, шинэчлэл гээд олон зүйлийг биеээр үзүүлэн нэвтрүүлдэг нь манайх шиг багийн спортын төрлүүд нь хагас мэргэжлийн тамирчидтай газар чухал ач холбогдолтой байсаар ирсэн. Төвийн болон довтлогчийн байрлалын тоглогчид бие бялдрын хөгжил илүү, хурд хүч, хувийн ур чадвар сайтай, цагариган дээрээс хүчтэй довтлох гээд үзэгчдийг татах чанар олон. Гэхдээ спортын хөгжилдөө нөлөө болох нь холбон тоглогчдоос бага.

Чухамдаа Монголд 2010 он гараад багууд өнөө маргаашийн хожлоос илүү ирээдүйн хөгжлөө чухалчилсан юм. “Биеийн хүчээр нэг, ухааны хүчээр мянгыг ялдаг” учраас холбон тоглогчдод илүү ач холбогдол өгч эхэлсэн.

Яагаад гэвэл баг хэрхэн тоглох нь тэр чигтээ холбогчдоос шалтгаалж байлаа. “Дээд лиг”-т 2013 онд “Танан гарьд” багтай аварга болсон Антонио Жонес, 2015 онд “Харцага” багтай аварга болсон Доминик Рэмбо нарын холбогчид энэ ойлголтыг суулгахад голлох үүрэг гүйцэтгэж, IQ өндөр, ур чадвартай холбогчийн давуу тал ямар их болохыг бодитоор харуулсан.

Үүний дараа 2016 онд лигт оролцсон найман багийн тав нь холбогчийн байрлалдаа АНУ-ын тамирчидтай лигийг эхлүүлж байлаа.

Харин Япон чөлөөт хамгаалагчийн нөлөөгөөр дараа жилийн лигүүдэд хэдэн багт чөлөөт хамгаалагч ирэх бол. Ер нь яагаад ирэх нь ашигтайг задалж үзье !!!

Холбон тоглогч нараас бусдадаа бөмбөгөө хуваарилах, цаг хугацааг зөв тооцоолох, тоглолтыг найруулах, эсрэг багийн хувилбарыг хамгийн түрүүнд ойлгох, хамтрагчдынхаа давуу талыг ашиглаж, сул талыг нөхөх, ашигтай байрлалыг сонгон дамжуулах, тоглолтын хэмнэлийг барьж тамирчдын ачааллыг тооцоолох гээд олон чадварыг шаарддаг. Холбогчийн гаргах шийдвэрээс дараагийн үйл явдлууд хэрхэн өрнөх нь шалтгаална. Товчхондоо сагсан бөмбөгт холбогчоос хамааралгүй зүйл гэж бараг л байхгүй.

Бүх бөмбөг холбогчоор дамждаг. Учир нь бөмбөгийг тоглолтод оруулахад хамгийн түрүүнд авах ёстой хүн бол холбон тоглогч юм.

Тэгвэл волейболын спортод өөрийн талбайд бөмбөг нэвтрэх үед хамгийн түрүүнд авах хүн бол чөлөөт хамгаалагч. Эхний (А) бөмбөгийг хэрхэн авч, холбогч руу ямар дамжуулалт өгөхөөс л бүх зүйл шалтгаална. “А” бөмбөгийг хангалтгүй авсан бол холболт, довтолгоо амжилттай болно гэдэг асуудалтай. Нэг ёсондоо мордохын хазгай гээч л болно. Хөл бөмбөгт бөмбөгөө хэрхэн тогтоохоос дараагийн бүх зүйл шалтгаалдагтай адил юм.

“Libero” буюу чөлөөт хамгаалагч нь хамгаалах зорилгоор тусгайлан томилсон тамирчин байдаг. Бөмбөг давуулж тоглолтод оруулах эрхгүй, мөн хаах, довтлох боломжгүй. Талбайн арын бүсэд чөлөөтэй тоглох энэ байрлалыг 1999 онд олон улсын волейболын холбооны дүрмийн заалтаар нэмжээ. 

Волейболын нэгэн онцлог бол “counter attack” буюу сөрөг довтолгоо. Довтолгооноос хамгаалалт, хамгаалалтаас довтолгоо гэсэн шилжилт үргэлж явагддаг.

Сагсан бөмбөг, хөл бөмбөгтэй адил бөмбөгийг өөрийн талдаа “барьж”, тодорхой хугацаанд эзэмших боломжгүй.

Бөмбөгөнд зөвхөн хүрч, цохиж л тоглох ёстой учраас “барьж” цаг авах нь бүү хэл тогтоож, тосож авч ч болдоггүй дүрэмтэй.

Тиймээс хэнд ч алдаа гаргах эрх байхгүй. Довтолгооны хувилбараа сонгох, эргээд хамгаалалтын байрлалаа авахад маш богино хугацаанд оновчтой зөв шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй.

Довтолгоонд алдаа гарах эсэх нь мэдээж эсрэг багийн давуулалт довтолгооог буюу өөрийн талбайд орж ирсэн эхний бөмбөгийг хэрхэн хүлээж авахаас л шалтгаална. Авахгүй бол оноо алдана. Иймээс хамгаалахгүй бол хичнээн сайн холбогч, довтлогчтой байсан ч тэдний ашиг үл гарах юм. 

Монголд найман жил завсардсан “Дээд лиг”-ийн тэмцээнийг эргэн сэргээж эрэгтэй долоон баг өрсөлдөхөд гадны 10 тоглогч оролцлоо.

Тодруулбал, АНУ-ын нэг, Японы гурав, ОХУ-ын зургаан тамирчин тоглосны нэг нь чөлөөт хамгаалагч. Бусад нь дундын хаагч, довтолгооны байрлалынх байв.

"Ховд Алтайн Барс Хилчин" багийн чөлөөт хамгаалагч Такахаши Шо багийнхаа амжилтад яах аргагүй голлох үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр бол чөлөөт хамгаалагчаас шаарддаг хурц хараа, хурдан шаламгай байдал, байрлалын зөв шилжилт, талбайг дүүргэж, тоглогчдын үлдээсэн зайг нөхөх гээд бүх л чадварыг маш сайн эзэмшсэн тамирчин.

Мэдээж арын бүсэд баргийн бөмбөгийг талбайдаа унагахгүй. Мөн өрсөлдөгч багийн довтлогчдын давуулалт, довтолгооны онцлогуудыг Монголын тамирчид шиг сайн мэдэхгүй учраас эхнээсээ цаг алдалгүй судалж, дутуугаа нөхөн туршлагажиж байсан нь тоглолтоос тоглолтод харагдаж байв.

“Алтайн Барс” багийн бусад тоглогчдын хувьд сүүлийн хэдэн жилийн хугацаанд хамт тоглосон учраас хоорондын ойлголцол ямар ч асуудалгүй байсан нь тодорхой. Харин шинэ легионер нь чөлөөт хамгаалагч учраас Такахашитай дасахад тодорхой хугацаа шаардлагтай байсан болов уу.

Тэр ч өдөр ирэх тусам багтаа үзүүлэх нөлөөгөө нэмэгдүүлсээр байгаа юм. Статистик үзүүлэлтүүд ч үүнийг илтгэж байна.

  • “Барсууд” нэгдүгээр тойрогт хийсэн зургаан тоглолтдоо 422 оноо авч байсан бол хоёрдугаар тойрогт 513, дараагийн тойрогт 588 оноо авсан юм. Энд нэгдүгээр тойргоос гуравдугаар тойрог хүртэл 166 онооны өсөлт гарчээ.
  • Мөн дундаж үзүүлэлтээр нэгдүгээр тойрогт нэг ээлжийн тоглолтод 22.2 оноо авч байсан нь хоёрдугаар тойрогт 24.2 болж, хоёр бүхэл тоогоор ахисан байна. “Довтолгоо хамгаалалтаас эхэлнэ”.
  • Эхний тойрогт гурав хожиж, гурван удаа хожигдож, дөрөвдүгээр байрт шалгарч байсан бол хоёр болон гуравдугаар тойрогт адил таван хожил, нэг хожигдолтойгоор хоёрдугаар байраар гарсан юм.
  • Онооны хувьд нэгдүгээр тойргоос ес, хоёрдугаар тойргоос 14, гуравдугаар тойргоос 15 оноо авсан нь мөн л өссөн үзүүлэлт болжээ.

Чөлөөт хамгаалагч болон холбогчийн байрлалын тоглогчид багтаа дасахад бусад довтолгооны байрлалуудаас илүү хугацаа шаардагдах нь дамжиггүй. Довтлогчид холбон тоглогчтойгоо ойлголцох нь л чухал бол холбогч, чөлөөт хамгаалагч хоёр бүх байрлалын тоглогчдоо мэдэрч, ойлголцож тоглох хэрэгтэй. Энэ нь ч багтаа үзүүлэх нөлөөг нь нэмэгдүүлдэг. Чөлөөт хамгаалагчийн хувьд өөрийн багаас гадна эсрэг багийн бүх тоглогчийн давуулалт, довтолгооны онцлогийг бусдаас илүүтэй судлах хэрэгтэй. Такахашигийн хувьд “L” тоглогч ямар чухал болохыг монголд бодитоор харуулж байгаа тамирчин юм.

Цаашид холбон тоглогчийн байрлалд ч легионер тоглогч ирэх нь цаг хугацааны л асуудал болов уу.

Холбогч, чөлөөт хамгаалагчийн байрлалын тоглогчид бусадтайгаа илүү ойр харилцаатай, уялдаа холбоотой тоглох шаардлагатай учраас багийн бусад тамирчдад бодитой дууриалал болж, үр нөлөө их байх магадлал өндөр.

Тиймээс манай тамирчдад л сурах зүйл их болох юм. Гол ухагдахуун нь гадны сайн довтлогч ирлээ гээд монгол холбогчдын ур чадвар тэгтлээ өсөөд сүйд болох нь юу л бол. Харин эсрэгээрээ гадны чадварлаг холбогч багт ирэхэд довтлогчдын техник, ур чадвар, гүйцэтгэл сайжирч, довтолгооны арга барил, хувилбарууд эрс нэмэгдэх үндэслэлтэй. Манай довтлогчдын хувьд багаасаа харилцан адилгүй түвшний холбогчидтой тоглосноос шалтгаалж, стандарт бус тоглолтын хэв маяг суусан хандлага их байдаг. Үүнийгээ “Манай тэр ямар ч бөмбөгийг аргалаад цохьчихдог мундаг шүү” гэх мэтээр магтаж ярьдаг ч үнэн хэрэгтээ энэ нь дутагдал юм. Спортод хөгжлийн зөв чиг хандлага нь тамирчныг системтэйгээр боловсруулж, үндсэн суурь техник, чадваруудыг төгс эзэмшүүлэх нь чухал.

БНСУ-ын ерөнхийлөгч асан И Мён-Бак дурдатгал номдоо “Манай волейболын тамирчид өсвөр насандаа Японы багийг хождог боловч, насанд хүрэхээрээ хожиж чадахаа байдаг. Шалтгаан нь Япончууд хүүхдүүдэд үндсэн техникийг эзэмшүүлж,  олон жил давтдаг бол манайхан үндсэн техникээс гадна нэмэлт техникүүдэд илүү анхаардаг байсанд оршино. Нэгэнт үндсэн техникээ сайн эзэмшчихсэн бол түүн дээр нь уян хатан гээд ямар ч техник, чадварыг суулгаж болдог” гэж тэмдэглсэн байдаг. Энэ юуг илэрхийлж байна гэхээр гол нь сууриа сайн тавь, тэгсэн цагт өөр бусад ямар ч зүйлийг сурч, арга барилаа өөрчилж болно. Нэг ёсондоо эхлээд гацуураа босго. Дараа нь чимэглэх хэрэгтэй. Мөчрийг нь ч дэлгээгүй, газар хэвтэж байгаа гацуурыг чимэглэх гээд үзээд байвал ямар хэрэг болох вэ?  

Багш дасгалжуулагч нар үүнд сайн анхаарч тамирчдаа бэлдэх ёстой. Харин холбоо, удирдлагууд нэн тэргүүнд тамирчид гэхээсээ илүү мэргэжлийн шүүгч, дасгалжуулагч, боловсон хүчнийг олноор бэлтгэхэд анхаарлаа хандуулах нь хөгжил юм. Дээрх жишээнээс ямар нарийн зүйлсээс алдаа болоод цаашдын хөгжлөө олсныг харлаа. Манайд ч ийм бодитой, шинжлэх ухаанч хандлага хэрэгтэй. 

Чадвартай тамирчид гараад ирж болно. Гэвч тохиолдол байсан бол яах вэ? Сайн боловсон хүчнүүд бэлтгэгдэж байж л сайн тамирчид олноор, тогтвортой “төрөн” гарна. Яагаад тогтвортой байх ёстой вэ гэвэл багийн спортод баг доторх өрсөлдөөн, багийн тоглолтын философи, уламжлалыг шилжүүлэх, шинэчлэл буюу “цус сэлбэх”, тамирчдын залгамж халааг бэлтгэх зэрэг нь маш чухал. Тиймээс ундрага тасарч болдоггүй.

Манайд өсвөр залуу насны ангилалд сайн тамирчид гардаг ч дээд ангилалдаа ороод л хөгжил нь зогсдог. Шалтгаан нь дотоодын том тэмцээнүүддээ түрүүлээд л дараагийн шат, даваа байхгүй болчихож байгаа учраас зорилго нь дуусч, ахиц дэвшил нь буурч эхэлдэг. Харин сүүлийн жилүүдэд гадагшаа сурах оюутнуудын тоо эрс нэмэгдсэнээр гадны үсрэнгүй хөгжилтэй орнуудын волейболын сургалтаар бэлтгэгдсэн тамирчид эхнээсээ бий болж байгаа нь сайн хэрэг.

Такахаши Шо сэтгэл зүй маш тайван, тогтвортой тамирчин гэдгээ талбайд харуулдаг. Баярлаж хөөрөөд, гутарч хямралгүй ямар ч үед үндсэн тоглолтоо гаргаж, өөрийн үүргээ бүрэн гүйцэт биелүүлдэг. Ер нь хожлоо гээд хөөрдөггүй, хожигдлоо гээд гутардаггүй байх нь ямар ч спортын тамирчинд чухал байдаг. “L” тоглогч гэдэг хэзээд сонор сэрэмж алдаж, сэтгэл хөөрөлд автаж болохгүй. Бөмбөг газарт унах хүртэл 100 хувь төвлөрөлтэй л байх ёстой. Ер нь хариуцлагатай, хөдөлмөрч хичээнгүй зан чанар япончуудын цусанд нь байдаг гэлтэй.

Жишээ нь Монголын хөлбөмбөгийн лигийн легионер тоглогчдын 80-аас дээш хувь нь Япон Улсаас ирдэг. Японоос жилд багадаа 20 тоглогч ирж байна.

Европт тэр дундаа баруун европын клубууд япон тоглогчдыг багтаа маш ихээр тоглуулж байна. Ялангуяа ХБНГУ, Испани, Австри зэрэг орнуудад бүх түвшний лигийн багуудад нь япон тоглогчтой болсон. Энэ нь мэдээж япон тамирчдын авьяас, ур чадвар, хурд хүч, тэсвэр тэвчээртэй холбоотой. Гэхдээ хамгийн чухал нь япончуудын хөдөлмөрч, хичээнгүй зан чанарыг нь багийн бусад тамирчиддаа үлгэрлүүлэхийг гол зорилгоо болгодог аж. Бэлтгэл таслах, бэлтгэлээс хоцрох нь Монголд ч тэр Европт ч тэр байсаар л байна. Харин Япончууд хүний өмнөөс биш өөрийнхөө зорилгын төлөө хөдөлмөрлөж буйгаа ухаарсан байдаг учраас бэлтгэлийн өмнө болон дараа нь ч бэлтгэл хийдэг байна. Бэлтгэлийн дараах бэлтгэл бол жинхэнэ бэлтгэл ч гэсэн яриа байдаг.

Төгсгөлд нь хэлэхэд монголд ирж буй гадны тоглогчдоос сурах зүйл маш их бий. Ялангуяа Япон. Лиг дахин сэргэсэн энэ цаг үед манайд дараагийн шинэ үеийн тоглогчид гарч ирээд байгаа учраас хурдан ахин дэвшиж, өмнөх үеээсээ 1 шат ахих нь чухал байна. Тэгж байж дараагийн үеийн босго өндөрсөн хөгжлийн үндэс болно.

Хөлбөмбөгт сайн хаалгач багийн 50 хувь гэж ярьдаг. Мөн довтлогчоос илүү сайн хаалгач, хамгаалагч бэлдэхэд илүү анхаардаг. Довтлогч нар биеийн төрмөл өгөгдөл, авьяасаараа амжилттай явах тохиолдол элбэг байдаг ч энэ нь насгүй. Харин хаалгач, хамгаалагч нарт үндсэн суурь техник, ур чадварын тогтвортой хөгжил, тууштай хөдөлмөрч зан чанар хамгаас чухал байдаг. Учир энэ байрлалын тоглогчид туршлагажиж, удаан хугацаанд тогтвортой форумтай тоглох нь багт ашигтай байдаг юм. Волейболын чөлөөт хамгаалагч яг л үүнтэй адил. Тиймээс цөхрөлтгүй хөдөлмөрч, хичээнгүй, тууштай зан чанар таныг амжилтад хөтөлнө.  Такахаши Шо гэх энэ тоглогч олон хүүхэд залуусын нүдийг нээж, ирээдүйн олон шилдэг чөлөөт хамгаалагчдын хүсэл мөрөөдлийг бадраах болтугай. Талархлаа Такахаши!!!

Эх сурвалж: MNB.MN

О.Сонинбаяр

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.