Манай сэтгүүлч ОХУ-ын Москва хотоос мэдээлж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй айлчлал эхний өдрөө үргэлжилж байна. Тэрбээр дөнгөж сая ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевтэй уулзлаа.
Уулзалтад Монголын талаас Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн С.Батболд, ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Даваа зэрэг албаны хүмүүс оролцсон бол ОХУ-ын талаас Засгийн газрын орлогч дарга, Орос Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.В. Гордеев тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Уулзалтын эхэнд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведев хэлсэн үгэндээ “Эрхэмсэг ноён Ерөнхий сайд таныг ОХУ-д тавтай морилохыг хүсье. Энэ бол таны Ерөнхий сайдын хувиар хийж буй анхны айлчлал юм. Мөн 9 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийж буй айлчлал боллоо. Би Монгол Улсад хийсэн айлчлалуудаа дурсдаг. Энэхүү богино хугацаанд танай улс өөрчлөгдөж, хөгжсөн гэдгийг баттай хэлж чадна. Монгол Улс бол манай найрсаг түнш юм. Дэлхийн II дайн, аугаа эх орны дайны үеэр үзүүлсэн Монгол улсын тусламжийг бид үргэлж санадаг. Өнгөрсөн есдүгээр сарын эхээр манай Ерөнхийлөгчийн Монгол улсад хийсэн айлчлалын үеэр олон төрлийн яриа хэлэлцээрүүд хийгдсэн. Энэ яриа хэлэлцээний үеэр хоёр орны хил орчим, эдийн засаг хамтын ажиллагаа зэрэг Монгол Улсын сонирхсон бүхий л асуудлыг хэлэлцсэн гэж найдаж байна” гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрхэмсэг ноён Д.А.Медведев тантай уулзаж байгаадаа баяртай байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээсэн мэндчилгээг танд хүргэж байна. Монгол, ОХУ хувьд олон жилийн найрсаг харилцаатай улсууд юм. Би 9 жилийн дараа хийгдэж буй айлчлалд Ерөнхий сайдын хувиар таны урилгаар айлчилж буйдаа баяртай байна. 9 жилийн өмнө Ерөнхий сайд С.Батболд айлчилж байсан юм. Энх цагийн үед, дайны цагийн үед ч хамтдаа байж ирсэн яруу түүхтэй ард түмэн билээ бид. Энэ жил Халх голын дайны ялалтын түүхт 80 жилийн ой болж Ерөнхийлөгч В.В.Путин манай оронд айлчилсан. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр орны харилцааны төвшин улам өргөжин нэмэгдсэн. Манай хоёр орны хооронд улс төрийн харилцаа маш өндөр байдаг. Энэ бол түүхэн ах дүүгийн харилцаатай холбоотой юм. Харин сүүлийн жилүүдэд нэг харилцаа бага зэрэг саарсан нь эдийн засаг, худалдааны асуудал юм. Цаашдаа хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар бид хоёр талаас хамтарч ажиллах ёстой гэж үзэж байна. Энэ хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд хоёр орны Засгийн газар хоорондын комисс их сайн ажиллаж байгаа” гэв.
Ийнхүү уулзалтын дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведев нар баримт бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцож, хоёр орны төлөөлөгчид хамтын ажиллагааны нийт 12 төрлийн баримт бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.
Айлчлалтай холбоотой мэдээллүүдийг энд дарж 1 2 3 4 5 6 7 уншина уу
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
хөрштэйгөө олон чухал гэрээ хийсэн байна сайшаалтай хэрэг.цөмийн эрчим хүч ч мөн чухалдаа.баялаг байна хамтарч болно.хөгжлийн гэрэл ч аслаа
Нууц биш л юм бол гарын үсэг зурсан 12 баримтаа нэрлээ ч дээ
DORNODRUU HIIN HOOLOI ORUULAA
MONGOLCHUUD MONGOLCHUUDIHAA HIIG HEREGLEHGEJ BAINA SEBIR YAKUT BURIAD TUVA VLADIVOSTOK SOLONGOS HYATAD UDAHGUI YAPON DALAI DOOGUUR HIIN HOOLOIND HOLBOGDOHGEJ BAIHAD.