2020 онд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд олон онцлох үйл явдал болох билээ. Манай улсад болох хамгийн онцлох үйл явдал парламентын сонгууль. Харин дэлхий дахинд болох хамгийн онцлох үйл явдал нь хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл олимпын наадам юм. Тэгвэл 2020 онд ямар үйл явдлууд тохиох талаар онцлон хүргэж байна.
УИХ-ын 8 дахь удаагийн сонгууль болно
Монгол Улс Ардчилсан нийгэмд шилжиж, парламентын засаглалыг сонгосноос хойш 7 удаа сонгууль явуулж байсан билээ. Тэгвэл УИХ-ын 8 дахь удаагийн сонгууль 2020 оны зургадугаар сард болно. Энэ удаагийн сонгуулийг томсгосон мажоратори тогтолцоогоор явуулахаар болсон. Урьдчилсан байдлаар улс 26 тойрог болно хэмээн ярьж байгаа. СЕХ улс хэдэн тойрог байх, аймгуудад хэдэн мандат өгөх гэх мэт шийдвэрийг удахгүй гаргах юм.
Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно
2020 оны зургадугаар сарын 12-нд Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 16 дахь тэмцээн анх удаа тус тивийн 12 улсын 12 хотод зэрэг болно. “Евро–2020” Азербайжаны Баку, Английн Лондон, Германы Мюнхен, Данийн Копенхаген, Испанийн Билбао, Ирландын Дублин, Италийн Ром, Нидерландын Амстердам, Оросын Санкт-Петербург, Румыны Бухарест, Унгарын Будапешт, Шотландын Глазго хотуудад болох юм.
Тэмцээнд Европын шилдэг 24 баг оролцох ба нээлтийн тоглолт Ромын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд, харин аваргын төлөө тоглолт Лондоны алдарт “Вембли”-д болох ажээ. Одоогоор Европын аваргад оролцох 20 багийн нэр тодорсон. Финландын шигшээ баг түүхэндээ анх удаа Европын аваргад оролцох эрхээ авсан нь энэ удаагийн тэмцээний онцлог болж байна.
Токио-2020 олимпын наадам
Хүн төрөлхтний хамгийн том баяр цэнгэл болох олимпын наадам 2020 оны долдугаар сарын 24-өөс наймдугаар сарын 9-ий хооронд Японы нийслэл Токио хотноо болно. Монгол Улс хамгийн анх 1964 оны Токиогийн олимпын наадамд оролцож байсан түүхтэй. Түүнээс хойш 54 жилийн дараа монголчууд дахин Токио хотноо олимпын наадамд оролцох гэж байна. Токиогийн олимпод оролцох тив, дэлхийн шилдэг тамирчид спортын 33 төрөлд 324 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Одоогоор манай баг тамирчид олимпын наадамд оролцох 10 эрх авчихаад байна. Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа 2019 оны хоёрдугаар сард Хонконгод болсон олон улсын тэмцээнд VI байрт шалгарч 2019 оны ДАШТ, “Токио-2020” олимпын наадамд оролцох анхны эрхийг авсан юм. Харин 10 дахь эрхийг буудлага спортоор Оюунбатын Есүгэн авсан. Чөлөөтийнхнөөс С.Батцэцэг, Т.Тулга нар аваад байгаа. Хамгийн онцлох эрхээ авсан тамирчид бол 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүд. Монголчууд түүхэндээ анх удаа багийн спортын төрлөөр олимпын эрх авсан нь энэ билээ.
“Азийн хүүхдүүд 2020” Олон улсын спортын VII наадам болно
Монгол Улс 2020 онд "Азийн хүүхдүүд"олон улсын спортын VII их наадмыг зохион байгуулна. Энэхүү наадам есдүгээр сард болно. Наадмыг угтаж манай улс томоохон бүтээн байгуулалтуудыг хийж байгаа билээ. Азийн хүүхдүүд 2020” их наадам зохион байгуулах тосгон нь Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дээрх “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд байрлана. Мөн энэ наадмыг зохион байгуулах хүрээнд Монголд анх удаа битүү дээвэртэй мөсөн ордон байгуулж байгаа юм.
Бетховены мэндэлсний 250 жилийн ой тохионо
Агуу хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен 1770 онд Германд төрсөн боловч түүнийг олон жилийн турш 1772 онд төрсөн хэмээн үзэж байжээ. Түүний мэндэлсний 250 жилийн ой 2020 он тохиох нь томоохон үйл явдлуудын нэгд тооцогдож байна. Алдарт хөгжмийн зохиолчийн мэндэлсний ойд зориулан дэлхий даяар олон арван арга хэмжээ зохион байгуулах төлөвтэй байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
2020 оны онцлох мэдээ бол японд олимп болно. АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль болно.