Европын Хөлбөмбөгийн холбоо 2018 оны санхүүгийн тайлангаа гаргаж мэдээлсэн байна. Мэдээлэлд дурьдсанаар Английн премьер лигийн багуудын орлого 5.4 тэрбум еврогоос давсан нь Европтоо тэргүүлэх үзүүлэлт болжээ. Тодруулбал, премьер лигийн багууд 5 тэрбум 439 сая еврогийн орлого олсон аж.
Тэгвэл Бундес лиг болон Ла лигийн багууд бараг адилхан 3.156 болон 3.145 тэрбум еврогийн орлого олжээ. Италийн Сери А лигийн багуудын хувьд 2 тэрбум 307 сая еврогийн орлоготой ажилласан бол Францын Лиг-1-ийн багууд 1 тэрбум 694 саяыг олжээ. Европын топ-5 лигийн багуудын орлого энэ хэмжээнд байгаа юм.
Тэгвэл эхний аравт Оросын багууд 752, Туркийнх 748, Голландын багууд 497, Португалынх 440, Бельгийн про-лигийн багууд 391 сая еврогийн орлоготой ажиллажээ.
Европын 20 улсын лигийн багуудын нийт орлого 21 тэрбум евро хүрсэн нь 2017 оныхтой харьцуулахад, 5 хувиар өссөн үзүүлэлт аж. Гэхдээ 21 тэрбумын 10-ыг нь буюу нийт орлогын 49 хувийг 30 баг л олсон байна. Багуудын телевизийн эрхээс олох орлого 40, тасалбарын борлуулалтын орлого 8 хувиар нэмэгдсэн нь сүүлийн 10 жилийн хамгийн сайн үзүүлэлт ажээ.
Сэтгэгдэл бичих