2020 оны 1-р сарын 24
10 цаг 55 минут

Судалгаа, датад суурилсан стратеги шийдэл

Бид энэ удаагийн нийтлэлээрээ бизнесийн орчны шинжилгээг баримтжуулдаг гол хэрэгслүүд буюу судалгаа, өгөдлийн шинжилгээний талаар дэлгэрүүлэн бичье. Та бидний нийтлэлүүдийн талаар санал, сэтгэгдэлээ хуваалцахыг хүсвэл манай вебсайт, нийгмийн сүлжээ хаягаар чөлөөтэй холбогдоно уу. Тунгаан уншсан танд баярлалаа.

Бизнесийн орчны шинжилгээнд дурдагдсан компанийн болон өрсөлдөгчийн зах зээлд эзлэх хувь, борлуулалтын өсөлт/уналтын чиг хандлага, хэрэглэгчийн сэтгэл ханамж зэрэг мэдээллийг тодорхойлохын тулд нэмэлт судалгаа, зах зээлийн дата, мэдээллийг цуглуулах, үүнд шинжилгээ хийх шаардлагатай болдог. Бодитой, баримт бүхий мэдээлэл дээр суурилан бизнесийнхээ шийдлийг боловсруулах, зорилго зорилтуудыг тодорхойлох нь бүх түвшиний бизнест хамааралтай бөгөөд чухал юм.

  1. СУДАЛГААНЫ ТУХАЙ

Тухайн байгууллагын хувьд зах зээл, бүтээгдэхүүний шинж чанар, хэрэглэгчийн хандлага зэргээс шалтгаалан стратеги төлөвлөлтөд хэрэгтэй мэдээллийг бид хэд хэдэн аргаар цуглуулж шинжилж болдог.

  1. Хоёрдогч мэдээллийн судалгаа:

Хэрэв тухайн үйл ажиллагаа явуулж буй зах зээл нь удаан хугацаанд оршин тогтносон, олон тооны өрсөлдөгчтэй эсвэл эрэлттэй зах зээл бол хоёрдогч мэдээллийн судалгааг эхлээд хийх хэрэгтэй. Хоёрдогч мэдээллийн судалгаа гэдэг маань бусад хувь хүн, байгууллага, судалгааны компаниудын хийсэн судалгааны үр дүнг олж ашиглах гэж ойлгож болох ба мэдээлэл олох хамгийн хялбар бөгөөд хямд төсөр аргад тооцогддог.

Энэ судалгааны үр дүнд бид зах зээлийн хэмжээ, хэрэглэгчийн тоо, өрсөлдөгчийн давуу, сул тал зэрэг мэдээллийг цуглуулж, энэ нь цаашлаад стратеги төлөвлөгөөний бизнес анализын хэсэгтэй уялдаад явдаг.

Жишээлбэл: Хамгийн ойрын эх үүсвэр нь Үндэсний статистикийн хорооны тайлангууд, статистик тоо мэдээллүүд байж болно. Ноос ноолуурын зах зээлд жишээ нь нийт түүхий эдийн гарц, түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүний экспорт, импортын хэмжээ болон дундаж үнэ зэрэг зах зээлийн ерөнхий мэдээллийг олох боломжтой.

Харин шинэ зах зээлд нэвтрэх, шинэ бүтээгдэхүүн гаргах тохиодолд ижил төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдаалдаг өрсөлдөгчийн мэдээллийг цуглуулах, зах зээлийн хэмжээг таамаглахад ашигладаг. Гэхдээ энэ тохиолдолд ихэвчлэн өөрсдийн хэрэгцээ шаардлагад тохирсон судалгааг хийх шаардлага гарч ирдэг.

  1. Анхдагч мэдээллийн судалгаа:

Анхдагч мэдээллийн судалгаа нь хэрэглэгчийн зан төлөв, зах зээлийн эрэлт, шинэ бүтээгдэхүүнийг хүлээн авах байдал зэрэг тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд анхдагч мэдээлэл цуглуулан анализ хийдэг. Энэ төрлийн судалгаанууд тодорхой зорилгоор бэлтгэгдсэн асуултуудын дагуу хэрэглэгчээс асуух, бөглүүлэх байдлаар эсвэл бүлгийн ярилцлага хэлбэрээр хийгддэг. Эдгээр судалгааг түүвэр судалгаа гэж нэрлэдэг буюу нийт хүн ам эсвэл танай нийт хэрэглэгчийг төлөөлөх чадвартай хэсэг бүлэг хүмүүсээс мэдээлэл цуглуулж байна гэсэн үг юм. Анхдагч мэдээллийн судалгааг авч буй хэлбэр, зорилгоос хамааран тоон болон чанарын гэж хуваадаг.

Тоон судалгаа нь тодорхой тооны түүвэрлэн авсан хүмүүсээс асуулгын аргаар мэдээлэл цуглуулан анализ хийх хэлбэр юм. Энэ төрлийн судалгаанд асуултын тоо болон асуултыг зөв найруулан асуух нь чухал байдаг. Эс бөгөөс хэтэрхий олон асуулт асуух нь хэрэглэгчийг залхаах, буруу мэдээлэл цуглуулагдах аюултай.

Жишээлбэл: Бид зах зээл дээр байхгүй шинэ төрлийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулахаар төлөвлөж байна гэж үзье. Тэгвэл энэ бүтээгдэхүүнийг ямар төрлийн хүмүүс авах боломжтой, үнэ болон сав баглаа боодлын хувьд яаж хүлээж авч байгаа зэрэг гарсан үр дүнг бид нийт хэрэглэгч рүү тархаах байдлаар боломжит зах зээлийг тодорхойлж болно.

Гэхдээ тоон судалгааны үр дүн зарим тохиодолд бидэнд хангалтгүй байдаг. Тиймээс ихэнх тохиолдолд тоон судалгаатай хамт чанарын судалгаа хийгддэг.

Чанарын судалгаа нь тоон судалгаагаар гарч ирсэн үр дүн эсвэл байгууллагын хэрэгцээ шаардлагаас үүдэн гарсан асуудалд илүү нарийн хариулт авах зорилгоор хүмүүстэй ярилцлага хийх, эсвэл ажиглалтын аргаар мэдээлэл цуглуулан анализ хийхийг хэлдэг.

Хамгийн түгээмэл чанарын судалгааны төрөл нь бүлгийн буюу фокус группын ярилцлага байдаг.

Жишээлбэл: хэрэглэгч ихэнхдээ шинэ бүтээгдэхүүнийг төсөөлж чаддаггүй учир бид загвар бүтээгдэхүүнийг хэрэглүүлэн тэдний сэтгэгдлийг сонсон мэдээлэл цуглуулдаг. Шинэ ноолууран бүтээгдэхүүний хувьд материалын ширхэг, биед эвтэйхэн байдал, өнгө, загвар зэргийг 10 хүртэлх тооны хэрэглэгчийг цуглуулан тэдэнд хэрэглүүлэн ярилцан мэдээлэл авч болно.

Бүлгийн ярилцлагаас гадна үйлчилгээний салбарт үйлчилгээний чанарыг хэмжих зорилгоор нууц худалдан авалтын судалгаа болон ажиглалтын судалгаанууд хийгддэг.

Эдгээр судалгааны үр дүнгээс бид зорилтот зах зээл, хэрэглэгчийн шинж чанар, бүтээгдэхүүний давуу, сул тал зэрэг бизнес болон стратеги төлөвлөлтөд ашиглагдах мэдээллийг гарган авдаг.

  1. Гүйцэтгэлийг хэмжих судалгаа:

Зах зээлд тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулсан байгууллагууд үйл ажиллагааны мониториг, хэрэглэгчийн сэтгэл ханамж, зан төлөв, бүтээгдэхүүний зах зээл дэх байршилт, байгууллагын имижийг тодорхойлох, гүйцэтгэлийг хэмжих судалгаануудыг хийдэг. Эдгээр судалгаа нь мөн түүвэр судалгаа байдаг ба үр дүнгүүд нь шууд стратеги төлөвлөлттэй холбогдоод явдаг. Учир нь тухайн компанийн хэрэглэгчийн сэтгэл ханамж доогуур байвал хэрэглэгч бүтээгдэхүүн худалдан авахаа больж яваандаа борлуулалт буурдаг. Тиймээс хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх нь стратегийн нэг зорилт болоод явдаг. Эсвэл сэтгэл ханамж өндөртэй хэрэглэгчидтэй бол тэднийг хадгалж үлдэх, худалдан авалтыг нэмэгдүүлэх зэрэг стратеги болон маркетингийн шийдлүүдийг төлөвлөхөд хэрэгтэй болдог.

Дээр дурдсан судалгаанууд нь шинэ бүтээгдэхүүн гаргахад эсвэл жилд, хагас жилд, улиралд нэг хийгддэг ба цаг хугацаа, зардал их шаарддаг тул хийгдэх давтамж нь цөөхөн байдаг. Цөөхөн давтамжтай хийгддэг мөн гадаад эх үүсвэрээс мэдээлэл цуглуулж байгаа учраас дээрх судалгаанууд менежментийн түвшинд өдөр тутам харж явах, шийдвэр гаргахад хангалттай бус байдаг. Тиймээс байгууллагууд дотооддоо өгөгдөл, мэдээлэл цуглуулан ашигладаг. Жишээлбэл: борлуулалтын таамаглал хийх, шинэ зах зээл эсвэл хэрэглэгчийн сегмент зэргийг тодорхойлох зэрэг стратегийн шийдэлд хэрэглэхийн тулд илүү нарийн өгөгдөл цуглуулан анализ хийх шаардлага гардаг.

  1. ӨГӨГДЛИЙН ТУХАЙ

Өгөгдөл буюу Дата гэдэг нь тодорхой байдлаар ашиглахаар цуглуулагдсан фактыг хэлдэг. Өгөгдөл нь текст ба тоон гэж хуваагдах бөгөөд хэрэглээ, цуглуулсан аргачлал, илэрхийлж буй утгаас хамааран анализ хийх арга хэрэгсэл өөр байдаг.

Байгууллага, аж ахуй нэгжийн хувьд дараах төрлийн дата анализ хийгддэг.

  1. Тодорхойлох (Descriptive): Байгууллага бүрт хийгддэг хамгийн түгээмэл анализ ба ихэвчлэн өгөгдлийг нэгтгэх аргаар хийгддэг. Нэгтгэх аргад дүнг нэмэх, хуваах, дундажлах зэрэг статистикийн арга аргачлалууд ордог.

Жишээлбэл: Жилийн эцсийн нийт хэрэглэгчийн тоо өмнөх жилтэй харьцуулахад 10%-р буурсан, нийт ашгийн хэмжээ 3%-р нэмэгдсэн зэрэг статистик мэдээлэл энэ төрлийн анализын нэг хэлбэр юм.

Энэ төрлийн мэдээлэл өнгөрсөн хугацааны дүн нэгтгэл байдаг тул шийдвэр гаргахад ашиглахад хязгаарлагдмал байдаг. Тиймээс байгууллагын хэлтэс, нэгжүүдийн үйл ажиллагааг дүгнэх зорилгоор хийгддэг.

  1. Оношлох (Diagnostic): Тодорхойлох анализын үр дүнд байгууллагын үйл ажиллагаа өнгөрсөн хугацаанд сайжирсан эсвэл муудсан гэсэн дүгнэлт гаргаж болох ба яагаад ийм үр дүнд хүрсэн гэдгийг тайлбарлахад хийгддэг анализ нь Оношлох анализ юм. Энэ төрлийн анализ нь тодорхой нэг асуудлыг нарийвчлан судалж илүү нарийвчилсан ойлголт өгөхөд туслана.

Жишээлбэл: Яагаад хэрэглэгчийн тоо 10%-р буурсан байтал ашиг 3%-р нэмэгдсэн байна вэ? Оношлогооны анализаар дээрх үр дүнд дараах зүйлс нөлөөлсөн байж болно.

  1. Тухайн жилд 10,000 хэрэглэгч манай үйлчилгээг авахаа больсон ба эдгээр гарсан хэрэглэгчдийн шинж чанар нь үйлчилгээг тогтмол бус ашигладаг хэрэглэгчид байсан.
  2. Гарсан хэрэглэгчийн байгууллагад оруулдаг дундаж орлого нь үнэнч хэрэглэгчийнхтэй харьцуулахад 60%-р доогуур байсан ба хэдийгээр эдгээр хэрэглэгчээс олох орлогоо алдсан ч үнэнч хэрэглэгчээс нөхсөн.
  3. Тухайн жилд үнэнч хэрэглэгчийг таргеталсан маркетингийн ажлууд ихээр хийгдсэн нь үнэнч хэрэглэгчээс орох орлогыг 32%-р нэмэгдүүлсэн. Энэ нь нийт ашиг өсөхөд нөлөөлсөн.
  1. Таамаглал (Predictive): Тодорхойлох анализын дараагийн шатны анализ нь илүү ирээдүй рүү чиглэсэн буюу ирээдүйн утга, төлөвийг таамаглах анализ байдаг. Энэ төрлийн анализ статистик, симуляци болон машин сургалтын загваруудыг ашиглан ирээдүйд болж болох зүйлд магадлалтайгаар таамаглал дэвшүүлэн тодорхойлдог.

Жишээлбэл: Машин сургалтын загварыг ашиглан дараа сард манай үйлчилгээг орхих магадлалтай хэрэглэгч, хэрэглэгч тус бүрээс олох орлогыг таамаглан эдгээрт тулгуурласан маркетингийн хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой.

Энэ төрлийн анализийг гарч болох үр дүнг таамаглах, дунд түвшний, түвэгтэй бус шийдвэр гаргахад ашигладаг.

  1. Зөвлөх (Prescriptive): Таамаглах анализын дараагийн гүнзгий хувилбар бөгөөд таамаглал дэвшүүлэхээс гадна нөхцөл байдал бүрт тохирсон авах боломжтой арга хэмжээ, эдгээр арга хэмжээний хүрэх үр дүн ба хамгийн сайн үр дүнд хүрэх аргыг санал болгох чадвартай байдаг. Энэ төрлийн анализ оптимисаци, машин сургалт, хьюристик зэрэг гүнзгий шинжилгээнүүдийг ашиглан ирээдүйд юу тохиолдох вэ гэдгийг таамаглахаас гадна хэзээ болон яагаад тохиолдохыг хэлж чаддаг.

Жишээлбэл: Онлайн-р бүтээгдэхүүн худалдаалдаг байгууллагын хувьд бүтээгдэхүүний үнийг цаг агаар, эрэлт, эдийн засаг болон амралт зугаалгын үе зэргээс хамааруулан динамик байдлаар тооцоолдог систем байдаг. Энэ систем нь ашгийг хамгийн их, нөөцийг стандарт түвшинд барих оптимацийн тооцооллоор үнийг динамикаар өөрчлөх чадвартай байдаг. Ингэснээр гар ажиллагаагаар хийлгэх шаардлагагүйгээр хурдан, чанартай шийдвэр гаргах боломж олгодог.

Одоогийн байдлаар энэ төрлийн анализыг ашигладаг байгууллага цөөхөн ба 2019 онд гаргасан Гартнер (Gartner)-ийн судалгаагаар компаниудын 30% нь Таамаглах анализыг ашиглаж байхад зөвхөн 3% нь Зөвлөх анализыг шийдвэр гаргалтандаа ашиглаж байна.

Анализын шат ахих тусам авчрах үнэ цэнэ, хүнд байдал болон ашиглах аргын төвөгтэй байдал нэмэгддэг.

Эдгээр анализаас гарсан үр дүн нь бидний дотоод, гадаад орчны дүн шинжилгээтэй уялддаг ба зарим тохиодолд компанийн давуу, сул талууд нь анализын үр дүнд тодорхой болдог.

Олон улсад Таамаглах анализ буюу машин сургалт, хиймэл оюун ухааны загваруудыг түгээмэл ашигладаг бөгөөд Зөвлөх анализ руу шилжиж байгаа. Монголын хувьд сүүлийн жилүүдээс томоохон байгууллага, гарааны бизнесүүд таамаглах анализыг хийж эхэлсэн, нилээн залуу салбарт тооцогдож байна. Нөгөөтэйгүүр энэ чиглэлээр бэлтгэгдсэн боловсон хүчин, дата анализын үр дүнг ойлгон шийдвэр гаргах чадвартай удирдлагууд дэлхийд төдийгүй Монголд хомсдолтой байгаа нь салбарын хөгжилд нөлөөлж буй. Тиймээс судалгаа, дата анализын хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд Монголын бизнес эрхлэгчид ажилчдаа төдийгүй өөрсддөө дата литераси талаар сургалт авах, арга аргачлалын чадвар эзэмшүүлэх нь чухал юм.

Бэлдсэн:

С. Уянга,  Өү Ар Ди Би Консалтинг ХХК-н Ахлах аналист, Судалгаа&Дата (Шинжлэх ухааны магистр – Бизнесийн анализ, АНУ, 2019), www.linkedin.com/in/uyangas/

Р. Оюун, Өү Ар Ди Би Консалтинг ХХК-н Ахлах зөвлөх, Стратеги&Төлөвлөлт (Бизнесийн удирдлагын магистр – Олон улсын маркетингийн менежмент, АНУ, 2008), www.linkedin.com/in/orentsen/

МЭДЭГДЭЛ: Энэхүү нийтлэлийг нь Өү Ар Ди Би Консалтинг ХХК-н зөвлөхүүдийн бэлтгэсэн ба үүнд Zaluu.com-н удирдлага, ажилтан ажиллагсдын санаа, үзэл бодол, итгэл үнэмшил тусгагдаагүй болно. Стратеги, Маркетинг, Менежментийн холбогдолтой орчуулсан нийтлэлүүдийг www.ordbconsulting.com/blog холбоосоос уншина уу.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.