Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын гэрэл зурагчдын уралдааны тэргүүн байрын шагналт Чулуунбаатарын Ганбатын "Уурга шүүрлээ" бүтээл Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос зарласан Дэлхийн гэрэл зургийн уралдааны "Алтан агшин" төрөлд 125 орны зурагчдын шигшмэл 1794 зургаас III байр эзлэв.
Шагнал гардуулах ёслол Унгарын Будапешт хотод өчигдөр болсон байна. Олон улсын сэтгүүлчдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн 24 гишүүн, World AIPS спортын Media AWARDS-ын шүүгчдийн бүрэлдэхүүний 11 гишүүн, нийт 35 эрхэм шилдэг зургуудыг тодруулжээ. Шагналыг AIPS-ийн 83-р чуулган-наадмын үеэр гардуулж байгаа нь энэ юм.
Ч.Ганбат Ерөнхийлөгчийн Жижиг дунд үйлдвэрийн зөвлөх, зурагчин, Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, Монголын Спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Тавилга Үйлдвэрлэгчдийн Холбооны Тэргүүн, ”Монгол буйдан” компанийн захирлаар ажилладаг.
Түүний удалдааны амжилтууд:
- “Пресс Фото-2012” гран при,
- Ц.Батзоригийн нэрэмжит оны гэрэл зургийн спортын номинацид тэргүүн байр (2006),
- Монголын гэрэл зурагчдын “Оны шилдэг гэрэл зураг”-ийн тэргүүн байр (2007), мөн уралдаанд тэргүүн байр (2016)
“Монгол бөх геннист”,”Усны тунгалаг уулсын өндрөөс улсын цолтон төрөн гарлаа” зэрэг гэрэл зургийн цомог хэвлүүлсэн.
“Улаанбаатар-370” (2009), Тайвань улсад “Тал хээрээс тундр хүртэл” (2010), “Үл мартагдах агшин Лондон-2012” (2012), “Сочи-2014 өвлийн олимпийн наадам” (2014), “Инчёоны азийн наадмын 10 агшин” (2014), “МҮБХ-25. Монгол бөхийн торгон агшин” (2015) үзэсгэлэнгүүдээ дэлгэн үзүүлжээ.
Сэтгэгдэл бичих