Италийн Сери А лигийн 24 дүгээр тойргийн онцлох тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт "Ювентус" клуб талбайдаа "Брешия" багийг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 57 оноотой болж, хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Тоглолтын 38 дахь минутад Дибала тооны харьцааг нээсэн бол Куадрадо 75 дахь минутад гүйцээжээ.
Тэгвэл хүснэгтийг тэргүүлж байсан "Интер" клуб энэ тойрогт "Лацио"-гийн талбайд зочилж, 2:1-ээр хожигдлоо. Ийнхүү Милан хотын баг "Ювентус"-ээс 3 оноогоор хоцорч эхэллээ. Харин "Лацио" хожсоноор 56 оноотой болж, хоёрдугаар байр руу орж ирэв. Тоглолтын 44 дэх минутад Эшли Янг гоолдож, тооны харьцааг нээсэн. Гэвч 50 дахь минутад Иммобиле хариуг нь барьж, энэ улирлын Сери А лигийн 26 дахь гоолоо оруулсан юм. Улмаар 69 дэх минутад Милинкович-Савич нэгийг нэмж, "Лацио" гол өрсөлдөгчөөсөө 3 оноо салгаж дөнгөлөө.
Сэтгэгдэл бичих