Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн буюу 1/8 шигшээн эхний тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө Испанийн "Атлетико Мадрид" клуб талбайдаа Английн алдарт "Ливерпүүл" багийг хүлээж авч, эхний тоглолтоо хийсэн юм.
Мэргэжилтнүүд энэ тоглолтыг 0:0-ээр өндөрлөнө хэмээн таамаглаж байсан. Харин хөлбөмбөг сонирхогчдын ихэнх нь "Ливерпүүл" хожино хэмээн таамаг дэвшүүлж байлаа. Гэвч "Атлетико" талбайдаа яаж тоглодог, ямархуу хамгаалалттай баг вэ гэдгээ харуулж, хүчтэй өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авлаа. Тоглолтын 4 дэх минутад Сауль булангаас дамжуулсан бөмбөгийг хатгаж гоолдсоноор багтаа тун хэрэгтэй ялалт авчрав.
Хариу тоглолт гуравдугаар сарын 11-нд "Ливерпүүл"-ийн талбайд болно. Тэр тоглолтод "Атлетико" бага зэрэг давуу талтай оролцохоор болж байна. Ердөө л тэнцэхийн төлөө тоглоход Испанийн баг шөвгийн наймд шалгарах боломжтой. Гэхдээ "Ливерпүүл" талбайдаа хожигдол гээчийг мартчихаад байгаа. Өнгөрсөн улиралд "Барселона" клубын талбайд 3:0-ээр хожигдсон ч гэртээ 4:0-ээр буулгаж авч, түрүүлэх замаа засаж байсан билээ.
Сэтгэгдэл бичих