Аваргуудын лигийн 1/8 шигшээн хүрээнд Германы "Боруссия Дортмунд" клуб талбайдаа Францын "ПСЖ" багийг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авсан билээ. Энэхүү тоглолтод "Боруссия Дортмунд"-ын довтлогч Эрлинг Холланд дубль хийсэн. Ингэснээр 19 настай Норвеги довтлогч Аваргуудын лигийн 7 тоглолтод 10 гоол орууллаа.
Энэ нь Аваргуудын лигт анх тоглоод, хамгийн хурдан хугацаанд 10 гоол оруулсан рекордыг эвдлээ. Өмнө нь Адриано, Садьо Мане, Роберто Фирмино нар 11 тоглолтод 10 гоол оруулж байсан юм.
Түүнээс гадна тэрбээр Аваргуудын лигт нэг улиралд хоёр өөр багаас гоол оруулсан анхны хөлбөмбөгч боллоо. Холанд Аваргуудын лигийн хэсгийн шатанд "Зальцбург" клубын төлөө 8 гоол оруулаад байсан. Улмаар нэгдүгээр сард "Боруссия Дортмунд" клубт ирээд, Аваргуудын лигт оролцсон анхны тоглолтдоо ийнхүү дубль хийлээ. Мөн Холанд "Боруссия Дортмунд"-д ирснээс хойш шинэ багийнхаа төлөө Бундес лиг, Германы цом, Аваргуудын лигт 7 тоглолтод 11 гоол орууллаа. Оролцсон 7 тоглолтынхоо 6-д нь гоолдож байна.
Сэтгэгдэл бичих