2020 оны 3-р сарын 10
10 цаг 05 минут

Ц.Болорчулуун: Төр нэг гараараа тариаланчдаа дэмжчихээд нөгөө гараараа унагах бодлого барихгүй

160 мянган тонн улаан буудай импортлох шийдвэр гарсантай холбоотойгоор тариалан эрхлэгчдийн зүгээс янз бүрийн байр суурь баримталсан мэдэгдэл, мэдээллүүдийг гаргаж байгаа билээ. Тэгвэл энэ асуудлаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.

-160 мянган тонн улаанбуудайг импортлохоор болсон. Үүнтэй холбоотойгоор янз бүрийн байр суурь илэрхийлэх хүмүүс гарч ирж байна. Чухам ямар шалтгааны улмаас 160 мянган тонн буудай импортлохоор болов?

-Энэ талаар тайлбарлахын тулд өнгөрсөн намрын ургац хураалтын дүнг хэлэх ёстой юм. Өнгөрсөн намар улсын хэмжээнд 407 мянган тонн хүнсний улаан буудай хурааж авсан. Үүнээс гурил үйлдвэрлэлд 247 мянган тонн буудай нийлүүлсэн. Үлдэж байгаа буудайны 30 гаруй мянган тонн нь дараа оны тариалах үрийн нөөц. Тэжээл рүү, спирт рүү тодорхой хэмжээнд нийлүүлсэн.  Өнгөрсөн оны ургац хураалтын үед цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой хүндрэл гараад, будааны чанарт бага зэрэг сөргөөр нөлөөлсөн.  Тухайн жил хурааж авч байгаа буудайны 65-70 хувь нь гурилын үйлдвэрлэлд очдог юм. Өнгөрсөн намар бусад жилүүдийнхээс арай бага буудайг гурилын үйлдвэрт нийлүүлсэн. Яагаад багассан шалтгаан нь чанартай холбоотой.  Гэтэл бидний жилийн хэрэгцээний нийлүүлэлт 305 мянган тонн. Үндсэндээ жилийн хэрэгцээнийхээ гурилыг үйлдвэрлэхийн тулд ийм хэмжээний буудай нийлүүлэх шаардлагатай.

Тэгэхээр цаана нь 55-60 мянган тонн буудай дутаж байна даа. Үүнийг нь бид оны төгсгөлд Засгийн газарт болон Хүнсний аюулгүй байдлын үндэсний  зөвлөлд танилцуулж, 60 мянган тонн буудай импортолж байж жилийн гурилын хэрэгцээгээ хангана гэдгээ хэлж, шийдвэрээ гаргуулсан. Улмаар квотыг нь сонгон шалгаруулах ажлын хэсгээрээ хэлэлцүүлээд, зарлаад, хуваарилчихсан. Одоо татан авалтаа гурилын үйлдвэрүүд хийж байгаа. Бид дотоодынхоо хэрэгцээг тулгаад л бүрдүүлчихэж байна гэсэн үг. Өмнөх жилүүдэд ч гэсэн тулгаж л бүрдүүлдэг байсан. Илүү гаргаад нөөцөлье гэхээр төсөв мөнгөний боломж муутай. Улсаас мөнгө гаргаж нөөц бүрдүүлэх боломж бага. Хувийн хэвшил ч гэсэн мөнгө гаргаж нөөц бүрдүүлэх боломжгүй байдаг учраас тулгаж бүрдүүлсээр ирсэн.

Гэтэл энэ жил төлөвлөөгүй нөхцөл байдал үүсчихлээ. Дэлхийн 100 гаруй орныг хамарсан шинэ төрлийн коронавирусээс үүдээд иргэд, аж ахуйн нэгжүүд хүртэл хүнс нөөц бүрдүүлсэн ч тохиолдол байгаа. Тэгээд ч энэ нөхцөл байдал хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхой бус байна. Эрүүл мэндийн байгууллагаас энэ вирусийн дэгдэлт дөрөв, тавдугаар сард дуусна гэсэн баталгаа байхгүй гэдэг мэдээлэл өгч байгаа. Зарим орнууд хилээ хаагаад эхэлчихлээ. Манайх ч шаардлагатай арга хэмжээ авч байгаа. Энэ хүрээнд хүнсний тодорхой хэмжээний нөөц байх ёстой гэж үзэж, Гурил үйлдвэрлэгчдийн холбоотой уулзалт зохион байгуулсан. Улмаар нэг улирлын хүнсний нөөц бүрдүүлье гэж шийдээд, 100 мянган тонн буудай импортлохоор болсон. 100 мянган тонн буудай гэдэг 75 мянган тонн гурил гэсэн үг. Энэ нэг улирлын буюу 3 сарын нөөц.  Ер нь  гурил, мах, бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тос гэх мэт хүнсний бүтээгдэхүүний нөөц байх нь зөв гэж үзэж, шийдвэр гаргаж, зарласан.

-Улаан буудайг төр биш гурил үйлдвэрлэгчид импортолно гэсэн үү?

-Энэ шийдвэр зарим нэг хүнд таалагдахгүй байгаа бололтой юм. Төр тендер зарлаж, улсын төсвөөс мөнгө гаргаад, нөөц бүрдүүлэх асуудал огт биш.  Гурил үйлдвэрлэгчид нь өөрсдөө импортолно. Улаан буудай импортлох ажилд зөвхөн гурилын үйлдвэрүүд л оролцоно. Монголд нийтдээ том, жижиг 40 гаруй гурилын үйлдвэр байгаа. Түүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь 15-16 л байна. Энэ үйлдвэрүүд л оролцоно. Эдгээр гурилын үйлдвэрүүдэд квотыг нь хуваарилж өгөх асуудал байгаа. Гурилын үйлдвэрүүд буудайгаа оруулж ирээд, гурилын нөөцөө үүсгэчихье. Тодорхой хэмжээний нөөцтэй байя. Хэрвээ энэ өвчин нь ойрын үед гайгүй болоод, бүх зүйл хэвэндээ ороод, зах зээлд гурилын илүүдэл гараад ирлээ гэж бодъё. Тэгвэл бид Хятад руу экспортлох боломжтой. Улаан буудайгаар хийсэн гурилыг Хятад руу экспортлох гээд хорио цээрийн асуудлаа тохирчихсон. Өнгөрсөн оны төгсгөлд тохирчихсон гэсэн үг.  Үнэхээр гурил илүүдээд байвал экспортод гаргах боломж байна.

Эсвэл гурилын нөөц байж байхад хэрэгтэй шүү дээ. Энэ өвчлөл хэзээ намдахыг бид мэдэхгүй. Дахиад хэдэн сар үргэлжилвэл яах юм. Байгаа гурилыг нь хэдэн ченж аваад дарчихсан байвал нөгөө талдаа хомсдол гарна, үнэ нэмэгдэх аюултай. Тиймээс хангалттай нийлүүлэлттэй байя гэж үзэж, аюулгүйн нөөц бүрдүүлж байгаа юм.

-Тариаланчид болохоор буудай тарих шаардлагагүй болох нь. Ажлын байргүй боллоо гэх мэтээр яриад байгаа шүү дээ. Тариа нь сайхан ургаад, Монголын жилийн гурилын хэрэгцээнд хүрэхүйц 300 гаруй мянган тонн буудай хураагаад авчихлаа гэж бодъё. Тэгвэл 100 мянган тонноо зарж чадахгүйд хүрнэ гэсэн ойлголтыг ч өгөөд л байгаа?

-Бид ямар анх удаа импорт хийж байгаа биш дээ.  Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зарим жил ган болдог. Тодорхой хэмжээний импорт хийдэг үе бишгүй л бий. Тэр болгонд тариаланчид ингэж сандардаг.  Импортын будаагаа болиоч гэж шаардлага энэ тэр тавьсаар ирсэн. Бид яг дутагдаж байгаа буудайгаа л тулгаж авсаар ирсэн. Ямар нэгэн илүү дутуу буудай авч, зөрчил гарч байсан удаагүй. Хоёрдугаарт, тариаланчдыг стратегийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байгаа утгаар нь байнга дэмждэг.  Төрийн дэмжлэг байсаар байгаа. Дотооддоо хүнс үйлдвэрлэх нь бидний туйлын зорилго. Тийм учраас төр дэмжиж байгаа аж ахуйн нэгжүүдээ унагаах бодлого нөгөө талд нь хийнэ гэж хэзээ ч байхгүй. 

Энэ чинь тодорхойгүй үүссэн нөхцөл байдалд тааруулсан, богино хугацааны арга хэмжээ. Энэ арга хэмжээг авахдаа, гуравдугаар сарын 31-ээс зургадугаар сарын 1-ий хооронд буудайгаа оруулж ирье.  Энэ хооронд гурилын үнийг тогтвортой байлгахын тулд гааль, НӨАТ-аас нь чөлөөлөөд өгье л гэсэн. Магадгүй энэ хугацаанд хэдэн мянган тонн улаан буудайг гурил үйлдвэрлэгчид импортолж чадахыг мэдэхгүй байна. Үүнд бухимдаад байх шаардлага байхгүй. Бид аюулгүйн нөөцөд байх ёстой гурилаа байлгаад, гурил үйлдвэрлэгчдэд дотоодоосоо буудай ав. Ийм үнээр худалдаж авбал бид эргээд экспортыг чинь дэмжинэ гэх мэтээр харилцан уялдаатай зохицуулалт хийж болно.  Энэ мэтээр маш олон зохицуулалт байгаа. Дотоодынхоо тариаланчдыг татаж унагах ямар ч сөрөг зүйл хийгээгүй. Аль ч гурилын үйлдвэрийн лоббид ороогүй. Аль ч улс хүнсний нөөцтэй байх бодлого баримтлаад ажиллаж л байна шүү дээ.

-Заавал улаан буудай импортлох хэрэг байгаа юм уу. Шууд гурил импортлооч гэсэн санал, шүүмж бас гарсан байсан?

-2020 оны нэгдүгээр сарын 1-ээс  “Баяжуулсан гурил хэрэглэнэ” гэсэн хуулийн хэрэгжилт  эхэлчихсэн байгаа. Нэг талаас энэ. Нөгөө талдаа манайд 1.5 сая тонн буудай тээрэмдэх хүчин чадалтай гурилын үйлдвэрүүд байна. Тэр үйлдвэрүүд ажиллаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй шүү дээ. Үйлдвэрүүдээ бас дэмжмээр байна шүү дээ. Түүнээс зүгээр л гурил импортолно гэвэл нэг том ченж хаанаас ч юм оруулж ирээд, нийлүүлчихнэ.  Бид тариаланчдаа нэг талдаа дэмжих ёстой. Нөгөө талдаа бас гурил үйлдвэрлэгчид чинь ч гэсэн манай салбарынх шүү дээ. Тэднийгээ дэмжих хэрэгтэй. Ялгавартай хандаж болохгүй. Тийм учраас буудай импортлохоор болсон. Яг ч ажил нь эхэлчихээгүй байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт материалаа аваад, одоо л 100 мянган тонн буудай импортлох квотоо олгож эхлэх гэж байгаа юм. 

-Чанаргүй улаан буудай оруулж ирэх гэж байна. Гахайн тэжээлд хэрэглэдэг гэх мэтээр мэдээлэл гаргаад байх юм. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Тийм юм байхгүй ээ.  Чанартай, чанаргүй гэдгийг нэг компанийн захирал тодорхойлдог юм биш шүү дээ. Монгол Улс чинь өөрийн гэсэн хил, гаальтай, хяналтын байгууллагатай. Хэрэглэж байгаа бүтээгдэхүүн нь стандарттай. Бид өмнө нь импорт хийж байсан. Хилийн цаана будаа тээвэрлэсэн галт тэрэг ирлээ. Мэргэжлийн хяналт болон гаалийнхан дээж аваад, лабораторид шинжилгээ хийгээд үзлээ. Тэнцэж байвал хилээр нэвтрүүлнэ. MNS 0097: 2010 гээд хүнсний улаан буудайн стандарт байна. Хүнсний улаан буудайн стандартын 1-4 ангиллын шаардлага хангасан байна гээд хууль, журам нь байгаа. Ангилал тус бүр үзүүлэлттэй. Цавуулаг, чийг, натур жин гээд олон үзүүлэлтээр заагаад өгчихсөн. Энэ бүгдийг нь хяналтын байгууллага үзнэ.

Бидэнд хил дээрээс стандартын шаардлага хангахгүй будааг буцааж байсан тохиолдол өчнөөн бий. Тиймээс чанартай, чанаргүйг одоо ярьдаг юм биш. Хоёрдугаарт, гахайн тэжээлийн будааг хүнснийх гэж Оросууд явуулахгүй ээ. Оросууд экспортынхоо асуудалд маш хатуу, нарийн ханддаг.  Цаанаасаа хүнсний улаан буудайн стандартын нэгдүгээр ангиллын будаа гэвэл тэр нь л ирнэ. Түүнээс биш гуравдугаар ангиллын ачуулчихаад, нэгдүгээр ангилал гэж явуулах асуудал тэдэнд байхгүй. Тэгвэл хатуу хариуцлага хүлээдэг юм билээ. Монголд ч гэсэн оруулахгүй.  Гэтэл нэг компанийн захирал орж ирээгүй байгаа будааг гахайн тэжээл мэтээр үнэлэлт, дүгнэлт өгөөд, ард түмнийг төөрөгдүүлээд байж болохгүй.

-Тариаланчдад асуудал үүсэхгүй. Хэрвээ гурилын бага зэрэг илүүдэл гарвал Хятад руу экспортлох боломжтой. Тариа, буудайгаа тарихад ямар ч асуудал үүсэхгүй гэдгийг хангалттай ойлгогдохоор тайлбарлаад өгчихсөн биз дээ?

-Бид хангалттай тайлбарлаад, хэлээд л байгаа. Ихэнх нь нөхцөл байдлыг ойлгож байгаа байх. Ганц нэг хүмүүсийн өрийнх нь эрх ашиг байдаг юм уу, бүү мэд. Энд яам ямар нэгэн бизнес хийх гээд байгаа юм байхгүй. Энэ үүссэн нөхцөл байдал тодорхой биш байна. Монгол битгий хэл дэлхий нийтээрээ тодорхойлж чадахгүй байгаа. Хэдэн сар үргэлжлэх юм, хэзээ тархалт нь намдах вэ гэдгийг хэн ч хэлж чадахгүй байна. Ийм үед бид хүнстэй байх нь чухал. Бид хаврын тариалалтаа аль болох хугацаандаа хийнэ. Энэ зуны нөхцөл байдал ямар ч байх юм билээ, хэн мэдэх юм. Бидэнд жаахан гурилын нөөц байг л дээ.

1990 оноос өмнө  улс гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй нөөцийг хэрэглээнийхээ 50 хувиар нөөцөлж байсан. Одоо бүх зүйл хувьд шилжчихсэн. Аюулгүй нөөц тодорхой хэмжээнд байгаа л байх. Гэхдээ тэгж их хэмжээгээр нөөцлөхөө больчихсон. Тэр тухай ч одоо яригдаж байгаа. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний аюулгүйн нөөц бүрдүүлж ажиллая гэж. Нөхцөл байдал гайгүй бол нөөцөлсөн бүтээгдэхүүнээ борлуулж болно. Эргээд нөөцлөөд, чанараа сэлгээд явдаг нөөц байх ёстой юм.  Ийм л учиртай асуудал. Би дахиад хэлье, тариаланчдаа хохироох ямар ч ажлыг бид хийхгүй. Намрын ургац хураалтын үеэр бид зохицуулалтаа хийгээд л явна.  Чанарын асуудалд бид хяналтаа тавиад л ажиллана.

Тэр байтугай дотоодын гурилын үйлдвэрүүд буудайгаа авахдаа шинжилдэг. Манай Тариалан эрхлэлтийг дэмжих санд ирсэн ч гэсэн лабораторийн шинжилгээгээр оруулдаг. Бүх ангиллаар нь хувааж, машиныг нь цуваа болгож оруулдаг. Манай сан нөөцөлсөн будаагаа аль нэг гурилын үйлдвэрт зарлаа гэж бодоход, өөрийнхөө лабораториар шалгаж авдаг.  Тэнд чинь үйлдвэрлэл явж байгаа. Дэлхийд лабораторигүй үйлдвэр гэж хаана ч байхгүй.  Дээрээс нь манай гурилын үйлдвэрийн тоног, төхөөрөмжүүд хамгийн сүүлийн үеийнх. Технологийн маш том дэвшил хийчихсэн. Тийм үйлдвэртээ хэзээ ч тэжээлийн будаа оруулахгүй. Тэжээлийн будаагаар гурил хийчихээд зарах гээд зогсож байвал хүн авах юм уу. Ийм л энгийн логик шүү дээ.  

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.75.84Зочин   • 2020, 3 сарын 11. 1 цаг 12 минут

Улааныг огцоруулий тариалан эрхлэлтийг дэмжих сангаа татан буулгаад хаад сан болгоцон юугаач мэдэхгүй нэг гар даргаар нь тавиад нөгөөх самарч өгч байгаа ажилчид яахаа мэдэхгүй дээгүүрээ танилтай хэд нь сандалаа булаацалдаад байж бгаа

150.129.140.80Зочин   • 2020, 3 сарын 10. 14 цаг 26 минут

Улаан буудайны хомсдол аль халуун намар үүссэн юм 230000тн л будаа тушаагдсан үүнийг яам нуусан эсэргээрээ 407000тн хурааж авсан мэтээр ард түмэнд түгээсэн одоо яасан тариаланчид буруутай юу халуун намар нөөцөө бүрдүүлэхгүй яасын тэр үед орос д будаа хямдхан байсан одоо олдохгүй байгаа биздээ яамны хэд оросоор хөндлөн гулд тэнээд л явж байгаа шүү дээ та нараас түрүүлээд гурил үйлдвэрлэгч хэд чинь жаахан юм олсон сурагтай бна лээ арга бараад энэтхэгээс 100000 тн авах тохироо хийгээ биздээ за тэрч яахав жаахан үрийн буудайгаа олж ирээсэй

192.82.75.84Зочин   • 2020, 3 сарын 11. 1 цаг 13 минут

Үнэн үнэн тариалан эрхлэлтийг дэмжих сан бараг нөөцийн будаа аваагүй

202.126.88.206Зочин   • 2020, 3 сарын 10. 11 цаг 34 минут

Яг үнэндээ яам сандралд байна. Бүх гурилын үйлдвэр будаагүй болсон. 5 үйлдвэр 20 хоногийн нөөцтэй гэнэ. Гурилаа хязгаартай өгч байна гэнэ. Өнөөдөр Баянхонгорын ченж гурил бөөнөөр олдохгүй байна гээд гурил хайгаад явж байна.

103.212.119.178Зочин   • 2020, 3 сарын 10. 9 цаг 50 минут

Корона гарчихлаа одоо нэг хүн үү нэг хэсэг хүний гэх цаг үе ирчихээд байна Энэ үед тариа тарьдаг хувийнхаа компаний эрх ашигыг ярих нь хэр зохимжтой вэ. Тариаланчид аа нэг удаа амаа тамхи гэрээсээ битгий гар.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.