"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хил өнөөдөр нээгдсэн. Өмнө нь уртын тээвэр явж байсан. Харин хил хааснаар богинын тээвэр дээр овоолго хийгээд явж байсан. Одоо Цагаанхаднаас Гашуунсухайтын хилээр нэвтэрч нүүрс тээврээ эхлүүлж байна.
Сүүлийн үед Тавантолгойн 30 хувийг 1 тэрбум доллараар зарах гэж байна гэсэн зүйл яригдах болсон. Тийм зүйл байхгүй. Төрийн эрх бүхий байгууллагуудаас Тавантолгойн дэд бүтэц буюу төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөмж гарсан. Тогтоол ч гарсан. Энэхүү зөвлөмж, чиглэлийн дагуу Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх асуудлыг судалж байгаа. Түүн дотор IPO хийх асуудлыг судал гэсэн. Судалж байна. Өөрөөр хэлбэл төмөр зам, авто зам, угаах үйлдвэр, усан хангамжийн асуудал гэх мэт шаардлагатай төслүүдийн тооцоо судалгааг компани хийсэн.
Хөрөнгө оруулалтын асуудлыг яаж шийдэх, өөрсдөө хэдийг олж чадах, ямар төсөл дээр хөрөнгө оруулалт татах, IPO хийвэл ямар хэмжээний хөрөнгө босгож болох, ямар хэмжээний бэлтгэл ажил шаардагдах гээд бүх төрлийн тооцоо судалгааг бид хийж ажиллаж байна. Дахиад ч сайтар судлана. “Эрдэнэс-тавантолгой” ХК одоо ашигтай ажиллаж байгаа учраас заавал IPO гэхгүйгээр суурь бүтцээ хийх боломжтой гэж Засгийн газар үзсэн. Ерөнхий сайд .Хүрэлсүх “Энэ Засгийн газрын үед IPO хийхийг зөвшөөрөхгүй” гэж тодорхой хэлсэн. Тиймээс IPO хийх асуудал байхгүй, дээрээс нь зөвлөмжөө цуцалчихвал судалгаа ч бас зогсоно. Товчхондоо, Эрдэнэс-тавантолгойн 30 хувийг тэрбум доллараар зарах гэж байна гэдэг буруу мэдээлэл.
Эцэст нь, нэг л зүйлийг он хэлмээр байна. Бид ажлаа тайван хиймээр байна. Ажил маш их байна. Тийм болохоор хэл ам хэрүүлээс хол баймаар байна. Худлаа ташаа мэдээллийг залруулах, тайлбар өгөх гэж явах цаг зав бидэнд үнэхээр хомс байна. Мега төсөл хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар улс төр бүү ороосой гэж хүсч байна" гэв.
Сэтгэгдэл бичих