Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 18-ы өдөр буюу цэргийн баяраар “чихэнд чимэгтэй” мэдээлэл дуулгасан нь 90 хоног хэрэглээний зээлийн үндсэн төлбөр болон хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулсан тухай байлаа. Иргэд бүгд л хэрэглээний зээлээ гурван сарын хугацаанд төлөхгүй байж болох юм байна гэж ойлгосон. Зээлээ төлөхгүй, тэр мөнгөөрөө өөр асуудлаа шийднэ гэсэн төлөвлөгөөг ч гаргасан хүн олон байна. Тэгвэл та буруу ойлгож. Орлого чинь тасалдаагүй, үнэхээр хүнд нөхцөл байдалд ороогүй, ажил төрлөө хийгээд, цалингаа цагтаа авч байгаа бол зээлээ төлнө. Банк ч авна. Утас, машин, электрон барааны лизинг, ипотекийн зээлээ төлөхийг ч шаардана, банкууд.
Тэгвэл Сангийн сайд тэргүүтнүүдийн хийсэн мэдэгдэл ямар учиртай байсан гэдэг асуулт гарч ирэх байх. Тэд иргэдийг бүгдээрээ 3 сар зээлээ төлөхгүй байж болно гэсэн ойлголт өгөхөөр юм ярьчихсан нь үнэн. Гэхдээ анзаарч ойлгохоор хүмүүст ойлгомжтой тайлбарыг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өгсөн. “Хэрэглээний зээл дээр нэг сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй бол ангилал бууруулдаг байсан бол өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш зургаан сарын хугацаанд буюу 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос зээлийн ангилалд өөрчлөлт оруулахгүй” гэсэн. Ангилал бууруулдаг байсан, энэ онцгой үед тэр журмыг өөрчилж байгаа гэсэн утга шууд харагдаж байгаа.
Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжин “Өмнө нь зээлээ хэвийн төлөөд явж байсан зээлдэгчид COVID-19-ийн тархалттай холбоотойгоор үүссэн өр, төлбөрийн дарамтыг түр хугацаагаар хойшлуулж байгаа арга хэмжээ юм. Энэ нь Зээлийн мэдээллийн санд “Чанаргүй” ангилалд бүртгэгдэх хугацааг түр хойшлуулж байгаа болохоос иргэдийг зээлээ төлөхгүй байж болно гэж байгаа юм биш. Зээлдэгчийн зээлийн үүрэг нь хэвээр үлдэх тул зээлийн гэрээний дагуу зээлээ төлөх боломжтой байгаа иргэд маань зээлээ төлж байх нь зүйтэй юм” хэмээн ярьсан. Үүнийг ч бас сайн анхаарах хэрэгтэй байна, иргэд.
Одоо зээлийн ангилал болон бусад бас зүйлийг энгийнээр тайлбарлая. Коронавирустэй холбоотойгоор бизнес нь зогсоод, үйлчилгээний байгууллага нь хаагдаад, ажил хийх боломжгүй болсон цөөнгүй хүмүүс бий. Тэр дунд зээлтэй хүмүүс ч олон байгаа. Тийм хүмүүст боломж олгож байна гэсэн. Ямар боломж вэ гэхээр, зээлээ төлж чадахгүй удвал “хар данс”-д ордог байсан. Зээл төлөх тогтсон өдрөөс хойш 15 хоног хэтрэх хүртэл хэвийн гэсэн ангилалд. 15-30 хоног хэтрүүлбэр хугацаа хэтэрсэн, 30-аас дээш 90 хүртэлх хоног нь анхаарал хандуулах, 90-ээс дээш хоног чанаргүй зээл гэж мөрдөгддөг. Тэгвэл Коронавирустэй холбоотойгоор бизнес нь зогсоод, зээлээ төлж чадахгүй хүнд хэцүү байгаад, хугацаа хэтрээд, чанаргүй ангилал руу орчих гээд хэцүү байгаа хүмүүст л боломж олгож байгаа юм.
Тэгвэл журамд өөрчлөлт оруулснаар ипотек, цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээл хэлбэрээр иргэнд олгосон зээлд тогтоох хугацааны ангиллыг “Хэвийн” зээлийн хувьд 15 хүртэлх хоног байсныг 90 хүртэлх хоног болгож, “Анхаарал хандуулах” зээлийн хувьд 91-120 хүртэлх хоног, “Чанаргүй” зээлийн хувьд 121-ээс дээш хоног байхаар тус тус тогтоож мөрдөхөөр болж байна.
Та вирусээс болж байгууллага чинь хаагдаад, цалингүй болоод, цалингийнхаа зээлийг төлж чадахгүй хэмжээнд хүрсэн бол 90 хоног дотор хэвийн зээлийн ангилалд багтаана л гэсэн үг. Хэрвээ зээлийн ангилал чинь буураад, бүр чанаргүй зээлдэгч гэдэг рүү орчихвол дараа нь зээл авах боломжгүй болно. Тэр эрсдэлийг л болиулж, боломж олгож байгаа онцгой нөхцлийн урамшуулал. Түүнээс биш зээлээ битгий төл гэж байгаа юм биш.
Та нэгдүгээр сарын 31-ээс хойш зээлээ төлж чадаагүй байлаа гэж бодъё. Тэгвэл дөрөвдүгээр сарын 31 хүртэл 90 хоногийн хугацаанд таны зээлийн ангиллыг бууруулж, хугацаа хэтэрсэн, чанаргүй, найдваргүй гэх мэт ангилалгүй оруулахгүй. Дөрөвдүгээр сарын 31-ээс хойш зээлээ төлөхгүй бол ангилал бууруулах журам хэвийн мөрдөгдөнө. Тиймээс заавал 90 хоногийг хүлээлгүй, дундуур нь зээлээ аль болох төлөөд л явах хэрэгтэй.
Өөр нэг зохицуулалт бас хийж байгаа. Үнэхээр зээлээ төлөх боломжгүй болоод, хүндрэлд орсон зээлдэгч банкин дээрээ очоод, зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулдаг. Зээл төлөх графикаа өөрийнхөө боломждоо тааруулж, банктайгаа зөвшилцсөнөөр өөрчлөн тогтоолгож болдог. Нэг удаагийн төлөх дүнгээ бууруулах ч юм уу. Гэхдээ өмнө нь энэ тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангилал автоматаар буурах зохицуулалттай байсан. Хэвийн зээлдэгч гэдгээс хугацаа хэтэрсэн рүү оруулна гэсэн үг. Энэ мэтээр шат дараатай зээлийн ангиллыг бууруулж байсан юм.
Харин одоо гаргасан журам, шийдвэрийн үед буюу нэгдүгээр сарын 31-ний өдрөөс 7-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээндээ нэг удаа өөрчлөлт оруулахад, зээлийн ангиллыг чинь бууруулахгүй болж байгаа.
Одоо нэг асуулт иргэдэд бас байгаа. Юу гэхээр, цалингаа цагтаа авч байгаа, орлого нь хэвийн хүмүүс зээл, лизингээ төлөхгүй гүрийвэл яах гэж. Яахав, 3 сар гүрийвэл таны зээл төлж дуусах хугацааг тэр хэмжээгээр хойшилно. Зээлийн ангилал чинь өөрчлөгдөхгүй байх боломжтой. Гэхдээ тэгэх хэрэг, шаардлага огт байхгүй. Үнэхээр хүнд нөхцөлд орсон иргэдэд олгож байгаа боломжийг өөртөө нааж, асуудал үүсгэх юун.
Сэтгэгдэл бичих