ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Гуравдугаар сарын 23-нд нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгүүдээс санамсаргүй түүврийн аргаар 28 хүнээс шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй. Энэ нь эмнэлэгт байгаа уушигны хатгалгаатай хүмүүсээс коронавирус байна уу гэж тандалт судалгаа хийж байна гэсэн үг.
Мөн гуравдугаар сарын 23-нд Алтанбулагийн боомтоор орж ирээд, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр, Орхон аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Бусад шинжилгээг хийж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн тандалтад байна.
Бид тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүст шинжилгээ хийсэн. Давтан шинжилгээ хийсээр байгаа. Өнөөдрийн байдлаар Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээг хийж байна.
Халдвар авсан иргэдийн биеийн байдал сайн байгаа. Мөн эдгээд гарсан хүнд гурван удаа заавал шинжилгээ хийх ёстой. Учир нь дутуу эмчилвэл гараад халдвар тараах магадлалтай.
Хамар, залгиурын арчдас, цэр, цус, өтгөн, шингэнд шинжилгээ хийж, бүгдэд нь коронавирус сөрөг гарсан тохиолдолд эмнэлгээс гаргана. Үүнийг тус бүр гурван удаагийн оношилгоогоор баталгаажуулна.
Тусгаарлагдах байранд 14 хоноод гарч байгаа иргэд гараад 14 хоног өөрийгөө гэртээ тусгаарлах нь маш чухал. Үүнийг бид цагдаа, тагнуултай хамтраад хянана. Иргэд өөрийгөө хуурч болохгүй" гэв.
Б.Аз
Сэтгэгдэл бичих