2020 оны 3-р сарын 26
8 цаг 50 минут

Я.Эрдэнэсайхан: ЖДҮХС-гаас 2019 онд төрийн өндөр албан тушаалтантай холбоотой ганц ч компани зээл аваагүй

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг баталсан билээ. Тэгвэл шинэ журмын талаар ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхантай ярилцлаа.

-“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийг өнгөрсөн жил УИХ баталсан. Энэ хуулийг дагалдуулж Засгийн газраас тодорхой журмуудыг гаргалаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Засгийн газрын өнөөдрийн /2020.03.25/ хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг баталсан. 2019 оны зургадугаар сарын 6-ны өдөр “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” Ж.Ганбаатар нарын гишүүдийн санаачилсан хуулийг УИХ баталсан байдаг юм. Хуульд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлтэй холбоотой журмуудыг Засгийн газрын гишүүн биш Засгийн газар баталдаг болъё гэдэг заалт оруулж өгсөн. Яагаад гэвэл, өнгөрсөн жилүүдэд алдаа дутагдал гарч байсны нэг гол шалтгаан нь Засгийн газрын гишүүн өөрөө журмаа баталдагтай холбоотой байсан. Мөн гаргасан журмаа олон дахин өөрчилж ирсэн. 2009 онд ЖДҮХС байгуулагдсанаас хойш 2019 он хүртэл журам нийтдээ 10 удаа өөрчлөгдсөн байдаг.

Тиймээс Засгийн газраас журмыг баталдаг болохоор хуульчилж өгсөн. Ингэснээр сайд өөртөө тохируулж журам өөрчилдөг байдал алга болно гэж үзсэн.  Өнгөрсөн жилийн төсөл сонгон шалгаруулалт шударга, ил тод, сайн болсон. Сонгон шалгаруулах журмаа 2019 оны дөрөвдүгээр сард баталсан. Гэхдээ зургадугаар сард батлагдсан хуулийг аль хэдийн УИХ-д өргөн бариад, хоёр жил гаруйн хугацаанд хэлэлцээд явж байсан учраас угтуулж журмаа гаргасан.  Тэр журмаараа сонгон шалгаруулалтаа хийж, үр дүнтэй байгаа нь харагдсан.  Тиймээс өнгөрсөн жил гаргасан журмаа шинэчлээд, баталсан. Гэхдээ олон байгууллага, холбоодоос ирсэн саналыг харгалзан үзэж, сайжруулж баталлаа гэж ойлгож болно.

-Дамжуулан зээлдүүлэх журам гэдгийг тайлбарлаж өгөөч. Хүмүүс янз бүрээр буруу ойлгох вий?

-Зээл олгох эх үүсвэр бүрдвэл ЖДҮХС-д төвлөрүүлнэ. Улмаар цаашаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээлдүүлж байгаа. Зарим тохиолдолд зээлийг банкаар дамжуулна. Өнөөдрийн хууль эрх зүйн орчноор бол бичил буюу жилийн 300 сая хүртэлх төгрөгийн борлуулалттай, 10 хүртэлх ажилтантай аж ахуйн нэгжүүд зээл авахаар бол ЖДҮХС-гаас шууд авч болно. Яагаад гэвэл бичил бизнес эрхлэгчдийн барьцаа хөрөнгө гэх мэт зүйлс нь банкны шаардлага хангадаггүй.

Харин 300 саяаас дээш, 2.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой, 10-аас дээш 200 хүртэлх ажилтантай, жижиг, дунд аж ахуйн нэгжүүд банкаар дамжуулж зээлээ авна. Өөрөөр хэлбэл, банк дамжуулан зээлдүүлж байна гэсэн. Түүнээс биш нэг байгууллага зээл авчихаад, цаашаагаа өөр хүнд зээлнэ гэсэн ойлголт биш шүү.

-Эргэн төлөлттэй холбоотой холбоотой журамд ямар өөрчлөлт оров. УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд ЖДҮХС-гаас зээл авчихаад эргэн төлөөгүй, төлсөн гэсэн хэл ам одоо болтол тасраагүй байна?

-2009 оноос хойш гарсан янз бүрийн алдаа дутагдлыг залруулахаар бид ажиллаж байна. Эргэн төлүүлэх шаардлагатай зээлүүд байгаа. 2019 онд ЖДҮХС дотроо хууль, тусгай активын хэлтэс гэж байгуулаад, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах чиглэлд анхаарч ажилласан. Тэр ч утгаараа өнгөрсөн жил зээлийн эргэн төлөлт өмнөх онуудаас сайжирсан. Өмнө нь зээл олгоод л бараг орхичихдог байсан гэж хэлж болно. Зээлээ төлөхийг шаардаж, араас нь хөөцөлддөггүй. Зээл авсан байгууллага төслийнхөө чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж  байгаа эсэхийг хянадаггүй байсан. 

Харин 2020 он гарснаас хойш ХХААХҮ-ийн сайдын тушаал гарч, зээлээ төлдөггүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах, хяналт шинжилгээ хийх ажлыг үе шаттайгаар хийж байна. Энэ хүрээнд зээлээ яагаад төлөх байна вэ. Авсан зээлээ яг зориулалтынх нь дагуу ашиглаж, төслөө хэрэгжүүлсэн үү, үгүй гэдгийг нь хянаж байгаа. Өмнө байсан журамд эргэн төлүүлэх асуудлыг хаясан байсан. Харин шинэ журмаар зээл өгсөн бол хяналт тавьж, байнга очиж шалгадаг. Махны үйлдвэр барина гэсэн бол төслийнхөө дагуу ажиллаж байна уу. Хийж байвал ямар алдаа, дутагдал гаргаж байна гэдгийг нь хянана. Эдийн засгийн мэдлэг, зах зээлийн судалгаа дутмаг байвал зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ.  Нэг талдаа төр мөнгөө өгч, аж ахуйн нэгжээ дэмжиж байна. Нөгөө талдаа аж ахуйн нэгжүүд бизнесээ бойжуулаад, хэдэн хүн ажилтай болгоод, буцаагаад мөнгөө төрдөө өгөх ёстой. Тэр мөнгийг нь дараачийн хүнд нь өгөх гээд байна шүү дээ.

Тиймээс зээлээ зориулалтын дагуу ашиглаж байгааг хянах. Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаа. Үндсэндээ зээл эргэн төлүүлэх, хяналт тавих заалтуудыг энэ журамд хийж өгсөн. Бараг л жижиг хуулийн хэмжээний журам батлагдсан.

-Огт зээлээ төлөөгүй аж ахуйн нэгжүүд байгаа байх. Хэдэн төгрөгийн зээлийг аж ахуйн нэгжүүд төлөөгүй байна вэ?

-Зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй, авсан төслөө хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Яг эцсийн хариу гараагүй. Эцсийн хариу гарахаар нь бид холбогдох мэдээллүүдийг нь өгнө. Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой гэж яригдаад байгаа асуудлаар зарим тайлбар хийе. Зээл авсан нь тодорхой болсон гишүүд нь өөрсдөө ярьчихсан. Манай компани зээл аваад, ийм зүйл хийсэн гэдгээ. Тэд эргэн төлөлтөө хийчихсэн. Харин тойргийнх нь сонгогч ЖДҮХС-гаас зээл хөөцөлдөж байна. Энэ асуудалд тусалж дэмжээч гэхээр нь дэмжсэн бичиг хийж өгсөн УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудлыг үнэхээр ашиг сонирхлын зөрчилтэй байсан уу гэдгийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа.

-Банкуудаар дамжуулж байгаа зээлд хяналт тавина биз дээ. Аж ахуйн нэгжүүдэд зээл өгөхгүй хүнд суртал гаргадаг. Нэг зуучаар дамжуулдаг, дундаас нь хувь авдаг гэх мэт гомдол гардаг. Шинэ журмаар энэ мэт алдаа завхралыг залруулсан уу?

-Өнгөрсөн хугацаанд ийм гомдол  цөөнгүй ирж байсан. Яг бодитоор байсан уу, үгүй юу гэдгийг би мэдэхгүй байна. Одоо болтол энэ асуудал яригдаж байгаа нь ч үнэн. Банкаар дамжуулаад зээл олгохоор банкны ажилтан ийм зүйл ярилаа гэсэн мэдээлэл ч ирж байсан. Хэрвээ одоо ийм асуудал гарвал, аль банкны аль салбарт, хэн гэдэг мэргэжилтэн тэгж байгаад бидэнд мэдэгд. Бид хууль, хяналтын байгууллагад хандаад, үнэн мөнийг нь тогтоолгоё. Төр асуудлыг засаж, сайжруулах гээд байдаг. Гэтэл хуулиараа өндөр дүнтэй зээлийг заавал банкаар дамжуулах ёстой. Банк өөрийнхөө шаардлагыг тавиад, эргэн төлөгдөх боломжтой юу, барьцаа хөрөнгө байна уу гэдгийг судалдаг. Банктай холбоотой ганц, хоёр гомдол ирсэн. Би түрүүний хэлсэн зүйлээ тэр хүмүүст хэлсэн. Гэтэл дахиж хандаагүй. Нэг талдаа банкны ажилтан тэгсэн байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талдаа зээлийн шалгуур хангахгүй гэдгийг банкны ажилтан хэлэхээр тэр хүнд муу санасан байж болно. Бид гомдлыг нь хүлээж аваад, хууль хяналтын байгууллагад нь хандаж болно гэхээр өөрөө хүн гүтгэсэн болох гээд байгаа учраас эргэж холбогдоогүй байх. 

Аж ахуйн нэгж, компанийн удирдлагууд дундаас нь хувь аваад, зээлийг чинь бүтээж өгнө гэдэг асуудал байхгүй болсон гэж ойлго. Хэрвээ төсөл ирүүлэх гэж байгаа хүнд тийм байдлаар хэн нэгэн хандвал худлаа шүү. Мөнгө төгрөгөө худлаа ярьсан хүн өгөөд, залилангийн хэргийн хохирогч болов оо. Нийгэм ороо бусгаа болсон үед ийм асуудал гарсаар байгаа. Тийм ч хүнийг таньдаг, ийм ч хүнтэй найз гэж нэр бариад, бусдыг залилж байсан хэрэг өнгөрсөн хугацаанд ч гарч байсан. Тиймээс шалгаруулалт шударга болох юм байна. Би төслөө өгөөд, тэр маань шалгарна гэж үзэж байгаа бол шударгаар л өг. Түүнээс биш хувь хүнд мөнгөө өгч, битгий залилангийн хохирогч болоорой.

-Ойрдоо жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгож, төсөл сонгон шалгаруулах уу. Салбар яамнаас үйлдвэрлэгчдээ хүндрэлтэй үед яаж дэмжиж байгаа вэ?

Одоохондоо бид төсөл сонгон шалгаруулаагүй байгаа шүү. Яагаад гэвэл зээлийн эх үүсвэр дутмаг байна. 2019 онд батлагдсан 2020 оны улсын төсвийн хуулиар 50 тэрбум төгрөгийг зээлийн эргэн төлөлтөөс ЖДҮХС-д төвлөрүүлж, түүнийгээ үйлдвэрлэгчдэд зээлдэхээр тусгасан. Гэвч 50 тэрбум төгрөгийн эргэн төлөлт орж ирээгүй байна.

 Коронавирустэй холбоотойгоор сангаас зээл авсан, хэвийн зээлээ төлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үндсэн зээлийг гуравдугаар сарын 1-ээс зургадугаар сарын 30 хүртэл хойшлуулчихсан. Тэгэхээр орж ирэх эргэн төлөлтийн мөнгө байхгүй болж байна. Тэглээ гээд бид зүгээр суугаагүй.  ЖДҮ-ийг дэмжих шуурхай штаб байгуулаад, үйлдвэрлэгчдээ яаж дэмжих вэ гэдэг бодлого боловсруулаад, хэрэгжүүлээд явж байна. Засгийн газар, УИХ, холбогдох байгууллагуудад зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлээч. Ажлын байр хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдэд татвар болон бусад хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлээч гэдэг хүсэлт тавьсан. Эхнээсээ үр дүн гараад, Сангийн сайд мэдэгдэл хийсэн. Энэ шийдвэрүүдийг иргэдээс ирж байгаа санал, хүсэлтийг харгалзаж гаргаж байгаа юм шүү.

-ЖДҮХС-гаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн үндсэн зээлийг зургадугаар сарын 30 хүртэл авахгүй байхаар шийдвэр гарсан.  Энэ шийдвэртэй холбоотойгоор янз бүрийн хэл ам гарч эхэллээ. ЖДҮХС-гаас гишүүд, албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд маш ихээр зээл авсан. Тэдэнд зориулсан шийдвэр гаргалаа гэх мэтээр ярьсан.  Үүнд та тайлбар хийгээч?

-Үнэхээр тийм юм байхгүй ээ.  Бид АТГ-аас 900 гаруй албан тушаалтантай холбоотой, тэдний хамаарал бүхий этгээдийн тухай мэдээллийг авсан. Өнгөрсөн жил тэдэнтэй холбоотой болон хамаарал бүхий этгээдийн ямар ч компани ЖДҮХС-гаас зээл аваагүй.  Түүнээс өмнө албан тушаалтнуудын хамаарал бүхий компани зээл авсан асуудал байна уу гэдгийг шалгаж өгөөч гэж АТГ-т хандсан. Өмнө нь сайд байсан хүн ах, дүү нарынхаа нэр дээр зээл авсан уу, үгүй юу гэдгийг бид тогтоож чадахгүй. Дорж гэдэг сайд байлаа гэж бодоход ах, дүү, хамаатан садан нь хэн бэ гэдгийг бид танихгүй. 

Үүнийг хянадаг байгууллага нь АТГ. Тиймээс асуудал байвал тогтоогоод өгөөч гээд хандчихсан байгаа. Харин сая Ч.Улаан сайдын гаргасан тушаалд төрийн өндөр албан тушаалтантай холбоотой аж ахуйн нэгж байвал үндсэн төлбөрийг түр зогсооход хамаарахгүй гэж бичсэн. Үүнийг гуйвуулж байгаад үнэхээр харамсаж байна.  Харин ч бид төрийн өндөр албан тушаалтантай холбоотой аж ахуйн нэгж зээл авсан байвал зээлээ төл гэж шахаж байхад мушгиад, тэдэнд зориулсан шийдвэр гаргалаа гэж ярих гээд байна.  Тийм зүйл байхгүй ээ. Харин тушаал гарсантай холбогдуулан аж ахуйн нэгжүүд төрийн өндөр албан тушаалтантай хамааралгүй гэдгээ батлаад, зээлийн гэрээгээ өөрчлөх хүсэлтээ ирүүлээд, дахин гэрээ хийгээд явж байна.

-Хэчнээн байгууллага зээлээ зургадугаар сарын 30 хүртэл төлөхгүй байж болохоор болж байна. Тоо нь гарсан уу?

-Бидний урьдчилж тооцсоноор 3.1 тэрбумын эргэн төлөлт энэ хугацаанд хойшлогдох юм байна. 130 орчим аж ахуйн нэгж хамрагдах нь гэж тооцсон.  Үүнд зээлээ хугацаандаа төлөхгүй байгаа, хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй аж ахуйн нэгж багтахгүй. Мөн төрийн өдөр албан тушаалтантай хамаарал бүхий аж ахуйн нэгжийн зээлийн үндсэн төлөлтийг хойшлуулахгүй. Зээлээ төл гэж шахаж байгаа.

-ЖДҮХС-гаас хоёр адилхан аж ахуйн нэгж зээл авлаа гэж бодъё. Нэг нь үндэсний үйлдвэрлэгчдээсээ түүхий эдээ авч, жинхэнэ утгаараа үндэсний үйлдвэрлэл эрхлэхийг хичээдэг. Гэтэл нөгөөх нь гадаадаас хямд, чанар муутай түүхий эд оруулж ирээд, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ тохиолдолд дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж буй аж ахуйн нэгж хохирох гээд байдаг гэдэг гомдол гардаг. Зээлийн журамдаа ЖДҮХС-гаас зээл авсан бол дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ёстой гэж тусгаж өгч болдоггүй юм уу гэсэн ч санал, гомдлыг үйлдвэрлэгчид тавьж байна?

-Яг ийм чиглэлийн заалтыг журамд тусгаж өгсөн. Бид хэдэн ширхэг цаас аваад л шалгаруулчихдаг юм биш шүү дээ.  Төсөл дотор чинь эдийн засгийн тооцоо, нэгж бүтээгдэхүүний үнэ өртөг, ямар ашигтай байх юм. Түүхий эдээ хаанаас, ямар үнээр авах юм гэдгийг бүгдийг нь оруулж өгнө, аж ахуйн нэгжүүд. Тэр болгонд оноо тавьж байгаа. Төсөл дөрвөн үе шаттай. Эхний ээлжинд бичиг баримтын бүрдэл байгаа эсэхийг харна. Нэг л бичиг баримт дутуу бол эхний шатанд хасагдана. Хоёрдугаарт, сангаас зээл авах гэж байгаа аж ахуйн нэгж байна гэж тооцвол ЖДҮХС-гийн мэргэжилтэн төслийг нь судалж үзнэ. Хаанаас, ямар материал аваад, хэдэн ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлээд, ямар үнээр зарах юм гэдэг тооцооллыг нь судална гэсэн үг. Тэгээд оноо тавина. 70-аас дээш оноо авсан төсөл дараачийн шатанд орно.

Гуравдугаарт, газар дээр нь очиж үзнэ. Өмнө нь нэг хүнээр төсөл бичүүлээд, ямар байдлаар сангаас зээл авдаг. Авсан зээлээ төсөлдөө зарцуулдаггүй. Ийм жишээ байгаа. Үүнийг байхгүй болгохын тулд хаана, ямар үйлдвэртэй юм гэдгийг нь очиж үзэж, шалгаж байж оноо тавьж байгаа. Дөрөвдүгээрт, төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар оруулж, шалгаруулдаг.  Ийм нарийн журамтай болсон. Бид ямар л алдаа байна, тэр бүхнийг засахын төлөө ажиллаж байгаа.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.