2020 оны 3-р сарын 27
11 цаг 40 минут

Д.Энхбаатар: Намуудын мөрийн хөтөлбөр ямар ч стратеги алга, яг ижилхэн байна

      2020 оны сонгууль хаяанд иржээ. Үүнийг батлах гэсэн шиг “Үндэсний аудитын газар” МАХН,  АН мөрийн хөтөлбөрөө гардуулсан. Тэдний мөрийн хөтөлбөр олны анхаарлыг татаж, тэр хирээрээ нилээд их шүүмжлэлийг хүртээд байгаа. Тэгвэл өнөөгийн улс төрийн чиг хандлага, сонгуулийг хэрхэн үр дүнтэй явуулах талаар “Виннер Стратеги Групп”-ийн   үүсгэн байгуулагч Д.Энхбаатартай ярицлаа.

-Юуны өмнө бидэнд цаг зав гарган энэхүү ярилцлагыг өгөхөөр болсон танд талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Ингээд 2016 VS 2020 оны сонгуулийн талаар яриагаа эхлүүлье гэж бодлоо. Дөрвөн жилийн мөчлөг дуусч, өдгөө ард  түмэн өөрийн сонголтондоо дүнгээ тавьж, дүгнэлт хийх цаг болжээ. Таны хувьд мэргэжлийн хүн. Өнгөрсөн хийгээд одоод ямар дүгнэлт хийж байна.

-Уншигч түмэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол түмэн минь сайхан хаваржиж байна уу? Юун түрүүнд “Ковид-19”-ийн тархалт дэлхий даяар 95 орчим хувьд хүрчлээ, бид сонор сэрэмж анхаарлаа огтхон ч сулруулахгүй байх нь чухал шүү.

За тэгээд таны асуултанд хариулъя. Тэгэхээр энэ удаагийн сонгуулийн тогтолцооны талаар  товчхон мэдээлэл өгсөн нь дээр байх. Найм дахь удаагийн буюу 2020 оны сонгууль олон мандаттай томсгосон мажоритар хэлбэрээр явагдана. Энэ нь Монгол Улсын хэмжээнд жижиг 76 тойрогт хуваагддаг байсныг томосгоод 29 том тойрогт хуваасан гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн тойргийг томсгосноор сонгогчдийн тоо ихэсч, 2-3 мандаттай болохоор сонгогчид мандатын тоогоор хүн дугуйлах хувилбар бөгөөд сонгуулийн тогтолцооны хувьд хамгийн муу сонголт боллоо. 2008 онд эл тогтолцоогоор яваад үр дүнд нь сонгогчид санал нийлэхгүй эсэргүүцэж 7 сарын 1-ны харамсалтай үйл явдал болсныг олон нийтэд дахин сануулах нь илүүц биз.

Сүүлийн үеийн судалгааг харахад, сонгогчдын дийлэнх нь аль нэг нам эвслийг дэмжихгүй, цэвэр шинэ хувь нэр дэвшигчдийг дэмжинэ гэсэн байна лээ. Энэ нь өөрөө сонгогчид хуучин удирдагчдаас ямар нэгэн үр дүн олж хараагүйг илтгэж байгаа юм. Товчхондоо сонгогчдын бодол сэтгэхүй, хандлага өөрчлөгдсөн.  Тэр бүү хэл сонгуулийн үеэр хар пи ар, нэгнээ гүтгэдэг, мөнгө тараадаг, царцаа нүүлгэдэг арга барилаа өөрчлөх хэрэгтэй болсныг судалгаа харуулж байна. Өмнө нь сонгуулийн төлөвлөгөөг зөвхөн мэдрэмж, туршлага дээр суурилж стратеги нь хийгддэг байсан бол энэ удаагийн сонгуулийг мэдлэгт суурилсан цэвэр тунгалаг өрсөлдөөнийг дэмжсэн стратегийг боловсруулан ажиллах нийгмийн захиалга үүсээд байна. Ингэснээр улс төрийн сонгуулийн шинэ соёл төлөвших, улс төрчдийн үргүй зардал, эрсдэл буурч, зорилгодоо хүрэх магадлал нэмэгдэх, санхүүгийн оновчтой зарцуулалт бий болох гээд олон эерэг үр дүнг хэлж болно. Улс төрийн үйл ажиллагааны хувьд тасралтгүй, тогтвортой болж сайжирна.

-Ард иргэдийн хүсэл нам эвсэл гэхээсээ илүү шинэ цэвэр хүн гаргах сонирхол дээр тулгуурлаж байгаа гэлээ.  Гэтэл энэ удаагийн сонгуулийн хууль ийм боломжийг хаачихсан санагдаад байх юм.  Өөрөөр хэлбэл, намаас бас өөрийнх нь нэр хүнд, бэл бэнчингээс шалтгаалах сонгууль болох юм биш үү?

- Тийм. Энэ жилийн сонгуулийн тогтолцооны сул тал л даа. Олон мандаттай томсгосон мажиратор тогтолцоог ямар тохиолдолд сонгодог гэхээр, эрх барьж буй нам нь ялах магадлалаа өндөр байлгахаар тооцсон сонуулийн стратеги болчихоод байна. Энэ нь эрх барьж буй намын хувьд сонгож болох хамгийн сайн сонголт байж мэдэх ч улс орон, иргэдэд бол сайн биш.  Сонгодог ардчилалтай орнууд болох Америк, Герман, Англи, Япон зэрэг орнуудад энэхүү олон мандат бүхий томсгосон мажоритар тогтолцоо сул тал ихтэй тул хэдийн татгалзчихсан. Одоо хэрэглэгдэж буй тогтолцоонууд дотроос хамгийн муу хувилбар гэсэн үг. Харамсалтай нь эрх баригчид ухралт хийсэн сонгуулийн хууль баталсан нь дахиад иргэд, сонгогчдынхоо хүсэл сонирхлын эсрэг үйлдэл хийчихлээ.  Шууд хэлэхэд цэвэр өрсөлдөөнийг боомилж, бодлогын өрсөлдөөнд оролцох танигдаагүй шинэ залуу улс төрчид, эмэгтэйчүүдэд хаалт болсон шийдвэр юм.

Гэхдээ хууль нэгэнт батлагдсан, галт тэрэг хөдөлсөн. Үүний эсрэг бид юу ч хэлээд нэмэргүй. Энэ хуулиар нь л явна. Нөгөөтэйгүүр залуучуудад огт боломж байхгүй гэж хэлж болохгүй. Нийгэм өөрөө шинэ залуу улс төрчид, шинэ үеийн ухаалаг хүчтэй улс төрчдийг хүсч, захиалж байгаа учир сонгуульд залуучууд түлхүү оролцох нь зөв. Тэгэх хандлага ч байна.

Сонгуулийн стратеги нь өөрөө цэвэр тунгалаг өрсөлдөөн байх ёстой байхад харамсалтай нь манайд өнгөрсөн сонгуулиуд хар пи ар зонхилсон, өнгө мөнгөний өрсөлдөөн болчихсон. Энэ нь бүр сонгуулийн технологи мэт иргэд ойлгочихсон байна. 2020 оны сонгууль мөн ижил эхэлж байх шиг бололтой. Бие биенээ гүтгэдэг, эрх барьсан намынхаа хийж бүтээснийг үгүйсгэдэг,  бие биенийхээ мөрөөдөл зорилгыг замхруулдаг хар пи арын ажлууд эхэлж байна. Зарим нэг эрэн сурвалжлах нэвтрүүлгүүд яваад эхэллээ. Тиймээс залуучууд маань сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй. Гэхдээ оролцож байна гээд ах нарынхаа буюу өмнөх удирдлагуудын алдааг давтаад, үргэлжлүүлээд байж болохгүй. Зогсоох ёстой. Аль болох цэвэр тунгалаг өрсөлдөж, бодлогын мэтгэлцээнийг өрнүүлж, мэдлэг оюун дээр суурилсан мэтгэлцээнт сонгуулийг зохион байгуулах шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Томсгосон мажиротар тогтолцоо бол ялах магадлалаа бодож нийгмийн захиалгын эсрэг хийж буй амьд үлдэх гэсэн арга

-Ухралт хийж. Намынхан өөрсдөдөө үл итгэж. Өөрөөр хэлбэл эрх барьж байгаа нам ялагдахгүйн тулд ийм тогтолцоогоор сонгууль явуулах нь. Зөв үү?

-Тогтолцооны хувьд муу хувилбарыг мэдсээр байж ялах магадлалаа бодож нийгмийн захиалгын эсрэг хийж буй амьд үлдэх гэсэн арга. 1992 оноос хойшхи 7 сонгуулийн үр дүн үүнийг харуулж байна. Нэг нам дарааллаад дахин олонхи болсон тохиолдол байхгүй. Тэр дүр зургаараа ч эд нар томсгосон тогтолцоог сонгохоос өөр аргагүй байсан гэж хувь судлаачийн үүднээс үзэж байгаа.  Сөрөг хүчин хэчнээн эсэргүүцээд ч дийлсэнгүй 65 хүч түрэн баталсан.

-2016-2020 оны парламент юу хийж бүтээв?

-Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж чадсан. Энэ бол яалт ч үгүй нийгмээрээ хүлээн зөвшөөрөх зүйл.  Хэдий бүх зүйл заалт сайжирсан гэж хэлэхгүй ч тодорхой саналуудыг тусгаж чадсан.  Энэ нь Монголын ирээдүйд гэрэл асаах зүйл болсон гэж үзэж байна. Утааг арилгаж чадлаа. Зоригтой хийвэл чадаж байна, болж байна.

Магадгүй энэ жил илүү цэвэр тунгалаг өрсөлдөөнийг эрхэмлэж, зөвхөн мэдрэмж практикт суурилсан стратеги биш мэдлэгт, эрдэмтэн судлаачдын гаргаж ирж буй шийдлүүдэд суурилсан стратегитэй байх юм бол бид зөв хүмүүсийг гаргаж ирэх боломжтой.

Сонгогчдод боловсрол байхгүй биш төөрчихсөн байна

-Тэгэхийн тулд сонгогчдын боловсролын асуудал хөндөгдөх байх?

-Уг нь эрх барьж байгаа төр өөрөө сонгуулийн бус үед сонгогчдын боловсролыг дээшлүүлж, сонгогчдын тархины эргээг өөрчлөх ёстой. Нийгмээ дагаад сонгогчид өөрсдөө боловсорч байна. Нөгөөтэйгүүр сонгогчдод боловсрол байхгүй биш төөрчихсөн байна. Үүний гарц гаргалгааг хийх нь төрийн үүрэг шүү дээ. Гэтэл иргэдийн энэ төөрөгдөл дээр хамгийн муу тогтолцоог санал болгоод өөрсдөө ялах гэж хичээдэг.  Дахиад л нөгөө амжилт байхгүй нөхдүүд, нөгөө 30 гэр бүлийн хамаарал ялалт байгуулах тогтолцоогоор сонгууль явна.

-Тэгэхээр л өнөөх нэр хүндтэй, олны танил, бизнесмен, мөнгөтэй гэдэг хүчин зүйлс автоматаар шууд нөлөөлөхөөр байгаа байхгүй юу?

-Тийм. Автоматаар нөлөөлнө. Энэ тогтолцооны сул тал нь гэсэн үг. Өнөөх мэдлэг боловсролтой, улс орны ачаа үүрэх цаг нь болсон, биеэ зассан, гэрээ засчихсан олонд танигдаагүй шинэ улс төрчид хаагдмал нөхцөлд сонгуульд оролцох гээд байна.

-Бас нэг зүйл байна. Иймээс л заавал аль нэг нам, нөлөө бүхий хүнд харьяалагдахаас өөр аргагүй болоод байгаа юм биш үү?

- Тийм. Би улс төрийн намын ирээдүйг энгийн байдлаар өөрийн хувийн өнцгөөс тайлбарлахыг оролдох гээд үзье. Учир нь улс төрийн зөв хөгжил, улс орны хөгжилд шууд нөлөөлөөд байна л даа. Аливаа институт, улс төрийн намын үйл ажиллагааг тулгын гурван чулуут бодлого дээр тогтдог гэвэл нэгдүгээрт: улсаа хөгжүүлэх бодлого, мөрийн хөтөлбөр,  хоёрдугаарт: хүний нөөц бодлого, гишүүнчлэл, гуравдугаарт: санхүүжилтийн бодлого. Нэг дэхь тулгуур чулуу буюу улс орноо хөгжүүлэх бодлого, мөрийн хөтөлбөр тодорхой хэмжээнд боловсруулснаа иргэд, сонгогчдод танилцуулаад эхэллээ. Тэгвэл энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх намын гишүүнчлэлийн бодлого нь учир дутагдалтай, санхүүжилтийн бодлого нь мөн ижил. Хоёр дахь тургуур буюу гишүүнчлэлийн бодлого нь намуудын хувьд хатуу гишүүнчлэлтэй байдаг нь иргэдийн хүлээлтэнд байдаг шинэ залуучууд гарч ирэхэд их саад болж байгаа юм. Тодруулбал, нэг намын гишүүн улаан батлахтай бол буруу зөв ч улаан л гэнэ. Нөгөө намын гишүүн цэнхэр батлахтай бол тэрийгээ л гэнэ. Ийм л хатуу гишүүнчлэлтэй байна. Үндсэндээ улс орны идэвхитэй иргэдийг, нэг гэр бүлийг улаан, цэнхэр гээд хоёр хуваачихсан. Сонгууль бол айлын бүтцээр яваад байна. Тэгэхээр гурав дахь хүчин гарч ирэх боломж маш бага. Энэ хоёр нам нь ээлжилж 30 жилийн хугацаанд засагласан учраас иргэд сонгогчдоо хуваагаад авчихсан. Халаасны оноо буюу энэ хоёр намд орчихвол сонгогдох магадлал автоматаар 20-30 хувь өсдөг. Энэ нь өөрөө хатуу гишүүнчлэлтэй шууд холбоотой. Сонгодог ардчилалтай хөгжингүй орнууд бол хатуу гишүүнчлэлээс татгалзчихсан. Дэмжигчидтэй л байдаг. Нам нь буруу явбал дэмжигчид нь холдоод явчихдаг.

Одоо бол намаас гарах нь эх орноосоо урвасан юм шиг хүмүүсийг хүнд байдалд оруулдаг. Ийм байдал нь залуучуудыг улс төр сонирхох, мөн хэн нэгэнд тамгатай болох, цүнх баригчаар цолуулахаас айж улстөрд орохгүй байх шалтгаан болдог. Гэтэл залуус сайн лидер дагаж хөгждөг жамтай. Хатуу гишүүнчлэлээс намууд татгалзах хэрэгтэй.  

Мөн санхүүжилтийн бодлогодоо зоригтой шинэчлэл хиймээр байна. Намын санхүүжилт гишүүдийн татвар, хандиваас бүрдэнэ. Татвар нь ёс төдий бага. Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийг нэр дэвшигч өөрөө хариуцна. Мөн намдаа хандив өгч нэр дэвших эрхээ авна. Нэг нэр дэвшигчээс гарах дээд хэмжээ нь улсын хэмжээнд дунджаар 500 сая байна. Энэ бол хуулиар тогтоосон тоо. Гэтэл өнөөдөр 500 саяыг төлчих хүн хэд байгаа юм бол. Эргэлзээтэй.

Ард түмний сонголтоор, ард түмний мөнгөөр гарч ирсэн юм чинь тэр хүн ард түмний төлөө л ажиллана шүү дээ

-Хатуу гишүүнчлэл, намын санхүүжилтээс болж улс төрийн шинэ залуу хүчнүүд гарч ирж чаддаггүй. Чаддаг байлаа ч сонгуульд зарцуулсан мөнгөө олох гэж улайрдаг гэж ойлгож болох уу?

- Шууд утгаараа харамсалтай нь тийм. Дэлхий дахинд улс төрийн намын санхүүжилтийн 2 үндсэн бодлого байна. Нэг нь манайд одоо явж байгаа дээр хэлсэн муу бодлого. Нөгөө нь сонгодог ардчилалтай гэгддэг хөгжингүй зарим орнууд төсвөөс буюу татвар төлөгчдын мөнгөөр санхүүждэг. Энэ бодлогоор улс төрд гарч ирсэн хүмүүс мөнгөний төлөө ажилладаггүй. Ард түмний сонголтоор, ард түмний мөнгөөр гарч ирсэн юм чинь тэр хүн ард түмний төлөө л ажиллана шүү дээ. Тэгэхээр сайн бодлого байгаа биз. Энэ хувилбар руугаа л явах хэрэгтэй. Тэгтэл манайхан муу хувилбараар яваад нөгөө арай хийж босгосон компанийнхаа мөнгийг сонгуульд хийчихээр компанидаа л өр тавина биз дээ. Тэр чинь компанийн л мөнгө.

Ингээд улс төрд гараад тэр зарцуулсан мөнгөө олохгүй бол компани хаалгаа барина. Мөн тэр мөнгийг бүлэг фракц, бизнесийн бүлэглэлүүдээс босгох, эргээд тэд нарынхаа эрх ашгийн төлөө ажиллах болдог. Энэ нь өөрөө намын санхүүжилтийн хуультай холбоотой. Дөрвөн жилд нэг удаа болдог улс төрийн сонгуулийг маш бага зардлаар, төсвийн мөнгөөр буюу татвар төлөгчдийн мөнгөөр зохион байгуулдаг болчихвол, их хурал хуулиа л тогтоодог, төлөөллөө л хийдэг болчихвол энэ буруу зүйл өөрөө цэгцэрнэ. Хар ухаанаар бол өөрсдийн төлөөллөө өөрсдийн мөнгөөрөө л явуулах нь зүй биздээ. Хууль бол өөрөө энгийн амьдралаас л урган гарна. Ингээд залуус бид ийм зүйлсийг олж ярих нь өөрөө сайн цаг ирэхийн дохио л гэмээр байна.

-Үүнийг татвар төлөгчид хүлээж авч, ойлготол цаг хугацаа их зарцуулагдах байх?

- Мэдээж одоо шууд уншаад энэ одоо юу гээд байгаа юм гэх байх. Өөрсдийн мөнгөөр сонгууль хийж гараад бидний боломжийг хулгайлахыг бид зогсоох хэрэгтэй. Сонгуулийн зардлыг нь багасчихвал асуудал байхгүй. Тухайлбал, тэтгэврийн шинэчлэл нэрээр зээлийг тэглэж байснаас тэр мөнгөөр сонгууль зохион байгуулсан бол шударга сонгууль болох байсан уу. Байсан. Энэ үйлдлийг би хувьдаа сонгуулийн жил дөхсөнтэй холбоотой санал татах стратеги л гэж хэлнэ. Бүтээн байгуулалт, дэд бүтэц рүү мөнгө хийхээр нийтлэг иргэдийн амьдрал нөлөө байхгүй тул санал руу л мөнгө хийчихэж байгаа хэрэг. Одоо залуу үеийн төлөөлөл гарч л шинэчлэлийг зоригтой хийнэ.  Жишээ нь Украйны хошин урлагийн жүжигчин 42 настай залуухан улс төрч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Владимир Зеленский ялалт байгуулсан. Тэрээр авилагын эсрэг тэмцэнэ гэж ялалт байгуулаад эхний алхамаараа парламентийн халдашгүй байдлыг цуцлах шийдвэр гаргасан байдаг. Залуучууд гарч ирээд ийм зоригтой үйлдлүүдийг хийх хэрэгтэй. Санхүүжилт өөрөө зөв болчихвол сонгууль шударга ч явагдана. Мөн их хурлын элдэв эрх мэдлийг багасгах хэрэгтэй. Тэгвэл бизнесийнхэн орж ирэхгүй. Бизнесээ л хийнэ. Бизнесийнхэн бол ашиг л үйлдвэрлэхэд гаршсан улс шүү дээ. Тиймээс намууд өөрсдөө зоригтойгоор шинэчлэгдэх хэрэгтэй. Тэртээ тэргүй ийм том зүйл дээр иргэд, сонгогчид зөрчилдөнө шүү дээ. Ойлгуулах шат дараалласан арга хэмжээ авахад манай иргэд ойлгоно.

Иргэд сонгогчид судалгаа, мэдлэгт суурилсан зөв стратеги төлөвлөлт бүхий цэвэр тунгалаг өрсөлдөөнийг хүсч байна

- Одоо тэгвэл сонгуулийн улстөрийн стратеги, сонгуулийн технологи гэдэг зүйлрүүгээ оръё. Чухам юуг сонгуулийн стратеги, сонгуулийн технологи гээд байгаа талаар маш энгийнээр тайлбарлаад өгөхгүй юу?

Стратеги гэдэг нь дахин давтагдашгүй, цор ганц санааг гаргаж ирэх, өөр байх, оновчтой байх, тасралтгүй ялгарах шинж чанар бүхий үйл явц ажиллагааг л хэлээд байгаа юм.  Одоо бол улстөрийн намуудын сонгуулийн стратегийг хэн хийгээд байна гэхээр мэдрэмжтэй, туршлагатай гэгдэх үе үеийн намын лидерүүд хийж байна. Эд нараас мэдрэмж бас туршлага гарна. Туршлага бүр сайн байдаггүй. Туршлага бол өөрөө алдааны цуглуулга. Манай туршлага бүхий улс төрчдийн мэдрэмж нь нөгөөх л хар пи ар, харлуулалт, гүтгэлэг, мөнгө тараах, царцаа нүүлгэх. Гаршсан арга, туршлага нь энэ.  Ингэж сонгуулийг удирдаж байгаа нь өөрөө сонгууль ийм явдаг гэдэг ойлголтыг нийгэмд үүсгэчихсэн. Сонгуулийн технологи энэ юм байна гээд улс төрчид нь ойлгочихсон. Энэ бол хатуу үнэн.

Гэтэл нийгмийн захиалга иргэд сонгогчид судалгаа, мэдлэгт суурилсан зөв стратеги төлөвлөлт бүхий цэвэр тунгалаг өрсөлдөөнийг хүсч байна. Иймээс улс төрийн сонгуулийг бохир өрсөлдөөний талбараас цэвэрлэж, өнгө мөнгөний бус цэвэр стратегийн өрсөлдөөнөөр шударга явагддаг болгож, эх орныхоо төлөө хийж бүтээх чин эрмэлзэлтэй, мэдлэг чадвартай улс төрчдийг дэмжин ажиллахаар бид “EXPERT POOL” буюу мэргэжилтнүүдийн цөмийг үүсгэн ажиллаж байна. Мөн сонгуулийг хуулинд заасан богино хугацааны ажил гэж ойлгодог улс төрчдийн сэтгэлгээнд өөрчлөлт хийж, сонгуулийн өмнөх кампанит ажил буюу нэг сонгуулиас дараагийн сонгууль хүртэлх хугацаанд тасралтгүй үргэлжлэх үйл явцыг хэрэгжүүлэх улс төрийн соёлыг нэвтрүүлэхийн төлөө бид явна. Энэ мэдээж хэцүү бас цаг хугацаа орно. Гэхдээ эхлүүлэх цаг нь болсон. Энгийнээр хэлбэл нэр дэвшигчдийн ялах замын зөв луужин болж өгөх зорилготой.

-Нэр дэвшигчид яг ийм мэргэжлийн баг, зөвлөхүүдээр бодлого стратегиэ тодорхойлуулах гэхээсээ илүү сонгуулийн штабаа гэр бүл, хамаатан саднаараа бүрдүүлчихдэг. Монголд ийм л байдаг. Санал нийлнэ биз?

- Яг үнэн. Ирээдүйд сонгуулийн кампанит ажил нь итгэлтэй хүмүүсийн дан ганц туршлага, мэдрэмж, төсөөлөл дээр тулгуурлан хийгддэг зүйл байхаа больж мэргэжлийн улс төрийн стратегийн байгууллагуудтай хамтран ажилладаг мэдлэг сууртай үйл явц болохын төлөө л бид ажиллаж байна. Олон улсад ч ийм жишиг аль хэдийн нэвтрээд улс төрийн бохир өрсөлдөөнөөс салж эхэлцгээж байна. Тиймээс бид энэ мэргэжлийн улс төрийн стратегийн агентлаг байгуулах цаг нь болсон гэж үзэж байна.

Гурван хүн явж байлаа гэхэд стратеги муу бол гурвуулаа унах магадлалтай

-Нэг нэр дэвшигч дээр цорын ганц бодлого боловсруулж байж л стратеги биелэлээ олно биз дээ?

- Дэлхий дээр долоон тэрбум нүдний харц, нүүрний төрх, хурууны хээ байдаг шиг долоон тэрбум стратеги байх боломжтой. Дорж дээр хийгдсэн 2016 оны стратеги энэ удаа Цэцгээ дээр хэрэгжих боломжгүй. Яагаад гэвэл сонгогчид өөрчлөгдсөн. 2016 онд 17 настай байсан хүү 2020 онд 21 нас хүрээд сонгогч болсон. Тэдний цаг үе өөр. Дэлхий даяар Gen Y, Z… үзэл бодол хүсэл мөрөөдөл шал өөр. Манай нийт хүн амын 63 орчим хувь нь 35 хүртэлх насны залуус байна. Тэгэхээр манайх залуучуудын орон. Залуучуудын стратегийг залуус л гаргана. Гурван хүн явж байлаа гэхэд стратеги муу бол гурвуулаа унах магадлалтай. Хэдий багийн өрсөлдөөн юм шиг харагдаж байгаа боловч баг доторх өрсөлдөөн явагдаж байдаг. Хүн хүссэн хүсээгүй өөрийгөө л бодно ш дээ. Баг доторх өрсөлдөөнөө хийе гэхээр гурвуулаа адилхан юм чинь яахын. Чадахгүй. Тиймээс хувь хүнд заавал стратеги хэрэгтэй. Тойргийн онцлогоосоо шалтгаалаад, хувь хүнээсээ шалтгаалаад ахиад өөр өөр стратегитай байх ёстой. Цорын ганц нэг стратеги гаргах юм. Намууд бол үндсэн стратегаа өөрсдөө гаргана. Түүнээс биш хувь нэр дэвшигч дээр намууд ажиллаж чадахгүй. Тэгэхээр 76 гишүүнийх нь хувь стратеги алдагддаг.  Тэгэхээр мэргэжлийн зөвлөх агентлаг авч ажлуулах шаардлагатай. Тэр нь өмнө манайд байгаагүй. Байгаа хэд нь нэгдэж чаддаггүй. Харин бид салбар бүрийн мэргэжлийн зөвлөхүүдийг  нэгтгэсэн байгаа. Энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийгээд сонгодог ардчилалтай орнуудаас хамгийн шалгарсан технологийн ном товхимол, гарын авлага, судалгааны материалууд гаргасан байна. Хувь нэр дэвшигч өөрөө сонгуулийн стратегийн гарын авлага хараад ажиллаж болно. Гэхдээ тэдэнд заавал мэргэжилтнүүдийн тусламж зайлшгүй хэрэг болно, тэгэхгүй бол дутуу муу төлөвлөгөө бол бүр хор хөнөөлтэй. Ингэж ажиллахад итгэл гэдэг асуудал яригдана. Энхбаатар гэдэг хүнд итгэж болно. Тэгвэл манай багийнханд яаж итгэх юм. Нөгөө өрсөлдөгчид очоод өөрийнх нь талаар ярихгүй байх итгэл яригдана. Бид үүнийг л амалж байгаа. Цэвэр мэргэжлийн ёсзүй, итгэлцлийн асуудал. Нэг тойргийн хоёр өрсөлдөгч дээр хэзээ ч ажиллахгүй. Хар пи ар дээр ажиллахгүй. Цэвэр өрсөлдөөн дээр мэргэжлийн зөвлөгөө өгнө. Тухайн нэр дэвшигчийн үндсэн штабыг байгуулахад нь зөвлөөд, чиглүүлээд явна. Итгэж чадвал ялж чадна. Мэргэжилтнүүдтэй хамт ялалтаа төлөвлө л гээд байгаа юм.

-Ийм төрлийн мэргэжлийн түвшний зохицуулалт гадны өндөр хөгжилтэй оронд хөгжчихсөн, байр сууриа олсон байдаг. Үүнийг яаж нэр дэвшигчид, ард иргэдэд ойлгуулмаар юм бэ?

-Эхлэл нь тавигдах л ёстой. УИХ-ын ээлжит сонгуульд 5 багцаас 500 орчим нэр дэвшигч өрсөлдөнө. Бид бүгдтэй ажиллах боломжгүй. Илүү ухаалаг, цэвэр тунгалаг өрсөлдөөнийг эрхэмлэдэг, итгэж чадсан нь бидэнтэй ажиллана гэж харж байна.  Тэдний гаргасан үр дүнгээр л бидний ажил үнэлэгдэнэ шүү дээ. АНУ-д тухайлбал “Стратеги 360” улс төрийн стратегийн зөвлөх агентлаг байна. Бид холбогдож хамтран ажиллах санал хүргүүлэхэд таатай хүлээн авсан. Судлаач төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Монголд ирэх боломж байлаа даанч нөхцөл байдлаас болж цуцлагдсан байгаа. Мэргэжлийн агентлагаар улс төрийн стратеги, сонгуулийн кампанит ажил дээр хамтрах нь тухайн нэр дэвшигчийн ялах магадлалыг огцом өсгөж байдаг. Манайд бол 2 том намаас нэр дэвшвэл 20 хувь өсдөг гэдэг шиг эднийд орвол шууд рейтинг өсдөг жишээний. Ийм болтлоо мэргэжлийн зүйл нь өссөн. Эдний бүтээл Барак Обамагаас эхлээд байна. Барак обама өөрөө эл компанийн зөвлөх байж байгаад улстөрч болоод явсан байх жишээтэй. Мэдээж пиар явагдана. Энэ нь эерэг, цагаан байх ёстой.

- Стратеги баахан ярьлаа. Одоо технологийн талаар товчхон ярилцая ?

- Ер нь сонгуулийн технологийг дээр бас баахан ярилаа. Маш энгийнээр хэлэхэд бид цэвэр тунгалаг өрсөлдөөний л хэв маягийг хэлээд байгаа юм. Яахав онолын хувьд сонгуулийн технологи буюу сонгуулийн кампанит ажлын дараалал гаргавал бэлтгэл ажил, судалгаа, нөхцөл байдлыг үнэлэх, ажлын зорилгыг тодорхойлох, зорилтот сонгогчдыг тодорхойлох, мессеж боловсруулах, сонгогчдод хүрч ажиллах төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх... гэх мэт хольцыг л технологи гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл кампанит ажлын зөв төлөвлөлт нь технологи болдог. Зарим хөгжингүй орнуудад сонгуулийн технологичдийг бэлтгэдэг болсон байна.

-Энэ удаагийн сонгуулийн тогтолцоо эмэгтэйчүүдэд бүр хаалттай болчихсон уу?

-Томсгосон тойргийнхоо онцлогоор бол хэцүү. Гэхдээ нийгмийн захиалга бол эрэгтэй улстөрчдөөс уйдсан байна. Эрчүүдийн давамгайлал, манлайллаас уйдсан. Эмэгтэйчүүдийг сонгох магадлал бас өндөр. Эмэгтэй лидерүүд гарч ирэх бүрэн боломж байгаа. Харамсалтай нь хоёр том нам болон бусад намуудад эмэгтэй лидерүүд цөөхөн байна. Сонгууль өөрөө маш хатуу байдаг. Тиймээс эмэгтэйчүүдээс хатуу чанга байх, тэр ирж байгаа дайралт мессежийг даваад гарах сэтгэлийн тэнхээ шаарддаг учраас тэрний ард гараад үлдэх эмэгтэйчүүд маш цөөхөн санагддаг. Энэ жилийн сонгууль медиа талдаа болно. Тиймээс залуучуудын идэвхи оролцоо ч нэмэгдэнэ. Шинэ үеийн сонгуулийн технологи ашиглан, цэвэр өрсөлдөж, бодлогын мэтгэлцээн, үнэнд ойр шийдэл гарц яриад тэр нь хэмжигдэхүйц байвал залуучуудын сонгуулийн идэвхи нэмэгдэнэ. Залуу шинэ нэр дэвшигчид үүн дээр нэгдээсэй гэж хүсч байна. Ингэж чадвал бид стратегийн маш том нөөцөө сонгуульд оролцуулж, саналыг нь авч чадна. Хуучин улс төрчид үүнийг хийхгүй. Хийсэн ч сонгогчид хүлээн авахгүй. 

Гурван хүн явж байлаа гэхэд стратеги муу бол гурвуулаа унах магадлалтай

-Яг сонгуулийн өмнө шинэ нам гарч ирээд л намууд хоорондоо эвсэж байдаг. Мөн намаа сольж байна ? Энэ нь хэр оновчтой шийдэл вэ ?

-Эхнийх нь шилжиж байна. Энэ нь өөрөө эрүүл үзэгдэл. Намууд хатуу гишүүнчлэлгүй байх, эерэг ардчилал. Тэр хүмүүс буруу зүйлтэй эвлэрэхгүй, энэ буруу зүйлийг хийх гээд байгаа хүмүүсээс тусгаарлаад зөв юм хийе гээд гарч байгаа бол эрүүл үзэгдэл. Харин хувь хүний амбиц, цэвэр өөрийнх нь хааж боймлонгуут нөгөөгийнхөө эсрэг хийж байгаа бол буруу үзэгдэл. Намдаа өөрөө хортой. Одоо тухайлбал том намын лидерүүд хоорондоо эв нэгдэлгүй, ойлголцохгүй байдлаас шинэ нам байгуулаад гарч байна. Үүний цаана юу байгааг бид мэдэхгүй. Үнэхээр шинэ бодлого, шинэ улс төрийн соёлыг бий болгоно гээд явж байвал зөв байж болно. Хэвийн байх ч ёстой үзэгдэл. Зөвхөн ашиг сонирхол нь юу вэ гэдгээс л хамаарна. Цөөн хүнийх үү, улс орны төлөө юу. Нөгөөтэйгүүр, улс орны төлөө өөрсдийнх нь эсрэг ирсэн зүйлийг хүлээн зөвшөөрөөд явж болох л байсан. Тиймээс аль аль талаас нь бодох хэрэгтэй. Ардчиллыг иргэд эмх замбараагүй байдал гэж андуураад байна. Энэ чинь өөрөө илүү ёс суртахуун, хариуцлагыг шаардсан зүйл шүү дээ. Эрх нь байгаа ч нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдаж ёс зүйн хариуцлага шаарддаг ийм л зүйл. Хэн хөдөлмөрлөсөн, хэн зорилготой, хэн төлөвлөсөн нь л хожно. Зөв стратегитай хүн л ялалт байгуулна.

-Эвсэх нь?

- Зөв. Бас л стратегийн асуудал. Том нам нь санал хуваах боломжтой үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр нь ижил байгаа шинэ, жижиг намуудтайгаа эвсэх нь зөв стратеги. Санал авах хувиа өндөрсгөх, саналаа хуваалгахгүй байх гэсэн хоёр зорилготой л эвсдэг.

-Хамгийн сүүлийн асуулт. Та бүхэн мэргэжилтнүүдийн цөм учир мэдээж тодорхой хэмжээний судалгаа, монитаринг хийж л байгаа. Урьдчилсан байдлаар  2020 оны сонгуулийн өнгө цэнхэр үү, улаан уу. Зураглал гарч байна уу?

Бид судалгааны байгууллага, мэргэжилтнүүдтэйгээ хамтран ажиллаж байна. Нэлээн томоохон цэвэр тунгалаг үнэн судалгаа гарна гэж итгэж байна. Судалгаа хараахан дуусаагүй учир хувь судлаачийн мэдрэмж, байр сууринаас хариулж болох юм. Судалгаанд намуудын мөрийн хөтөлбөр, сонгуулийн хуулийн хугацааны өмнөх далд улс төрийн ажиллагаа их нөлөөлнө. Олон мандаттай томсгосон мажоритар тогтолцоо нь онол нь өөрөө нэг нам дийлэнх олонхи болох магадлал тун бага. Тухайн 3 мандаттай тойрогт 15 хүн байхад эхний гурван хүн л гарна. Нөгөө л нэг уламжлалт сонголт, сэтгэлгээгээр 2 том намаа нэг, хоёрт дугуйлчих хандлага гарна. Гурав дахь нь нийгмийн захиалга байх боломжтой. Шинэ залуу улс төрчид, эмэгтэйчүүдэд маань гурав дээр гарч ирэх боломж байна. МАН, АН дангаараа, МАХН хоёр намтай эвсээд, ШИНЭН эвсэл нь орж ирээд, ХҮН нам Электрод хөдөлгөөнтэй эвсээд 5 цул эвсэл болчлоо. Тэгэхээр 2 мандаттай тойрогт нийгмийн захилга хэцүү харагдаад байна. Одоо мөрийн хөтөлбөрөөрөө ялгарсан стратеги явуулах ёстой. Гэтэл мөрийн хөтөлбөрөө танилцуулсан намуудад ялгарах, онцгой байх шинж чанар буюу тэдэнд ямар ч  стратеги алга. Яг өмнөх арга барил давдагдаж нэг нам нь цалинг 3 сая болгоно, нөгөөх 5 сая гэх жишээний. Ингээд бүхэл бүтэн улс орныг авч явах намууд тодорхой ялгарах стратегигүй байхаар сонгууль нийгмийн захиалгаар явагдана гэдэг хэцүүхэн. Ийм хэрэгжих боломжгүй тооцоо судалгаагүй амлалтууд сонгуулийн ирцийг буруулах, нөгөө стратегийн нөөц бүхий 18-35 насны залуучуудыг 63,7 хувийг сонгуульд оролцохгүй байх хандлага руу түлхэчихэж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ хандлага хуучин улс төрчдын амьд үлдэх башир арга шүү дээ. Тиймээс шинэ залуу улс төрчид маань цэвэр тунгалаг өрсөлдөөнд нэгдэж, бүтэшгүй боломжгүй амлалтуудаа зогсоож, судалгаа, мэдлэгт суурилсан боломжит юмнуудаа ярьж шинэ үе гэдгээ нотлох хэрэгтэй байна. Эцэст нь уриалахад улс төрийн сонгуулийг бохир өрсөлдөөний талбараас цэвэрлэж, өнгө мөнгөний бус цэвэр стратегийн өрсөлдөөнөөр шударга явагддаг болгож, эх орныхоо төлөө хийж бүтээх чин эрмэлзэлтэй, мэдлэг чадвартай улс төрчдийг дэмжин ажиллах бидний зорилгод нэгдээрэй. Та бүхэндээ баярлалаа. Сонор сэрэмжээ бүү сулруулаарай. Амжилт хүсье.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.184.41Доогий   • 2020, 11 сарын 8. 1 цаг 40 минут

За Ээгий ойн шившиг минь чи цэвэр ариун шудрага хүн үү..Бузар булайг чинь дуудалцвал дуудалцана ш дээ..Үгээ бодож ярь..Чамайг хэн гэдгийг мэдэх хүмүүс арай үхэж дуусаагүй байна....

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.