УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Яг одоогоор тусгаарлах байрнаас 02.02-03.31 хүртэл 1075 хүн тусгаарлах байрнаас гарсан. Одоогоор 611 иргэн гэрээр хяналтад байгаа. Сум хорооны засаг дарга, СӨХ-ийн ажилтан, улаан загалмайн сайн дурынхан гэрээр хяналт тавьж ажиллаж байгаа.
Тусгаарлах байрнаас гараад яаж гэртээ харих вэ гэдэг асуудал байна. Баян-Өлгийн хүн тусгаарлалтаас гараад гэртээ харихдаа аль болох хувийн тээврийн хэрэгслээр зорчооч гэж зөвлөж байгаа. Аль боломжоороо нийтийн тээврээр зорчихгүй байхыг хүсье.
Одоо тусгай үүргийн нислэгээр ирэх хүмүүсээ хүлээж авах тусгаарлах байрны асуудлаа бүрдүүлж байна. Томоохон зочид буудлуудын удирдлагуудтай уулзлаа. Цаг үеийн хүндрэл байх шиг байна. Мөн үнэ хөлсний хувьд тохироогүй болохоор зарим буудлууд татгалзсан. Боломжтой буудлуудын судалгаагаа гаргаад хүн хүлээж авах боломжоо хангаж байна. Өнөөдөртөө тэр буудал тэр хүмүүс бууна гэдэг мэдээлэл өгөх боломжгүй байна.
Өчигдрийн байдлаар 15 том тээврийн машинаар олон улсын ачаа Монгол Улсад ирсэн. 314 тонн хүнсний бүтээгдэхүүн, 11,2 тонн эмнэлгийн бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүн ирээд тараагдах ажил хийгдэж байна” гэв.