Япон улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн онгоц дөрөвдүгээр сарын 03-ны өдөр нислэг үйлдэх байсан боловч нислэгийн хуваарьт өөрчлөлт орж, дөрөвдүгээр сарын 02-ны 13:05 цагаас Улаанбаатар-Наритагийн чиглэлд нислэг үйлдэхээр болжээ. Энэ талаар дөнгөж сая УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
УОК-ын гишүүн, Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцны хуваарьт өөрчлөлт орсон тул албан ёсоор мэдээлэл өгч байна. Токиогийн нислэг Улаанбаатараас маргааш буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 13.05 минутад хөөрч, орон нутгийн цагаар 19.00 цагт Токио хотод газардахаар боллоо. Харин буцаж ирэх иргэдийн цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй.
Токио хотоос ирэх иргэд дөрөвдүгээр сарын 3-ны өдөр 08.30 цагт Токио хотоос Улаанбаатар руу нисээд 13.05 цагт газардана. Энэ мэдээлэл гол нь Улаанбаатараас Токио явах гэж байгаа иргэдэд хамааралтай. Сөүл рүү нисэх нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй. Маргааш өглөө 08.40 цагт Улаанбаатараас хөөрөөд 12.50 минутад Сөүл хотод газардаж, улмаар Сөүлээс иргэдээ аваад 17.00 цагт Улаанбаатарт газардана" гэлээ.
УОК-ын Шуурхай штабын орлогч, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн "Тусгай үүргийн онгоцоор Сөүлээс 251 зорчигч ирнэ. Нийт 17 жирэмсэн эмэгтэй, 0-16 насны 21 хүүхэд, өндөр настай 56 хүн ирнэ гэх судалгаа гарсан. Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 255 зорчигч ирнэ. Өндөр настан 31, эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн 12, бага насны хүүхэдтэй гэр бүл, 2-16 насны 16 хүүхэд, бусад улс орноос дамжин ирж байгаа иргэд 52, жирэмсэн 4 гэсэн судалгаа урьдчилсан байдлаар ирсэн. Тусгай үүргийн онгоцод ХӨСҮТ-ийн эмч нар, МХЕГ-ын байцаагч нар явна. Тиймээс иргэд эмч, байцаагчдын асууж байгаа асуумжид үнэн зөв хариулах шаардлагатай" гэв.
Б.Аз