ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Энэ сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймаг буюу Зүүн хараад нэг, мөн Дархан-Уул аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарлаа. Цэргийн госпиталд тусгаарлагдсан Катар улсаас ирсэн 43 цэргийн албан хаагчдын шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын шугамаар буюу уушигны хатгалгаагаар эмчлүүлж байгаа 81 сорьцод коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 110, Цэргийн госпиталд тусгаарлагдсан 58 хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан. Орхон аймагт тусгаарлагдсан 20, Дархан-Уул аймагт 11, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр шинжилгээнд коронавирус илрээгүй. Нийт 326 шинжилгээ хийжээ" гэлээ.
-Тусгаарлагдсан иргэд гадуур яваад байна гэх мэдээлэл байна. Үүнд хэрхэн яаж хяналт тавьж байна вэ.
-Тусгаарлалтад авсан хүмүүсээ 21 хоногт хоёр удаагийн шинжилгээ хийгээд хариу нь сөрөг гарсан тохиолдолд эмнэлгээс гаргаж байгаа. Эмнэлгээс гарахад нь 14 хоног гэртээ тусгаарлагдана гэсэн итгэлцлийн бичиг хийж, гарын үсгийг нь зуруулж байна. Ямар нэг өөрчлөлт гарвал эргэж мэдэгдэх ёстой.
Б.Аз