Өнөөдөр төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис Хаан” танхимд хуралдлаа. Хуралдаанаар коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжлээ.
Энэ үеэр Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг үг хэлж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асуулт асуулаа.
Тэрбээр “Иргэдийнхээ эрүүл мэндийг, орлогыг хамгаалах, эдийн засгийг идэвхижүүлэх, бизнесийг тэлэх тал дээр Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам шуурхай арга хэмжээ авч байна. Бусад улс орон үлгэр дуурайлал болгон ярьж байгааг зориуд тэмдэглэх нь зүйтэй байх. Төсөвт зайлшгүй тодотгол хийхгүйгээр дотроо зохицуулалт хийгээд цогц арга хэмжээг шийдэх бүрэн боломжтой гэж сангийн сайд ярьж байгаа болохоор бүрэн шийдэх боломжтой гэж ойлголоо. Тиймээс УИХ цаг алдалгүй энэ цогц арга хэмжээг шийдээд явах ёстой” гэв.
Ингээд Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асуулт асуулаа.
-Ихэнх аж ахуй нэгжүүдийг нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, аж ахуй нэгжийн орлогын албан татвар, гааль, НӨАТ гээд бололцоотой бүх татварын зохицуулалтаар дэмжих, зургаан сараар тэглэх арга хэмжээнүүд цогцоор орж ирж байна. Гэтэл том аж ахуй нэгжүүд, өөрийнхөө орон байр оффисоо түрээслүүлдэг аж ахуй нэгжүүд түрээсийн төлбөрөө бүтэн аваад байгаа асуудал байна. Сангийн яам энэ асуудалд анхаарч, түрээсийг хөнгөлөх тал дээр аж ахуй нэгжүүд хөнгөлөлт эдлүүлж байгаа эсэхийг хянадаг, хяналт тавих систем ажиллаж байгаа юу?
-Засгийн газар шийдвэрээ гаргасан. Түрээсийн төлбөрөө хөнгөлсөн аж ахуй нэгжүүдийг төлөх татвараас нь түрээсээ буулгасан хэмжээгээр нь бууруулж хохиролгүй болгох арга хэмжээ авна.. Нарантуул худалдааны төвийнхөн түрээсийн төлбөрөө 30 хувь бууруулсан. “Кей Бридж”, “Хүчит шонхор” захууд түрээсийн төлбөрөө 50-100 хувь чөлөөлсөн. Мөн “Ньюком пропертис” мөн тодорхой хэмжээгээр чөлөөлж байгаагаа мэдэгдсэн. Коронавирусын Монгол Улсад учруулж байгаа хохирлыг ихэнхийг нь төр өөр дээрээ зааж авч байна. Үүнээс гадна аж ахуй нэгж, иргэд ч гэсэн санаачлагатай дэмжиж явж байгаад талархаж байгаагаа илэрхийлье.
-МАН-ын бүлэг өчигдөр хуралдаад аж ахуй нэгжүүдээ ялгаварлалгүйгээр, улсын тендер авсан аваагүй гэж ялгахгүйгээр бүгдийг нь нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх тал дээр нэгдсэн байр суурьт хүрсэн. Тухайлбал улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжаар бараа ажил үйлчилгээ гүйцэтгэсэний төлбөрөөс цалин авч байгаа бол НДШ-ийн хөнгөлөлтөд орохгүй гэж байсныг хөнгөлөлтөд оруулахаар ярьсан. Энэ асуудлаар нэг мөр шийдвэрээ гаргамаар байна. Сангийн сайд хариулт өгнө үү?
Нийтдээ 910 мянган хүн нийгмийн даатаглын шимтгэл төлөөд явж байгаа. Үүнээс 187 мянга нь төрийн албан хаагч. Дахиад 80 мянга нь төрийн, орон нутгийн өмчит аж ахуй нэгжүүдэд ажиллаж байгаа. Тэднийг хасчихаар цаана нь 640 мянган хүн НДШ-ийг тэглэх хөтөлбөрт хамрагдах юм. Тендерт оролцдог аж ахуй нэгжүүдийг НДШ-ээ төлөх ёстой гэж байсныг төлөхгүй байх шийдвэр өчигдөр МАН-ын бүлэг гаргасан. Төрөл бүрийн улс төржилт явагдаад байх магадлалтай учраас бүгдийг нь адилхан болгоё гэсэн шийдвэр гаргасан гэж ойлгож байгаа.
-Эрдэнэс тавантолгойн хувьцааны ногдол ашиг хүртээх асуудал яригдаж байгаа. Брокерын компаниуд данс нээх шимтгэлээ өсгөсөн байна гэсэн гомдол өргөдлийн байнгын ороонд ирсэн. Тиймээс үүнд хяналт тавих нь зүйтэй болов уу?
-Нэлээд хэсэг иргэд данс нээлгүүлсэн юм билээ. Тэрүүгээрээ дамжуулаад ногдол ашгаа авна. 300 гаруй мянган хүн байна гэж ойлгосон. Үлдсэн хүмүүст нь и баримтынхаа дансаар дамжуулаад шууд мөнгийг нь өгөхөөр бүх зохицуулалтыг хийхээр болсон. Тэгэхээр данс нээх шаардлагагүй болсон байгаа гэдгийг хэлье.
Сэтгэгдэл бичих