УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УОК-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ тавдугаар сард ээлжит цэрэг татлагыг зохион байгуулна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан энэ жилийн цэрэг татлагыг хэрхэн яаж явуулах талаар УОК-ын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Хилийн боомтуудтай, тусгаарлах үйл ажиллагаа явуулж байгаа Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий аймаг болон Улаанбаатараас хугацаат цэрэг татахгүй. Тодруулбал, энэ газруудад цэрэг татлага хийхгүй гэсэн үг. Зайлшгүй шаардлагаар, ялангуяа хилийн цэрэгт цэрэг халагдахаар хилд алба хаах цэргийн тоо буурч болохгүй. Тиймээс хилийн цэрэг, Зэвсэгт хүчний нэг тусгай ангид цэрэг татна. Бусад цэргийн анги нэгтгэлд хугацаат цэргийн албан хаагч татахгүй байхаар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, гол төлөв хилийн цэргийн анги нэгтгэлд зайлшгүй шаардлагатай байгаа цэргийг нөхөж татах ажлыг хийнэ. Энэ ажлыг зохион байгуулахдаа өндөржүүлсэн бэлэн байдал зарласан нөхцөлд тавигдаж байгаа шаардлагын дагуу нэг дор 5-аас илүү хүн цуглуулахгүйгээр хийнэ" гэв.
Б.Аз