Хавар ирж ээ хүүхнүүд ээ. Хувцсаа нимгэлж, харц дээгүүр алхахад дулаан улирлын уур амьсгал өөрийн эрхгүй зохицдог. Хэдхэн хоногийн дараагаас нэмэх 20 градус хүрч, хүйтний улиралдаа баяртай гэж хэлэх цаг ирэх нь. Эрс дулаарах зуны өдрүүдэд эрээн мяраан, элдэв янзын чимэглэлтэй дэгжин хувцсаа өмсөх нь бидний хувьд нэг ёсондоо аз жаргал. Ялангуяа зуны улиралд бүр ч урамтай. Гэвч бүсгүйчүүд бидний сайхан харагдаж, хүссэнээрээ алхахад нэг асуудал тулгардаг нь нууц биш. Олноороо яваа залуус бүсгүйчүүдийг өдөж хоргоох, араас нь шүгэлдэж, орилдог бүдүүлэг гэмээр араншин байсаар л байна.
Машиныхаа цонхыг доошлуулж, хөгжмөө тултал чангалсан залуус ганц нэгээрээ яваа бүсгүйчүүдийн хойноос орилох, өдөж хоргоох, зөвшөөрөлгүй биед нь гар хүрэх мэтээр ханддаг. Манайд энэ байдлыг хохирогчтой холбон тайлбарлаж, буруутай этгээдийг зөвтгөдөг тал ч бий. Зуны цагт хүссэн хувцсаа өмсөж, дэгжин алхах нь буруу гэж үү. Яагаад зуны орой найзуудтайгаа цуг хотын гудамжаар инээж баясан алхаж болохгүй гэж. Хувь хүний л эрх шүү дээ.
Залуу хүмүүс байна даа, хэн нэгнээ хүндэлж, үйлдэл бүртээ хандлагаа яагаад өөрчилж болохгүй гэж. Магадгүй хажуугаар зөрсөн охин чинь таалагдвал машинаараа дагаж, шүгэлдэхийн оронд очоод танилцахыг хүсэж буйгаа хэл. Боловсон бай. Хэн хэгэн бүсгүйн утасны дугаарыг мэдэх гэж хүсэхийн оронд сошиал хаягийг нь л асуучихад татгалзахгүй нь мэдээж. Орой ганцаараа алхаж яваа бүсгүйг дөхүүлээд өгөх үү гээд л асуучих. Гэхдээ боловсон байхаа битгий март. Ердөө л бүсгүй хүнийг хүндлэх ухамсартай байхад болох асуудал.
Эмэгтэй хүн цэцэг хоёр адилхан гэдэг. Тэднийг усалж хайрлахад улам өнгөө нэмдэг тансаг цэцэгс. Цэцэг шиг охид бүсгүйчүүдээ залуучууд нь хайрлаж хамгаалахгүй бол өөр хэн тэднийг хамгаалах вэ. Хайрлан хамгаалахын оронд айлгадаг, өдөж хоргоодог байдлаа хэзээ болих вэ залуус аа. Залуу нас хүнд ганц л заяадаг. Хээнцэр ганган бүсгүй, хээгүй зантай залуус бүгд л хэн хэнийхээ эрх чөлөөг хүндэтгэж , хотын соёлыг өөрсдөөсөө эхлүүлэхэд болохгүй зүйл үгүй шүү дээ.
Ц.Янжиндулам
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Гудамны массаж
Хэзээ ч болихгүй байхаа, ккк бурхан цаанаас нь эмэгтэйчүүдийг гоёж гангарах, харин эрчүүдийг нь харц шидэхээр заяасын байлгүй