Бурханлаг хүн

Далай ламд өөрийн урласан дээлээ өргөн барих гэж буй нь

 “Ур ундрах” компанийн захирал, мастер оёдолчин А.Алтантуяа гэхээр үндэсний хувцас, монгол дээл өмсдөг хүн бүр эчнээ таних байх. Зарим нь сайн мэднэ, найз нөхөд нь. Урлаг соёлынхон, спортынхон, бөхчүүд, улстөрчид гээд олонд алдартай хүмүүс түүний ур ухаан шингэсэн монгол дээлийг өмсөж, гангарч яваа.  Харин миний хувьд залуу халуун наснаасаа л үйл урлаж, ах, дүүдээ тусалж яваа эгч минь.  Нарийн хэлбэл, аавын маань доод талын дүү. Дээрээ дөрвөн ахтай, айлын тав дахь хүүхэд. Аав, ээжийгээ ихэд баярлуулж ирсэн охин үр нь.  Доороо хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй дүүтэй. 10 гаруйхан насандаа ээжийгээ алдаж, өнчин дүү нараа асрах ээжийн үүргийг гүйцэтгэж өссөн хатуужилтай эмэгтэй.  Жил бүр цагаан сараар дугаар гуравт очиж золгодог юм, би.  Энэ жил коронавирусийн халдвараас болоод цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэсэнгүй. Тиймдээ ч Алтаа эгчдээ золгож чадаагүй явсаар саяхан л очлоо.  Хадам аавынх нь бурхан болсон өдөр таарсан учир эрхээ барьж, маам мэгзэмээ уншиж, зулаа өргөөд л сууж байв.  Настай хүн гэж битгий буруу бодоорой. Эгч маань бага залуугаасаа шүтлэгтэй, буддын философийг судалдаг, бурхан багшийн сургаалийг дагаж, буян хураахыг зорьдог, далай лам зурагтаар гарахад телевиздээ мөргөдөг хүн.  Тэр бүхэн нь ч учиртай. Түүнд бурханд итгэх, буян хийх олон шалтгаан бий. Хойно өгүүлэх учир ингэсгээд орхиё.

Бурханд мөргөж байгаа хүний сэтгэл ариун байдаг 

Гандэнтэгчэнлин хийдийн тэргүүн хамба Чойжамцын хамт

 Монголчууд амны билгээс ашдын билэг гэж ярьдаг. Сэтгэлдээ муу муухайг бодож, амаараа болохгүй, бүтэхгүйг битгий ярь, тэгвэл үйлс бүхэн бүтнэ гэдэг том философи хэмээн учир мэдэх хүмүүс тайлбарладаг. Энэ учрыг эртнээс бидний өвөг дээдэс мэдэж, мэдэрч ирсэн байх нь. Өвөө маань хүүхдүүддээ “Дандаа л болж явна гэж ярьж бай миний хүүхдүүд” гэж захьдаг байсан юм гэсэн.  Бас л бурханлаг, амны алдсаас холуур хүн байж.  А.Алтантуяа эгч ч бас л бурханлаг хүн.  Бурхан шиг гэж байгаа юм биш шүү. Бурхан шүтээндээ залбирч, сэтгэлээ ариун байлгаж, буян хураахыг зорьж явдаг хүн.  “Монголчууд маань энэ өвчин зовлонтой бэрх үед Төр, түмний их шүтээн Жанрайсаг бурхандаа мөргөж, сэтгэлээ засаж, айдас багатай баймаар байна. Миний ижил олон сүсэгтэн бурхан шүтээндээ залбирахыг хүсэж байгаа.  Коронавирус гээд Ганданд хүн оруулахгүй юм. Бурханд мөргөж, залбирч байгаа хүн муу муухайг боддоггүй, дандаа сайн сайхныг хүсэж, сэтгэлээ ариусгаж байдаг.  Бурханд мөргөж байгаа хүмүүс Төр засгийнхаа шийдвэрийг ч сайн дагаж, үгэнд орно доо”  хэмээн ярьж буйгаас нь ямархан бодол тээж явааг нь мэдэрч болно. 

“Эгч нь саяхан нэг орой гэрээс гарч, жаахан салхи амьсгаллаа.  Гадуур битгий гар гээд сэрэмжлүүлээд байгаа болохоор гарахгүй байсан. Удаан гэрт суухаар жаахан хэцүү юм. Гандан орж Жанрайсаг бурхандаа мөргөмөөр болно. Тэгээд нэг гартал гадаа чинь түм түжигнэж, бум бужигнаж байна. Хорио цээр байгаа юм уу” хэмээн эмзэглэхдээ тэрбээр Гандан хийдээ нээх  хэрэгтэй талаар ярив. Идэж, уушийн газрууд орой 22:00 цаг хүртэл ажиллаж байгаа.  Бөөгнөрөхөө хүрвэл хоол идэхэд хүртэл 5, 10-уулаа цуглаж л байна. Идэж, уух үед хүмүүс амны хаалтаа авна.  Эрсдэлтэй гэвэл жинхэнэ эрсдэл тэнд байгаа. Бас амралтын газар, фитнес, сауныг хүртэл нээлээ. Гэтэл Ганданг нээдэггүй. Уг нь Гандангаа нээчихээд, сүсэгтэн олноо цөөн цөөнөөр нь оруулаад, амны хаалттай явахыг сануулж, халууныг нь хэмжээд, шалгаад байж болно.  Бурханд мөргөхөд ямар амны хаалтаа авах шаардлага гарах биш хэмээн ярих. Нээрээ л тийм.  

Тэгээд ч бурханы шашинтай хүн бусдын төлөө сэтгэлтэй байдаг.  Хүн бурханд мөргөхдөө зөвхөн өөрийнхөө сайн сайхны төлөө залбирдаггүй. Үргэлж аав, ээж, үр хүүхэд, хайртай бүхнээ давхар даатгаж, тэдэндээ сайн сайхныг хүсдэг.  Энэ бол түүний сэтгэлийн гүнд байдаг ухаан, ухаарал.  Эгчийн ширээний ном нь  Өндөр гэгээний Жанлавцогзол болж. "Эрдэнэзуу" хийдийн хамба лам Х.Баасансүрэн өгсөн гэсэн.  Багш шавийн барилдлагатай. Жанлавцогзол номыг байнга цээжээр уншдаг болсон гэнэ.  Мөн  Бурхан багшийн дөрвөн үнэний сургаалийг Түвд, Монголоор нь уншина.  "Аяа лам багш минь өршөө,  арван зүгийн гурван цагийн бурхад өршөө.  Эндүүрлийг төгс ялсан бурхан багш, эгнэгт шидийг үзүүлэгч Ямандаг, эгнэгшгүй билэгт Богд Зонхов,  эрдэм бүгдийг шингээсэн лам бүгдийн хураангуй Очирдарь, өнгөрсөн ирээдүйг мэдэгч ловон Бадамжунай,  өнөд оюуны гэрлийг бадраагч Манзушир, өгүүлшгүй аврагч Дарь эх, өөдгүй бүхнийг дарагч Дамдин Хаянхярваа ертөнцийн гай түдгэр зуурдын аюул, өвчин тааламжгүй бүхнээс аварч хайрла" хэмээн бусдын сайн сайхны төлөө залбирч сууна, тэр. 

Ээж нь охиндоо эргэж төрдөг хорвоо юм 

Тайланд улсад

 Эмээ маань А.Алтантуяа эгчийг 13-хан настай байхад бурхан болсон гэдэг. Аав минь эмээгийн тухай бага сага ярина аа. Согтуу хүн гэрт нь ирээд, агсам тавиад байхаар нь барьж аваад хөндий рүү чихчихдэг, чадал тэнхээтэй эмэгтэй байсан гэх мэтээр.  Сая Алтаа эгчтэй жаахан хууч хөөрөхдөө эмээгийнхээ тухай яриуллаа. Яриулсан нь ч учиртай. Эгчийн минь том хүүтэй эмээ минь сүнсээрээ холбоотой гэнэ билээ.  Эгч “Ижий минь хоёрдугаар тасагт үтрэмд ажилладаг байсан юм. Бид будаа асгадаг талбайн зэрлэг зулгаадаг байлаа. Ээжийнхээ ажилд тусалж байгаа нь тэр. Тэр жил бид ажиллаад, 300 төгрөгийн цалин буудаг юм байна. Тэгээд ээждээ 30-ын торгоноос 4 метрийг аваад, намар нь ижийтэйгээ нийлж ягаан торгон дээл хийсэн юм. Надад дээл хийхийг зааж өгсөн нь тэр.  Тэр дээлээ ч өмсөж чадаагүй дээ хөөрхий. Аравдугаар сарын 2, 3-ны үе байсан байх, нэг шөнө аав “Босоорой босоорой, ээж чинь болохоо болилоо хүүхдүүдээ. Дүү нараа аваад Ориг гуайндаа ор. Гэр барьж гэрт нь оруулъя гэдэг юм байна.  Тэр үед ээж минь амьсгаатай л байсан. Сумын эмч ирээд тариад хийгээд, гурав дөрөв хоносон байх.  Тэгээд л ижий минь бурханы оронд явсан даа” хэмээн хуучлав. 

Эмээг өнгөрснөөс хойш Алтаа эгч маань ээжийгээ санаад, тэсэхээ болиод оршуулсан газар руу нь гүйж очиж. Харин хөрш айлынх нь Дулам гэдэг хөгшин “Тэгж болдоггүй юм миний хүү. Хүн нас барсны дараа 49 хоног сүнс нь үр хүүхдээ эргэж, харж байдаг юм. Уйлж болдоггүй юм шүү, орой болгон зул өргөж бай. Ээж, аавынхаа нэрийг марттал буян хийгээрэй миний хүү” хэмээж.  Айлын 9 хүүхдээс арай том охин нь байсан болохоор учирлаж байсан нь тэр байх л даа. Ингээд л 49 хоног нь дуустал зул өргөж. Тэр үед лам хар ч хориотой байж, алтан хайрцаг нээхийг, хаана хаана, яаж төрөхийг нь асуугаагүй гэсэн.  Ээжийгээ бурханы оронд одсоноос гурван жилийн дараа А.Алтантуяа эгч нөхөртэйгээ танилцаад, 17 настайдаа том хүүгээ төрүүлж байсан түүхтэй.  Гэхдээ хүүгээ цэл залуугаар нь алдаж, үгээр хэлшгүй хагацлын дундуур туучиж ирсэн хүн.     

Алтаа эгч Далай ламд 5 удаа мөргөсөн. Түүн шиг олон удаа Далай ламд мөргөж, бүр өөрийнхөө урласан монгол дээлийг өргөн барьсан хүн Монголд байхгүй байх.  2014 онд Далай ламд мөргөхөөр очоод навчин дээр хүний төөргийг үздэг Энэтхэг ламтай тааралдаж. Хүмүүс ч олноороо дугаарлаад байх юм гэнэ. Тэгэхээр тэр ламд үзүүлж, хүүгээ алдсан тухайгаа хэлж, нөхрийнхөө талаар ярьж,  өөрөө ч хагалгаанд орсноо асууж. Гэтэл тэр лам “Танай ээжийн чинь сүнс хормойд чинь дагаж явсаар байгаад 3-4 жилийн дараа таны хүү болж төрсөн юм байна. Тэгээд ирсэн цагаасаа л эхэлж таныг ивээж, сайн сайхан явуулж. Насны хэмжээ болсон байсан байна, хүүгийн чинь” гэж хэлсэн аж. Ёстой л нөгөө "Эхлэл нь замхравч төгсгөл нь эхэлдэг орчлон юм Ээж нь охиндоо эргэж төрдөг хорвоо юм" гэж шүлэглэдэг шиг л. 

 Мөн нөхрийнх нь урд насандаа ямар хүн байсан талаар ч хэлж, шуун дээр нь мэнгэ байгаа хэмээж л дээ.  40 гаруй жил ханилахдаа шуун дээр нь мэнгэ байдгийг мэдээгүй явсан хүн Энэтхэгээс ирээд шалгаж. Гэтэл өнөөх ламын хэлсэн үнэн байх юм гэнэ.  Ингээд л бурханы багш, буян номд улам гүн бат итгэж.  Тэр үед ээжийнхээ нэрийг марттал буян хийнэ дээ гэдэг бодол дахиад л төрсөн гэдэг. Тиймээс өнөөдрийг хүртэл чадахаараа буян хийж, Далай ламд мөргөж, үр хүүхэд, ах дүү, хамаатан саднаа даатгаж яваа. Аюурзана гэдэг айлын 9 хүүхдийн бүгдийнх нь өмнөөс бурханд сүсэглэж, буяныг дааж яваа хүн дээ. 

 Хүү нь ч ижийдээ эргэж төрдөг орчлон юмсанж 

Занабазар Ринбүчитэй хамт

 Ууганаа ах маань манай үеэлүүдийн хамгийн томуудын нэг нь байлаа. Бага залуугаасаа дуу, шүлэг сонирхдог, суманд хамтлаг байгуулсан гээд л явдаг, гитар тоглож чаддаг ах байсан.  2003 оны зун юмсан, дунд сургуулийн есдүгээр анги төгссөн би Улаанбаатар хотод ирж, гурван сар барилгачин хийдэг юм аа. Тэр үед Ууганаа ах маань хамгийн сүүлийн үед гарсан, CD тоглуулдаг систем хөгжим гэртээ аваад тавьчихсан, рок дуу сонсоод л.  Би ч тийм хөгжимтэй бол гоё доо гэж нүд унагаж явлаа. Кино урлаг, шүлэг яруу найраг их сонирхоно. Мань мэт нь Б.Галсансүх гэдэг модернист яруу найрагчийн тухай сонсоо ч үгүй явахад шүлгийг мэдэх үү гээд л асууж билээ.  Кино их үзнэ, “Трой”, “Хар хувцастанууд” үзсэн үү.  Том Ли Жонс гэдэг агуу жүжигчин байдаг мэдэх үү” гээд л хүнд хүнд асуултууд асууна. Тийм л их юм уншдаг, мундаг ах байсан. 

Хүүгийнхээ тухай Алтаа эгч “Хүүгээ алдчихаад эгч нь хагас галзуу байдалтай л байлаа. Монголоос олон хүн явсан байтал миний хүү л ингэлээ. Би үрийн заяа муутай юм гээд л дэлээд байсан. Гэтэл бурхан ч Г.Пүрэвбат, “Түвдэнпэлжээлин” хийдийн тэргүүн хамба  Ж.Гончигсүрэн нар намайг тайвшруулсан. Ж.Гончигсүрэн хамба “Чи сайн буян хий. Гурван хийдэд лам нарт гүнцэг өргө. Би хүүг чинь жилийн дотор гэрт нь төрүүлж өгнө. Охин дүү байгаа биз дээ” гэсэн. Би ч уйлаад л буян хийгээд байлаа. Тэр үед том хүргэн маань манайхаар ирдэг, охинтой минь уулздаг байсан юм. Тэгээд охинд “За нөгөө хашааны гадаа зогсоод байдаг залуугаа оруулаад ир” гээд албан ёсоор танилцсан. Ээж нь ч бидэнтэй танилцлаа.  Тэр жилийн намар охин маань “Ээж ээ, ах зүүдэнд ирлээ. Орны толгойн хажууд зогсоод,  та нар намайг ирэхгүй гээд байсан би ирж байгаа юм биш үү” гэж хэллээ гэсэн. Тэгээд л жирэмсэн болсон.

Ж.Гончигсүрэн хамба бас “18 хоног дээрээ гэртээ эргэлттэй юм байна Алтаа эгч ээ” гэсэн. Тэгэхээр нь би яаж ирдэг юм бол гээд л хүлээгээд байлаа, шөнө. Унтаж чадахгүй байсан. Гэтэл дуг хийгээд сэрсэн чинь цахилгааныхаа багажыг үүрчихсэн “Ээжээ би ирлээ” гэдэг юм байна. “Миний хүү” гээд тэврээд авах гэсэн байхгүй байсан” хэмээн ярих. Хүүгээ оршуулахаас өмнө жаахан тэмдэг тавьсан гэнэ. Мөн бусад онцлох тэмдгүүд ч байсан юм билээ. Гэтэл зээг нь төрөхөд тэр бүх тэмдэг бие дээр нь байсан аж.  Ингээд л бурхан ном, лам эрдэнэд улам ихээр сүсэглэх болж.  Ээж нь охиндоо эргэж төрдөг хорвоо байх. Хүү нь ээждээ эргэж төрдөг орчлон юмсанж.  Шашин номын ухаанд нэвтэрсэн лам хуваргын шидийн чадвар түүний итгэлийн хүчээр биелсэн нь ч тэр биз.  

  Ламын увидаст бишрэхгүй байхын аргагүй 

Занабазар Ринбүчитэй хамт

 Социализмын үед лам нарыг хавчиж, бүр бариач нар хүртэл тархи нь хөдөлсөн хүүхдийн толгойг барих хориотой байв.  Гэтэл хүүхдийн тархи хөдлөхөд анагаах ухаан эцсийн дүндээ нугасны ус авахаас хэтрэхгүй байсан үе ч байсан юм. Тийм үед хүүхэд өвдөж, ороох ээж, аавуудын хувьд хүндхэн асуудал байсан нь мэдээж. Яг тийм давааг Алтаа эгч гурван хүүхэдтэйгээ гурвантай давсан аж.  Тэгэхдээ гурван өөр ламын эрдэм чадлын хүчээр хүүхдүүдээрээ хүн хийсэн хэмээн хуучиллаа. Тэрбээр  "н.Дашдорж, н.Цэрэнпил, Л.Дэндэв гэсэн гурван ламын ач буяныг насаараа мартахгүй санаж явах учиртай. Хүү маань уйлаад, ороогоод салдаггүй. Аргаа бараад н.Дашдорж гэдэг мундаг ламынд очиж, ном уншуулснаас хойш зүгээр болсон. Дараа нь манай том охин уйлаад болдоггүй. Эмнэлэгт очоод, чихийг нь эмчлүүлээд болдоггүй. Сүүлдээ бүр аргаа бараад н.Цэрэнпил гуайнд хүүхдээ тэврээд орлоо.  Гэтэл “Шөнө орой болсон хойно зориод ирсэн хүнийг хөөж гаргалтай биш. Баруун хөхөө саагаад халбаганд хийгээд өг” гэлээ.  Баруун хөхөө сагаад, халбаганд хийгээд өглөө. Ширээнийхээ нүдийг уудлаад, улаан өнгөтэй, перц шиг юм хийгээд, ном уншчихаад өглөө. “Хүүхэддээ уулгачих, одоо чих нь өвдөхгүй” л гэлээ. Түүнээс хойш том охин маань 13 хүртлээ нэг ч удаа өвдөөгүй.

Сүүлд бага охин маань гарсан үе.  Бас бие нь өвдөөд болдоггүй. н.Цэрэнпил гуай Шанх руу нүүгээд явчихсан байсан. Манай хамар хашаанд “Эрдэнэзуу” хийдийг 1990 онд нээхэд анхны хамбаар нь суусан Л.Дэндэв гэж лам амьдардаг байлаа.  Хүний зөвлөснөөр хүүхдээ тэврээд нэг өдөр Дэндэв гуайнд аваад орлоо. Нохойд нь том мах шидэж өгчихөөд л орчихсон. Дэндэв гуай “Арц л байгаа даа. Хүүхдээ бариад ороод ирж байгаа хүнийг ямар хөөж гаргалтай биш. Наашир, аваад ир дээ” гээд хүүхдийг минь задлаад, буруу хараад л ном уншаад байсан. Тэгж байгаад л хүүхдээ аваад яв, одоо дажгүй гэлээ. Түүнээс хойш бага охин маань өвдөөгүй. Тиймээс энэ гурван ламд насаараа баярлаж яваа хүн" хэмээн хуучлав.  

Эрдэнзууг нээсэн хүн

Ламын гэгээний хамт

 1990 онд Ардчилсан хувьсгал ялж, монголчууд шашин шүтэх эрхээ олж авсан үе.  Монгол даяар сүм хийдүүдийг нээж эхэлсэн аж. Тэр үед Л.Дэндэв лам А.Алтантуяа эгчтэй уулзаж, “За хүү минь, Амарбаясгалант, Гандан хийд гээд хийдүүдийг нээж байгаа гэнэ. Ардын их хурлын нарийн бичгийн дарга Ч.Дашдэмбэрэл гэдэг хүнд л өргөдөл хүсэлт бичвэл нээж өгдөг гэсэн. Хүү минь хүсэлт бичээд өг. Бидэнд ууланд нуусан бурхан шүтээн бий. Эрдэнэзууг нээхэд болно" гэж хэлж, гуйж л дээ.  Тэгээд гурван өдөр сууж, дөрвөлжин шугамтай цаасан дээр хүсэлт бичээд, Л.Дэндэв гуай тэргүүтэй хэдэн ламын гарын үсэг зуруулж,  Ардын Их хурлын депутат Батнасангаар цохуулахаар очиж. н.Батнасан гуай ч "Санал нэгтэй байна, “Эрдэнэзуу” хийдийг нээх ёстой" гээд өргөдлийг нь цохож өгсөн байна. 

Дээр үед депутатаар цохуулсан бичиг ногоон гэрлээр Ардын их хуралд очдог байж л дээ.  Бичгээ цохуулчихаад шууданд хийгээд явуулчихаж. Түүнээс хойш бараг сарын хугацаа өнгөрч, бичиг явуулснаа ч бараг мартах шахаад байж. Гэтэл нэг өдөр албан бичиг А.Алтантуяа эгчийн нэр дээр ирэхгүй юу.  1990 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр.  "Аюурзана овогтой Алтантуяа таны хүсэлтийг хүлээж авлаа, Эрдэнэзуу хийдийг нээнэ" гэсэн бичиг ирсэн байгаа. Дараа нь Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц гуай, яруу найрагч, төр нийгмийн зүтгэлтэн О.Дашбалбар агсан, Д.Чулуунбаатар сэтгүүлч тэргүүтэй хэдэн хүн Хархорин суманд Алтаа эгчийг сураад очсон байна.  Тэр үед  Хархоринд чинь цагаан онгоц буудаг байж л дээ.  Тэд ирээд нөгөө ламаа зааж өг гээд. Эгч ч  ажлаасаа чөлөө аваад л Л.Дэндэв гуайг зааж өгөөд, ярилцлага хүртэл өгсөн гэж байгаа. Тэгж л “Эрдэнэзууг” нээхэд хамгийн том үүрэгтэй оролцсон хүн.  

Ээжийгээ алдсаны дараа түүнд хөршийн хөгшин нь "Ээжийнхээ нэрийг марттал буян хийгээрэй" гэж хэлсэн нь бурхан шашинд чинхүү үнэнчээр сүсэглэх эхлэл байж.  Хүүхдүүдийнх нь бие өвдөөд, эмнэлэгт эмчилж чадахгүй байхад эрдэм номтой лам нар эдгээж өгсөн нь эргэлт буцалтгүй ач санах ёстойг ухааруулж.  Хүүг нь буцааж төрүүлнэ гэж айлдсан хамбын үг биелэлээ олж, зээ нь ирэхэд бурханы шидэд улам итгэж. Түвдийн лам ээж нь охиндоо хүү болж эргэж ирснийг хэлснээс хойш итгэл нь бат гүнзгий болж.  Өөрөө бурханы номын гүн ухааныг ойлгож ухаарч, бусдын төлөө өглөө, үдэшгүй залбирч суугаа ийм л авга эгчтэй хүн.  Ямартаа л өргөн олны төлөө сэтгэлээ чилээж, Гандан хийдээ нээвэл хүмүүсийн сэтгэл ариусаж, өвчин зовлонтой үед зөв бодлыг тээх нь зөв хэмээн бясалгаж суух вэ дээ.  

 Санаа тавих зүйл нь ингээд дуусаагүй ээ, бас. "Эгч нь 2008 оны хавар Солонгос улсад Олон улсын үзэсгэлэнд оролцож, мөнгөн медаль хүртээд, бөөн баяр болсон юм. Шөнө нэлээд орой унтсан. Гэтэл өглөө Шашны хөгжим хангинаад намайг сэрээдэг юм байна.  Тэгсэн чинь Бурхан багшийн Их дүйцэн өдөр таарсан нь тэр юм билээ.  4 эгнээ зам хааж, шашин соёлын баяр хийж байгаа нь тэр. Баярт оролцож, зөндөө хол алхсан.  Манай улсад коронавирусийн халдвар гайгүй бол шашин соёлын сайхан үйл ажиллагаа зохион байгуулаасай" хэмээн ярьсан юм.  Ээжийнхээ нэрийг марттал буян хийх "өртэй" эгч минь бусдын сайн сайхны төлөө

Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгааныг төгс олох болтугай

Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас хагацах болтугай

Хамаг амьтан зовлон үгүй амар амгалангаас үл хагацах болтугай

Хамаг амьтан ойр хол, тачаах, уурлах алин алинаас нь тэгш сэтгэлийг агуулах болтугай. 

Бодийн дээд эрдэнийн сэтгэл

Төрөөгүй нэгэнд төрөх болтугай

Төрсөн нэгэн нь эс доройтож

Улам бүр өөдөө авирах болтугай

Энэхүү буяны шимээр би нэн даруй

Эгнэгт Цагаан Дарь-Эх бурханыг бүтээн үйлдээд

Энэ орчлонгийн нэг ч амьтныг хоцроолгүйгээр

Энэрэлт түүний орноо байгуулах болтугай хэмээн уншиж, биднийг ерөөв. Таны минь хураасан буян хамаг амьтныг биш юм гэхэд хайртай бүхнийг тань ивээх буй за. Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгааныг төгс олох болтугай. 

Жавцандорж хутагтын хамт

 

 

 

Анхааруулга:
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл ZALUUCOM.MN сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
ZALUUCOM.MN сайтын редекц Утас: 99077812

Шинэ мэдээ

Улсын хэмжээнд төл бойжилт 97 хувьтай байна36 минут 15 секундын өмнөЭнэ сарын 10-ны өдрөөс эхлэх “ӨГӨӨМӨР ӨДӨР”-т нэгдэцгээе48 минут 36 секундын өмнө“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 167 мянган хүүхэд шүд цоорлын эмчилгээнд хамрагджээ1 цаг 1 минутын өмнөЛ.Мөнхтүшиг: Сөүл рүү нисэх нислэг цуцлагдахгүй, төлөвлөгөөний дагуу иргэдээ татахаар Солонгосын талтай тохиролцсон1 цаг 16 минутын өмнөСурвалжилга: Бяцхан үрс "Монголчуудын жаргалын нар хойморт нь байх болтугай” хэмээн ерөөж байна1 цаг 18 минутын өмнөХӨСҮТ: 5 хүнээс коронавирус илэрсний нэг нь Орос жолооч1 цаг 28 минутын өмнөОлон нийтийн эрхийг зөрчин баригдах гэж буй барилгыг эсэргүүцсэн оршин суугчид жагслаа1 цаг 30 минутын өмнөОрон нутгийн зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүний тоо 12.5 хувиар өсчээ2 цаг 1 минутын өмнөХар тамхи тээвэрлэсэн Б.Баттүшигийг энэ сарын 11-нд шүүнэ2 цаг 10 минутын өмнөАвтомашины дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчлэхгүй2 цаг 27 минутын өмнөБогд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн ажил долдугаар сард дуусна2 цаг 40 минутын өмнөАмерик улс цар тахлын үеийн хамгаалалтын хэрэгсэл (PPE)-ийг манай улсад тусламжаар өгөхөө мэдэгдлээ2 цаг 51 минутын өмнөВИДЕО: Хуучны УАЗ-469 машиныг янзалж тансаг G-Class болгон хувиргажээ3 цаг 5 минутын өмнөТанилц:Энэ сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүдийн чиглэл3 цаг 7 минутын өмнөБуддагийн 10 хичээл3 цаг 15 минутын өмнөБНСУ Монгол Улсад транзит нислэгийн хориг тавилаа3 цаг 20 минутын өмнөЖимсэн дотор салют нуусан нь хээлтэй зааныг үхэлд хүргэжээ3 цаг 25 минутын өмнөБайгаль хамгаалагч нар ховор амьтдыг хамгаалах тоног төхөөрөмжтэй болов3 цаг 26 минутын өмнөГазрын теннис XII зуунаас эхлэлтэй3 цаг 35 минутын өмнөАшиг орлогоор тэргүүлсэн “ХЭРЭЭ” УСК юу өгүүлэв?3 цаг 45 минутын өмнөТ.Мөнхзул Азийн АШТ-д аман хүзүүдэв3 цаг 55 минутын өмнөТ.Төмөрбаатар: Гашуунсухайтын боомтоор өдөрт 400-500 нүүрс тээвэрлэгч машин гарч байна4 цаг 1 минутын өмнөШИНЭ НОМ | "Сүнс урлал" түүврээс онцлох 5 шүлэг4 цаг 5 минутын өмнөЦагаан ордны эргэн тойрон дахь гудамж талбайг зургадугаар сарын 10 хүртэл хаана4 цаг 15 минутын өмнөЭсэргүүцлийн жагсаал АНУ-аас халив4 цаг 25 минутын өмнөМонголын залуучууд дор хаяж 5 гадаад хэлтэй болмоор байна4 цаг 35 минутын өмнөЯпоны Ерөнхий сайд Абэ Шинзо Ялалтын баярын парадад оролцохгүй4 цаг 45 минутын өмнөӨнгөрсөн долоо хоногт таван хүн орон нутгийн замд осолдож амиа алджээ4 цаг 45 минутын өмнөГэрийн тусгаарлалтад шилжсэн иргэн архидан согтуурсан зөрчил гаргалаа4 цаг 55 минутын өмнөГАЗРЫН ЗУРАГ: ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ХЭДЭН ТЭРБУМТАНТАЙ ВЭ4 цаг 55 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.