Энэ удаагийн “Жинхэнэ ЖДҮ” буландаа дөрвөн хүүхэд төрүүлж өсгөж, хажуугаар нь өөрийн бизнесээ цэцэглүүлж яваа Монголын мянга мянган ээжүүдийн төлөөлөл болсон Н.Ууганцэцэг бүсгүйг урилаа.
Өнөө цагт хүүхдийн хувцас ямар үнэтэй болсныг та бид бүгд мэднэ. Олон нялх нойтон хүүхэдтэй, гэртээ сууж байгаа ээжид үнэтэй хувцас авах тийм их мөнгө хаанаас байхав. Тиймээс Н.Ууганцэцэг бүсгүй ээжээс өвлөсөн багахан гарын ур дүйгээ ашиглаж, "Ер нь яагаад заавал худалдаж авах ёстой юм бэ" хэмээн өөртөө зориг нэмж, 2017 онд гурав дахь хүүхдээ гаргачихаад гэртээ сууж байхдаа хүүхдийн хувцас оёх бизнесээ 20 мянган төгрөгөөр эхлүүлж байжээ.
Энэхүү фэйж хуудсаар түүнтэй холбогдох боломжтой. https://www.facebook.com/%D0%93%D0%9E-%D0%93%D0%9E-%D2%AF%D0%BD%D0%B4%D1%8D%D1%81%D0%BD%D0%B8%D0%B9-%D2%AF%D0%B9%D0%BB%D0%B4%D0%B2%D1%8D%D1%80%D0%BB%D1%8D%D0%BB-463692173992162/
Түүний ээж хүүхдүүдээ жаахан байхад куртка оёж, "Нарантуул" зах дээр зардаг байсан аж. Тиймээс ээжийгээ дагаж оёж, эсгэж, тусалж байсан бүсгүй оёдлын машинтай ажиллах ур дүйтэй байсан учраас анх хүүхдүүддээ хувцас урлаж эхэлжээ. Ингээд ойр хавийнхандаа ч танигдаж, ээжүүдийн амнаас ам дамжин түүний чанартай хувцасны талаарх яриа түгэн дэлгэрсэн байна.
Өдгөө тэрээр “Гого” брэндийн хүүхдийн хувцас үйлдвэрлэж, өөрийн гэсэн фэйж хуудас, хэрэглэгчидтэй болжээ. Мэдээж түүний бизнес өдийг хүртэл цэцэглэх болсонд сошиал орчин маш их нөлөө үзүүлсэн байна.
Тэрбээр “Анх хүүхдийн өмд л хийдэг байлаа. Одоо бол 10 гаруй нэр төрлийн хувцас оёдог болсон. Үнийн хувьд 3000-10000 төгрөгийн хооронд байдаг. Түүхий эдийг хэдий чинээ хямдхан авч чадна төдий чинээгээр хямдхан зардаг. Хямд гаргаж байна гээд чанаргүй бүтээгдэхүүн хийхгүй гэж боддог. Өөрөө оёдлын хүн биш эрүүл ахуйч мэргэжилтэй ч өөрийнхөө эхлүүлсэн энэ жижиг бизнестээ одоо эргэлт буцалтгүй орсон.
Монгол хүмүүс үндэсний үйлдвэрлэлээ их дэмжиж, сонирхдог болсон байна. Өөрийнхөө хүүхдүүдэд хятад хувцас авч өгөхөөсөө илүү эх орондоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээс худалдаж аваад хэдэн айлын амьдралд хувь нэмэр оруулна гэдэг маш том тус. Өнгөрсөн намар хичээл эхлэхээс өмнө би зарна гэж төлөвлөж оёсон хувцас маань бүгд дуусчихсан. Тэр үед л би өөрийгөө хүмүүст танигдаж, надад зах зээл, боломж байна гэдгийг ойлгож, хурцлагдаж, эрч хүчийг олж авсан.
Одоогоор нялх хүүхэдтэй байгаа учраас өөрийн бололцоондоо тааруулаад ажиллаж байна. Ирээдүйд илүү их зах зээлийн төлөө томоор сэтгэж ажиллахыг мэдээж хүсч байгаа. Материалыг би болж өгвөл хүүхдийн бие эвтэйхэн, даавуулаг чанарын, нелонгүй байлгахыг хичээдэг. Бүтээгдэхүүнийг маань аваад хүүхдүүддээ өмсгөж байгаа ээжүүдийн 80-90 хувь нь сэтгэл ханамжтай байдаг. Мэдээж ганц нэг алдаа гаргаж, чанар муутай даавуугаар хувцас хийх үе гарна. Гэхдээ муу даавууг дахиж авчрахгүй байхыг боддог. Манайд материал муу байна гэж гомдол ирдэггүй. Фэйж хуудас дээр хүмүүсийн сэтгэгдэл маш эерэг байдаг. Энэ бүхнээс л эрч хүч авдаг. 20, 30 мянгаар ганц цамц авч байхаар энэ бүсгүйгээс хүүхэддээ хувцас аваарай гээд ээжүүд бусад ээжүүддээ уриалаад бичсэн байдаг. Одоогоор БНСУ-аас даавуу нийлүүлж байгаа. Илүү л сайжруулахыг бодож явна даа” хэмээн ярьсан юм.
Түүний гэрээсээ эхлүүлсэн үйлдвэрлэл өдгөө хоёр өрөө түрээсэлж цехийн хэмжээнд очжээ. Ээжтэйгээ хамт оёдлын ажлаа хийдэг ч сүүлийн үед ачааллаа даахаа больж байгаа учраас цаашид ажилчидтай болохыг зорьж байгаа гэнэ. Н.Ууганцэцэг хүний нөөцөөр ажиллаж үзсэн болохоор залуу хүмүүс гэхээсээ илүү ээжийнхээ насны 45-аас дээш насны хүмүүсийг ажиллах хүчээ болгож авна гэж бодож, зорьж яваа гэсэн. Энэ насны хүмүүс үнэнч, тууштай ажилладагаас гадна гадуур ажилд орох гэж явахад нас заачихдаг болохоор нийгмээс шахагдаж эхэлдэг талаар тэрбээр зовнин ярьсан юм.
Ингээд та бүхэнд үндэсний үйлдвэрлэгч, “ГОГО” брэндийг үүсгэн байгуулагч Н.Ууганцэцэгийн яриаг хүргэж байна.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ooroo hudaldaj avah esgui busad ni hudaldaj avah estoi um baina. ingeed hyamd saihan hoorhon umnuudiig hymyys hudaldaj avnaa amjilt hysie
Oros daavuu yumuu
Амжилт. Хөөрхөн юмаа.
Сайн байна. амжилт
хөөрхөн юмаа.хямд бөгөөд өнгөний сонголт сайтай.Дэлгүүр нь хаана байдаг вэ.13-14 насны охидууд зориулж хувцас оёоорой Амжилт