Та магадгүй хэн нэгнийг хүнс, барааны дэлгүүрт удаан дугаарлаж зогсохдоо худалдагчид болон өмнөө зогсох хүнд уурлаж байхыг олон харсан байх. Зарим нь яарч байгаа нэрийдлээр дарааллын урдуур дайрах тохиолдол ч байдаг. Тэр болгонд соёлгүй, бүдүүлэг хүн бэ гэж хараад л өнгөрцгөөдөг. Хэнд ч яарах тохиолдол гаралгүй яах вэ. Гэхдээ бусад хүмүүсээ хүндэтгэж, “Уучлаарай, би таны өмнө бараагаа бичүүлж болох уу” гээд яарч байгаа шалтгаанаа учирлан хэлвэл үл ойлголцол үүсэхгүй болов уу.
Супермаркетаар үйлчлүүлж байгаа зарим иргэд ч бусдыгаа хүндэтгэхэд суралцмаар байна. Тэрэг дүүрэн бараа авчихаад бичүүлэх гэж байхад чинь өөр хэн нэгэн ганц талх, тараг бариад зогсож байхтай таарсан л биз дээ. Тэгвэл өмнүүрээ оруулаад бичүүлэхэд ганц минутын л асуудал. Эсвэл жаахан хүүхдүүдэд боломж олгож, зөв харилц. Тэд ирээдүйд бусадтай зөв харилцдаг, соёлтой иргэн болж өснө. Энэ нь хэн нэгэнд үзүүлэх туслалцаанаас гадна бусдыг хүндэтгэх соёлын нэг хэлбэр юм. Худалдаа үйлчилгээний газрын соёлыг үйлчлүүлэгчид цааш түгээх ёстой байдаг.
Зарим иргэдийн тэвчээргүй, бусдыг үл хүндэтгэх байдал нь олон хүнд буруу үлгэр дуурайлалыг үзүүлдэг. Жишээлбэл, дэлгүүр хаах цагаар худалдагчид орлогын хаалт хийх үеэр нь үйлчлүүлэгчид удаж байна, би яарч байна гэх мэт шаардлагуудыг маш буруугаар тавьдаг. Мөн амралтын өдрөөр томоохон худалдааны төвүүдийн касс амарч, цөөхөн хүн иргэдэд үйлчлэх тохиолдол гардаг. Тэр болгонд иргэд байгууллагын үйл ажиллагаа, цагийн хуваарийг бодолцон зөв, соёлтой үйлчлүүлэх хэрэгтэй. Ингэхгүйгээр кассыг удаан байна, хэт их дараарал үүсгэлээ гэж загнах, бусадтай хэрүүл маргаан үүсгэх ямар ч шаарлагагүй шүү дээ. Үүний оронд бусдадаа зөв шаардлага тавьж, өөрийн болон бусдын цаг хугацааг хүндэтгэж зөв соёлтой үйлчлүүлж хэвшицгээе.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Тийм шүү. Тавиур хоорондын зайнд тэгнээд зогсчихно. Уучлаарай зөрөөд гаръя гэж хэлсэн ч таг зогсчихно ,ганцаараа үйлчлүүлж байгаа юм шиг. Бүдүүлэг хүмүүс байнаа байна.