Жил бүрийн тавдугаар сарын 15-аас зургадугаар сарын дунд үе хүртэл модны цагаан хөвөн хийсэж, иргэдийг бухимдуулдаг. Цар тахал дэгдсэнтэй холбоотой иргэдийн дунд модны хөвөнгөөр “Covid-19” зөөвөрлөгдөн дамжих эрсдэлтэй талаар санаа зовинож байна. Энэ талаар болон модны хөвөнгийн тухай НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнээс тодрууллаа.
-Ихэнх хүмүүс модны цагаан хөвөн гэж нэрлэдэг унгиралын талаар тайлбарлаж өгөөч?
-Цагаан хөвөн буюу унгирал нь ургамлын тоос юм. Энэ тоосыг үүсгэдэг нөхцөлдүүлэгч хүчин зүйл нь улиасны үржлийн үе байдаг. Эр, эм модны үржил явагдах үед улиасны тоос ялгардаг.
-Тэгвэл улиасны тоос нь хүний биед сөрөг нөлөө үзүүлэх үү?
-Модны тоос нь ихэвчлэн ургамлын харшил үүсгэдэг. Зарим тохиолдолд нүдний салст бүрхүүлийн харшил үүсгэнэ. Мөн хаврын улиралд хамар, залгиураар нэвтрэн орж, амьсгалын эрхтнүүдийн харшил үүсгэсэн байдаг. Өдөөгч нь байгаа тохиолдолд харшил үүсэхгүй байна гэж хэзээ ч байдаггүй. Тэгэхээр бид эх үүсвэр рүү чиглэсэн арга хэмжээ авах ёстой. Энэ нь моднуудыг зөв арчилж, тарьж ургуулахыг хэлнэ.
-Модны тоос хийсэж эхлэх үед иргэд ургамлын харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?
- Нэгдүгээрт, амны хаалт зүүх хэрэгтэй. Тэгэхдээ халдварт өвчний улмаас хүн бүр амны хаалт маш сайн зүүж байна. Тиймээс тоос үүсгэгч нөхцөлдүүлэгч хүчин зүйлийн талаар ярих хэрэгтэй. Яг одоо улиасны моднуудын булцууг задрахаас нь өмнө тайрч, тастаж авбал цагаан хөвөн хотоор нэг тарахгүй. Модыг зөв тайрах хэрэгтэй. Жишээлбэл, хавар хот тохижилтынхон моднуудыг тайрдаг даа. Энэ нь улиасны тоос буюу хөвөнг багасгаж байгаа нэг хэлбэр юм. Тэгэхээр албан байгууллагууд болон иргэд хашаан дахь модоо тохирсон хугацаанд нь зөв тайрвал цагаан хөвөн үүсэхгүй байх боломжтой. Мөн иргэд харшилтай болохгүйн тулд дархлаагаа дэмждэг байх хэрэгтэй. Мөн харшил өдөөгч ургамлуудтай зөв харьцах нь хамгийн чухал юм.
-Улиасны унгирал буюу модны үржил хэзээ явагддаг вэ?
-Тавдугаар сарын дунд үе буюу 15-аас зургадугаар сарын дунд үе хүртэл үргэлжилдэг. Одоо моднууд бүгд булцуулж, үржилд орон үрээ цацахад бэлэн болчихсон байгаа. Эдгээр булцуйнууд задарч,, үрээ өөр моднуудад цацаж, үржил нь явагдана. Тиймээс модыг зөв таривал гадуур хийсэх хөвөнгийн хэмжээ багасна. Нэг газарт дандаа эр мод тарихын оронд эр, эмээр нь сөөлжлүүлвэл гадуур хийсдэг хөвөн багасах боломжтой гэж үздэг.
-Модны тоос буюу цагаан хөвөнг үүсгэдэг улиасны үр ашгийг дурдвал?
-Улиангар болон улиас нь хотын дуу чимээг өөртөө шингээж, хүчилтөрөгчийг нэмэгдүүлдэг. Мөн хотод байгаа нүүрстөрөгч, гэрэлтүүлэг болон нарны энергиэс ялгарах туяаг өөртөө шингээж, хүчилтөрөгч ялгаруулдаг. Цаашлаад сүүдэрлэлт болон хөрсний шим тэжээл усыг татаж байдаг. Мод, ургамал тарих тусам агаарын бохирдол буурдаг. Жишээлбэл, нэг га газрыг моджуулахад 30-40 хувийн агаарыг цэвэршүүлдэг.
-Иргэд нүүдлийн шувуудаар коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэх вий хэмээн эмээж байсан. Тэгвэл үүнтэй адил модны цагаан хөвөнгөөр коронавирус зөөвөрлөгдөх эрсдэл байгаа болов уу?
-Агаарын температур, чийглэг гэх мэт нөхцөлүүд байдаг. Коронавирусийг дотооддоо алдсан Европийн холбооны улсууд үүнд ямар байр суурьтай хандаж байгааг одоогоор мэдэхгүй байна. Харин Монголчуудын хувьд коронавирусийг дотооддоо алдаагүй байгаа. Мөн цаг агаар харьцангуй дулаарч байгаа энэ үед хамгаалах хэрэгслээ маш сайн ашиглах хэрэгтэй. Бидэнд вирусийг хөвөн дээр хэдэн цаг тогтох боломжтой гэх мэт судалгааны мэдээлэл одоогоор байхгүй байна. Тийм учраас коронавирус модны хөвөнгөөр зөөвөрлөгдөнө гэж хэлэх боломжгүй юм. Учир нь “Covid-19” нь шинэ төрлийн вирус учраас бүх тохиолдол, кейсүүд нь өөрчлөгдөж байгаа. Хэрэв модны хөвөнгөөр коронавирусийн халдвар дамжвал бид цаг алдалгүй иргэдэд мэдээлж, ямар арга хэмжээ авах ёстойг нь зөвлөх болно
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Улиас улиас л гэх юм .Тэр улиасан дунд чинь 60жил амьдарч байна.Хавь ойрынхонд маань харшил үүсч байсан тохиолдол мэдэхгүй л юм байна.
Өмнө нь нүүдлийн шувуудаар дамжих магадлалтай, одоо модны хөвөнгөөр дамжина гэж байна. Маргааш царцааны нүүдлээр гэх юм байна лдөө
барууны том институт-д бүгд л дүгнэлтээ гаргаад эхэлсэн дээ ямар учраас мэдээллийг хаалттай байлгаад байгааг нь ойлгохгүй байна