Б.Жаргалан: АН-ын нэр дэвшигчдийн жагсаалтад гэнэтийн бэлэг бий

Энэ сарын 11-нд болсон Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит XIII хуралдаанаар ҮБХ-ны гишүүн, АЭХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жаргаланг Ардчилсан намын Дэд даргаар томилсон билээ. Тэрбээр АНУ-ын Нью-Йорк хотын Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн бөгөөд Б.Дэлгэрмаагийн оронд ийнхүү томилогдож байгаа юм. Тэрбээр залуусын нийгэм, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн улс төрийн салбар дахь орон зай, дуу хоолойг хүргэх чиглэлд төвлөрөн ажиллаж байсан юм. Сонирхуулахад, Б.Жаргалан нь УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан “Фортуна” Н.Батбаярын том охин юм. Түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-АН-ын дэд дарга болсон. Ажлаа юу хийхээс эхэлж байна вэ?

-Он гарснаас хойш Ажлын хэсэг гаргаад, АН-ын 2020 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг боловсруулахаар ажилласан. Мөрийн хөтөлбөрт залуучууд, эмэгтэйчүүдийн асуудлыг тусгахын тулд нэлээд санаа тавьж ажиллалаа. Эдгээр ажлуудаа цаашид олон нийтэд таниулна даа. 

-АН залуучууд руугаа чиглэж байгаа гэж ярьж байна. Цаашид залуучуудаа түшсэн нам болох уу?

-АН цаг ямагт залуучуудын нам байсан. Насны тухай ярьж байгаа юм биш. Сэтгэлгээний болон арга барил, санаа шийдлийн хувьд залуучуудын нам байсан. Өнөөдөр бид 30 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Тэр утгаараа яалт ч үгүй тодорхой үе, залуужих процесс нам дотор явагдаж байна. Манай Үндэсний бодлогын хороо буюу намын эрх барих дээд байгууллагын нийт гишүүдийн тал хувь нь 40-өөс доош насын залуучууд байгаа. Залуучууд түрээд ороод ирчихсэн. Залуучуудын нам гэдэг нь хэзээ ч алдагдаагүй гэж бодож байна.

-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ямар үр дүнтэй ажлууд хийж, хэрэгжүүлсэн бэ?

-Миний хувьд 2016 оноос хойш АЭХ-ны удирдлагын багт ороод ажиллаад явж байгаа. Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага гэдэг нэн түрүүнд намын эмэгтэй гишүүдээ идэвхижүүлэх, чадавхижуулах, улс төрд бэлтгэх, шат шатны сонгуульд нэр дэвших бэлтгэлийг нь хангах, сургалт судалгаа хийх гэх мэт дотогшоо чиглэсэн ажлуудыг хийж ирсэн. Мөн АН-аас эмэгтэйчүүдэд, хүүхдүүдэд, гэр бүлүүдэд чиглэсэн бодлого боловсруулж, дуу хоолой нь болохыг зорьдог. Мөрийн хөтөлбөрт гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийг дэмжсэн зүйлсийг тусгасан. Намын үндсэн дүрмийн шинэчлэлийн хүрээнд эмэгтэй гишүүдийн квотыг дүрмэндээ баталгаажуулсан. УИХ-ын тойрог бүрт заавал нэг эмэгтэй УИХ-ын гишүүн байна гэж. Бид нам доторх бүтцийн, жендерийн мэдрэмжийг сайжруулах тал дээр хүчин чармайлттай ажилласан.

Гадагшаа чиглэсэн ажлын хувьд, өнгөрсөн дөрвөн жилд гарсан эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн, хүчирхийллийн, хүүхдүүдийн эрх зөрчигдсөн асуудлуудад бид цаг ямагт дуу хоолойгоо илэрхийлэхийг зорьж ирсэн. Манай гишүүд ч гэсэн манлайлалтай ажиллаж ирлээ. Сүүлд хийсэн далайцтай ажил гэвэл Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Гэр бүлийн тухай хууль нийгмийн суурь харилцааг зохицуулдаг  хууль. Энэ хуулийн төслийг энэ УИХ-аар хэлэлцэж амжсангүй. Гэр бүлийн тухай хууль 1999 оноос хойш шинэчлэгдээгүй байсан. Түүнээс хойш нийгмийн харилцаа маш их өөрчлөгдсөн. Түүнийг хуулинд тусгахаар улс орон даяар санал авах, өргөн цар хүрээтэй хэлэлцүүлэг хийх нь зүйтэй гэж үзэж манай эмэгтэйчүүдийн холбоо 21 аймаг, 9 дүүрэгт хэлэлцүүлэг зохион байгуулаад иргэдийн санал бодлыг сонсож, тэр болгоноо эмхэтгээд Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Д.Оюунхоролд хүлээлгэн өгсөн. Энэ асуудалд намчирхахгүй, улстөржихгүй нэгдсэн байр сууринаас хандах нь бидний үүрэг гэдгийг хэлсэн.

-Танай намаас нэр дэвших эмэгтэй гишүүдийн төлөөллөөс нэр дурдаж болох уу. Ямар бүсгүйчүүд АН-ыг төлөөлөх бол?

-Бид эмэгтэй гишүүддээ маш их найдлага тавьж байгаа. Яагаад гэвэл АН-аас үеийн үед сонгогдсон эмэгтэй гишүүд улс төрд манлайллыг үзүүлээд, УИХ-д маш хүчтэй байр суурь илэрхийлдэг байсан. Тэр утгаараа өндөр найдлага тавьж байгаа. Мэдээж манай С.Одонтуяа дарга дэвшинэ. З.Нарантуяа гишүүн байна. 2016 оны сонгуулиар УИХ дахь АН-аас сонгогдсон цорын ганц гишүүн шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа байна. Ерөнхийдөө мандат нь баталгаажсан гэж хэлж болох хүмүүс. Гэх мэтчилэн сүүлийн жилүүдэд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны нүүр царай болж байсан бүсгүйчүүд бүгд нэр дэвших магадлалтай байна. Өнгөрсөн хугацаанд УИХ-д хамгийн олон эмэгтэй гишүүн байсан цаг үе нь өнгөрсөн дөрвөн жил.  30 жил дан эрчүүд төсөв баталж, шийдвэр гаргалаа. Тиймээс энэ удаадаа эмэгтэйчүүдээ илүү дэмжээсэй гэж  иргэддээ уриалмаар байна. Нам үл харгалзан аль болох олон эмэгтэй гарч ирвэл зүгээр санагддаг.

-Ямар нэг албан тушаалд залуу хүн оччихоор туршлагагүй хүн юу хийх вэ дээ гээд л шүүмжилдэг?

-Ер нь хүн бүр хаа нэг газар туршлагажих ёстой. Манай залуучууд маш их туршлага, мэдлэг, боловсролтой болсон. Харааны өнцөг нь ч шал өөр байна. Бидний амьдарч байгаа нийгэм, хүлээж авч байгаа мэдээлэл, олон улсын түвшинд ч цоо шинэ үеийг шаардаад байна. Өнөөдөр их сургуулиа төгсөж байгаа хүүхэд огт өөр мөрөөдөлтэй, зорилготой, эрмэлзэлтэй байна. Асуудлуудаа ойлгож байгаа гэдэг утгаараа  өөр өнцгөөр хардаг.  Тиймээс улстөрд залуучуудын оролцоо маш чухал гэж боддог.

-АН лидергүй болжээ. Гайгүй хэдэн лидер нь бие даахаа мэдэгдчихсэн. Нэр хүндгүй болсон  гэх мэт шүүмжлэл, яриануудыг  та хэрхэн хүлээж авч байна вэ?

-АН маш олон лидертэй нам. Нэр дэвшилтийн процесс дуусаагүй байна. Ямар ч бүрэлдэхүүн гарч ирж болно. АН хүчирхэг бие хүмүүс маш олонтой. Дараа дараачийн үеийн олон ч лидер байна. Тэр утгаараа манай давуу тал байх гэж бодож байна. Олон ургальч үзэлтэй. Олон хүний үзэл бодлын ялгаагаа  илэрхийлж чаддаг. Энэ давуу талаа бид алдахгүй.

-АН намаасаа гарсан, АН-ын гишүүнчлэлтэй байсан хүмүүсээ буцаад гишүүнчлэлээ сэргээгээд намаасаа нэр дэвшихийг уриалсан шүү дээ. Танай уриалгыг хэр хүлээж авч хандсан бэ?

-Энэ сарын 16-нд манай намын нэр дэвшигчдээ тодруулах Үндэсий бодлогын хорооны хурал болно. Тэр хурлаас гарсан жагсаалтыг л харах хэрэгтэй байх. Тэнд гэнэтийн бэлэг байх биз.  

-Хотын дарга Э.Бат-Үүл, Г.Уянга нар бие дааж нэр дэвшинэ гэж мэдэгдчихээд буцаад АН-аас нэр дэвшихээр болсон гэсэн сураг байна?

-Энэ сарын 16-нд гарах нэрсийн жагсаалтаас л харна даа. Манай нам бүх зүйлээ хурлаараа шийддэг. Үндэсний бодлогын хорооны хурлаар бүх асуудал шийдэгдэнэ. Тэрний наана тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ Э.Бат-Үүл дарга нам дээрээ ирээд хэвлэлийн хурал хийсэн шүү дээ.

-Та цаашид АН-ыг илүү их шинэчлэхийн төлөө ямар арга барилаар ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд үндсэн дүрмийн шинэчлэл, үзэл баримтлалаа шинэчлэн баталгаажуулах гээд залуучууд маш идэвхитэй ажилласан. Намын бүхий л удирдах үл ажиллагаанд оролцоод ажиллаж ирсэн. Үзэл баримтлалдаа тулгуурлан мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Эдгээр бичиг баримтын хүрээнд намынхаа үзэл баримтлалаа дээдэлсэн соёлыг бэхжүүлэхийн төлөө ажиллахыг зорьж байна.

-100 сая дэнчингийн асуудалд таны байр суурь ямар байгаа вэ?

-АН-ын 100 саяыг ярихаасаа илүүтэй МАН-ын санхүүжилтээ хаанаас гаргаж байгаа талаар яримаар байна. МАН улсын төсвөөр сонгуульд орох гэж байна. 64 гишүүнтэй, бүх түвшинд МАН-ыхан байна. Сая ноцтой хууль батлагдчихлаа шүү дээ. Цар тахалтай тэмцэх тухай хуулийг УИХ-аар баталсан. Тэр хууль Үндсэн хуулиар заасан УИХ-ын бүрэн эрхэд халдаад, Төсвийн тухай хуулийг дур мэдэн нааш цааш болгож, батлагдсан төсвийн зардлын хүрээнд зүйл ангиудыг хооронд нь дураараа гүйлгэх эрхийг Засгийн газарт өгчихлөө. Энэ бол УИХ-ын бүрэн эрхэд халдаж байгаа хэрэг. Одоо Засгийн газар ямар ч хараа хяналтгүйгээр төсвийг зарцуулж байна. Төсөвт тодотгол хийхгүй гээд байсны шалтгаан, утга учир нь энэ байж. Түүхэндээ байгаагүй 13 их наяд төгрөгийн төсөв зарцуулж байна. Эрх баригчид энэ их мөнгөнөөс сонгуульд зарцуулж байхад манай хэвлэлийнхэн тэр асуудал данхаарлаа хандуулахгүй байж, мөнгө босгож ядаж байгаа сөрөг хүчинд нь ач холбогдол өгөөд байгаа нь өрөөсгөл. Одоо хэдүүлээ МАН хаанаас мөнгө босгоод байна гэдэгт эрэл хайгуул хиймээр байна. МАН, АН хоёр тэнгэр газар шиг санхүүгийн чадамжтай “тулаанд” орох гэж байна.

-УИХ-ын гишүүн байсан, улс төрд албан тушаал хашсан хүмүүсийн хүүхдүүд аливаа сандал суудалд очоод байна гэж их шүүмжлэл гардаг. Та бас тэр шүүмжлэлд өртөгсдийн нэг. Таны бодлыг сонсох гэсэн юм?

-Би төрийн албанд томилогдоогүй. Томилогдож байгаагүй. Намын албан тушаалд намын гишүүдээсээ сонгогдоод, олонхийн шийдвэрээр гарч ирдэг. Би 2000 онд АН-д элсээд, 2009 онд анх Үндэсний зөвлөлдөх хороонд сонгогдож байсан. Тэгээд өнгөрсөн таван жилд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны удирдлагын багт гишүүдээсээ сонгогдоод орж ирсэн. Тэгэхээр томилогдох нэг өөр, сонгогдоод явах бас өөр. Би тийм л зарчимтай байдаг. Би томилогддог албан тушаалд хэзээ ч очихгүй гэсэн бодолтой байдаг. Би улс төрийн замналаа өөрийнхөөрөө  бүтээхийг зорьсон. Тийм ч учраас эмэгтэйчүүдийн, залуучуудын байгууллагад орж ажиллаж ирсэн. Эмэгтэйчүүдийн байгууллагад миний аав хамааралгүй шүү дээ. Гэхдээ аавын минь нэр мэдээж надад нөлөөлсөн.

-2020 оны сонгуулийг ямар дүр зурагтай харж байна вэ?

-Шийдвэрлэх сонгууль болох гэж байна. 30 жилийн алдаа оноо, амжилт ололтыг дүгнэх сонгууль болох нь. Бүх тоо баримт, статистикийг харахаар залуучуудын оролцоо маш бага байна гэсэн судалгаа байна. 35-аас дош насныхны 50 хувь нь сонгуульд оролцдоггүй. Тэгэхээр энэ удаа залуучууд маань сонгуульдаа идэвхитэй оролцоосой. Аль нэг намын төлөө санал өгөх асуудал биш шүү дээ. Ер нь улс төрийн хэлэлцүүлэгт бүгдээрээ оролцоод, санаа бодлоо хоорондоо ярилцаад, цаашид бид яаж явах ёстой юм бэ гэдгээ ярилцах нь зүйтэй юм. Энэ сонгуулийн үеэр тавилттай жүжиг биш залуучуудын эрүүл хэлэлцүүлэг л маш их хэрэгтэй байна.

147
Анхааруулга:
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл ZALUUCOM.MN сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
ZALUUCOM.MN сайтын редекц Утас: 99077812

Шинэ мэдээ

2020 Бондгортой сонгууль 1 Би үнэн шудрага зөв төрд хамгийн хэрэгтэй гэсэн 5 н хүнээ өөрийн биеэр очиж дэмжин цахим хуудсаараа суртчилна тэгэхгүй бол луйварчид чинь энхийн цагаан тагтаа гээд өөрсдийгөө сэвж байна тэмцнээ34 минут 58 секундын өмнөУвсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ1 цаг 19 минутын өмнөБаянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв1 цаг 23 минутын өмнөМАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ1 цаг 26 минутын өмнөСингапурт бага насны хүүхдүүдэд нүүрийн хаалт, гар ариутгагч бодис олгоно7 цаг 6 минутын өмнөЦагаан хоолны ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ач тус7 цаг 16 минутын өмнөДэйв Воусэн: Австрали, Монголын харилцаанд түүхэн үйл явдал болов7 цаг 26 минутын өмнөӨНӨӨДӨР ИХ ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСЭН ЗУНЫ ТЭРГҮҮН САРЫН 16-НЫ “УЛААН ТЭРГЭЛ” ӨДӨР БОЛОЙ7 цаг 36 минутын өмнөД.Дамдинжав: Энэ хоёр залууд итгэл хүлээлгээрэй гэж захиж хэлье7 цаг 38 минутын өмнө“СЕХ-ноос айж байна”7 цаг 42 минутын өмнөБолсонару АНУ-ын араас Бразилыг ДЭМБ-аас гаргана гэж сүрдүүлэв7 цаг 46 минутын өмнөУмард Солонгосын зүгээс Солонгос хоорондын харилцааны албыг хаана гэв7 цаг 56 минутын өмнөӨвөрхангайд АН найман жилийн өмнөх технологиор луйвар хийхээр санаархав уу?8 цаг 2 минутын өмнөАНУ-ын хөрөнгийн биржүүд хурдацтай сэргэж байна8 цаг 6 минутын өмнөЭнэ сарын 8, 10-нд тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд нэг сая төгрөгийг тушаах ёстой8 цаг 16 минутын өмнө“The HU” хамтлагийн оролцох байсан рок хөгжмийн фестивалийн тов гарчээ8 цаг 26 минутын өмнөАНУ-ЫН ДӨРВӨН ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ ФЛОЙДЫН ҮХЛИЙН ТАЛААР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЛЭЭ8 цаг 36 минутын өмнөДЭМБ амны хаалт заавал зүүх журам нэвтрүүлэхийг зөвлөж байна8 цаг 46 минутын өмнөОХУ Орос хэлний өдрийг тэмдэглэж байна8 цаг 56 минутын өмнөТ.Ганболд: Дархан хот төлөвлөлт зохион байгуулалтын хувьд Улаанбаатар шиг эвдрээгүй байгаа тул боломж байна9 цаг 2 минутын өмнө“G20”-ийн орнууд коронавирустэй тэмцэхэд 21 тэрбум гаруй ам.доллар гаргана9 цаг 6 минутын өмнөТанилц: Баянголд нэр дэвшиж буй Хассуурийн Ганхуягийн ХОМ9 цаг 7 минутын өмнөУхань хотын оршин суугчид Бээжин рүү зорчих боломжтой болжээ9 цаг 16 минутын өмнө1261 онд Хубилай Сэцэн хааны байгуулсан Монгол отчийн сургуулийн эд зүйлс олджээ9 цаг 26 минутын өмнөБүлэглэл чинь сүрэглэл болчихлоо, толгойлогч оо...9 цаг 36 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёр ээлжинд шилжүүлсэнд Багануурын багш нар талархаж байна9 цаг 39 минутын өмнөХ.Булгантуяа: Иргэд тог цахилгаан, хогны талаар олон жил ярьж байгаадаа бухимдаж байна9 цаг 44 минутын өмнөБоловсрол, мэргэжил шаардагдахгүй ажлын байрууд хомсдож эхэллээ9 цаг 47 минутын өмнө"Челси" Чилуэллийг авахаар идэвхтэй хөөцөлдөж байна6 сар 6. 11:35ХӨСҮТ: 2 хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 193 боллоо6 сар 6. 11:25
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.