168 буюу Х.Тэнгис: Урлаг сэтгүүл зүйгээс өөр, тиймээс бид илүү хариуцлагатай байх албагүй

Залуу уран бүтээлчдийн төлөөлөл болсон 168 буюу Х.Тэнгистэй ярилцлаа. Тэрбээр дэлхийн хилээр бусадтай ойлголцохыг хүсдэг. Түүний уран бүтээлүүд зөвхөн өөрт нь таалагддаг өдрүүд олон байсан ч нэг л өглөө оч үсрэн түүний “Диско муужгай”  дуу түймэр мэт олны хүртээл  болсныг та бүхэн санаж байгаа байх.

-Ихэнх хүмүүс өөрийг тань артист 168 гэдэг нэрээр  мэддэг. Тэгвэл өөрийнхөө талаар манай уншигчдад танилцуулаач?

-Намайг Х.Тэнгис гэдэг.  Би 1996 онд Улаанбаатар хотод төрсөн. Санхүү, эдийн засгийн их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр сурч дүүргэсэн.  Одоогоор ганцаараа амьдардаг. Айлын том хүүхэд.

-Дуу хөгжмийг хэзээнээс  сонирхож эхэлсэн бэ?

-Багаасаа л дуу хөгжимд дуртай хүүхэд байсан.  Одоо ч түүндээ илүү дурлан амьдарч байна.  Дуу сонсох хэрэгцээ нь бодит байдлаас зугтах, биелэгдэшгүй мөрөөдөлдөө амьдрах боломжийг бүрдүүлдэг учраас дуртай байдаг.

-Сонсогчид таныг  “Диско муужгай” дуугаар илүү мэддэг болсон. Энэ дуу таны анхны уран бүтээл үү?

- “Диско муужгай” дууг гарахаас өмнө маш олон уран бүтээл хийж байсан. Анхны уран бүтээл шууд л хүмүүст  хүрч, олны таашаалд нийцдэггүй юм билээ. “Диско муужгай” дууг анх цацаад олны таашаалд нийцэж, хандалт авсан нь зүгээр нэг “аз” байгаагүй. Учир нь энэ уран бүтээлийг гаргахаас өмнө би 50-иад дуу хийчихсэн байсан. Тухайн уран бүтээлүүдийг намайг таньдаг хэсэг хүмүүс л мэддэг байсан. Дуу хийх хоббигоо өөрийн  амьдралын хэв маяг болгоод удаж байна. Тэр  үеэс миний дуунуудын чанар сайжирч, хүмүүст бага багаар хүрэх болсон. Би дуунууддаа маш хүнд сэдвийг хөнддөг. Миний тухай яриа  хүмүүсийн дунд амнаас ам дамжин яригдаж байх үеийг мэдэрч, Локктой хамт “Диско муужгай”-г цацаж оч үсэргэн, ассан даа. Хэдийгээр миний 50-иад дуу, дөрвөн цомог гарсан ч сонсогчид хэр таашааж байгаа нь  мэдэгддэггүй байлаа. Тэгсэн  ч би уран бүтээлээ зогсолтгүй хийсээр л байсан. Миний уран бүтээл зөвхөн надад таалагддаг байсан юм.  Гэтэл нэг л өдөр бүгд миний дууг сонсож, намайг мэддэг, өөрийн сонсогчидтой болсон.

-Тэгэхээр нэг л өдөр дуу нь нийтэд хүрч, олны анхаарлын төвд орох үед нийгмийн хандлага, бусдын харилцаа өөрчлөгддөг юм байна уу. Магадгүй хувь хүн ч өөрчлөгдөж болох юм?

-Би хэвэндээ юу өөрчлөгдөх вэ дээ. /инээв/ Харин утасны дуудлага, инстаграмм, фэйсбүүкийн дагагчдын тоо өсөж, гудамжаар явахад хүртэл надад хандах хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн. Мөн хүмүүс миний үгийг сонсоход цаг гаргаж,  өөр хүнийхээс илүү үнэ цэнэтэй ч юм шиг хүлээж авч, түүнийг  сонсох ёстой ч юм шиг хандлагууд гардаг юм билээ. Заримдаа би ч өөрөө гайхдаг. Магадгүй телевиз, янз бүрийн нэвтрүүлэг, шоунд оролцохоор бусдыг өөртөө татдаг бололтой.  Хүмүүсийн энэ хандлага нь миний үнэт зүйл болсон. Үүнийг ашиглаж өөртөө хэрэгтэй бүх зүйлийг авах боломжтой болж байна. Жишээлбэл, өөрийн дүр төрхийг бий болгож, тоглолт хийж чаддаг. Нэр хүнд бол маш өндөр хөрвөх чадалтай, багасдаггүй үнэт зүйл юм билээ.

-Олон нийтэд танигдахын хэрээр давхар хариуцлага нэмэгддэг. Энэ талаар юу гэж боддог вэ?

-Би маркетингийн чиглэлээр сургууль төгссөн учраас өөрийн сонсогчдын зан төлвийг их ажигладаг. Өөрийн зах зээл буюу сонсогчдын нас, хүйс, сонирхол, нийгэмд эзлэх байр суурийг нь дүгнэхэд миний сонсогчдын ихэнх нь маш мэдрэмтгий насныхан байдаг. Тэд хэдийгээр сэтгэл хөдлөлөө  ил гаргаж, бусдад нөлөөлөх нь  амар ч гэсэн бусдад  мэдэгдэхгүйгээр ил гардаггүй сонсогчид ч байдаг. Нийгэмд эзлэх байр сууриас хамаараад миний хувьд нийгмийн буруу, зөвийг тодорхойлох боломжтой болсон. Үүнийг ойлгомжтойгоор хариуцлага гэж нэрлэх болов уу. Жишээлбэл,  хэн нэгнийг “Чи хичээлээ  хий” гэж хэлэх түвшинд очсон байна. Тэгэхээр буруу юманд яасан ч турхирч болохгүй. Хамгийн гол нь буруу юм гэж юуг хэлэх вэ гэдгийг зөв тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр залуучуудад хүнийг шоолох нь буруу юм уу, хичээлээ таслах нь буруу юм уу гэдгийн ойлгуулах нь чухал. Хуучнаар бол хүнийг шоолох нь зөв, хичээлээ таслах нь буруу байсан. Харин одоо бол хичээлээ таслахаас илүү хүнийг шоолох нь буруу юм шүү гэдгийг ойлгуулахыг хичээдэг.

-Тэгэхээр  хичээлээ таслах нь зөв гэж үү?

-Хүн хичээлээ таслах нь боловсрол эзэмших эрхийн асуудал. Хувь хүний өөрийнх нь эрх, багшийн заах эрхэнд халдсан зүйл байхгүй. Харин хүнийг “Р” үсэг хэлж чаддаггүй гэж шоолох нь хэн нэгний чадахгүй байгааг дөрөөлж тэр хүнийг доромжилж,  өөрөө таашаал авах нь хүний эрхэнд халдаж байгаа хэрэг. Мөн өөрийг эгог хуурамч зүйлсээр  дүүргэдэг. Тийм учраас надаас  хойших дүү нар маань өөрийн чаддаггүй зүйл дээрээ битгий шоолуулж байгаасай. Хичээлээ таслах нь буруу, бусдыг шоолох нь зөв зүйл гэж харж болохгүй шүү. Харин өөртөө оруулах хөрөнгө оруулалтаа багасгасан гэж бодоорой.

-Өөрөө уран бүтээл гаргахаас гадна ямар ажил хөдөлмөр эрхэлдэг вэ?

-Маш олон ажил хийдэг. /инээв/ Social influencer, “Мотр” хувцасны брэндийн үүсгэн байгуулагч, “Мухар” night club-ийн  ерөнхий менежер, 168  артист, "Хар тамхи ба хүчирхийлэл" ТББ-ийн продюсер, "Цацрах эгшиг" гээд ТТБ-ын ТУЗ-ийн гишүүн хийдэг. Хүчирхийллийн болон ялгаварлан гадуурхалтын эсрэг өөрийн боломжоор дуугарахыг хичээж ажиллаж байна.

-Реппэрүүд  бусдад үлгэр дуурайлал болох уран бүтээлүүд хэр их гаргадаг вэ. Хэсэг хүмүүс реппрүүдийг нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлдэг хэмээн шүүмжилдэг шүү дээ?

-Тийм шүү дээ. “Бүгдээрээ сайхан хичээлээ хийцгээе” гэдэг дуу байхгүй. Дууны утгын хувьд дандаа зөв зүйл дуулах боломжгүй. Байж болохыг үгүйсгэхгүй л дээ. Тэгэхдээ л бусдад хүрэхгүй. Ер нь өнөөдрийн нийгэмд сайхныг дуулъя гэсэн ч сайн сайхан юм маш цөөхөн байна. Харин муу муухайг давтаж, сануулж байж илүү наалддаг. Би дуунууддаа муу муухай юм зөндөө дуулсан. Ингэж дуулчхаад ямар зөв үлгэр дуурайллыг бусдад түгээж, Монголд урлагыг яаж хөгжүүлэх гээд байгаа талаарх хүмүүс гайхах байх. Тэгвэл тэдгээр уран бүтээлүүд намайг хэр эрх чөлөөтэй байх ёстойг харуулж байгаа юм.

Урлаг гэдэг сегмент бол сэтгүүл зүйгээс өөр. Тийм учраас бид илүү хариуцлагатай байх албагүй. Урлаг гэдэг чинь төсөөлөл, таашаал, биелэгдэшгүй мөрөөдлийг бий болгож бодит байдлаас хөндийрүүлдэг байх ёстой.

Мөн бидний уран бүтээл бусдад “Та нарт ч гэсэн хүн болгонд үгээр илэрхийлэх илэрхийлэмж, эрх чөлөө байдаг шүү. Тэр эрх чөлөө бол урлаг. Мөн гуравхан минутанд ч өөрийн үзэл бодлыг илэрхийлэх боломжтой шүү. Үүнийг хэн нэгэн хязгаарлаж, дүгнэдэг байх албагүй" гэдгийг ойлгуулах гүүр болдог. Үүнийг л урлагийн хөгжил хэмээн тодорхойлж байгаа юм. Хүнийг хийсэн дууных нь төлөө шүүдэг байх ёсгүй. Уран бүтээлч, уран бүтээл хоёр тусдаа өөр зүйл шүү дээ. Монголчууд урлаг, энтертайнмэнт хоёроо ялгахгүй байгаа мэт санагддаг. Энтертайнмэнт бол хүмүүсийн хүссэнийг биелүүлж, залуусыг зөв зүйлд уриалдаг маш хурдан зарагддаг бараа шиг зүйл юм. Харин урлагт бусдад үлгэрлэх, хүмүүст таалагдах, хүссэнийг нь хийх шаардлага байдаггүй. Энтертайнментэд л зөв хүн, зөв нүүр царай гэдэг үг тохирно. Харин  урлаг, энтертайнмент хоёрыг ялгаж чадахгүй байгаагаас болж асуудлууд үүсэж байна даа.

-Найз нөхдийн хүрээллийг чинь сайн мэдэхгүй ч гэсэн уран бүтээлээр чинь дамжуулж  залуу реппрүүд сайхан нөхөрлөдөг бололтой гэж хардаг. Чиний хувьд нөхөрлөл гэж юу вэ. Don Dior, Wolfizm, Pacrap, Loce, Roockie та нар уран бүтээлийн хамтрагчид уу. Эсвэл амьдралын найзууд уу?

-Бид мэдээж сайн найзууд. Хамтдаа хааяа хооллоно. Миний нэг дуу олон нийтийн анхааралд өртсөн учраас тэд надтай нөхөрлөсөн хэрэг огтхон ч биш. Бид эртнээс найзалдаг байсан. Wolfizm бид хоёр 2017 оноос “Мотр” брэндийн хувцсыг дэмжих тал дээр хамтран ажиллаж, нөхөрлөж эхэлсэн. Ер нь л эртнээс бие биенийгээ мэддэг  байсан. Биднийг хэн ч мэддэггүй байхад хоорондоо найзалдаг л байлаа. Бид уран бүтээлээр холбогдож, реппер болох амьдралд хутгалдаад л явж байсан. Харин Pacrap-тэй “Bolorranger”  гэдэг нэртэй яруу найргийн уншлагын арга хэмжээ зохиодог байхдаа танилцаж байлаа.  Pacrap  өөрөө яруу найрагт маш дуртай, уяхан  хүн шүү дээ.  

-Та бүхэн одоо 24-25 насны залуучууд. Хүн бүхэн хорвоогийн жамаар нас нэмдэг. Тэгвэл та бүхэн өөрсдийгөө насан туршдаа реппер байна гэж боддог уу. Зарим хүмүүс залуу насны зориг, нэгнээ дагаж дарвих нас ч гэж хардаг. Нөгөө хэсэг нь гэр бүл зохиож томоожих үе гэж ярьдаг шүү дээ?

- Зүгээрээ. /Инээв/ Бидний дунд маш сайн аав, гэрийн эзэн болж чадах залуучууд олон байдаг. Жишээлбэл, Wolfizm байна. Pacrap маань саяхан хүүхэдтэй болсон. Don dior одоо найз охинтой байгаа. Лок бол бүр хамгийн сайн аав болно. Харин би л энэ тал дээр багахан асуудалтай байна.

-Яагаад?

Найзуудын ихэнх нь одоо гэр бүл зохиох гэж байна. Миний хувьд гэр бүр зохиогоод үзчихсэн хүн л дээ. Миний амьдралд үгээр хэлэхийн аргагүй сайхан мөчүүд байсан. Одоо бодоход яг зохиосон гэж хэлж болохгүй юм байна. Зохиоход тун ойртсон. Найз охинтойгоо  тусдаа амьдарч, хамт хоол хийж идээд л хоёулаа ажилдаа явж,  би костюм  өмсөөд борлуулалтын менежерийн ажил хийж эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлөөд л, хадмуудтайгаа сайхан харилцаатай байсан үе надад бий. Харин энэ байдлаас хүчтэй унасан. Би аав, ээж, эмээ, өвөө болон нийгмийн шахалт бүрийг хүлээн авч, тэр болгоныг тултал нь биелүүлдэг хүн байсан. Гэвч энэ нь миний хүссэн зүйл биш байлаа. Харин би өөрийнхөө төлөө өөрөө дуугарч чаддаг хүн байхыг хүссэн. Бусдын амьдралаар амьдраад байгаа мэт санагддаг байсан. Ихэнх хүмүүс өөрийн потенциалыг дарж, бусдаас эмээж нууж амьдарсаар хөгширдөг. Ийм байхыг хүсээгүй дээ.

-Өөрөө маш зоригтой алхам хийжээ. Хүн болгон дотоод хүнээ чөлөөлөх шийдвэрийг гаргаж чаддаггүй байх?

-Тэгэлгүй яахав дээ. Хүн болгоныг ингэж чадаасай гэж хүсэж байна. Ялангуяа хүүхдүүдийг илүү боломжтой байгаа дээрээ өөрийн хүссэн амьдралаар амьдраасай  гэж хэлмээр байна.

-Өөрөө шивээс хийлгэсэндээ харамсдаг гэж ярьсан байсан. Яагаад?

-Шивээс хийлгэсэндээ харамсдаг гэдэг өгүүлбэр бол шивээстэй огт хамааралгүй юм. Би нийгэмд нэрэлхээд, нэрээ зарж идэж яваа хүн шүү дээ. Тийм учраас миний нэр байнга яригддаг байх ёстой. Байнга 168 гэж яриад дуусчихгүй шүү дээ.  Нэг сэдэв байх ёстой.  “Unicsilentpoint”  гээд нэг онол байдаг. Үүнд  онцгой зарагдах шинж чанар байх ёстой. Хүмүүсийн анхааралд өртөх сонин түүх надад хэрэгтэй болсон. Тэр нь би нүүрэндээ шивээс хийсэндээ харамсдаг гэсэн өгүүлбэр юм. Энэ л өөрөө бусдын хүссэн хариулт байсан юм. Хүмүүс энэ тухай хачирхан ярих нь миний зорилго байсан гэж хэлбэл тохирно.

-Уран бүтээл хийж олсон мөнгөөрөө сайхан амьдрах боломж нийгэмд байна уу?

-“Урлагаар хоолоо олж иддэггүй юм” гэж манай аав, ээжийн хэлдэг.  Урлагаар хоолоо олж идэх боломжгүй. Тэгэхээр  бизнесийн ухаан хэрэгтэй байна. Жишээлбэл, агент ч юм уу. Монголд шинэ уран бүтээлчдийг дэмжиж гэрээ хийдэг агент байдаггүй. Надтай огт тааралдсангүй. Би маркетингийн сургууль төгссөн  тулдаа л хийсэн бүтээлээ хөрөнгө болгож, зарж амьдарч байна. Урлаг гээд яривал мөнгө рүү хөрвөхөд хэцүү зүйл шүү дээ. Хэдийгээр одоо ийм байгаа ч ирээдүйд сайхан амьдрах боломжтой. Өмнө нь дуу дуулж мөнгө олох хэцүү байсан бол одоо өөрчлөгдөж байна. Нэг дууг маань  хаана ч явуулахад миний дансанд мөнгө орж ирэх боломжтой.

Харин одоо платформуудаар дамжуулж маш сайн дуу хийж чадвал зөвхөн Монголд биш дэлхийн хэмжээний уран бүтээл болох боломжтой болсон байна. Учир нь урлаг бол дэлхийн хэл юм.

-Өөрийн үнэнч сонсогчиддоо зориулаад хэлж амжаагүй шинэхэн нууц байвал хуваалцаач?

-Удахгүй “Ленин” цомгоо гаргах гэж байна. Энэ цомогт нийтэд цацагдаагүй шинэхэн уран бүтээлүүд багтсан байгаа.

 

 

 

 

 

 

 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.246.38Зочин   • 2021, 1 сарын 26. 16 цаг 32 минут

үгийн алдаагаа зас!

180.149.67.118Зочин   • 2020, 5 сарын 22. 17 цаг 38 минут

дэлхийн хилээр бусадтай ойлголцоно гэдэг нь юу гэсэн үг юм бол

139.5.216.48Зочин   • 2020, 5 сарын 18. 11 цаг 04 минут

ene zaluug anh garj irj bxd bs l neg niigmin gajuudal shig xvleej awj bsn xeseg olon bii bx bi ch tedgeeriin neg ymr hachin ymbe gj bodj bsn syhan ayndaa hiisen zvils ,vzel bodliin tsar xvreeg n xaraad medeed taniaf irheer zaluusiin tuluull bolsn dotood vzel bodoldoo vnench zaluusig zuw zvild uran bvteelin ungu aysaaraa urialsn * eejiin sain xvv * baina gedg shig sain zaluu bna yg uurtei n yriltssan ym shig sangdlaa . Asuultud n ch onowchtoi ym iim surwaljlaga l xvleej bailaa amjilt zaluu.com

202.179.2.234Зочин   • 2020, 5 сарын 18. 8 цаг 55 минут

Их сонин дотоод ертөнцтэй хүн юм.Задгай сэтгэлгээтэй

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.