Шинэ төрлийн коронавирусийн улмаас Европын хөлбөмбөгийн лигүүд тэр чигтээ зогсоод байсан билээ. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдээр Германы Бундес лиг эргэн ирж, хөлбөмбөг сонирхогчдын "цангаа"-г бага ч болов тайллаа. Бундес лигийн 26 дугаар тойргийн тоглолтууд амралтын өдрүүдэд үзэгчгүй болж, тэргүүлэгч багууд хожив. Өнөөдөр нэг тоглолт болсноор энэ тойрог өндөрлөнө.
Лигийг тэргүүлж байсан "Байерн Мюнхэн" клуб энэ тойрогт нийслэлийн баг болох "Унион Берлин"-ий талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 58 оноотой болж, хүснэгтийн манлайд хэвээр үлдлээ. Тоглолтын 40 дэх минутад Левандовски гоолдож, тооны харьцааг нээсэн. Ийнхүү тэрбээр Бундес лигт энэ улиралд 26 дахь гоолоо оруулж, мэргэн буучийн жагсаалтыг тасархай тэргүүлж байна. Тэгвэл "Байерн"-ы хоёр дахь гоолыг Павар 80 дахь минутад оруулсан юм.
Хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа "Боруссия Дортмунд" клуб энэ тойрогт талбайдаа "Шальке"-г хүлээж авч, 4:0-ээр "бут ниргэлээ". Тоглолтын 29 дэх минутад Холанд тооны харьцааг нээсэн бол Геррейру 45, 63 дахь минутад дубль толилуулсан. Торган Азар дунд нь 48 дахь минутад нэг гоол оруулсан юм.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ok