ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. Тэрбээр "Нэгдүгээр сарын 06-наас эхлэн өнөөдрийг хүртэл 5000 орчим хүнийг хянаж тандаж шинжилсэн байна.
Монгол Улсад импортлогдож орж ирсэн 140 тохиолдол байгаа. 1-5 шинжилгээ хийж байсан илэрсэн. Үүний 89 тохиолдол нь ОХУ-аас, үлдсэн нь 11 улсаас орж ирсэн байна. Хүйсийн хувьд 65 хувь нь эрэгтэй, 35 хувь нь эмэгтэй байна. Батлан хамгалахын сургуулийн оюутнууд илүү өртсөн учраас эрэгтэй тоо их байгаа юм. Эмчлэгдэж байгаа 114 хүн байна. Эдгэрсэн хүмүүсээс одоогоор 13 хүн "Энх саран" сувилалд, гэртээ 3 хүн байна. Арван хүн ажиглалтаас гарсан. Тэдний дөрөв нь гадаад хүн. Нэг нь эх орон руугаа буцсан. Гарсан иргэд бүгд хоёр хоёр удаа шинжилгээ хийлгэж байгаа. Өнөөдрийн байдлаар 8000 гаруй иргэд улсаас зөвлөгөө авсан байна.
Бид халдвар авсан хүнийхээ нэр усыг нууцлах ёстой. Монгол Улс даяараа энэ халдварт яаж өртөхгүй, эх орондоо яаж тараахгүй байх вэ гэж өдөр бүр ЭМЯ-ны хурлыг хүлээдэг болсон. Гэтэл иргэдийг сэртхийлгэсэн мэдээлэл яваад байна. Тусгаарлалтад байгаа Алтанхундага гэж хүн мэдээлэл өгч хэвлэлүүдэд яриа өгсөн байна. Гэтэл түүнийг нь сонссон ард түмэн дахиад айдас хүйдэст автана.
Энэ иргэн 2019 оны есдүгээр сард ОХУ-д амьдрахаар очсон юм байна. Ингээд 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 13-ныг хүртэл ОХУ-ын Улаан-Үд хотод амьдарч байсан. Санктпетербург, Новосибирск, Улаан-Үд гэсэн маршрутаар ирсэн. Гэр бүлийн хамт зургуулаа байр түрээслээд Улаан-Үдэд байсан. 13-нд наашаа гараад 14-нд Рейлбусаар Төв аймгийн Батсүмбэрт ирж тусгаарлагдсан. Ингээд шинжилгээ авахад коронавирусийн халдвар илэрсэн.
Энэ хүн Улаан-Үдэд байхдаа хоёр удаа шинжилгээнд орсон гэж хэлж байгаа. Орсон ч байна билээ. Тавдугаар сарын 02, 08-нд хоёр удаа шинжилгээ өгсөн байна. Сөрөг гарсан. Тавдугаар сарын 08-нд хийлгэсэн шинжилгээнийхээ хариуг 12-нд авсан. ОХУ-д ялалтын баяр гээд шинжилгээний хариу хойшилсон юм байна. Шинжилгээний хариу гарах хүртэл энэ иргэн ОХУ-д тав, зургаан хоног байсан. Ирсэн хойноо бичээд тараагаад байгаа зүйл нь "Би Монгол Улсад орж ирэх явцдаа, Төв аймгийн сувилалд ирэх явцдаа халдвар авчихлаа" гэж хэвлэлээр ярьж, ард иргэдийг үймүүлж байна.
Тэгж халдвар авах эрсдэл болоогүй. Халдварын нууц үеийн хугацаа 5-6, цаашилбал 21 хоног хүрч магадгүй байгаа. Тухайн иргэн Улаан-Үд хотод байхдаа өвдсөн оюутнуудад тусалж, эмчилж байсан байгаа юм. Энэ нь сайн тал. Гэхдээ халдвар авах эрсдэл маш өндөр гэдгийг тооцоогүй. Мөн энэ хүн шинжилгээгээ 12-нд хийлгэсэн гэж ташаа мэдээлэл тараагаад байна. Өөрөө халдвар судлалын талаар ойлголт муутайгаас ийм мэдээлэл тараагаад байж магадгүй. Өнөөдөр бид эрсдэлтэй, цочирдолтой байхад ард иргэдээ үймүүлж болохгүй. Энэ бол төр засгийн бодлоготой, хууль дүрэмтэй ажил. Тиймээс бидний ажлыг хүндлээрэй. Монгол Улс чадлынхаа хэрээр ажиллаж байгаа" гэлээ.