АН сонгуульд 17 бүсгүй “сойсон”-оос хууччуул нь З.Нарантуяа, Г.Уянга, С.Одонтуяа

АН-аас 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд 17 бүсгүй “сойжээ”. Тэднээс өмнөх парламентад ганц дайчин ганцаардахгүй хэмээн нэлээд зоригтой дуугарч суусан бүсгүй бол З.Нарантуяа. Түүнд нам нь тэргүүн эгнээнд итгэл үзүүлсэн нь ойлгомжтой. Харин хууччуулаас Г.Уянга, С.Одонтуяа нар УИХ-д дахин суудал горилж буй юм. Үлдсэн 14 бүсгүйн хувьд дандаа шинэ хүмүүс байна. МАН-ын хувьд мөн л 16 бүсгүй сонгуульд өрсөлдөх эрхээ өвөртөлснөөс 11 нь шинэ өнгө төрх болсон бүсгүйчүүд байсан юм. Үүнээс үзвэл ӨӨР хүмүүсийг сонгох нийгмийн хүлээлт буйг намууд мэдэрсэн нь илт. Ингээд та бүхэнд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд АН-аас өрсөлдөх бүсгүйчүүдийг танилцуулж байна.

УИХ-ын сонгуулийн  3-р тойрог буюу Баянхонгор аймгаас тус аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн А.Адъяасүрэн нэр дэвшихээр болжээ. Тэрбээр авто тээврийн салбарт 20 жилийн хугацаанд 50 гаруй мянган жолоочийг бэлтгэсэн "Номгон Санчир" группын ерөнхий захирал юм. Багш, сэтгэл зүйч мэргэжилтэй түүний удирдсан компани өдгөө жолоодлогын сургуулиас гадна өөрсдийн МСҮТ-ийг байгуулан найман чиглэлээр авто тээврийн засвар үйлчилгээний ажилтан бэлтгэж байгаа.  Мөн Оюутолгой компанийн аюулгүй жолоодлогын сургалт хариуцсан анхны монгол компаниар тав дахь жилдээ ажиллаж байна.

 УИХ-ын 5-дугаар тойрог буюу Говь-Алтай аймагт ажлын гараагаа TV9 телевизээс эхэлж байсан сэтгүүлч О.Батханд нэр дэвшихээр шийджээ. Тэрбээр “ТВ-9”, “ETV” телевиз болон “Media group”-ын хэвлэл мэдээлэл хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан. Телевизийн салбарт 10 гаруй жил ажиллаж байгаа. Олон Улсын сэтгүүлч, эрхзүйч мэргэжилтэй. Мөн АНУ-ын Харвардын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. Мөн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн. Өдгөө “Сод монгол” группын хэвлэлийн албаны дарга хийдэг бүсгүй юм. Түүнийг яруу найрагч Зундуйн Доржийн охин гэдгээр нь нь хүмүүс илүүтэй таньдаг юм билээ.

УИХ-ын сонгуулийн 7-р тойрог буюу Дорнод аймагт Дорнод аймгийн АН-ын дарга, Г.Батхүү агсны дүү П.Батчимэг өрсөлдөхөөр шийджээ. Тэрбээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч. Уг нь орос хэлний багш мэргэжилтэй юм билээ. Улмаар Төрийн удирдлагын менежер, Бизнесийн удирдлагын магистр, Хэл шинжлэлийн ухааны доктор зэрэг хамгаалжээ. Түүний ах Г.Батхүү агсны хүү болох Б.Ганхөлөг мөн АН-аас УИХ-ын сонгуульд өрсөж байна.

 УИХ-ын сонгуулийн 9-р тойрог болох Завхан аймгаас УИХ-ын гишүүн З.Нарантуяа нэр дэвшинэ. Тэрбээр өнгөрсөн парламентад АН-ын бүлгээс ганцхан эмэгтэй төлөөлөл нь болж сууж байсан юм. Ингэхдээ зүгээр ч нэг “мануухай” байсангүй. Эдийн засгийн өндөр мэдлэгтэй тэрбээр төсвийн асуудалд хүчтэй байр сууриа илэрхийлсээр ирсэн нэгэн. Түүнийг өнгөрсөн 2016 оны сонгуулийн үеэр мөнгө тараах тухай ярьж буй  гэх бичлэг сошиал орчинд тараад байна. Харин  тэрбээр үүнийг үгүйсгэж, эвлүүлэг хэмээн мэдэгдсэн юм.

 УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймгаас Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудал хариуцсан орон тооны зөвлөх Д.Үүрийнтуяа  нэр дэвшинэ. Тэрбээр эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй, Нийгмийн удирдлагын менежер, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй, нийгмийн бодлогын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин юм. Түүнчлэн Ашигт малтмалын газрын дэд дарга, дарга, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт албаны дарга, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг төрийн болон улстөрийн албан тушаал хашиж байсан туршлагатай төрийн албан хаагч юм. Тэрбээр орос, англи хэлтэй.

УИХ-ын сонгуулийн 14-р тойрог  болох Төв аймгаас Д.Эрдэнэсувд өрсөлдөнө. Тэрбээр хүний их эмч, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн докторант. Одоо Ардчилсан намын Гадаад харилцаа, сургалт хөгжлийн газрын даргын алба хашдаг юм байна.

 УИХ-ын сонгуулийн 17-р тойрог буюу Хөвсгөл аймгаас ”Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа гэх бүсгүй нэр дэвших нь. Б.Баярмаа нь Хөвсгөл аймгийн унаган иргэн. Хөвсгөл аймагтай салшгүй холбоотой нэгэн. Тэрбээр байгаль орчныг хамгаалах  чиглэлээр ТББ байгуулан ажиллаж байгаа бөгөөд үүндээ амьдралынхаа 10 гаруй жилийг зориулжээ.

УИХ-ын сонгуулийн 18-р тойрог буюу Хэнтий аймагт Т.Пүрэвхатан нэр дэвшинэ. Тэрбээр өөрийн итгэл үнэмшлээр Ардчилсан намын гишүүн болоод 10-аад жил болж буй хэмээн ярьсан байдаг. Энэ хугацаанд бүх шатны сонгуульд өөрийн чадах хэмжээнд намаа дэмжин оролцож ирсэн. Гэхдээ  албан тушаал горилж байгаагүй гэх. 2016 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам ялагдахад төрийн ажлаа өөрийн хүсэлтээр өгч, намынхаа улс төрийн ажилд идэвхтэй оролцож байжээ. Хэнтий нутгийн эмэгтэйчүүд түүнд итгэл үзүүлэн аймгийнхаа АЭХ-ны тэргүүнээр сонгон ажиллуулаад багагүй хугацааг өнгөрүүлсэн байна.

 УИХ-ын сонгуулийн 19-р тойрог буюу Дархан-Уул аймгаас сэтгүүлч Д.Энхтуяа нэр дэвшинэ. “NTV” телевизийн мэдээ, шуурхай нэвтрүүлгийн албаны даргаар ажиллаж байсан. Улмаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан Хэвлэл мэдээллийн тэргүүн ажилтан юм. Одоо МҮОНРТ-ийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч хийдэг. Тэрбээр өмнө нь МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байсан юм. Улмаар МҮОНТ хоёр сувагтай болж өргөжихөд "Монголын мэдээ" сувгийн захирлаар томилогдон ажиллаж байсан билээ.

 УИХ-ын сонгуулийн  21-р тойрог буюу Багахангай,  Багануур, Налайх дүүрэгт Ц.Алтанцэцэг нэр дэвшинэ. Тэрбээр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Багахангай дүүргийн АН-ын дарга, “Пантер Мидланд Аудит” ХХК-н ерөнхий захирал. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан. Түүний хувьд   бидний сайн мэдэх “Голланд сарнай” киноны гол дүрийн эмэгтэй билээ. 

УИХ-ын сонгуулийн 23-р тойрог  буюу Баянзүрх дүүргээс Ц.Одонтунгалаг нэр дэвшинэ. НИТХ-ийн төлөөлөгч тэрбээр 2005 онд УИХ-ын гишүүний туслах хийж байсан. 1996 оноос Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч, 2000 оноос Монголын нотариатчдын танхимын нотариатч, 2012 онд Автобус-1 НӨҮГ-ийн захирал, 2014 онд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ийн захирал, 2016 оноос НИТХ-ийн төлөөлөгч хийж буй. Тэрбээр Улсын заан Д.Бумбаярын гэргий аж.

 УИХ-ын сонгуулийн 25-р тойрог буюу Чингэлтэй дүүргээс хоёр эмэгтэй нэр дэвшиж байна. Эхнийх нь УИХ-ын гишүүн асан Г.Уянга. Уг нь АН-ын угшилтай тэрбээр өнгөрсөн 2016 оны сонгуулиар Тусгаар тогтнол, эв нэгдийн нам байгуулан тэргүүлж сонгуульд оролцсон ч ялагдал хүлээсэн. Харин энэ жил АН-аас нэр дэвших гэсэн боловч С.Эрдэнэ даргын эсэргүүцэлтэй нэлээд тулгарсан сураг дуулдсан. Улмаар бие даан нэр дэвшихээр шийдээд байсан ч С.Эрдэнэ дарга буулт хийж, намын лидерүүдээ эргэн ирэхийг хүссэнээр Г.Уянга тэргүүтэй бие даахаар шийдсэн АН-ын хэсэг гишүүд намаасаа нэр дэвшихээр болоод байна.

 УИХ-ын сонгуулийн 25-р тойрог буюу Чингэлтэй дүүрэг нэр дэвших хоёр дахь бүсгүй бол хуульч Р.Булгамаа. Тэрбээр 2001 онд "Улаанбаатар Эрдэм" их сургуулийг эрхзүйч мэргэжлээр дүүргэсэн.  2002 онд ИЗИС-д Хууль зүйн ухааны магистр,  2010 онд докторант хамгаалсан.  2011 онд Малайз улсын Линкоквингийн Их сургуульд  Англи хэлний мэргэшүүлэх сургалтад суралцсан.  2016 онд Удирдлагын академид Төрийн удирдлагын магистр хамгаалж, 2018 онд АНУ-ын Вашингтон хотод Импакт улс төрийн хөтөлбөрт хамрагдаж, мэдлэг чадвараа улам ахиулсан түүхтэй.

Хөдөлмөрийнхөө гарааг багшийн ажлаас эхэлсэн. 2001-2002 оны хооронд "Улаанбаатар-Эрдэм" их сургуульд Хуулийн тэнхэмийн багш, 2002-2006 он хүртэл "Их засаг" Олон улсын их сургуульд багш, факультетын декан хийж байсан. Улмаар 2006-2015 он хүртэл мөн сургуульд Сургалт, инноваци эрхэлсэн проректор, дэд захирлын албыг хашсан. Түүнээс гадна,  МҮХАҮТ-ын дэргэдэх  Монголын Олон улсын арбитрт 2012 оноос одоог хүртэл Арбитрч хийж байгаа. 2015 оноос 2016 оны долдугаар сарын 9-ний өдөр хүртэл Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажилласан. 2017 оноос одоог хүртэл "Алтан гэрэгэ" хуулийн фирмд захирал, Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа нэгэн юм.  Орос, англи хэлтэй.

“Очир” төвийн зочид буудалд 13 настай охин бусдад хүчиндүүлж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг 2017 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө гарсан. Өмгөөлөгч, хуульч Р.Булгамаа ээдрээтэй, ноцтой дээрх хэргийг нэг жил 10 сарын хугацаанд үнэ төлбөргүй өмгөөлж, шударгаар шийдвэрлүүлж чадсан. Мөн тэрбээр шинэ оны босгон дээр Монголын хуульчдын холбооны “Оны шилдэг хуульч” шагнал хүртжээ. Нийгэмд шуугиан тарьсан, хүний эрх тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хэргүүдэд үнэ төлбөргүй, амжилттай ажилласан хэмээн дээрх шагналыг түүнд олгожээ.

 УИХ-ын сонгуулийн 26-р тойрог  буюу Баянгол дүүргээс Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нэр дэвшинэ. С.Одонтуяа  нь 1982 онд Нийслэлийн 10-н жилийн 1-р дунд сургууль, 1988 онд ОХУ-ын Санкт Петербург хотын Улсын Их сургууль төгссөн. Англи, орос хэлтэй. Олон улсын эдийн засаг, харилцааны мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар  Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож байсан билээ.

УИХ-ын сонгуулийн  27-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Б.Пунсалмаа нэр дэвших юм. Б.Пунсалмаа бол эрэгтэй захирлууд зонхилдог шатахууны салбарт томоохон тоглогчдын нэг болох "М-Ойл"-ыг амжилттай удирдаж яваа бүсгүй. 2002 онд МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн тэрбээр 2006 оноос буюу тун залуугаасаа "М-Ойл" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах болжээ. Өдгөө тус компани 30 орчим шатахуун түгээх станц, 570 орчим ажилтантай, татвар төлөлтөөрөө жил бүр улсад эхний 20-д ордог болж өргөжөөд байгаад түүний оруулсан үүрэг  их гэдэг.

 УИХ-ын сонгуулийн 28-р тойрог  болох Сонгинохайрхан дүүргээс П.Цэцэгмаа нэр дэвшинэ. Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд дарга, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн юм.

УИХ-ын сонгуулийн 29-р тойрог болох Хан-Уул дүүрэгт Т.Энхсайхан нэр дэвшинэ. Түүнийг “Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөн”-ий тэргүүн гэдгээр нь бид саяхнаас мэдэх болсон. 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас Төв аймагт нэр дэвшсэн ч гарч чадаагүй Т.Энхсайхан өнгөрсөн өвөлжингөө л Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн эсрэг тэмцсэн билээ.

31
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан6 сар 3. 18:00Холливүүдийн хамгийн сайхан эмэгтэйчүүд6 сар 3. 17:50Зургадугаар сарын 5-нд гэр хорооллын ус түгээх байрууд амарна6 сар 3. 17:45Галзуу өвчнөөр өвчилсөн мал, амьтанд ямар шинж тэмдэг илрэх вэ6 сар 3. 17:40“C5+1” дипломат платформ6 сар 3. 17:35Зэрлэг амьтад үлэг гүрвэл шиг мөхөж байна6 сар 3. 17:30ТАНИЛЦ: Байраа "зараад" сонгуульдсан Б.Гүнбилэг хуульч 1 хашаа байшин, 1 амины орон сууц, 5 БАЙРТАЙ6 сар 3. 17:26МУ-ын Зэвсэгт хүчний алба хаагч НҮБ-ын штабын медалиар шагнууллаа6 сар 3. 17:25Шарапова, Селеш хоёр хамгийн чанга хашхирдаг теннисчид6 сар 3. 17:20Египетэд 17 давхарын тагт унаж гурван хүн амиа алджээ6 сар 3. 17:15АНУ: 6, 7 настай хөвгүүд өвөөгийнхөө машиныг унаж яваад осолдож амиа алджээ6 сар 3. 17:10В.Путин: ОХУ-ын эдийн засаг ирэх долоодугаар сараас сэргэж эхэлнэ6 сар 3. 17:00ТАНИЛЦ: 3 тэрбумын орлоготой, 6 тэрбумын орон сууцтай, ХАГАС ТЭРБУМЫН ХАДГАЛАМЖТАЙ нэр дэвшигч Ц.Цэрэнпунцаг6 сар 3. 16:51ИБРА арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг6 сар 3. 16:50Хабибийн аавын шавь нар цуурхал тараахгүй байхыг хүсэв6 сар 3. 16:45ТАНИЛЦ: Өөрийн орлогогүй, гадаадад 2 сая ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ С.Баярцогтын ХОМ6 сар 3. 16:44МҮЭХ, Монголын барилгачдын холбоо зэрэг 15 ТББ-тай МАН хүчээ нэгтгэхээр боллоо6 сар 3. 16:42Итали улс хилээ нээж, ирсэн зочдыг тусгаарлахгүй6 сар 3. 16:40ТАНИЛЦ: 448 саяын байр, зуслантай, 101 саяын хурдан удмын адуутай "Утааны эсрэг мэдээлэлтэй ирээдүй" ХХК-ийн Ц.Пүрэвхүү6 сар 3. 16:36Сингапурын нисэх онгоцны буудал транзит нислэг хүлээн авч эхэлжээ6 сар 3. 16:35Та дараах 10 зүйлийг олвол яасан ч авч болохгүй6 сар 3. 16:30Судалгаа:зургаа дахь удаагийн их мөхөлд хүмүүс бид буруутай6 сар 3. 16:20Хар тамхи наймаалдаг бүлэг этгээдийг баривчиллаа6 сар 3. 16:15Арьс чангалах шилдэг аргууд6 сар 3. 16:15ТАНИЛЦ: Б.Жагар, М.Чингисхаан, А.Отгонбаатар, Л.Өнөрчимэг тэргүүтэй нэр дэвшигчдийн ХОМ6 сар 3. 16:12NHL-ийн плей-оффт 24 баг оролцоно6 сар 3. 16:05Н.Номтойбаярыг суллахыг шаардсан залуус жагслаа6 сар 3. 16:03Өнгөрсөн 7 хоногт хамгийн их борлуулалттай байсан номууд6 сар 3. 16:00АМЕРИКИЙН ЦАГДАА НАР ОРОСЫН СЭТГҮҮЛЧ РҮҮ ОЛОНТАА БУУДЖЭЭ6 сар 3. 15:50АНХААРУУЛГА: Та фэйсбүүкээр ингэж залилуулсан юм БИШ БИЗ?6 сар 3. 15:45
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.