Хөл хориог сунгах эсэх асуудлаар УОК-ын өргөтгөсөн хуралдаан болж байна. Хурлын эхэнд Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цаашид эрсдэл улам их болно. Тайшрах шалтгаан өчүүхэн ч алга. ДЭМБ-ын мэдээгээр өнөөдрийн байдлаар 5.4 сая хүн өвчилсөн байна. 346 мянган хүн нас барсан байна.
АНУ-д гэхэд 1,6 сая хүн өвдсөн. 99 мянган хүн нас барсан. 20 жил үргэлжилсэн Вьетнамын дайнд АНУ 58 мянган цэргээ алдаж байсан бол энэ богино хугацаанд 99 мянган хүн амиа алдаад байна.
Тиймээс хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ асуудлыг одоо хэлэлцэх гэж байна.
Дэглэмийг сулруулж болохгүй гэж үзэж байна. Сүргийн дархлаа тогтооно гэж ярьж байгаа нь манай нөхцөлд огт таарахгүй. Вакцинаар бүх хүнээ дархлаажуулж чадсан тэр нь үед л тайвширч болох юм.
Тиймээс зөвхөн гаднаас ирсэн иргэдээ оношлох бус бусад иргэдээ шинжилгээнд хамруулах шаардлагатай байна. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа цалин хангамж, орон сууцны асуудлыг шуурхай шийдэх хэрэгтэй.
Тусгаарлах байрны хяналтаа улам чангатгах, амны хаалт зүүхийг орон даяар идэвхижүүлэх, мөн энэ зунжингаа ариутгал халдваргүйтгэлийг үргэлжлүүлэх ажлуудыг дариухан хийх шаардлагатай гэж үзэж байна.
Урьд урьдынхаасаа илүү сонор сэрэмжтэй, сахилга хариуцлаггтай, бие бинээ дэмжиж ажиллах цаг үе ирээд байна. Ингэж чадвал хохирол багатай байж чадна гэж хэлмээр байна. Гурав дахь шат битгий эхлээсэй гэж хүсмээр байна. Өөрөөр хэлбэл дотооддоо алдаж болохгүй. Тийм байдалд хүргэхгүй байхын тулд дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байж нягт хамтран ажиллах хэрэгтэй байна" гэлээ.