ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ОХУ-ын хувьд өмнөх өдрүүдийн нэгэн адил тогтвортойгоор шинэ халдварын тоо нэмэгдэж, 8,000 гаруй шинэ халдвар бүртгэгджээ. Ингээд тус улсын нийт халдвар авсан хүний тоо 370,600 гаруй болсон байна. Түүнээс гадна өчигдөр тус улсын Эрүүлийг хамгаалах яамнаас гаргасан тушаал шийдвэрийн дагуу шинж тэмдэггүй халдварын тохиолдлуудыг шинэ тохиолдлын тоонд оруулан бүртгэхээ больж байгаа аж.
ОХУ-д COVID-19 халдвар оргил үедээ хүрсэн гэж эрх баригчид үзэж байгаа тул зургаадугаар сарын 1-нээс эхлэн Москва хотод мөрдөгдөж буй хязгаарлалтын арга хэмжээнүүдийг үе шаттайгаар цуцалж эхлэхээр шийдвэрлэжээ. Харин тус улсын Умард Кавказ бүс нутаг дахь Дагестаны бүгд найрамдах улсад халдварыг хяналтдаа авч чадаагүй, нөхцөл байдал нь хүнд хэвээр байгаа учир цэргийн хээрийн эмнэлэг дэлгэхээр болсон байна.
БНСУ-д Лхагва гарагт 79 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 68 нь дотоодынх нь халдвар байгаа юм. Өчигдөр мэдээлж байсан цахим худалдааны компанийн агуулахаас эх уурхайтай халдварын голомтоос Лхагва гарагийн байдлаар 69 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Дээрх голомт нь шөнийн клубийн голомтод халдвартай тархвар зүйн хувьд холбоотой эсэхийг судалж байгаа бөгөөд хараахан тогтоогоогүй байна гэж тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлсэн байна.
Сэтгэгдэл бичих