2020 оны 6-р сарын 1
8 цаг 00 минут

М.Түвшинзаяа: Эцэг, эх бүр хүүхдийнхээ сонирхлыг ойлгож, түүнийг нь дэмждэг байгаасай

 Эх хэлнийхээ боловсролыг хойч үедээ түгээх зорилготойгоор зохиогдсон “Үндэсний үсэглэлийн аварга” шалгаруулах шоуг үзээгүй, сонсоогүй хүн үгүй биз ээ. 8 настай балчраас 80 настай буурлуудын ч шимтэн үзэх дуртай нэвтрүүлгийн оролцогч хүүхдүүд ямар ч хэцүү үгийг төвөггүйхэн үсэглэж, олон нийтийг гайхшруулж чадсан.  Нэвтрүүлгийн  туршид үзэгчдийн хайр, хүндэтгэлийг хүртэж  чадсан Үндэсний үсэглэлийн аварга М.Түвшинзаяаг эх үрсийн баярын өдрийн тусгай ярилцлагын зочноор урьж ярилцлаа.

-Чамайг уншигчид маань Үндэсний үсэглэлийн аварга тэмцээний ялагч гэдгээр нь сайн мэддэг болсон байх. Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?

-Намайг Мандахын Түвшинзаяа гэдэг. "Соёмбо" бага сургуулийн 5г ангид суралцдаг. Аав, ээж, эмээ, өвөө, ах, дүүтэйгээ хамт амьдардаг. Нэг ах, нэг дүүтэй. Айлын дунд охин.

-Хөл хорио тогтоосон энэ үед юу хийж амарч байна?

-Теле хичээлээ хийхийн хажуугаар гэртээ дүүгээ хараад л амарч байгаа.

-Үндэсний үсэглэлийн аварга болж, тайзан дээр дуудагдах тэрхүү торгон мөчид төрсөн    сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Ялагчаар миний нэрийг дуудах мөчид өөртөө үнэхээр итгэж чадаагүй ээ. Өөрийн эрхгүй л уйлчихсан. Тэмцээний туршид хамт оролцсон найз нөхөд болон бусад олон хүмүүс намайг дэмжиж байсныг харахад сэтгэл үнэхээр их хөдөлсөн. Ийм сайхан тэмцээнд оролцож, өөрийгөө сорьсондоо маш их баяртай байгаа. Ялагчаар дуудагдах мөч хүртэл надад бүхий л сэтгэл чин сэтгэлээ зориулан  тусалсан гэр бүлийнхэн болон багш нартаа их талархаж байгаа.

-Нэвтрүүлэг анх 52 хүүхэдтэйгээр эхэлсэн.  Дугаар ахих тусам та нарын нэг нэгэнтэйгээ танилцаж, дотно болж байгаа нь харагдсан.  Тэмцээний үеэр олон шинэ найзуудтай болсон уу?

-Анх нэгнээ огт танихгүй 52 хүүхэд тэмцээндээ оролцож эхэлсэн. Өдөр ирэх тусам бид нэгэнтэйгээ өрсөлдөх биш илүү найзалж, нөхөрлөж, бие биетэйгээ дотно найзууд болцгоосон. Энэ нь тэмцээний хамгийн сайхан зүйл шиг санагдсан. Хамгийн сүүлийн шатанд үлдсэн Марлаа, Номио эгч, Амин-эрдэнэ нартайгаа илүү дотно болцгоосон доо. Хэдий тэмцээн дууссан ч найзуудтайгаа холбоотой байгаа. Одоогоор хөл хорио гээд уулзалдаж чадахгүй л байна.

-Анх нэвтрүүлэгт оролцох шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?

-Анх багш маань оролцож үзэхийг санал болгосон. Тэгээд оролцох талаар аав, ээжтэйгээ ярилцаад, урьдчилсан шалгаруултад ороод, оролцох эрхээ авч тэнцсэн. Тухайн үедээ телевизийн нэвтрүүлэг учраас маш их айж байсан ч зориглоод оролцсоны дүнд ялагч болж, цомоо авч чадсандаа баяртай байгаа.

-Тэмцээний үеэр үгээ үсэглэхдээ юуг анхаарах ёстой юм шиг санагдсан бэ?

-Өмнө нь үг үсэглэхээс илүүтэй Монгол хэлний хичээл дээрээ дүрмүүдээ цээжилж, цээж бичиг дээрээ анхаараад явдаг байсан. Ер нь үгийн утгаа эхнээсээ зөв ойлговол үсэглэхэд амар байдаг. Дүрмийн үг байвал үгийн үндэс, дагавар, нөхцөл, хаана үсэг жийрэглэх, аль эгшиг гээгдэх гэх мэтчилэн зүйлсээ бодох хэрэгтэй. Нэвтрүүлгийн дараагийн дугаарт оролцохоор бэлдэж байгаа хүүхдүүддээ анхаарлаа маш сайн төвлөрүүлэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.  Сандарсанаас болоод үгийн утгаа хэлүүлж авахгүй байх тохиолдол гардаг. Миний хамгийн гол өгөх зөвлөгөө бол зарлагчаас тухайн үгийг хэдэн ч удаа асууж болно. Ер нь мэддэг, мэддэггүй аль ч үг зарлагчаас ирсэн бол түүнийхээ утгыг хэлүүлж аваарай л гэж хэлье. Утгаасаа хамаарч бичигддэг үгнүүд их учраас үгээ анхааралтай сонсож, үсэглэхдээ аль болох тайван байх чухал юм шиг санагдсан.

-Анх удаа телевизийн нэвтрүүлэгт орсон гэж байна. Нэвтрүүлгийн үед хамгийн хэцүү санагдсан үе байв?

-Телевизийн нэвтрүүлгийг зурагтаар хардаг байснаас өөрөө оролцож үзнэ гэж бодож байгаагүй. Гэтэл оролцохоор болж тэнцсэний дараагаар надад сандрал нэмэгдсэн. Учир нь тийм том тайзан дээр анх удаа гарч, зарлагчийн өөдөөс харж зогсоод үсэглэнэ гэдэг маш их сандаргадаг юм билээ. Хамгийн анхны дугаар дээр би маш их сандарч байсан. Гэхдээ дугаар ахих тусам сандрах маань багассан/инээв/

-Мэдээж телевизийн нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа их шүү дээ. Нэвтрүүлэгт оролцох бэлтгэлээ хэрхэн базаадаг байв?

-Нэвтрүүлэг эхлэхээс өмнө бэлтгэлээ маш сайн базаасан. Өдөр бүр зураг авалттай байдаг байсан учраас тэр бүр бэлтгэл хийх цаг олддоггүй байсан. Өглөө гараад л орой гэртээ очдог байсан учраас амраад, маргааш нь сэргэг очихыг л боддог байсан даа.

-Үе тэнгийн олон мундаг найзуудтайгаа тэмцээнд оролцсоны үр дүнд ямар шинэ зүйлсийг сурч авч, мэдэв?

-Нэвтрүүлэгт орсноороо монгол хэлнийхээ мэдлэгийг илүү бататгаж, олон найз нөхөдтэй болж, зөв бичгийн дүрмээ сайжруулсан гэж бодож байгаа. Үгийн нөхцөл, дагаврыг хэрхэн зөв бүтээх зэргээ илүү бататгасан. Бас зарлагчаас ирсэн үгийг хурдан хугацаанд, зөв үсэглэх нь өөрөө маш их авхаалж самбаа шаарддаг юм билээ. Дугаар ахих тусам илүү авхаалж самбаатай болж бас юманд төвлөрөх чадвар маань сайжирсан. Учир нь ганц л үг алдвал түүнийгээ засах боломж надад байхгүй шүү дээ.

-Хасагдах төвшинд хүрч очсон үе гарсан уу?

-Долдугаар дугаар дээр хасагдахаа шахсан. Тэр үед ингээд хасагдчихдаг юм байна гээд үнэхээр хэцүү санагдсан шүү. Тэгсэн манай тойргийн нэг хүүхэд алдсан болохоор би арай гэж л үлдэх боломж гарсан даа. Тэр үеэс өөрийгөө илүү дайчилж, хичээх ёстойгоо ойлгосон.

-Нэвтрүүлгийн үеэр сэтгэл санаагаа хэрхэн бэлддэг байв, өөрт гарсан ахиц дэвшил, өөрчлөлт бий юу?

-Анхны дугаарт оролцоход хөл гар чичрээд, хөлс гараад л сандрал дээд цэгтээ байсан. Гэхдээ сүүл рүүгээ сандрахдаа биш гол даалгавартаа анхаарлаа хандуулж оролцож эхэлсэн. Энэ нь намайг өөрийнхөө сандралыг даван туулахад илүү сургасан гэж боддог. Мөн анхаарлаа сайн хандуулахыг сурч авсан.

-Анхны дугаараас төгсгөлийн шат хүртэлх дугаарт зарлагчийнхаа талаар ямар бодолтой байсан бэ. Өөрчлөгдсөн зүйл бий юу?

-Зарлагч Ө.Наранбаатар ах маш мундаг хүн. Анх зарлагчийгаа хараад их ширүүн хүн шиг л санагдсан. Гэхдээ дугаар ахих тусам зарлагчийн талаарх үзэл бодол маань өөрчлөгдсөн. Зарлагч чинь цаанаас ирсэн үгийг бидэнд зөв, буруу болохыг дамжуулан хэлж байгаа хүн болохоос үзэгчид, гэр бүлийн адилаар нэг ч гэсэн үг зөв үсэглээсэй гэж л боддог. “Зөв байна” гээд л маш гоё инээхэд нь гэгээ татах шиг л санагддаг. 

-Шагналынхаа мөнгөнөөсөө ЭМЯ-нд хандивласан гэж сонссон. Онцгой үед олон хүнд тусалсан  үйлдэлд нь хүмүүс ч ам сайтай байна. Энэ шийдвэрийг яагаад гаргах болсон талаараа хуваалцаач?

-Хандив өргөх талаар санаагаа гэрийнхэндээ хэлэхэд намайг шууд л дэмжсэн. Тэгээд  зөвлөлдсөний эцэст Эрүүл Мэндийн Яаманд 500 мянган төгрөгийг хандивласан. Коронавирусээс болоод маш олон хүмүүс өвдөж байгаа учраас тэднийг хурдан эдгэрээсэй гэж бодоод мөнгөө хандивласан юм. Вирусээс болоод урт хугацааны хөл хорио тогтоож, найзуудтайгаа ч уулзаж чадахгүй байгаа болохоор хүмүүс хурдан эдгэрч, вирус нь хурдхан л байхгүй болоосой гэж бодож байна. Хамгийн гол хандив өргөх шалтгаан маань өдөр шөнөгүй нойр, хоолгүй зүтгэж байгаа эмч нарт туслах зорилготой байсан.

Найзуудтайгаа уулзаад таван өдрийн дараагаас л хөл хорио тавьчихсан

-Ямар хичээлдээ илүү сонирхолтой вэ?

-Надад дургүй хичээл гэж байдаггүй. Бүх хичээлдээ дуртай, жигд сайн. Гэхдээ тэр дундаа математик, монгол хэлний хичээлдээ илүү сонирхолтой.

-Хүн бүрийн сурах арга барил өөр өөр байдаг. Чиний хувьд хичээл, номдоо ч тэр ямар арга барилаар хичээллэвэл илүү үр дүнтэй, өөрт тогтож өгдөг юм шиг санагддаг вэ?

-Өөрөө үсэглэж үзээд л, уншвал илүү сайн тогтдог. Бас завтай цагаараа журамласан үгийг жагсаалтаа их хардаг.

-Нэвтрүүлэг дуусаад найзуудтайгаа уулзаж амжсан уу?

-Нэвтрүүлэг дуусаад улирлын амралт эхэлчихсэн. Тэгээд хурдан хичээл ороосой гээд л бодсон. Хичээл ороод долоо хоног болоод л коронавирусээс болоод хөл хорио тогтоочихсон. Найзуудтайгаа ч сайн уулзаж амжаагүй байтал хөл хорио тогтоочихсон болохоор нэг талаараа гомдмоор санагдсан. Тэднийгээ зөндөө санаж, ирэх жилийн хичээлийн шинэ жилийг тэсэн ядан хүлээнэ дээ.

-Удахгүй теле хичээл нь дуусна. Үргэлжлүүлэн амралтаараа шинээр хийж сурахаар бодсон зүйл бий юу?

-Би зураг зурах их дуртай л даа. Одоо хөл хорионы энэ үед зурах чадвараа л сайжруулна гэж бодож байгаа. Youtube дээр зургийн чадвар сайжруулах хичээлүүд их байдаг юм билээ. Тэд нарыг үзэж байгаад чадвараа ахиулж, шинэ зүйлсийг сурна аа.

-Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог вэ?

-Багаасаа л эмч болохыг мөрөөддөг байсан. Одоо ч мөрөөдөл маань өөрчлөгдөөгүй хэвээр байгаа. Олон өвчин, зовлонтой хүмүүсийг эмчилж, тэдэнд аз жаргалыг бэлэглэж чадаж байгаа хүмүүс бол эмч нар шүү дээ. Коронавирусын үед эмч нар маань маш сайн ажиллаж байгааг хараад тэд нар шиг эх орон, хүн амынхаа эрүүл мэндийн манаанд зогссон эмч болохыг улам ихээр хүсэх болсон.

Эцэг, эх бүр хүүхдийнхээ сонирхлыг ойлгож, түүнийг нь дэмждэг байгаасай

-Өмнөх жилүүдэд хүүхдийн баяраа юу хийж тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бэ?

-Жил бүрийн эх үрсийн баярын өдрөөр гэрийнхэнтэйгээ парк орж тоглох, кино үзэх гэх мэтээр гадуур сонирхолтой зүйлс харж үзэж л тэмдэглэдэг байсан даа.

-Бүхий л үйл ажиллагааг цуцалчихсан байгаа энэ үед нь хүүхдийн баяраа яаж тэмдэглэх талаар аав ээжтэйгээ ярилцаж амжсан уу?

-Энэ жил хөл хорио тогтоочихсон байгаа болохоор жаахан харамсалтай л байгаа. Гэхдээ хүүхэд, том хүн гэлтгүй хөл хориогоо маш сайн сахих хэрэгтэй учраас гэрийнхэнтэйгээ гэр бүлийн хүрээнд л тэмдэглэнэ дээ.

-Хүн бүр хүүхдийг зөвхөн хүүхэд гэдгээр нь л хардаг. Чиний хувьд томчуудыг хүүхдэд чиглэсэн ямар ажил хийгээсэй, хийгдээсэй гэж хүсдэг вэ?

-Хүүхэд бүр нийгмийн бүхий л зүйлсийг томчуудтай л адил сонсож, хардаг. Ийм учраас хүүхдүүдтэйгээ илүү ярилцаж, тэдний сонирхлыг хөгжүүлэхэд туслах хэрэгтэй гэж боддог. Бас цэцэрлэгт явахыг хүссэн ч цэцэрлэг явж чадахгүй байгаа хүүхдүүдэд сурах орчныг нь хангаж өгч, хүүхдийн чөлөөт цагийг өнгөрөөх газрууд ихтэй болговол илүү их баярлах байх.

-Найзууддаа баярын мэндчилгээ хүргэхийн сацуу юуг уриалмаар байна?

-Эх үрсийн баяр дараа жил дахиад л болно. Ийм учраас хөл хориотой байгаа энэ үед гэрээсээ гарахгүйгээр баяраа хөгжилтэй, сайхан тэмдэглээрэй гэж хэлмээр байна. Бас найзууддаа гараа сайн угааж, маскаа сайн зүүгээрэй гэж хэлье.

 

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.115.150Зочин   • 2020, 6 сарын 1. 14 цаг 22 минут

tiim bol bandinar ni hulgaich deeremchin,ohiduud ni yanhan boloh biz

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.