2020 оны 6-р сарын 2
8 цаг 30 минут

Цуврал сурвалжилга: Дорнод аймаг хөгжилд манлайлан алхсаар байна

Монгол орны зүүн хязгаар дорнын уудам нутгаас хөгжил цэцэглэлтийн нар мандаж байгааг чихээр дуулсан ч нүдээр үзэх боломж тэр бүр олддоггүй явлаа. Харин манай сурвалжлах нийгэм эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааны өөрчлөлт, соёлын хөгжил цэцэглэлт зэрэгтэй танилцаж, үр дүн бүрийнх нь өөрчлөлтийг дэргэдээс нь сурвалжилхаар Дорнод аймгийг зорьлоо.

Дорнын нүд алдам талд нар газраас ургах мэт мандахыг харж, тал нутгийн амгаланг гайхан явсаар бид Чойбалсан хотод ирлээ. 80 мянга гаруй хүн амтай энэ аймагт хөгжил, дэвшил өдөр ирэх тусам нэмэгдэж, өөрийн аймгаа хөгжингүйгээр харах хүн нь зоны хамгийн сайхан мөч болжээ. 2013 оноос хойш тус аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа тул Дорнод аймгийг сонгосон юм. Тэр дундаа эдийн засаг, засаглал, бизнес, дэд бүтцийн хувьд бодитой өөрчлөлтийг бий болгосноор аймгуудын өрсөлдөх чадвараараа сүүл мушгиж явсан Дорнод аймаг 2019 онд улсдаа айргийн тавд багтаж чадсан байна.

Сүүлийн найман жилийн хугацаанд хүний хөгжлийн индексээрээ айргийн тавд Дорнод аймаг бичигдэх болсон нь хүний чадавхийг хөгжүүлэх тэр дундаа эрүүл саруул байж, урт удаан наслах, эрдэм мэдлэг эзэмших, амжиргааны зохистой нөхцлөөр аж төрөх гэсэн үндсэн үзүүлэлтийг сайжруулж чадсаны үр дүн байх. Иймд иргэддээ эрүүл мэндийн чиглэлд бодлогоор дэмжиж, хүүхэд, ахмад настнуудад чиглэсэн ямар бүтээн байгуулалт өнгөрсөн хугацаанд өрнөсөн талаар сурвалжиллаа.

Хүүхэд, ахмад настныг хамгийн ихээр баярлуулах ёстой гэдэгтэй хүн бүр санал нийлэх билээ. Харин тэдэнд зориулсан нүдэнд харагдаж, гарт баригдахуйц бодит бүтээн байгуулалтууд Дорнод аймагт сүндэрлэн босжээ. Өнгөрсөн найман жил хэн, юу хийж бүтээсэн болохыг чимээгүйхэн ажигласаар бид ирсэн. Одоо сонсох л үлдлээ. Харин нэг километр зам тавих тутамдаа нээлт хийдэг хүмүүсийн хажууд хийх ёстой зүйлээ хэрэгжүүлсэн гэрчлэх зүйлтэй хүн ч бий.

Нийслэл хот гэлтгүй орон нутагт цэцэрлэг сургуулийн асуудал хамгийн их тулгардаг. Аймагтаа оршин суугчийн тоогоор хамгийн томд ордог 4-р багт л гэхэд өмнө нь 100 хүүхдийн ортой ганцхан цэцэрлэг байжээ. 2016 онд нутгаас гарсан төлөөлдөө хүсэлт тавьсаны дагуу 15-р цэцэрлэг баригдаж, одоо 200 гаруй хүүхэд цэцэрлэгт явах боломж бүрдсэн байна. Үүнээс гадна, дахин хоёр цэцэрлэг, сургууль ашиглалтад орохоор барилгын ажил үргэлжилж байгааг харав. Хүртээмж сайжрахын хэрээр боловсролын чанар дээшилдэг давуу талтай. Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг аймаг, дүүргээр нь дундажлан гаргахад, Дорнод аймаг дөрвөн удаа тэргүүлсэн аж. Үүнээс үзэхэд, боловсролын чанар сайжирсан нь ч мэдэгдэхүйц өөрчлөлт болж чаджээ. 

Орон нутгуудад байршилтай их сургуулиуд улсын хэмжээнд цөөнгүй. Үүний нэг нь Дорнод дээд сургууль. Зүүн бүсийн тулгуур төвийн хувьд оюутан залуусын сурах нөхцлийг сайжруулах зорилгоор Засгийн Газрын 2010 оны 149-р тогтоолоор орон нутгийн их сургуулиудыг бүсчилэн хөгжүүлэх зорилготой төсөл батлагдсан байдаг. Уг шийдвэрийн хүрээнд Дорнод дээд сургуулийн хотхоны техник эдийн засгийн үндэслэл баталгаажиж, ажлын үйл явц хэрэгжиж дууссан байна. Мөн улсын төсвөөр Дорнод Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд засвар үйлчилгээг хийж 2019 онд хүлээлгэн өгсөн бөгөөд МАК ХХК-ийн хөрөнгө оруулалтаар уул уурхайн чиглэлийн нэг ангийг тоног төхөөрөмжөөр хангасан аж.  

Хүсэл нь биелэсэн буурлууд хүүхэд шиг л баярлаж сууна

Хүн төвтэй олон байгууллага шинээр үүдээ нээжээ. Бидний бүтээн байгуулалтууд дундаас онцолж очсон газар бол ахмад настны асрамж, үйлчилгээний төв байлаа. Хуучин дайны үеийн барилга байсан энэ газарт нь ахмад настнуудын шинэхэн өргөө бий болсон байлаа. Зүүн бүсийн статустай учраас Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгуудаас ирсэн ахмад настнуудыг асран сувилах ажлыг хийдэг гэнэ. Үүдээр нь ороход настнууд хүндэтгэлийн өрөөндөө зурагт үзэж, даалуу тавин сууцгаана. Дулаахан, саруулхан өрөөнүүдэд настнууд амрах бөгөөд асрагч, ажилчид байнга эргэж тойрч харагдлаа. 

Асрамжийн төвийн ахлах менежер Ц.Мөнхнасан “Манай төв нь зүүн бүсийн статустай явдаг учраас Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын ахмад настнуудаа хүлээн авч, асарч байна. Одоогоор 60-95 насны нийт 22 ахмад манайд үйлчлүүлж байна. Манайх өмнө нь дайны үед баригдсан хуучин барилгад үйл ажиллагаагаа явуулдаг байсан юм. Актлагдсан байшинд ахмадууд маань өөр өөрийн өрөөнд харанхуй шахам нөхцөлд байдаг байлаа. Учир нь тэндээ яаж ч засвар, үйлчилгээ хийсэн  нэмэргүй, чийгтэй, харанхуй нөхцөлтэй байсан юм. 2019 оны есдүгээр сард Н.Номтойбаяр гишүүний санаачилга дэмжлэгтэйгээр шинэхэн байрандаа орж, ахмадууд маань таатай, дулаахан, ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдсэн. Одоогоор нэг л хэвтрийн ахмад байгаа. Манайд ирээд тэргэнцэртэй байсан ахмадуудаас хөл дээрээ алхаж чаддаг болсон хүн ч бий. Энэ нь чанар, стандартын шаардлага хангасан байртай болсных. Яагаад гэвэл төвд маань чийрэгжүүлэлт, хөгжлийн өрөөтэй байгаа.

Мөн хөдөлгөөнөөс гадна ахмад настнуудад маань нийгэмших орчин болж өгдөг. Хоёр гурвуулаа байдаг өрөөндөө сууж хооллох, хорин хэдүүлээ нэг ширээний ард суугаад хоол идэх гэдэг бол тэс ондоо шүү дээ. Тэд амьдралын сайн, сайхан бүхий л зүйлсээ хоорондоо ярьж тухтай орчинд суух боломж шинэ байранд орсноороо нээгдсэн гэж харж байгаа. Өмнө хуучин байрандаа хорь гаруй хэвтрийн хүмүүстэйгээ ажилладаг байхад бидэнд асрагчийн орон тооны асуудал их тулгамддаг байсан. Одоо бол найман орон тоотойгоор ахмадууддаа үйлчилж байна. Өмнөхтэйгээ харьцуулвал маш олон өөрчлөлтүүд гарсан нь үнэн. Одоо настнууд маань хотоос зайдуу, эрүүл агаарт шинэ байрандаа өөрийн гэсэн орон гэр шиг тухтай байх нөхцөл бүрдсэн. Гадаа нь жимс, хүнсний мод тарьчихсан, түүнийгээ услах, гаднаа агаар салхи амьсгалах гэх мэт давуу тал их гарч ирсэн гэж харж байгаа. Ийм ч учраас Н.Номтойбаяр гишүүний тус дэмээр олон настнууд маань сэтгэл санаа өөдрөг, өмнөх асуудлуудаа мартан таатай амьдрах нөхцөл бүрдсэн учраас их баярлаж, талархаж явдаг даа” гэсэн юм.

Менежерийн ажилтай энэ бүсгүй өмнө нь харааны бэрхшээлтэй иргэдийн төвд 10 жил ажилласан гэнэ. Тухайн үед нь аймгаас гарсан Н.Номтойбаяр гишүүн нь Истана маркийн машиныг хүлээлгэн өгч байсан аж. Машинаараа харааны бэрхшээлтэй иргэдээ суулгаад олон тэмцээн уралдаанд оролцож, амжилт үзүүлээд явж байсан гэдгээ талархан ярьсан юм. Ахмад настнуудад чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд өндөрлөчихөөгүй байлаа. Учир нь бид хүмүүсийн яриагаар “Ач санах өргөө”-г олж очив. Аймгийн 14 сумд тэдний чөлөөт цагийг зөв өнгөрүүлэхэд зориулж тус газрыг байгуулан болохыг настнууд онцолж байлаа.

Ц.Хүнхэр: Үр хүүхдийн маань оронд биднийг чадлаараа л асарч тойглож байна

Бид Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул гэх өдгөө 69 насыг зооглож яваа буурайгаас шинэ байртай болсон сэтгэгдлийг нь хуваалцсан юм. Тэрбээр “Шинэ байранд ороод тухтай сайхан байна аа. Хуучин байранд байхдаа өрөө өрөөндөө ороод хоол ундаа иддэг байсан. Одоо нэгдсэн зааланд бүгдээрээ суугаад хооллодог болсон. Хүндэтгэлийн өрөөтэй болсон гээд сайхан гэж ярих зүйл их байна аа хүү минь. Өдөрт бид нар чинь хөзөр даалуугаас эхлүүлээд янз бүрийн л тоглоом тоглоод л өнждөг шүү дээ. Энд ирээд таван жил болж байна. Залуудаа үйлдвэр, үйлчилгээний газарт ажиллаж байсан. Сүүлд бие, хаа маань муудаад группт орсон. Манай эндхийн асрамж, үйлчилгээ яриангүй сайн. Үр хүүхдийн маань оронд биднийг чадлаараа л асарч, тойглож яваа юм шүү дээ. Тэгээд бас буурлууд бидэндээ ийм сайхан өргөөг барьж өгсөн Н.Номтойбаяр хүүд болон аймгийнхаа удирдлага нартаа баярлаж байгаа бид нар” хэмээлээ.

Ж.Долгор: Бид Номт хүүдээ баярлаж байгаа

Цааш эргэн алхах мөчид нэгэн буурал ардын дууг цангинасан хоолойгоор уянгалуулан дуулж байхыг сонсоод эрхгүй тийш зүглэв. Эмээ залуугаасаа дуулдаг байсан нь илт. Хэнтий аймгийн харьяат Ж.Долгор эмээтэй багахан хором ярилцав.  

“Эмээ нь энд арваннэгдүгээр сард ирсэн. Сайхан хамт олны хүчээр асруулаад, санаа зовох зүйлгүй, жаргаж л байна даа. Дутсан, гачигдсан зүйл ч байхгүй. Одоо эмээ нь 80 настай. Залуудаа нэгдсэн эмнэлэгт асрагчаар 28 жил ажилласан. Өдөрт эндээ зурагт үзээд л, тоглож, энэ хэдтэйгээ өдрийг өнгөрүүлдэг дээ. Манай гадаа одоо жимс ногоо тарьж, сүүдрэвч саравч хийж байгаа. Улам л гоё болж байгаа шүү дээ. Шинэ байр маань их тухтай. Номт хүүдээ их л баярлаж байгаа даа” хэмээн ярьж байв.

Жаалуудын харцанд гуниг сүүдэрлээгүйн учир

Тус аймагтаа ганцхан байдаг асрамжийн газрын байр 2019 онд шатаж 20 гаруй хүүхэд орон гэргүй болсон аж. Байр нь шатсанаас зургаан сарын дотор мөрөөдлийн байшинтай болж чадсан тэд олон хүнд сэтгэлийн талархлаа илгээж байлаа. Хүүхдүүд дотроо халуун, хүйтэн устай, тохитой орчинд амьдарч байгааг харах сэтгэлд өег санагдав. Нэг өрөөндөө таван хүүхэд амьдарч байлаа. Тэдэнтэй хэсэгхэн зуур ярилцаад гарахад хэлсэн үг бүр гэгээлэг байж, гуниг үгүй харцанд нь зөвхөн баярын мишээл үзэгдэх нь сайхан юм.

Бид “ANNA HOME” асрамжийн төвийн ахлах багш Л.Байгальтай ярилцахад тэрбээр  “Манайх 13 жил үйл ажиллагаагаа явуулсан. Гэвч асрамжийн газрын маань байр 2019 оны 5 сарын 9-нд гал түймрийн аюулд өртөж 24 хүүхэд орох оронгүй болж, өмссөн хувцастайгаа л үлдэж байсныг одоо тодхон санагдаж байна. Үүнээс хойш энд тэнд хүүхдүүдээ байр, орон түрээсэлж суусаар явж байлаа. Байшингийнхаа суурийг тавьж, 12 сард мөрөөдлийн  байшин ашиглалтад орж хүүхдүүд маань аятай, тухтай амьдрах нөхцөл бүрдсэн юм. энэ сайхан үйлсэд орон нутгийн зон олон болоод нутгийн удирдлагууд маш их дэмжлэг үзүүлсэн. Мөн манай тойргоос нэр дэвшсэн Н.Номтойбаяр гишүүн асан хувийн зүгээс 30 тонн цемент, блокийг гаргаж өгч дэмжсэн явдалд маш их баярласан. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө харамгүй сэтгэл гаргасанд нь гишүүндээ талархаж явдаг. Яг үнэндээ 24 хүүхдээ хөтлөөд хаашаа мэдэхгүй явахад үнэхээр хэцүү байдаг юм билээ. Гэхдээ хүүхдүүдээ мөрөөдлийн байшиндаа инээд хөөр цалгиж суугааг хараад сайхан байдаг” хэмээж байлаа.

Энэ мэтчилэн орхигдуулж болшгүй асуудлуудын гарц гаргалгааг улсын төсөв харан суухгүйгээр дэмжлэг үзүүлсэн гишүүнээ аймагтаа нэр дэвшээгүйд тойргийн гишүүд нь ч гомдлын үгсийг ч хаялаж байлаа. Сүүлийн арван жилийн хугацаанд мэдэгдэхүйц өөрчлөлтийг бий болгосон Дорнод аймгийн хөгжлийн нууц энд хүрээд дууссангүй.  Магадгүй энэ аймагт хэлэх үг, хийсэн зүйлтэй тойргийн иргэдийн итгэлийг алдаагүй гишүүн байгаатай холбоотой юм болов уу гэх бодол ч төрж явав. Дорнод аймгийн хөгжлийн замыг нэг сурвалжлагад багтаах тун хэцүү болов уу. Зам дуусахгүйтэй адил хөгжил ч яриангүй зогсолтгүй үргэлжлэх зүйл билээ. Цуврал сурвалжилгын дараагийн хэсгээс Дорнод нутгийн дахин өөр өнгө төрхийг харуулах болно.

#Цуврал сурвалжилга: Дорнод

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.