2020 оны 6-р сарын 5
12 цаг 30 минут

Г.Уянга: Гадаадад гацсан Монголчууд “Вирус” биш

УОК-оос гадаадад гацсан иргэдээ тусгай үүргийн онгоцоор татан авах ажлыг шат дараатай зохион байгуулж байгаа. Үүнтэй холбогдуулан өчигдөр Тайланд улсад гацсан монголчуудын ар гэрийнхэн Онцгой Байдлын ерөнхий газрын гадна талбайд жагссан. Тэд Зүүн Ази тэр дундаа Тайланд улсын нийслэл Бангкок хот руу шууд нислэг үйлдэхийг хүссэн хүсэлт, шаардлагаа УОК-т хүргүүлэхээ мэдэгдсэн.  Тус улсад одоогоор нийт 160 гаруй монгол иргэн гацаад байгаа юм. Тэгвэл бид Тайланд улсад гацсан монголчуудын төлөөлөл болгон иргэн Г.Уянгатай холбогдож, ярилцлаа.

-Юуны түрүүнд өөрийгөө танилцуулахгүй юу. Ээж тань Тайландад дээр очоод хэдэн сар болж байгаа вэ?

-Намайг Ганхуягийн Уянга гэдэг. Би Тайландад ажиллаж, амьдардаг. Ер нь гадаадад амьдраад олон жил болж байгаа. Ээжийгээ 1-2 жилд нэг удаа ч болов өөр дээрээ авчрахыг боддог. Ирээд таван сар орчим болох гэж байна.

-Ээжийн тань биеийн байдал хүнд байгаа талаар мэдээлэл цахим орчинд ихээр хөврөх боллоо?

-Ээж маань 1 дүгээр сарын 8-нд ирээд 3 дугаар сарын 26-нд МИАТ-ын шууд нислэгээр буцах байсан. Энэ үед Тайландад арай сэрүүн болдог тул тэр үеийг нь ашиглаж ээжтэйгээ хамт байж, асрах гэж ирүүлсэн юм. Гэтэл нислэг цуцлагдаад хүлээсээр байтал ийм хүндээр өвдчихлөө. Ээж маань их хөдлөх дуртай хүн л дээ, гадаа өдөр тутам халуун болж байгаа ч дотор бачимдаад гээд гадаа гардаг байсан. Гэвч гадаа гараад бүр бүгчим.

-Ээж тань ямар оноштой байгаа вэ. Биеийн байдал нь одоогоор хэр байна?

-Манай ээж цус харвасан. Халуун бүгчим байдал бас үүнд нөлөөлсөн байж болзошгүй. Хоёр төрлийн харвалт болсон бөгөөд нэгийг нь эмчлэх эмчилгээ нь нөгөөдөхийнх нь эсрэг заалттай юм байна лээ. Маш эгзэгтэй байдал үүсэж, амь нь нарийхан утсан дээр тогтож байсан. Тайланд эмч сувилагч нарын буянаар сэхээд, биеийн байдал нь тогтворжоод байна. Гэсэн хэдий ч эсрэг тэсрэг заалттай харвалттай учир маш эгзэгтэй бөгөөд бие нь сул, хэвтэрт, 24 цагийн асаргаатай байгаа.

-Тайланд тэр дундаа таны байгаа хотод өвчлөлийн тархац, эрч ямархуу байна вэ?

-Манайх Бангкок хотын төвөөс 24 км зайтай газар байдаг. Энд өвчнийг хянах арга хэмжээ Бангкокийнхтай ижил, гэхдээ хүн амын төвлөрөл хавьгүй бага. Ер нь Тайланд улс бол халдварт өвчнийг хянах чадвараараа дэлхийд дээгүүр ордог гэж эндэхийн Халдварт өвчний судлалын төвд ажилладаг хүнээс сонссон. Төр засаг нь ч нэлээд чанга бодлого явуулж, өвчлөлийн тархалтыг хяналтдаа авч чадсан. Тооны хувьд мэдэхгүй, үнэндээ тоо гаргаж судлах зав байхгүй байна. Гэхдээ шинээр өвчилсөн хүн ганц нэг болсон байна билээ. Тэр мэдээлэл нь тухайн өвчлөл авсан хүмүүсийн гэр бүлийн хүрээнд л байгаа гэсэн мэдээ явсан.

-Зарим улсуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ хүртэхэд хүндрэлтэй байгаа гэсэн. Тайланд улсад тусламж үйлчилгээг авч чадаж байгаа юу?

-Хувийн эмнэлэгт бол мөнгө нь л байвал хэвтэн эмчлүүлэх боломжтой. Улсынх бол маш хэцүү юм байна билээ, гадаад хүнд байтугай өөрийн улсын  хүмүүстээ ч олдох нь хэцүү.  Тайландад эмнэлгүүд нь өвчтөнөө юу юугүй л гаргачихдаг юм билээ. Хэвтэрт байгаа хүнийг эмч нар нь гэрээр явж үзэхгүй байгаа.  Бид өөрсдөө л хувийн түргэн тусламжийн тэрэг хөлсөлж, ээжийгээ дамнуургаар эмнэлэг дээр аваачиж, эмчдээ үзүүлсэн. Энэ мэтчилэн эмнэлгийн тусламж үйлчилгээний тал дээр маш их санаа зовж байна. Бие нь тэнхрээгүй хүнийг ингэж эмнэлгээр авч явах нь тун хэцүү. Тэр бүрт КОВИД-ын эрсдэл өндөрсөх магадлал их шүү дээ.

Зөвшөөрөлтэйгөөр нийтлэв

-Хоол унд, байрны мөнгөнөөс авахуулаад, санхүүгийн бэрхшээл хэр их тулгарч байгаа байх?

-Ер нь Тайландад амьдралын өртөг өндөр. Тэр тусмаа гадны болон түр байгаа хүмүүст. Тайланд хэл мэдэхгүй, бас хэчнээн удаан байхаа мэдэхгүй тул бүр илүү өндөр өртөгтэйгөөр амьдарч байгаа. Тодорхойгүй байдал биднийг улам хүнд байдалтай болгож байна. Тайландад байгаа гадны улсын иргэн түр зуур ажил хийнэ гэсэн ойлголт байдаггүй.  Иймдээ ч гацсан хүмүүс бүгд орлогын ямар ч эх үүсвэргүй байгаа. КОВИД анх гарахад зочид буудал, байр түрээсэлдэг эзэд сууж байсан хүмүүсээ хөөж гаргаж байсан.

-Тайландад цар тахлын хөл хориог хэзээнээс тогтоосон юм бэ?

-Энд өмнөх гуравдугаар сарын сүүлээс эхлэн хөл хорио тогтоосон.

-Тайландад коронавирусийн халдвар авсан монгол хүн бий юу. Та бүхэн халдвар, хамгааллын дэглэмээ хэрхэн сахиж байна?

-Тайландад халдвар авсан монгол хүн нэг ч байхгүй. Ер нь энд байгаа хэд маань бүлэг үүсгээд, хоорондоо их эвтэй, зохион байгуулалттай, өөрсөддөө их арчаатай хүмүүс юм. Бас байрны зардлаа хэмнэх гээд арвуулаа нийлж, хамтарч байр түрээслэн сууж, өртгөө бууруулж байгаа гэсэн.

-Тайландад гацсан иргэдийн нөхцөл байдал хэр байгаа вэ, ямар хүндрэлүүд гарч байна?

-Хамгийн түрүүнд санхүүгийн хүндрэл их гарч байна. Тайландад гацсан хүмүүсээс манай ээж шиг үр хүүхэд, ах дүү дээрээ ирсэн хүн тун цөөхөн.  Дийлэнх нь түр хугацаагаар ирсэн бөгөөд одоогоор  зочид буудлуудаар л хоног төөрүүлж байгаа. Бас Зүүн өмнөд азийн бусад орнуудад байж байгаад КОВИД гарсны дараа Тайландаар дамжин нутаг руугаа явах гэж ирээд, энд гацсан хүмүүс ч бас нэлээд олон бий.  Бидэнд тулгарч буй бас нэгэн асуудал нь виз сунгуулах.  Эхэн үедээ их хүндрэлтэй байсан л даа. 3 сарын сүүлээр манай найз Цагаачлалын төвд визээ сунгуулахаар өглөө 08:00 цагт очиход, дарааллын 1096 дахь дугаар авч байсан. Тэр олон мянган хүн цугларсан газар КОВИД маш хурдан тархах эрсдэлтэй. Би ээжийгээ нэг удаа авч очоод, визийг нь сунгуулж чадалгүй буцаж байсан. Аз болж удалгүй Тайландын засгийн газар гадны бүх хүмүүсийн визийг автоматаар сунгах болсон бөгөөд 7 сарын 31 хүртэл хүчинтэй байх юм.

Зөвшөөрөлтэйгөөр нийтлэв

 -Гадаадад гацсан иргэдийг цахим орчинд шүүмжлэх хандлага их байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Монголд байгаа хүмүүсийн хандлага хэцүү байна. Гаднаас орж ирж байгаа л бол “вирус” гэж үзээд, сошиалаар үзэн ядалтын өнгө аястай давлагаа явсан. Вирусийн халдвар авч очсон байсан ч тэр хүмүүсийг үзэн ядах, гадуурхах нь өөрөө өвчнийг тархаах том эрсдэл болдог. Өөрөөр хэлбэл, нийгэмд сөрөг хандлага байх тусам хүн халуурсан ч эмчид үзүүлэхгүй байх, КОВИД-ын шинжилгээг өгөхгүй байх бөгөөд тухайн улс өвчний тархалтыг хяналтдаа байлгах боломжгүй байдгийг бусад орны туршлага харуулж байна. Тиймээс вирусийн халдвар авсан цөөн хэдэн хүмүүсээ үзэн ядахаа боль, эргээд өөрсдөө эрсдэлд орно.

Бас нэг зүйл. Гадаадад амьдардаг болон гацсан монголчууд эх орондоо хайртай бүхнээ үлдээгээд ирсэн учир энэ аюулт өвчнөөс өөрсдийгөө, гэрийнхнээ, нутаг нэгтнээ хамгаалахын тулд бүхнийг тэсээд л байж байна. Жоомыг алах гэж байгаад байшингаа шатааж болохгүйн адилаар тахал өвчнийг дийлэх гэж байгаад монголчууд эв нэгдлээ, үнэт зүйлсээ, хүнээ гэсэн сэтгэлээ алдалгүйгээр ялан дийлэх юм шүү дээ.

-Тайланд улсын зүгээс бусад улсуудаас ирж буй нислэгийн хүсэлтийг зөвшөөрч байгаа юу?

-Одоогоор 6 сарыг дуустал зөвшөөрөхгүй байгаа.

-Тайланд улс гадаадын иргэдэд тусламж дэмжлэг хэр үзүүлж байгаа вэ?

-Гадаадад оршин суудаг хүмүүсийг үнэгүйгээр КОВИД-ын тест, эмчилгээнд хамруулна гэж зарласан. Гэхдээ үүнд түр хугацаагаар байгаа хүмүүсийг хамруулахгүй. Тайландын эдийн засаг аялал жуулчлалаас нь их хамаардаг тул КОВИД-ын улмаас хүнд цохилт авсан. Есөн сая хүнд өгнө гэж тооцоод нийгмийн халамжийн арга хэмжээ зарласан чинь 20 гаруй сая хүн буюу хүн амынх нь бараг 30 хувь нь халамж авъя гэсэн өргөдөл өгсөн. Ийм нөхцөлд юун гадаад иргэдэд туслах вэ дээ.

-Таны зүгээс Тайландад гацсан иргэдээ төлөөлөөд УОК болон холбогдох хүмүүст ямар санал, хүсэлт хүргүүлэх вэ?

-Төр засаг маань хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргаж, мундаг зохион байгуулалт хийж, гадаадад гацсан иргэдийнхээ татан авалтыг эрчимжүүлж байгаад талархаж байна. Мэдээж аль аль талдаа хэцүү байгааг ойлгож байгаа. Гадаадад гацсан Монголчууд тэнэг биш учир тэднийг сонсож зарим нэг оновчтой санал, шийдлүүдийг нь хүлээж авна уу гэж хэлмээр байна. Ялангуяа зуны улирал эхэлж байгааг ашиглан хүмүүсээ яаравчлан татаж авах хэрэгтэй байгаа.

Өвчний дэгдэлтийг хяналтдаа авсан байгаа энэ үед Тайланд руу шууд нислэг ирүүлээч л гэж хүсмээр байна. Ингэснээр 150 хүний санхүүд маш том нэмэр болж, хүний алтан амийг аврах боломжтой. Техникийн болон зохион байгуулалтын хувьд бүрэн боломж бий гэж бодож байна.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.