С.Түвдэнцэрэн: Их дүйчэн өдрөөр сайн сайхан бодлыг өөртөө ээнэгшүүлж чадвал жинхэнэ бодит буян болно

Зуны тэргүүн сарын шинийн 15-нд бурхан багшийн мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван их үйл явдал тохиодог тул энэ өдрийг Бурхан багшийн Их Дүйчин өдөр хэмээн нэрлэдэг. Энэ өдрийг  Бурханы шашин дэлгэрсэн Ази болон Европийн улс орнуудад баярын өдөр болгон өргөн тэмдэглэдэг уламжлалтай.  

Энэ баярыг тохиолдуулан бурхны сургаал, буян үйлдэх болон бурхны шашинаар дамжуулан хайр энэрэл оюуны хөгжлийг хэрхэн олж авах талаар МБШТ Гандантэгчилэн хийдийн Дашчоймпэл дацангийн лам, орчуулагч багш С.Түвдэнцэрэнтэй ярилцлаа. 

-Буддын  шашинд  бурхан багшийн их дүйчин өдрөөс гадна бүх нийтээр  тэмдэглэн өнгөрөөдөг ямар баярууд байдаг вэ?

-Өөр олон тэмдэглэлт өдрүүд бий. Зулын 25 гэж сонссон байх.  Намрын дунд сарын хуучны 25 гэдэг. Хуучны гэдэг нь  монголчууд билгийн тооллыг  ихэвчлэн шинийн гэж ярьдаг. Сар шинэ байгаа үед  хавирган сар бүтэн болохыг шинийн гэж хэлдэг. Харин буцаж сорогдон битүүнд сар харагддаггүй харанхуй болохыг хуучных гэж нэрлэдэг. Тэгэхээр намрын дунд сарын 17 гэж ярих нь  буруу юм. Ази тивд амьдардаг ард түмэн сарны тоололтой. Европчууд нарны тоололтой байдаг. Үүнийг нь аргын болон билгийн гэж ялгадаг. Өнөөдөр аргын он тооллын 2020 оны зургадугаар сарын 4-ний өдөр. Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 14 болж байна /өчигдөр/. Маргааш  /өнөөдөр/ шинийн 15 тохионо. Энэ мэт дүйчин өдрүүд буюу сарын гурван их дүйчин гэж байдаг.

Энэ  өдрүүд шинийн найман, арван таван, битүүнийг заавал онцолдог.  Бурхан багш эдгээр өдрүүдэд  маш олон амьтан бидний  нүдэнд үзэгдэхгүйгээр бие биенийгээ барьж идэх, өөр  ноцтой нүгэл хилэнцүүд төлхүү их үйлдэг болохыг бодолцон энэ өдөр буян сайн үйлдвэл  хийсэн буян нь арвижиж байхаар адисласан юм билээ. Мөн од гарагийн тохиолууд нь энэ өдрийн үйл явцыг онцгой болгож хувиргадаг.  Дүйчин өдрүүдийн дундаас зуны тэргүүн сарын Их Дүйчин өдөр нь бурхан багш мэндэлсэн, гэгээрлийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн нь нэг сарын нэг өдөр тохиосон. Энэ нь  бурхны шашин шүтдэг  хүмүүсийн хувьд асар их ач холбогдол өгч,  буян хураах өдөр юм. 2700 жилийн өмнө заларсан  бурхан багш бол хүн төрөлхтөнд хүний эрхийг тунхаглаж, хүн байхын утга учрыг ойлгуулсан гэгээнтэн юм.

Хүн төрөлхтөн Бурхан багшийг “Хүмүүст тулгамдаж байсан асуудлуудыг хамгийн зөвөөр дэлгэн гаргаж чадсан" гэж үздэг. Бурхан багшаас хойш өөрсдийнхөө кастын өндөр хэмжээг эвдүүлсэн дээд язгууртнууд өөрийнхөө эрх ямбыг хадгалан үлдэхийн тулд бурхан багштай тэмцсэн байдаг. Бурхан багшийн үзэл санаа, үг сургаалийг хэрхэн доройтуулах уу, өөрсдийн хуучин эрх ямбыг олж авахын тулд олон янзын арга заль хэрэглэн бурхны шашныг 700 жилийн дараа доройтуулж эхэлсэн түүхтэй. Үүнээс болж Энэтхэг улсад бурхны шашин ноёлж чадаагүй, буддизм Энэтхэгээс үүссэн нэртэй маш цөөн тооны массыг хамарсан шашин болж хувирсан. Харин 1959 оноос хойш Төвдийн цагаач нар Далай багшийг дагасан асар олон лам,  шүтлэгтнүүд Энэтхэгт гарч ирснээр эргээд бурхан шашны өлгий нутаг болж хувирсан. “Бурхан багшийг шүтсэнээр амьдрал сайхан болно” гэдгээс илүү хүн төрөлхтөнд дутагдаж буй хамгийн чухал зүйл бол хүний хүн чанар.  Өнөөдөр цар тахлын аюул хүмүүсийн хүн чанарыг шалгаж байна. Хүний цаана нуугдмал байсан хүн чанарыг ил гаргаж байна. Монголчуудын  эдэлж хэрэглэдэг хоол хүнс, буян заяатай холбоотойгоор бидний дархлаа  энэ өвчинтэй тэмцсээр. Одоогоор дотооддоо тархаагүй энх тунх амьдарцгааж байна.  

Тэгэхдээ бид энэ өвчнөөр өвчлөхгүй гэж ам гарч болохгүй. Харин хүн төрөлхтөн бүгд энэ өвчнөөс салаасай, эргээд ажил амьдрал хуучин хэвэндээ ороосоо хэмээн их дүйчин өдрөөр залбирах хэрэгтэй. Бусдын төлөө сэтгэл гаргах үед тэр нь  буян болдог. Зөвхөн өөрийн хар амийг бодож хийсэн буяныг, буян үйлдлээ  гэж хэлэхэд хэцүү байдаг. Тиймээс эв нэгдэл, асрал энэрлийг бий болгож бусдыг хайрласан сэтгэлээр оюун санаагаа цэгцтэй  зөв байлгавал бидний буяны суурь тавигдах юм. Буян бол хүний сэтгэлээс эхэлдэг. Зөвхөн биеийн үйлдлээр илэрхийлэгддэг хэмээн ойлгож болохгүй  ээ. Жишээлбэл, зул,  тахил өргөх, мөргөх, маань мэгзэм унших нь буян мөн хэдий ч заавал буяны сэтгэл үүссэний дараа энэ үйлдэл маань цэвэр буян болж хувирдаг юм. Буяны сэтгэлийг үүсгэхийн тулд бусдыгаа бодож өөрийнхөө ганцхан өнөөдөр биш маргаашийн тухай мөн энд ба хойд насыг давхар бодож чадаж байж буян эхэлдэг.

-Буян үйлдэх тухай ярилаа. Тэгвэл буян гэж юуг хэлэх вэ?

-Бусдын сайн сайхны төлөө өргөл,  тахил өргөснөөр тэр хүмүүст нь очоод   наалдчихна  гэсэн үг биш юм. Өргөсөн буян нь өөрт нь буцаж ирдэг. Үүнийг үйлийн шүтэлцээ гэж нэрлэдэг. Буян гэдэг нь бидний хийсэн сайн, сайхан зүйл эргэж ирэхийг  хэлдэг. Харин  хэн нэгний таалалд нийцэх төдий зүйл биш юм. Бурхан багш бидний зовж, жаргаж байгаагийн гол шалтгаан нь хийсэн  үйлдлүүд  буцаж ирдэг хэмээн үйлийн үрийг номлосон байдаг.  Үйлийн үрийг ойлгосон хүн  өөрийнхөө үйлдэлд хяналт тавьж,  юу дуртайгаа хийснээр, юу хүсээгүйгээ эдэлдэг болохыг ойлгож,  буян үйлдэхэд хичээж эхэлдэг. Буянд хичээж эхлэх нь бусдад өөрийнхөө сайн сайхныг алдаж хохирох явдал огт  биш юм. Харин боловсролын үр шим нь өөрт нь иргэж ирдэг.

-Бурхан багшийн их дүйчин өдөр буян үйлддэгийн гол учир нь юу вэ?

-Бид бурхан багшаас гадна өөр түүхэн хүмүүсийн дурсгалт өдөр, насны ой гэх мэт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Эдгээр нь тэмдэглэлт өдрүүд мөн боловч  дүйчин  өдөр гэж хэлэхэд хэцүү юм. Их дүйчин  өдөр хийсэн үйлдлүүд нь цаанаасаа өөрөө өсөж, хүчтэй болдог нь  од гарагийн тохиолуудтай холбоотой.  Энэ өдөр дээдсийг онцолж, бурхан багш санаандгүй төрж, бурхны хутгыг олоогүй юм. Харин бурхан багш өөрөө тэр өдрийг онцолж сонгосон байдаг. Тэр өдрийг хожим бурхны шашинтнууд гурван чухал үйл явдлыг гурван өдөр тэмдэглэн өнгөрүүлэхийн  оронд нэг өдөр давхцаж байгааг гурав дахин адисалсан өдрөөр буян үйлдэж өөрийгөө шинэ түвшинд аваачих болсон. Тухайн өдөр сайн сайхан бодлыг өөртөө ээнэгшүүлж, өөрийн болгож чадвал  жинхэнэ бодит буян болох юм. Нүгэл үйлдэх боломжоос өөрийгөө буцаан татаж чадахыг буян гэж хэлдэг. Гэвч хүн болгоны хувь тавилан, буян хишиг  өөр өөр байдаг. Хүмүүс  үзэл бодлоороо нэгддэгч бүгд ялгаатай амьдралыг туулдаг.  Үүний хариулт нь үйлийн үр юм.

Бурхан багшийн дүйчин өдрөөр бусад шашинтнууд болон огт шүтлэггүй хүн байна уу,  хамаагүй бүгд бусдыг хайрлаж, хүндэтгэсний дараа хариу хайр хүндэтгэлийг хүлээж, хоорондоо эв найрамдалтай, энх амгалан амьдрах боломж нээгдэнэ гэдгийг ойлгуулах зорилгоор энэ баярыг онцолдог.  Аливаа шашинтнууд өөрсдийн шашныг дөвийлгөх оролдлого их хийдэг. Өөрийнхөө шашныг давамгай байлгахын төлөө юу ч хийхээс буцахгүйгээр, хүмүүсийг  шашны үнэнч шүтэн бишрэгч, боол болгохын тулд  дэлхий дээр маш олон шашны мөргөлдөөнүүд үүсэж  байсан. Маш олон хүн зөвхөн тухайн шашныг шүтсэнийхээ төлөө эсвэл тухайн шашныг хүлээж аваагүйн төлөө амиа алдаж байв. Энэ муухай зүйлсийг ахин давтагдуулахгүйн төлөө бусдын шашин шүтлэгийг хүндэлж үзэхийн тулд бүх шашнууд нэг дэлхий дээр хамт амьдрахаас өөр аргагүй болж байгаа юм. Тиймээс бие биенээ хүн ёсоор хайрлаж хүндлэх нь шашны сургаал биш хүн төрөлхтний ёс зүй юм.

Ёс зүйг сэргээхийн тулд энэ шашны төлөө дэлхий дээр хүний эрхийг тунхагласан хүний мэндэлсэн, бурхны хутгийг олж гэгээрсэн, нирваан дүрийг олсон дүйчин өдөр уламжлалт хүн ёсоо сэргээх баяр болгон энэ өдөр амьтны амь таслахгүй байх, архи  согтууруулах ундаа заруулахыг болиулах, энэ өдөр төрсөн хүүхдүүдэд бэлэг тараах, мод тарих, нийтэд сайн сайхан үйл хийхийг уриалах, нэг дэлхийтэй нэг эх оронтой, ирээдүйн зорилго нэг гэдгээ ойлгон бүгд оюун  санааны нэгдмэл байдлыг эрхэмлэх баяр юм. Монгол улсад ёс зүйн асуудал ямар байна, энэ үед хүүхдийн хүмүүжилтэй холбоотой  зүйлсийг энэ өдөр уриалж хийх юм. Үүнийг төр засгаас дэмжиж албан ёсоор бүх нийтийн амралт, баярын өдөр болгон хуульчилсанд нь талархаад баршгүй юм.

-Энэ жилийн их дүйчин өдрийг иргэд гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэхээр болж байна. Өнгөрсөн жилүүдэд хэрхэн яаж тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бэ. Энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх ёстой вэ?

-Гандантэгчилэн хийд 1942 оноос хурал номын уншлагыг  сэргээснээс хойш бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн хурал номуудаа хурсаар л байсан. Харин нэмэлт үйл ажиллагаануудыг 1992 оноос хойш илүү идэвхтэй хийж  эхэлсэн. Нийт сүсэгтэн олны хийдэг ажлууд нэмэгдсэн. Олноороо цуглан Гандантэгчилэн хийдэд цугларч мандал өргөдөг,  маань хөгжөөдөг болсон. Мөн тэргүүн хамба лам тэргүүтэй багш нарыг залж лекц уншуулдаг.  2000 оны дунд үеэс Сүхбаатарын талбай дээр зулт жагсаал хийдэг болсон. 2017-2018 онуудад бурхан багшийн нялх, идэр, нирваан дүрийг залдаг байсан. Харин энэ жил хурал номуудыг хурдгаараа хурна, сүсэгтнүүдийг олноор нь цуглуулахгүйгээр  эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зарчмыг зөрчихгүйгээр зохион байгуулж байна. Буян номын бүх үйл ажиллагаануудыг телевизээр шууд дамжуулах, онлайнаар лекц сургалтуудыг явуулсан, гэртээ бурхан тахилаа хэрхэн засахыг хүртэл заасан. Энэ өдөр алдаа дутагдлуудаа засаж залруулах, сайн сайхан үйлийг эхлүүлэх нэн  тохиромжтой. Хүн болж төрснийх өөрийнхөө хүн чанарыг ямар хэмжээнд байгаагаа сайн тунгааж бодвол энэ өдрийг утга учиртайгаар хүлээж авч  байна хэмээн бодох хэрэгтэй.

-Монголчууд Бурхан багшийн их дүйчин өдрийг олон жил тэмдэглэн өнгөрүүлжээ. Гандантэгчилэн хийдийн лам хуврагууд ном хурч, олон хүний тусын тулд сайн сайхныг ерөөж, сургаал номлолоо айлддаг. Тэгвэл эдгээрийн үр дүнг нөлөөллийн хэрхэн мэддэг вэ. Бодит жишээгээр дурдвал хэрхэн олж хардаг вэ?

-Энэ асуудалд  нарийн судалгаа хийж үзвэл сонирхолтой үр дүн гарах байх гэж боддог. Харамсалтай нь одоогоор хийгдсэн  нэгдсэн том судалгаа байхгүй байх гэж бодож байна. Харин хувь хүний зүгээс лекц, хурлын дараа сүсэгтнүүдийг ажиглахад өөрсдийн хувийн амьдралд гарсан  өөрчлөлтүүдийг их ярьдаг. Өмнө өчүүхэн зүйл дээр уурлаж, бухимддаг, маш хүндээр тусгаж авдаг байсан бол бурхны номыг судалж эхэлсний дараа өөрийн харилцаанд гарсан өөрчлөлт, үргэлж шаналж зовдог байсан асуудлуудаа цэгцэлж чадсанаа хэлдэг. Сэтгэл заслын эмчилгээ хийсэн ч үр дүнгээ өгөхгүй бол хатуу, зөөлөн гүрэм заслуудыг тааруулан хийхэд маш сайн үр дүн гардаг.

-Нийгэм хөгжихийн хэрээр хүмүүсийн сэтгэл санааны болон сэтгэцийн өөрчлөлт нэмэгддэг хэмээх тодорхойлолт байдаг. Тэгвэл нийгмийн өөрчлөлтөөс хамаарч сүсэгтнүүдийн  байр суурь, хандлага өөрчлөгдөж байна уу. Нийгмийн хөгжил, өөрчлөлтүүд бурхны шашинд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Бүх зүйлд хувирал өөрчлөлт байх ёстой. Бүх зүйл мөнх бус шүү дээ. Тиймээс нийтийн хандлага хаашаа иргэж байна гээд тэр хандлагыг удирдан чиглүүлэх үү, эсвэл нийтийн хандлагыг аялдан дагах уу гэдэг нь хоёр өөр асуудал. Тэгэхээр аливаа нэг шашин нийтийг дагуулан тааруулж үйл ажиллагаа, сургаал номлолоо өөрчлөх шаардлагатай зүйл байлгүй л яахав. Гэвч нийтийг зөв зүг рүү уриалан дуудаж, чиглүүлэх хандлагыг баримтлах шаардлагатай. Харин дээрх дүгнэлтийн  хэллэг нь буруу санагдлаа. Нийгэм хөгжихийн хэрээр гаж хэлбэр хөгждөг гэсэн нь нийгэм хөгжсөн гэдэг нь зөв хөгжсөн үү гэдэгт асуудал яригдана. Энэ нь манайд оюуны болон материаллаг хөгжил хөл нийлүүлэн алхаж чадсан уу, нэг нь хоцорсон уу гэдэг асуудал.  Үүнийг судалсан барууны, шинжилгээ судалгаанууд байдаг.

Учир нь хүн төрөлхтөн амар хялбараар аз жаргалтай амьдруулах технологиудыг бий болгож байна. Сүүлийн зуун жилд техник, технологи, мэдээ мэдээлэл дамжуулах хэрэгслүүд маш хурдтайгаар өсөн дэвшиж байна. Бид энэ хурдыг гүйцэхгүй байна. Энэ бүхэн хүй нэгдлийн үеэс аажмаар хөгжиж ирсэн хүмүүст гэнэт үсрэнгүй гарч ирсэн. Үүнд материаллаг тал илүү үсэрсэн.  Харин оюуны талыг хуучинсаг үзэл гээд орхичихсон. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр  бүх шашнууд сулралд орсон. Дэлхийн эрдэмтэд материаллаг байдал, оюун санааны хоорондох зөрүүн дээр гаж зүйлс үүсдэг болохыг нотолж гаргасан. Энэ хоёр хамтдаа тэнцүү хөгжвөл ямар ч гаж зүйл гарахгүйгээр үл барам сэтгэл хангалуун ямар ч бухимдалгүй сайхан амьдрах боломжтой.

-Сүүлийн үед бурхны шашинг шүүмжилдэг хүмүүсийн хандлага их ажиглагддаг. Шинжлэх ухаан байхад шашин хэрэггүй, Буддын шашныг дэлгэрүүлсэн Азийн орнууд хамгийн ядуу амьдарч байна гэх мэт. Хэдийгээр шашин шүтэх эс шүтэх нь хүний эрхийн асуудал ч гэсэн та энэ шашны нэг хэсэг нь болсон хүний хувьд эдгээр шүүмжлэлүүдийг хэрхэн хүлээж авдаг вэ?

- Тухайн шашны үзэл буюу зам замнал гэсэн хоёр зүйл байдаг. Энэ хоёрыг харьцуулан харах хэрэгтэй. Тэгэхдээ хэсэг бүлэг хүмүүсээр харж, дүгнэж болохгүй. Жишээлбэл, саяхан Исламын шашинтангууд сүм, дуганыхаа ханыг долоосноос болж цар тахлын халдварыг улам нэмэгдүүлсэн. Энэ үйлдлээс болж Исламын шашныг мухар, сохор гэж дүгнэж болохгүй. Тэр шашны цаад номлол нь цар тахлын үед ханыг долоох ёстой гэж заагаагүй байх гэж бодож байна. Үүнийг хүмүүс өөрсдийн сүсэг бишрэлийг бодит байдлаас хэтэрхий дээгүүрт тавьсан байна. Мөн Христийн шашин ариун эзний усыг ам дамжуулан ууснаас болж цар тахлыг дэгдээсэн. Түүнээс болж шашны олон урсгалыг хянах, танах асуудал БНСУ-аас эхэлчихлээ. Эдгээр асуудлууд нь шашин юу болж хувирав гэдэг асуултыг нийт хүн төрөлхтөнд тавьчхаж байгаа юм. Тэгэхээр бүх шашны урсгалууд өөрсдийн хийх үйлдэлдээ маш сайн хяналт тавих хэрэгтэй болж байна. Тэр шүүмжлэлтэй хандаж байгаа хүмүүс компьютерийн араас муулах нь ямар хэрэгтэй юм бэ. Хэсэг хүмүүсийн гаргасан алдаагаар тухайн шашны үзэл номлолтой шууд холбож болохгүй. Үзэл номлолын судалж шүүмжлэх хэрэгтэй.

-Бурхны сургуулийн мөн чанар нь хайр,  энэрэл гэж сургадаг. Өнөөдрийн нийгэмд оюун санааны хөгжлийг өөртөө шингээн бурхны шашинд сүсэглэх нь хүмүүст ямар сайн үр дагаврыг авчирдаг вэ. Энэ талаар тайлбарлаж өгнө үү?

-Өнөөдөр нийгэмд үүсэж буй асуудлууд цааш нь хэрхэх нь таашгүй байна. Өмнө дунд сургуулийн хүүхдүүдийг тамхи татаж болохгүй гэж сануулдаг байсан. Дараа нь архи уух вий гэж ярьдаг байлаа. Харин өнөө цагт хар тамхины хэрэглээ хаяанд ирчихлээ. Үүнийг цагдаа хүчний байгууллага хяналтаасаа алдсан гэдгээ зарласан.  Шашин номынхонд хандаж эхэлсэн. Бурхны шашинд хар тамхинд хамааралтай болчихсон хүмүүсийг яаж засах уу, хүүхдийг анхнаас нь хэрхэн хэрэглүүлэхгүй байх ёстой вэ гэдэг асуултыг тавьж байна. Дэлхийн хамгийн өндөр ашигтай гурван наймаанд зэвсэг, хар тамхи, хүний наймаа байдаг. Энэ гурав эдийн засгийн хамгийн хүчтэй эргэлт явагдаж хялбар аргаар баяжих боломжтой хар наймаанууд юм. Гэтэл цаана нь хүмүүст ямар аймшигтай зүйлс үлдэж байгаа билээ, энэ бүхнээс яаж үр хүүхдүүдээ хамгаалах вэ энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хууль цааз, хорих байрнуудыг нэмж, хүүхдийнхээ утсыг чагнадаг боллоо гээд нэмэр, тус гарахгүй.

Учир нь хүний дотоод сэтгэл өөрөө нууц юм.  Энэ хэвээр явсаар ч ирсэн. Хүний сэтгэлийг уншдаг машин одоогоор байхгүй. Бурхны номонд хүний сэтгэлийг хэмжиж мэдэх гэж байдаг. Үүнд хүрсэн хүн хэд байгаа билээ. Тиймээс нийтээр нь нэг чиглэл рүү хөгжүүлэх хэрэгтэй. Хүүхдийг хөгжүүлэхэд амьдралд тулгардаг айдас, асуудал бүхнийг хамгийн зөв аргаар хөгжүүлэх ёстой.  Хайр, энэрэл, асрал, хүндлэлийг хүүхдэд суулгах хэрэгтэй болж байна. Чи буруу амьдарч байгаа учраас бусдыг хохироож байна гэж хэлэх амархан яагаад гэдэг асуултад яруу тодоор хариулах хэцүү. Бурхны шашинд сүсэгтэн хэрэгтэй байгаа учраас бид оюунлаг талыг баримтлахыг хичээдэггүй,  харин бид  шашны үзэл санаа  дутагдаж  байгааг олж харсан учраас үүний төлөө өөрсдийн болон бусдын ирээдүйн сайн сайхны төлөө тэмцэж байна.  Та бүхэн ажиглавал аймшигт гэмт хэрэг үйлдсэн хүмүүст эцэг, эх нь ингэж болдоггүй юм нүгэл гэж хэлдэг эмээ, өвөөгийн хажууд өсөөгүй хүмүүс байдаг. Бурханд залбирч зул, хүж өргөж буруу хийсэн бүхнээ наманчилж, зөв зүйл руу зорих өчүүхэн сүжиг итгэл дутсаны гэм нь энэ хүний хүмүүжилд илэрч байгаа хэрэг.

Эдгээр зүйлсийг засаж залруулахын тулд бид гараа дүрж байна.  Энэ багажийг бариад хөдлөх хэрэгтэй болж байна. Бурхан шашинд сүжиг бишрэлтэй хандаж байж түүний үг сургаалд итгэж, дагаж амьдралдаа хэрэгжүүлж эхэлдэг. Тиймээс монголчууд өөрсдийн буддизмийн шашинтай гэгдэх давуу талаа ашиглах хэрэгтэй байна. Мөн Монголчууд нэгдмэл үзэл бодлоо алдахгүй байхад шашин маш их нөлөөтэй. Өөр олон шашнууд бие биенийгээ дайсан шиг үзэж нөгөө шашнаа дарамталж доройтуулахын төлөө худал гүтгэлэг өөр юу ч хамаагүй хийж өөрийнхөө давуу талыг мандуулах гэж явах нь аймшигтай зүйл юм. Модунь Шанью "Газар нутаг бол төрийн өмч" гэж хэлсэн байдаг. Энэ үг одоо ч гэсэн бидний зүрх сэтгэлд байх ёстой. Шашинд үнэнч байж болно. Гэвч ард түмний ирээдүй хойчийн сайн сайхныг зөрчиж болохгүй. Тэрний төлөө сайн сайхныг хийхээс биш ямар нэгэн шашинд үнэнчээр итгээд газар нутгаа хадган дээр тавиад өгч болохгүй. Шашин шүтэхийн зөв утга учрыг олоход, ойлгуулахад бидний гол утга учир оршиж байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.