УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр 12:00 цагт мэдээлэл хийхээр болжээ. Энэ сард манай улс нийтдээ удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2000 орчим иргэнээ гадаадаас авчрахаар төлөвлөсөн. Хамгийн түрүүнд энэ сарын 10-ны өдөр Казахстан руу нисэж, 150-170 хүн авч ирэхээр тооцсон. Харин 11-ний өдөр Токио нисэж, 250-270 хүн авч ирэх төлөвлөгөөтэй байгаа талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлж байсан юм.
Тэгвэл өнөөдөр УОК-ын Шуурхай штабаас тусгай үүргийн нислэгтэй холбоотой мэдээлэл өгөх бололтой. Зарим хэвлэлийн мэдээлж байгаагаар БНСУ-ын талаас Монгол Улсад агаарын тээврийн транзит нислэгийн хориг тавьсан бололтой. Тэд Монгол Улс транзит нислэгээр БНСУ-ын олон улсын нисэх онгоцны буудлаар дамжуулан коронавирусийн халдварын өндөр эрсдэлтэй иргэдийг тээврлэж байна гэж үзэж байгаа гэнэ. Уг нь энэ сарын 17-ны өдөр Сөүл рүү тусгай үүргийн онгоц нисгэхээр төлөвлөсөн байсан. Хэрвээ Солонгосын талаас хориг тавьсан нь үнэн бол энэ нислэг цуцлагдаж магадгүй. Шуурхай штабын хурлын үеэр энэ асуудлыг ярих бололтой.
Сэтгэгдэл бичих