УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ийн нийтийн хэв журмыг хамгаалах газрын дарга, хурандаа П.Эрдэнэбат ажиглалтад байгаа болон гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэдийн дунд гарч байгаа зөрчлийн талаарх мэдээллийг өглөө.
Тэрбээр “Гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэдээс олон зөрчил илэрч байна. 14 хоногийн хугацаанд гэрээр тусгаарлалтын дэглэмийг сахих ёстой. УОК-ын шуурхай штаб, Цагдаагийн байгууллагаас хэсэгчилсэн шалгалтыг зохион байгуулахад тусгаарлалтад байх ёстой 13 иргэн бүртгэлтэй хаягандаа байгаагүй. Өчигдрийн байдлаар тусгаарлах байрнаас гарсан Хан-уул дүүрэгт оршин суух хаягтай 47 настай, иргэн Б тусгаарлалтын горим зөрчиж, өөрийн ах болон бусад дөрвөн этгээдийн хамтаар архидан согтуурсан зөрчил гаргалаа. Дээрх зөрчилд цагдаагийн байгууллага Зөрчлийн Тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шийтгэлийг оногдууллаа. Иймд бусдын эрх ашгийг хамгаалах, ухамсартай байх үүднээс тусгаарлалтад байгаа иргэд өрхийн ажиглалтын хугацаанд өөрийгөө бүрэн тусгаарлаж, дэглэм журмаа сайтар сахих хэрэгтэй байна.
Гэрийн тусгаарлалтад шилжсэн үедээ дэглэм журмыг зөрчсөн 26 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 12 зөрчилд холбогдох хуулийн дагуу шийтгэлийг оногдуулсан.
Монгол Улсын Засгийн газрын 188 дугаар тогтоолоор 2020 оны их хурлын ээлжит сонгуулийг зохион байгуулах явцад коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг баталсан. Журмын 3.13-т “Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг айл өрхөд тараах тохиолдолд гэр бүлийн гишүүдтэй нь харьцахгүйгээр хаалганы гадна талд үлдээнэ” гэж заасан. Цагдаагийн байгууллагад үүнтэй холбоотой хэд хэдэн дуудлага мэдээлэл ирсэн. Иймд сурталчилгааны тараах материал өгөхдөө айл өрхийн хаалгыг тошихгүй байх, журмаа хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй” хэмээв.
Сэтгэгдэл бичих