Богд хааны ордон музейн дэргэдэх 1.6 га талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж байгаа билээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг "Нутагт консалтинг" ХХК боловсруулж ерөнхий гүйцэтгэгчээр "Сэнзо констракшн" ажиллаж байгаа аж.
Нийт 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй түүх, соёлын дурсгалт газар болгох уг ажил долдугаар сарын 9-нд дуусна гэж албаныхан мэдээллээ. Үүнээс 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийж буй ажлын 47 хувийг явган хүний зам, 53 хувийг ногоон байгууламж эзлэх ба явган хүний замын ажил 85, ногоон байгууламжийн ажил 90 хувьтай байгаа юм.
Харин үлдсэн 1.4 тэрбум төгрөгийг 13 хөшөө дурсгал хийхэд зарцуулах ба үүнд 4.4 метрийн өндөртэй Богд хааны хүрэл хөшөө, 3 метр өндөртэй Богдын Лүндэн, 6 метр урттай цагаан шонхрын хүрэл баримал багтсан байна.
Сэтгэгдэл бичих