Бурхан багшийн их дүйчэн өдрийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд өнөөдөр 09:30-11:00 хүртэл амжилттай болж өндөрлөлөө. Өчигдөрхөн хийдийн хашаа эзгүйрэн ханхайж байсан бол өнөөдөр шинэ дуганыг зорих хүмүүсийн цуваа тасралтгүй үргэлжилнэ. Сүсэгтэн олны зарим нь үндэсний дээлээр гангарчээ. Залуучууд хашаан дотор ээж, аавыгаа сугадан алхана. Арай багачууд нь өөрсдөө хөтлүүлэн гүйлдэнэ. Бүгд иргэний үүргээ ухамсарлан амны хаалтаа маш сайн зүүцгээжээ. Батцагаан дуганы хоёр давхарт бидний суух сандлыг метрийн зайтай хол байрлуулсан байв. Олон хүнийг нэг дор цугларахдаа анхаарах дүрмийг сайн зохион байгуулсан байв. Сүсэгтэн олон энэхүү дуганд бие, хэл, сэтгэлээрээ нүглийг тэвчин буяныг хураахаар цуглажээ.
Ёслол хүндэтгэлийн ажиллагааны хөтөлбөрт тавигдсан цагийн хуваарийн дагуу Энх тайвны ерөөлийг уншин эхэлж, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, Католик, Үнэн алдартан, Исламын шашны тэргүүний хамтарсан даян дэлхийн энх тайвны төлөөх залбирлаар үргэлжлэн, онлайнаар дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Данзанжамцийн мэндчилгээг сонсон, уралдаанд оролцсон хүүхдүүдийн шагналыг гардуулан, “Уяхан замбуутивийн наран” уртын дуугаар өндөрлөсөн юм. Зөвхөн ёслол хүндэтгэлийн ажиллагаа өндөрлөн бусад хөтөлбөрүүд нь цагийн хуваарийн дагуу үргэлжилсэн болов уу.
Бид “Миний мэдэх бурхан багш” гар зургийн уралдааны шагнал гардуулах ёслолын дараа тайзнаас баярлан бууж ирэх хүүхдүүдийн сэтгэгдлийг хуваалцан тэдэнтэй ярилцсан юм.
Жаргалын алтан нар хойморт нь мандах болтугай
А.Алдархишиг
Чингэлтэй дүүргийн 117-р сургуулийн сурагч
-Намайг А.Алдархишиг гэдэг. Миний мэдэх бурхан багш гар зургийн уралдаанд 7-12 насны ангилалд тэргүүн байр эзэлсэн. Би зургандаа бурхан багшийн түүх намтрыг харуулсан. Балчир наснаас нь эхлээд, өсөж том болоод сургаал номлолоо айлдаж байгаагаар нь зурсан. Би бурхан багшийн түүхийг мэдэхийн тулд олон ном уншиж, намтар түүхийг нь маш их судалсан. Дараа нь аав, ээжтэйгээ ярилцаж, зургаа зурсан. Монголын үндэсний телевиз дээр гардаг Бурхан багш киног үзэх дуртай. Энэ киноноос би аливаа асуудлыг хүчээр бус энх тайвнаар шийдэх хэрэгтэйг сурсан. Монголын бүх хүмүүст Бурхан багшийн их дүйчэн өдрийн баярын мэндийг хүргэж “Жаргалын алтан нар хойморт нь мандах болтугай” гэж ерөөе.
Б. Цацралт
-Би гар зургийн уралдаанд 7-12 насны ангилалд тусгай байр эзэлсэн. Бурхан багшийг гэгээрэлд хүрч байгаагаар зурсан. Би бурхан багшийг Энэтхэг улсад байдаг байх гэж боддог.
А. Анужин
7-12 насны ангилалд гутгаар байр эзэлсэн сурагч
-Би бурхан багшийг ээжтэйгээ зүйрлэн зурсан. Учир нь миний ээж бурхан багшийг шүтэж, маш их мөргөдөг учраас ээжийгээ бурхантай зүйрлүүлэн зурсан. Бурхан дэлхий дээр байгаа бүх хүнийг хардаг гэдэгт би итгэдэг.
Б. Жаргалан
4-6 насны ангилалд тэргүүн байр эзэлсэн сурагч
-Тэмцээнд байр эзэлсэн болохоор маш гоё байна. Би "Монгень" сургуулийн 1Б ангид сурдаг. Бурхан байдагт итгэдэг. Би бурхны зураг зурсан.
Гар зургийн уралдаанд ирсэн сурагчдын бүтээлийг сонирхоно уу
Бие, хэл, сэтгэл гурваараа муу үйлийг тэвчиж, сайн үйлийг дэлгэрүүлцгээе
Зуны тэргүүн сарын шинийн 15-нд Бурхан багшийн эхээс мэндэлсэн, бурхны хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхацдаг тул “Их Дүйчэн” хэмээдэг. Тэгвэл энэ өдрийг монголчууд хэрхэн тэмдэглэн өнгөрөөх ёстой байдаг талаар Бурхан багшийн их дүйчэн өдрийн ажлын хэсгийн Сургалт, эрдэм шинжилгээний албаны дарга, Гандантэгчэнлин хийдийн лам Д.Номундалайгаас тодрууллаа. Тэрбээр “Бурхан багшийн их дүйчэн өдрийг албан ёсоор бүх нийтийн амралтын өдөр болгон өнгөрүүлэх хууль 2019 онд батлагдсан. Өмнөх жилүүдэд “тэгчинсожин” гэж нэрлэдэг нийтийн үйлийн үр буюу нэг өдөр, нэг цагт даян дэлхий бүх нийтээрээ энх тайван, амар-амгалан, арван хар нүглийг тэвчиж, арван цагаан буяныг үйлдэх ёстой өдөр юм. Бүх нийтээрээ энэ өдөр аль болох сэтгэл санаагаа сайхан, амар-амгалан байлгах хэрэгтэй. Өнөөдөр Батцагаан дуганд нээлтийн үйл ажиллагаагаа болж байна. Үргэлжлүүлэн бурхан багшийн зан үйлийг хийж байна. Сүсэгтэн олон маань цар тахлын үед цэнхэр дэлгэцээрээ өнөөдрийн үйл ажиллагааг үзэн сүсэглэж бурхан тахилдаа мөргөж, өнөөдөр л муу зүйл хийхгүй байхсан аль болох ёс суртахууны сайн сайхныг бүтээхсэн, ядаж уурлахгүй байхыг бодох хэрэгтэй. Бие, хэл, сэтгэл гурваараа муу үйлийг тэвчиж, сайн үйлийг дэлгэрүүлэхийг хичээх хэрэгтэй. Зовлон, жаргалын шалтгаан бидний дотоод сэтгэлд байдаг. Тиймээс зовлонг үүсгэхээс тэвчиж жаргалыг бүтээдэг дотоод оюуныг мэдрэх нь хамгийн чухал юм” хэмээлээ.
Сүсэгтэн олон баяр жаргалтайгаар буцацгаалаа
Гандантэгчэнлин хийд 1942 оноос хурал номын уншлагыг сэргээснээс хойш бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэн хурал номуудаа хурсаар иржээ. Харин нэмэлт үйл ажиллагаануудыг 1992 оноос хойш илүү идэвхтэй хийж эхэлсэн байна. Үүнд сүсэгтэн олны хийдэг ажлууд нэмэгдсэн. Жишээлбэл, Гандантэгчилэн хийдэд цугларч мандал өргөж, маань хөгжөөж, Сүхбаатарын талбай дээр зул өргөх арга хэмжээнүүд зохиогддог байсан. Харин энэ жил хурал номуудыг хурж, сүсэгтнүүдийг олноор нь цуглуулахгүйгээр Бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрөөж байгаа билээ. Энэ үйл ажиллагааны талаар сүсэгтнүүдийн төлөөллийн байр суурь болон уламжлалт тэмдэглэлт өдрөө хэрхэн өнгөрөөдөг төлөөр асуулаа.
Б.Оюунгэрэл: Их дүйчин өдрийг амралтын өдөр болгож тэмдэглэх нь зөв зүйл болсон
Баянгол дүүргийн иргэн
-Бурхан багшийн мэндэлсэн өдрийг маш сайхан тэмдэглэн, баярлаж өнгөрөөлөө. Монголчууд эртнээс бурхны сургаалийг сонсож, үндэсний ёс заншлаа хүндэтгэж, амьтны амь таслахгүй, 10 хар нүглээс ангид байж, аль болох амны бэлгээс ашдын бэлэг гэж бэлэгтэй үг хэлж, бусдадаа сайн сайхныг хүсдэг ард түмэн билээ. Өнөөдөр итгэл бишрэлээр хандаж, өнгөрөөдөг тэмдэглэлт өдөр тохиож байна. Энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон өнгөрөөдөг боллоо. Мөн Батцагаан дуган, номын өргөө шинээр баригдан ашиглалтад орсон байна. Их сайхан болжээ. Энэ баярт өдөр миний охин “Миний мэдэх бурхан багш” гар зургийн уралдаан тэргүүн байр эзэлсэнд давхар баярт өдөр тохиож байна.
Н.Анхбаяр: Гандантэгчэнлин хийд маш сайхан зохион байгуулалттай ажиллалаа
Сүхбаатар дүүргийн иргэн
-Бурхан багшийн их дүйчэн өдрийн баяр сайхан болж өнгөрлөө. Өнөөдөр сэтгэлдээ сайн сайхан зүйл бодож, ном уншуулж буянаа арвижуулан явж байна. Олон сайхан хүмүүс ирсэн байна. Монголчууд эрүүл мэнддээ сайн анхаардаг болжээ. Бүгд маскаа зүүсэн байна. Бие биенээсээ хол зайтай сандал дээр ямар ч асуудал гаргалгүйгээр сууцгаалаа. Гандантэгчэнлин хийд маш сайхан зохион байгуулалттай ажил зохиолоо, маш их баярлалаа. Сайхан байна. Нийт монголчууддаа бүгд гэр гэртээ өөрсдийнхөөрөө буян үйлдэж, арвижуулаарай гэж захимаар байна.
О.Мягмарсүрэн: Гандан хурдан нээгдээсэй
Баянгол дүүргийн иргэн
-Энэ өдрийг хамаг амьтны тусын тулд буян хурааж өнгөрөөдөг . Өнөөдөр нөхөртэйгөө хамт үр хүүхэд, улс орныхоо сайн сайхны төлөө ном уншуулчхаад явж байна. Төв ганданд ороогүй удсан байна. Гандан “Сovid-19” халдварын улмаас ажиллахгүй байсан. Би сэтгэл дотроо ганданг хурдан нээгдээсэй, буцаад хэвийн байдалдаа шилжээсэй гэж боддог л юм. Бид өглөө эрт ирээд ном уншуулаад сая баярын арга хэмжээнд оролцоод гарч ирлээ. Их сайхан байна. Зохион байгуулалт сайн байна. Бүх хүн хоорондоо зай барьж сууцгааж байсан. Бурхан багшийн их дүйчэн өдрийг ард түмэн минь гэр гэртээ сайхан амарч өнгөрөөгөөрэй. Мөн өнөөдөр буян үйлдэхэд маш сайн өдөр шүү. Буян үйлдээрэй гэж хэлмээр байна.
Сэтгэгдэл бичих